Day Trading Cryptocurrency суурь мэдлэг
Хамгийн өргөн хэрэглэгддэг арилжааны төлөвлөгөөнүүдийн 1 бол яах аргагүй day trading буюу өдрөөр арилжаалах арга юм. Ийм төрлийн арилжаа эрхлэгчид, арилжааны бүхий л талбарт бий.
Нээсэн төлвөө тухайн өдөртөө багтааж хаах зорилготойгоор гүйцэтгэх энэ төрлийн арилжааны төлөвлөгөөний үед, ханшийн хөдөлгөөнийг ажиглаж, шинжилсний үндсэн дээр шийдвэр гаргах тул, багагүй туршлага, мэдлэг шаардахаас гадна, ханшинд тогтмол хяналт тавих хэрэгтэй байдаг тул цаг заваа сайтар зохицуулж чадах хүмүүст илүү тохиромжтой.
Мөнгө яаж олдог вэ?
Day trading хийгээд, амжилтанд хүрэхийн тулд, зах зээлээ сайн мэдэрч чаддаг байх хэрэгтэйн дээр, арилжааны талаар хангалттай мэдлэг, дадлага туршлага хуримтлуулсан байх шаардлагатай. Арилжааны санаагаа олохын тулд ихэнх өдрийн арилжаачид, TA гүйцэтгэдэг ба ингэхдээ, арилжааны хэмжээ, ханшийн өөрчлөлт, графын загвар, техник үзүүлэлтүүдийг ашиглах нь түгээмэл.
Ямар арга хэрэглэж, ямар төлөвлөгөө хэрэгжүүлж байгаагаас үл хамаарч эрсдлийн зохицуулалтаа сайтар төлөвлөж, гүйцэтгэх нь, арилжааны хамгийн чухал алхам болдгыг мартаж болохгүй шүү.
Маш богино хугацаанд, олдсон боломжоос ашиг "зуураад" авах зорилготой байдаг тул, өдрөөр арилжаалагчид FA гүйцэтгэх нь бараг үгүй. Гэхдээ, хөрөнгө оруулсан төсөл, крипто валютийн зах зээлийн эргэн тойрондох бүхий л мэдээ мэдээллийг "чагнаж", "цэгнэж" суудаг day trader-үүд бас байдаг. Зарим мэдээ арилжааны хэмжээг ихэсгэх, ханшийн түр зуурын боловч огцом өөрчлөлтийг дагуулж болдог тул, түүнийг "ашиглах" зорилгоор ийнхүү мэдээ гарчиглах ба тухайн нөлөө бүхий мэдээ нь, заримдаа алдартнуудын жиргээ, нийтийн сүлжээн дээр бичсэн нийтлэл, бичлэг, зураг зэрэг байх нь ч бий.
Ерөнхийдөө бол, өдрөөр арилжаалагчид нь, тухайн өдөртөө багтаж, олдсон бүхий л ханшийн дэгдэлт дээрээс ашиг олохыг зорьдог. Тийм ч учраас, тухайн өдрийн арилжааны хэмжээ болон хөрөнгийн хөрвөх чадвар нь, энэ төрлийн арилжааны гол үзүүлэлтүүд болж байдаг. Багахан халтиргаа тохиолдоход л, өдрөөр арилжаалагчид ихээхэн хохирол учрах боломжтой учир, энэ төрлийн арилжаа эрхлэгчид, хөрвөх чадвар өндөртэй бирж, хөрөнгийг сонгох нь зүйтэй.
Зарим, өдрөөр арилжаалагчид, 1 л бирж, 1 л арилжааны хослол дээрээ л "тоглож" байхад, зарим нь, TA эсвэл FA эсвэл эдгээрийг хослуулан хэрэглэж, хөрөнгөө сонгоод, түүнийгээ арилжаалах нь бий.
Өдрөөр арилжаалах төлөвлөгөөнүүд
Хуйхлалт
Энэ сэдвийг "Крипто цуврал нийтлэл"-ийнхээ өмнөх дугааруудад цөөнгүй удаа танилцуулсан болохоор, манай уншигчид андахгүй болсон байгаа байх, тэдгээрийг уншаагүй, зочиддоо зориулаад товчхон танилцуулгыг доор орууллаа. Хангалттай мэдэж байгаа гэж бодож байвал алгасаад, дараагийн сэдвийг уншаарай.
Хөрөнгийн хөрвөх чадвар, авах болон зарах ханшийн зөрүү, зах зээлийн үр ашиггүй байдлаас шалтгаалан ийм арилжаа хийх боломж бүрддэг ба маш богино хугацаанд, үнийн багахан өөрчлөлтөөс ч ашиг хийх зорилготой гүйцэтгэгдэнэ.
Хуйхлагчид, өөрсдийн ур чадвар, шинжилгээний чанарыг ихэвчлэн хөшүүрэгт болон товлосон хэлцэлт арилжаанд шалгаж байдаг. Учир нь, эдгээр төрлийн арилжаанууд нь, дүнг хөшүүргийн хэмжээгээр өсгөж байдаг тул, бусад төрлөөс харьцангуй өндөр ашиг олох боломжтой байдаг байна. Хөшүүрэгт арилжаа, маш өндөр эрсдэлтэй хэдий ч, эрсдлийн зохицуулалт гүйцэтгэх боломжгүй биш. Хөшүүрэгтэй арилжаанд орж байгаа үед, төлвийн хэмжээгээ зөв тохируулах чадвартай байхад л, амжилт олох магадлал өсөөд ирнэ. Энэ талаар, яваандаа дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх болно оо. Эрт мэдэхээр яарч байвал, доор сэтгэгдэлд хүсэлтээ үлдээгээрэй.
Scalping буюу хуйхлалт хийгчид, захиалгын жагсаалтыг шинжлэх, арилжааны хэмжээний өсөлтийг тандах зэрэг олон олон техник шинжилгээний аргуудыг хэрэглэж, төлвөө хэзээ хаавал илүү зохимжтойг мэдэхээр оролддог. Гэвч энэ төрлийн арилжаа нь, хурдан шалмаг байдал, дадлага туршлага, мэдлэг чадвар шаардахын хажуугаар эрсдэл туйлын өндөртэй тул, шинэ арилжаачдад тохиромжгүйг анхаараарай. Ялангуяа, хөшүүрэгт арилжааны үед, жижигхэн алдаа л, бүх хөрөнгийг тань хийсгэн одох эрсдэлтэй байдаг шүү.
Мужын арилжаа
Лаан граф дээрх шал болон таазын түвшнүүдэд төвлөрч, тэдгээрийн хоорондын мужид шинжилгээгээ хийж, дүгнэлтэндээ харгалзах арилжааны шийдвэрээ гаргах нь энэ төрлийн арилжаачдын голлон гүйцэтгэх ажил байдаг. Ханш шалдаа буусан, эргээд өсөх хандлагатай үед худалдаж аваад, таазаа шүргээд, мөргөөд ирэх үед зарах нь, ийм хэлбэрийн арилжааны нэгэн жишээ юм. Мөн, таазан дээрээс нь зараад, эргээд шалруугаа унах үед нь авч, дахин өсөхийг ч хүлээж болно.
Range trading-ийн үед, шал эсвэл тааз сэтэртэл, дээрх жишээнүүдийн дагуу арилжаагаа гүйцэтгэх боломжтой бөгөөд, сэтлэгдсэн тохиолдолд, шинэ шал, таазаа шинжилж тогтоогоод, тэдгээрт тохируулан арилжаагаа үргэлжлүүлж болдог. Эдгээр бүсүүд дээр олон SL зоогдсон байх тул, олж л чадвал, түүнийг ашиг олох гарц, шийдэл болгон ашиглах нь, тухайн арилжаачны чадвар, мэдрэмжээс шууд шалтгаална. Бусад арилжаачид ч бас, тэдгээр бүсүүдийг сахиж байдаг тул, чиг хандлага үргэлжлэхэд "бүрхэгших" эсвэл "эсрэгцэх" магадлал тэдгээр түвшнүүдэд их байх ба энэ нь, муж дотор "наадах" боломжыг олгоно.
Гэхдээ, эдгээр бүсүүдэд хүрэх үед, тэдгээрийг сэтлэх магадлал бас их өндөр байдгыг анхаараарай. Тиймээс, энэ төрлийн арилжааны үед, сэтлэсэн үед хэрхэх төлөвлөгөөгөө байнга боловсруулж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, SL-ээ зөв тооцож, заавал зоож хэвших нь зүйтэй. Эдгээрийг ойлгосон байхад, мужын арилжааг, криптог саяхнаас шинээр сонирхож эхэлсэн хүмүүс ч хийчих боломжтой. Чадвараа сорихоор шийдсэн бол эхлээд, заавал лаан граф, эрчийн болон RSI, MACD үзүүлэлтүүдтэй танилцаарай. Тэгээд бас, эрсдлээ сайтар тооцоолж, зохицуулах хэрэгтэй шүү. Эцсийн эцэст, гаргасан шийдвэр, хийсэн үйлдэлдээ, Та л ганцаараа хариуцлага хүлээнэ шүү дээ.
Өндөр давтамжтай арилжаа
High-frequency trading (HFT) гэдэг нь, тусгай алгоритмын тусламжтайгаар гүйцэтгэгддэг, арилжааны төлөвлөгөө юм. Тэрхүү алгоритм нь, маш богино хугацаагаар, маш олон төлөв нээж хаах замаар, ханшийн багахан хэлбэлзлээс ч, асар их ашиг олох зорилготойгоор ажилладаг байна. Маш богино хугацаа гэдэг нь минут биш, секунд биш бүүр хормоор хэмжигдэнэ гээд төсөөл дөө.
Товч тайлбарыг ЭНД дараад "Крипто тайлбар толь" цуврал нийтлэлийн 6-р дугаараас уншаарай.
Ийм тусгай алгоритм хөгжүүлж хэрэглэх боломж тэр баргын олдоод байхгүй учир, ихэнхдээ томоохон хөрөнгийн бирж, арилжаагаар дагнасан албан газрууд л үүнийг хэрэглэж, цаг хугацаатай уралдан, бусадтайгаа өрсөлддөг. Маш их хэмжээний хөрөнгө эргэлдүүлдэг учир, ханшийн "хариугүй" бага өөрчлөлтөөс ч, чамлахааргүй хөрөнгө цуглуулж чаддаг бөгөөд түүнийгээ асар олон дахин гүйцэлдүүлж, ашгыг цөм цөм хийж байдаг.
Тогтмол хувьсаж байгаа зах зээлд, тэрхүү алгоритмаа нийцүүлэхийн тулд, байнга харж, хянаж, өөрчилж, хөгжүүлж байх шаардлагатай учир, HFT гүйцэтгэх нь тийм ч амар ажил байдаггүй.
Крипто валютийг өдрөөр арилжаалж эхлэхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?
Юуны түрүүнд бидний бэлтгэн хүргэсэн "Крипто валют арилжааны суурь мэдлэг" 3 цуврал нийтлэлийг уншаад үзээрэй. Тэгээд, болохоор бол, testnet буюу цаасан арилжааны үйлчилгээн дээр, авъяас чадвараа сориод үзэх хэрэгтэй. Арилжаанд орохыг эргэлт буцалтгүй шийдсэн бол, арилжааны алтан зарчмуудаа баримтлаад, төлөвлөгөөгөө гаргаж, түүндээ үнэнч байгаарай гэж захимаар байна.
Өдрөөр арилжаа хийгээд амьдралаа залгуулах боломжтой юу?
Day trading өндөр өгөөжтэй байх боломжтой нь үнэн. Гэхдээ бас, эрсдлүүд зөндөө байгааг мартаж болохгүй. Гялс шийдвэр гаргаад, хэрэгжүүлээд явахгүй бол алдагдал хүлээж болно, тэгэхээр чадалтай төхөөрөмж, хурдтай бөгөөд таслалдалгүй интернэт холболт, үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг сувгуудыг олох шаардлагатайн дээр, мэдрэлийн болон нүдний ядаргаанд орж болно гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Дээрээс нь бас, мөнгөө алдах эрсдэлтэй шүү дээ. Тиймээс, амьдралын хэв маяг, хувь хүний зан төлөв болон хөрөнгө оруулалтын зорилготой тань нийцэж байгаа эсэхийг эхлээд нарийн тулгаж шалгадаг юм шүү.
1 л зохихгүй шинжтэй болоод ирвэл, өөр зөндөө арилжааны хэлбэр, төлөвлөгөө байгаа, тэдгээрийн талаар ЭНД дараад, "Крипто арилжааны суурь мэдлэг" нийтлэлээс уншиж танилцаарай.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation