Ichimoku Clouds гэж юу вэ?
Ишимокугийн үүлс гэж, 1 граф дээр байгуулсан олон өөр үзүүлэлтүүдийн нэгдлээс бүтсэн TA-ний нэгэн аргыг нэрлэнэ. Уг аргыг лаан граф дээр хэрэглэснээр, шал болон таазыг илрүүлэх, чиг хандлагыг баримжаалах, эрчийг тодорхойлох боломжтой байдаг.
Уг шинжилгээний үзүүлэлтийг Гоичи Хосода гэх Япон сэтгүүлч, 1930-аад оны үед анхлан загварчилсан хэдий ч, үүнийгээ 1969 оныг хүртэл олны хүртээл болгож чадаагүй ажээ. Гоичи удтал хийсэн судалгаа, сайжруулалтын эцэст өөрийн энэ санааг, дахин нийтэд танилцуулахдаа, "итимоку кинко хё" буюу тэнцэтгэсэн дүрслэлт граф хэмээн нэрлэсэн байлаа.
Ажиллах зарчим
Ишимокугийн үүлс нь, чиглүүлэгч болон хоцролттой үзүүлэлтүүдийн аль алийг багтаасан буюу нийт 5 шугамаас бүрдэнэ. Тэдгээрийг нь жагсаавал:
- Хөрвүүлэлтийн шугам буюу Tenkan-sen - 9-ийн MA;
- Гол шугам буюу Kijun-sen - 26-ын MA;
- Чиглүүлэгч А хүрээ буюу Senkou Span A - Дээрх 2 шугамын алсдаа үзүүлж болох 26-ын MA;
- Чиглүүлэгч Б хүрээ буюу Senkou Span B - Ирээдүйд, 26-ын үе дээр тохиолдож болох 52-ын MA;
- Хоцролттой хүрээ буюу Chikou Span - 26-ын үеэр харуулж буй, энэ хугацааны хаалтын ханш;
3 болон 4 дугаарын хүрээнүүдийн хоорондын зай нь, "үүл" буюу Kumo-г үүсгэх бөгөөд түүнийг Ишимокугийн системийн онцлох хэсэг гэж нэрлэж болно. Уг 2 хүрээ нь урьдчилсан таамгыг дэвшүүлдэг тул чиглүүлэгч үзүүлэлтэнд тооцогдоно. 5 дугаарын хүрээ болон бусад шугамууд нь, өнгөрсөн хугацаан дахь үзүүлэлтээс хамааралтайгаар дүрслэгдэх учир, тэднийг хоцролттой үзүүлэлт гэж тооцно.
Анхны загвараараа, үүлүүд нь улаан болон ногоон өнгөөр дүрслэгддэг ба чиглүүлэгч А хүрээ (3) нь, чиглүүлэгч Б хүрээнээс (4) давж, өндөрт зурагдах үед ногоон үүл үүснэ. Эсрэг тохиолдолд улаан үүл үүсдэг.
Ишимокугийн үүлнүүдэд ашиглагдаж байгаа MA-ууд нь, лаануудын хаалтын ханшууд дээр бус харин, тухайн хугацааны хамгийн өндөр болон бага дүнгүүдийн дунджаас тооцоологддогоороо бусад шинжилгээний аргуудаас ялгагдана. Тухайлбал, 9 өдрийн хөрвүүлэлтийн шугамын жишиг томъёо нь доорх хэлбэртэй байна. Үүнд:
Хөрвүүлэлтийн шугам = (9 хоногийн хамгийн өндөр дүн + 9 хоногийн хамгийн бага дүн) / 2
Ишимокугийн тохиргоо
30 гаран жил судалж, туршсаны эцэст, Гоичи Хосода, өөрийн энэ аргад, 9, 26, 52 нь хамгийн тохиромжтой болохыг олж тогтоосон. Тухайн үед, Японы ажлын өдөр нь хагас сайныг тооцоод нийт 6 өдөр байдаг байсан нь, 1.5 ажлын 7 хоног буюу 6 + 3 өдөртэй тэнцэж, уг шинжилгээний аргын 9 өдрийн тохиргоотой яв цав нийцэж байгаа юм. Харин 26, 52 гэсэн тоонууд нь ойролцоогоор 1 болон 2 сарын хугацаан дахь нийт ажлын өдрүүдийн тоотой дүйцжээ.
Хэдийгээр, Ишимокугийн аргыг хэрэглэгч, ихэнх арилжаачид дээрх тохиргоог хэвээр хадгалсан байдаг ч, өөрсдийнхөөрөө өөрчилж хэрэглэх нь бас цөөнгүй бий. Ялангуяа, крипто валютийн арилжааны үед, түүний 7 хоногинй 24 цагийн туршид хийгдэх боломжтой шинжийг нь тусгаж, 10, 30, 60 хугацааны мужууд дээр тохируулж хэрэглэх нь элбэг тохиолдоно. Хуурамч дохиог багасгах зорилгоор 20, 60, 120 дээр тохируулах нэгэнтэй ч бас таарч болно.
Гэвч, бусад бүх шинжилгээний аргуудын адилаар, эл аргыг яг батласан эсвэл үгүйсгэсэн ямар ч баримт, нотлогоо байдаггүйн дээр, уг аргыг хэрэглэгчид нь хүртэл дотроо, өөрчлөхгүй бол өнөөгийн системд нийцэхгүй эсвэл өөрчлөх нь түүний чадварыг алдагдуулна гэх зэргээр талцаж байдаг.
Графийн шинжилгээ
Ишимокугийн арилжааны дохионууд
Олон үзүүлэлтүүдийг нэгтгэсэн байдаг учир, Ишимокугийн үүл олон янзын дохио илгээдэг. Тэдгээрийг нь, эрчийн болон чиг хандлага дагасан дохио гэж ангилж үзэж болох юм.
Эрчийн дохио
Энэ төрлийн дохионууд нь, үнэ ханш, гол шугам, хөрвүүлэлтийн шугам 3-ын харилцаанаас шууд хамааралтайгаар үүсдэг. Ханш болон, хөрвүүлэлтийн шугамуудын аль 1 эсвэл хоёул гол шугамыг давах үед, бухын эрчийг илтгэнэ. Уг 2 шугам, гол шугамыг сэтэлж, доошлох нь эсрэгээр баавгайн эрчийн дохио болдог. Гол болон хөрвүүлэлтийн шугамуудын огтлолцлыг TK cross гэж нэрийдэх ба энэ нь Tenkan-Kijun зөрлөг гэсэн утгыг илэрхийлдэг.
Чиг хандлага дагасан дохио
Үүлний өнгө, түүнтэй харьцуулсан ханшийн хамаарлаас үүсдэг дохионуудыг ийн нэрлэнэ. Тодорхойлвол, ханш үүлнээс дээгүүрх байр сууриа хадгалж чадаж байгаа нь, зах зээл өсөлтөө үргэлжлүүлж байгаагийн дохио болно. Харин, үүлний доогуур хөвөрч байвал энэ нь, баавгай ичээндээ орох болоогүйг илтгэдэг. Гэхдээ зарим тохиолдолд, ханш үүлэн дундаас цухуйхгүй, хавтгай буюу тогтвортой чиг хандлагыг үзүүлэх нь бий.
Хоцролттой хүрээ (5: Chikou) нь чиг хандлага урвах гэж байгааг илтгэх дохио болж болдог. Уг хүрээ нь, ханшийн өөрчлөлтийн хурд, хүчийг дүрсэлдэг тул ханшаас дээш цоройн гарснаар, бухын төвөргөөн эхэлснийг бэлэгдэх боломжтой. Харин ханшаас доош гудайж, гулсан орвол баавгай сэрснийг зарлаж байж мэднэ. Гэхдээ, хоцролттой хүрээний дохио дангаараа бодит үр дүнг үзүүлэх боломжгүй байдгыг санаж, бусад шугам, хүрээтэй заавал харьцуулж, шалгаж байх хэрэгтэй байдаг шүү.
Шал, таазны түвшин
Ишимокугийн үүл, шал, тааз хаагуур байж болохыг зааж өгч бас чаддаг. Чиглүүлэгч А хүрээ (3) нь ерөнхийдөө, ханшийн өсөлттэй үед шал, уналттай үед тааз нь болно. Аль ч үед, лаанууд түүнрүү тэмүүлэх нь их байх боловч, ханш үүлрүү нэвтлээд орчихвол, чиглүүлэгч Б хүрээ нь мөн шал/тааз илтгэгч болон хувирна. Түүнээс гадна, энэ 2 хүрээ хоёул 26-ын үечлэлээр, ирээдүйд ханш ямар төлөвт хүрэх магадлалтайг харуулдаг нь сонирхолтой.
Дохионы хүч
Ишимокугийн үүсгэсэн дохионуудын хэр нарийвчлалтай, үнэн бодит байх нь, илүү өргөн хүрээтэй чиг хандлагатай хэр нийцэж байгаагаас шууд хамаарна. Энгийнээр тайлбарлавал, чиглэл нь тодорхой болсон үндсэн хандлагатай адил чигийг зааж байгаа дохио нь үнэний хувь ихтэй байдаг. Өөрөөр хэлбэл, давамгайлж байгаа хандлагын эсрэг дохионоос, дагуу өгөгдөж буй дохионд итгэх нь илүү найдвартай юм. Тиймээс дохиог үүлний өнгө болон байршилтай харьцуулан харж, мөн арилжааны хэмжээг анхаарч байх нь чухал.
Уг шинжилгээний арга нь бага цаг дээр хуурамч дохио ихээр цацаж байдгыг анхаараарай. Түүнчлэн, уг нийтлэл нь САНХҮҮГИЙН ЗӨВЛӨГӨӨ БИШ, аливаа хариуцлага, эрсдлийг арилжааны шийдвэр гаргагч өөрөө бүрэн хүлээхийг ухамсарлаж, судалгаа шинжилгээгээ сайтар хийсний дараа шийдвэрээ гаргаж хэвшээрэй.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation