APY ба APR
DeFi-ийн орон зайд түгээмэл тааралдах төстэй энэ 2 товчилсон нэр томъёоны харьцуулсан тайлбарыг хүргэж байна.
APY
APR
Дээрх ялгаатай байдлаасаа шалтгаалан эдгээр хэмжээнүүд нь хугацааны эцэст ялгаатай үр дүнг үзүүлж байдаг. Тийм ч учраас хэрхэн тооцоологддог болон цахим хөрөнгөөс олж болох ашигт хэрхэн нөлөөлдгийг нь ухаж ойлгох нь зүйн хэрэг болно. Хувийн санхүүдээ анхаарал хандуулдаг хэн бүхэнд хэрэг болох нь маргаангүй тул, аль болох энгийн ойлгомжтойгоор тодорхойлж бичихийг хичээе.
APR
Зээл олгогч буюу Зээлдүүлэгчийн зээлдүүлсэн хөрөнгөөсөө олж буй эсвэл олох ашгийн хэмжээг илэрхийлнэ. Нөгөө талаас зээлдэгчийн, зээлийнхээ хүүнд тушааж буй хураамж, уламжлалт санхүүгийн системийн хэллэгээр бол ЗЭЭЛИЙН ХҮҮ гэж ойлгож болно. Үүнийг жил жилээр нь тооцож, тогтоосон байна. Жишээлбэл, Таны хадгаламжинд байршуулсан $1'000 USD 20% APR-тэй гэж үзвэл, жилийн дараа Та хадгалуулсан дүн дээрээ нэмж $200 USD буюу нийт $1'200 USD-ыг гар дээрээ авна гэсэн үг. Мөнгөө гаргаж аваагүй гэж тооцвол, 2 жилийн дараа дахин $200 USD (нийт хөрөнгийн дүн: $1'400 USD болсон байна), 3 жилийн дараа мөн адил $200 USD (нийт хөрөнгийн дүн: $1'600 USD болсон байна) гэх мэтээр тогтмол утгаар тооцож болдог.
Харин APY-тэй танилцахаас өмнө нийлмэл хүүгийн ойлголттой танилцсан байх шаардлагатай.
Нийлмэл хүү
Compound Interest гэдэг нь товчхондоо, хүүгээс хүү тооцох зарчим юм. Дээрх жишээний дагуугаар бол, хадгаламжын үйлчилгээ үзүүлэгчээс хуримтлагдсан хүүгийн ашгийг тань сар бүр Таны дансанд байршуулдаг байсан гэж үзвэл, тухай бүрт дансны үлдэгдэл шинэчлэгдсэн байх ёстой ба тэрхүү нэмэгдэл бүр нь дараагийн сардаа ХҮҮГИЙН ХҮҮ тооцуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сар бүр хүү тооцох 20% APR бүхий хадгаламжинд байршуулсан $1'000 USD тань, 1 жилийн дараа гэхэд $1'242.9 USD-т хүрсэн байх нь ээ. Хэрэв сар биш, бүр хоногоор хүү тооцох, хүүгээс хүү боддог хадгаламжын үйлчилгээ авсан байсан бол эцсийн дүн нь бүр $1'245.2 USD болж өсөх ч боломжтой гэсэн үг. Нийлмэл хүү тооцох систем нь урт хугацаандаа харьцангуй өндөр өгөөжтэй байдаг. Жишээн дээрээ үргэлжлүүлэн тооцоход л, энгийн хадгаламж, хоногоор хүүгээс хүү тооцох хадгаламж 2-ын хувьд 3 жилийн хугацаанд олох зөвхөн цэвэр ашиг нь л гэхэд $330.9 USD зөрүүтэй гарахаар байна.
APY
Хүүгийн хүү дотроо хугацаанаас хамаарч ашиг нь бас ялгаатай үр дүнг харуулж байгааг анзаараарай. Тодруулбал, хугацаа хэдий богино байх тусам, ашиг нь нэмэгдэх болно. Хүүгээс хүү тооцох санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс олох ашгийн хэмжээгээ тооцоолох явцыг хялбаршуулж өгөх ойлголт нь APY билээ. Сараар өгөөж тооцох, 20% нийлмэл хүүтэй хадгаламжын бүтээгдэхүүний APY нь 21.94% байдаг. Хоногийнх нь, 22.13%. Энэ хувь хэмжээнээс нь л хэр зэрэг илүү өгөөжтэй болохыг шууд харж болж байгаа биз?
Энгийнээр бол APR нь үргэлж жилээр хэмжигдэх, тогтмол утгатай хэмжигдэхүүн байхад, APY нь хүүгээс хүү тооцох, илүү нарийн тооцоолол бүхий хэмжигдэхүүн байдаг байна.
Харьцуулах аргачлал
Ялгааг нь дээр жишээн дээр хангалттай дэлгэрэнгүй, ойлгомжтой тайлбарласан байгаа гэж найдаж байна. Гэсэн хэдий ч, байгууллага, бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрт эдгээр 2 хэмжүүрийг төлөвлөгөөний чанартайгаар сонгож хэрэглэсэн байдгын улмаас тэдгээрийг заавал харьцуулан тооцож байх хэрэгцээ шаардлага үүсч байдаг. Өндөр APY-тэй байх нь, түүнээс харьцангуй бага APR-тэй, ижил төстэй үйлчилгээнээс илүү ашигтайд тооцогдохгүй гэдгийг анхаараарай. Хэрэв хүүгийн өгөөжийг тооцоолох хугацаа нь тодорхой байгаа бол, онлайн тооцоолууруудын тусламжтайгаар тэдгээрийн ялгааг нь харьцуулаад харчих бүрэн боломж нээлттэй байгаа.
#CoinMarketCap
САНАМЖ
Зарим бүтээгдэхүүн, үйлчилгээ ашгийн хувь хэмжээг, харгалзах хугацааны мужид нь APY-ээр харуулахдаа түүний фиат дүн бус, крипто валют дээр тооцон харуулсан байдгыг анхаар. Энэ нь крипто зах зээлийн хэт тогтворгүй байдлаас шалтгаалан харьцангуй өөр дүнг харуулах боломжтой байдгыг ашигласан маркетингийн 1 "заль" юм шүү. Тэгэхээр авахаар сонирхож буй бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ нөхцөлтэй нь заавал цаг гаргаж танилцаж хэвшээрэй.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation