Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Харилцаа холбооны нууцлал, аюулгүй байдлыг кодчлолоор хамгаалдаг шинжлэх ухааныг криптограф гэх бөгөөд, орчин цагийн крипто валют болон Блокчэйн технологи үүнгүйгээр оршин тогтнох боломжгүй билээ.

Криптограф нь, өнөөгийн түвшиндээ хүрэхийн тулд, маш урт хугацаа, асар их судалгаа, туршилт, хөгжүүлэлтийг туулсан бөгөөд, гарал үүслийг нь судлахын тулд, нэн эртний үерүү зүглэх хэрэгтэй болно. Хэрэв Та сонирхож байвал, энэ нийтлэлээр, надтай хамт цахим эриний мэдээллийн нууцлалын амин сүнстэй танилцах аялалд гараарай.

Криптографийн үүсэл

Хүн төрөлхтөний анхны нийгэм бүрэлдэх үеэс, криптографийг тодорхой хэмжээнд хэрэглэж эхэлсэн гэж үздэг. Эртний Месопотами болон эртний Египет улсуудын хадны сүг зургуудад, криптографийн хамгийн энгийн хувилбар болох дүрс тэмдгээр орлуулах аргыг ашигласан байх нь олонтаа. Криптографийн ийм жишээнүүд дундаа, одоогоор хамгийн эртнийхэд тооцогдоод байгаа баримтаар, эртний Египетэд, 3900 гаруй жилийн өмнө амьдарч асан, язгууртан 2-р Хнумхотепийн тэмдэглэж үлдээсэн бичвэрийг тодорхойлж байгаа.

Гэхдээ Хнумхотепийн бичвэрт ашиглагдсан криптограф нь, мэдээлэл нууцлахад бус, хэлзүйг хөгжүүлэх зорилгод ашиглагдсан нь тогтоогдсон байдаг. Харин чухал мэдээллийг нууцалж, хамгаалах зорилгоор криптографийг ашигласан баримтын хамгийн эртнийхээр, 3500 гаруй жилийн настай, Месопотамийн тэмдэглэлийг нэрлэж болно. Уг бичвэр нь, шавар ширээг бүрэхэд зориулан ашигладаг, вааран бүрхүүлийг хэрхэн боловсруулах зааварчилгааг нуусан байдаг аж.

Балар эртнээс нэн эрт, нэн эртнээс, эртний үе хүртэл хөгжихдөө, криптограф нь цэрэг арми, дайн тулааны төлөвлөгөө зэрэг чухал мэдээлэлд хэрэглэгдэх болсон ба, тэр нь өнөөдрийг хүртэл уламжлагдан, хувьсаж хөгжжээ. Эртний Грекийн муж-хот болох Спартад, нууц зурвасуудыг тусгай бортог дээр байрлуулсан даавуун дээр бичдэг байсан бөгөөд, түүнийг нь яг адил хэмжээтэй бортог дээр байрлуулахгүй л бол тайлж унших ямар ч боломжгүйгээр хамгаалдаг байв. Тухайн үеийн буюу МЭӨ 20-иод оны үеийн Энэтхэгийн тагнуулууд ч мөн мэдээгээ тусгай кодчлолоор нууцалдаг байсан гэдэг.

Гэхдээ, эртний криптографууд дундаа хамгийн боловсронгуйг, эртний Ромчууд хөгжүүлсэн байсан гэж үздэг бөгөөд, түүнийг Цезарийн шифр хэмээн нэрийддэг. Энэхүү шифр нь, латин цагаан толгойг ашиглах бөгөөд, захиан дахь үсгүүдийг тодорхой дарааллаар ухраан бичих зарчмаар ажилладаг байсан аж. Ийм байдлаар нууцалсан захиаг, аль үсэг, хэд дэх үсгээр солигдсоныг мэдэж байгаа хүлээн авагч л ганцаараа ойлгож унших боломжтой байх юм.

Дундад зуун, сэргэн мандалтын үеийн хөгжил

Энэ үед, криптограф маш чухал хэрэгсэл болж, эрчимтэй хөгжсөн ч, эртний үеэс улбаалсан Цезарийн шифр зэрэг төрлүүд, жишиг хэрэглээ хэвээр байлаа. Cryptanalysis буюу криптографийн нууцлалыг тайлах шинжлэх ухаан энэ үеэс л, криптографтай өрсөн, хөгжиж эхэлсэн ч, хоцорсон хэвээр байв. Алдартай Араб тооч Аль-Кинди (Al-Kindi), МЭ-ий 800-аад оны үед давталтын шинжилгээний аргыг анх боловсруулснаар, эртний шифрүүдийн нууцлалын чанар алдагдаж эхэлжээ. Нууц зурвасыг тайлж унших боломж бүрдсэн нь, сөрөг тагнуулуудад таатай боломжыг олгосон ч, илүү нарийн төвөгтэй криптографуудыг сэдэж, ашиглах гарцыг эрэлхийлэх нөхцлийг бий болгож, хөгжлийг нь түргэтгэх хөшүүрэг болсон гэж хэлж болно.

1465 онд, Леон Баттиста Альбертигийн (Leone Alberti) боловсруулсан олон-үсгийн шифр, Аль-Киндигийн давталтын шинжилгээний аргыг няцааж чадсан, анхны үр дүнтэй нууцлалын арга байв. Энэ нууцлалын үед, 2 тусдаа цагаан толгойг ашиглах бөгөөд, 1 дээр нь зурвасын агуулга бичигдэж, нөгөө дээр нь нууцлагдан, хөрвүүлэгдэх ёстой аж. Уламжлалт аргуудтай харьцуулахад энэ арга нь, нууцлалаа хадгалах тун өндөр чадамжыг үзүүлж байлаа. Захиаг бичихдээ ашигласан жинхэнэ цагаан толгой, ямар хэлнийх болохыг мэдэхгүйгээр, тухайн захиаг тайлж унших боломжгүй юм.

Сэргэн мандалтын үед шинэ шифрүүд олноор мэндэлсэн бөгөөд тэдгээрийн дундаас онцлох өөр нэгэн жишээ нь, Фрэнсис Бэконы (Sir Francis Bacon) 1623 онд боловсруулсан, 2-тын тооллын кодчлол билээ. Уг криптографийг ашиглах үед, зурвасаа 5 орон бүхий 2 үсэг эсвэл, 2 тоогоор орлуулан бичнэ. Ингэхдээ, тухайн үсэг цагаан толгойн хэд дэх үсэг гэдгээс хамааруулан, тооллын орон хойноос урагш, орон дүүргэж, шахах замаар нүүх ёстой.

Орчин цагийн дэвшил

Криптографийн хөгжил тасралтгүй үргэлжилсээр байгаа бөгөөд, энэ салбарын хамгийн том ололтоор, Томас Жефферсоны (Thomas Jefferson) 1790 онд танилцуулсан боловч, өнөөг хүртэл бүтээгдээгүй гэгддэг, шифрийн хүрдийг өргөмжилдөг. Уг шийдэл нь, 36 давтагдашгүй дүрс тэмдэг (үсэг) бүхий, эргэлдэх хүрдүүдээс бүрдэнэ. Цаг үеэсээ хол түрүүлсэн технологиор нэрлэгдэж, дэлхийн 2-р дайныг дуустал АНУ-ын цэргийн албанд хэрэглэхээр хэлэлцэн тогтож байсан гэгдэх энэ нууцлалын аргын, бодит бүтээл болж чадсан эсэх нь одоо хэр тодорхойгүй байгаа билээ.

Гэхдээ, дэлхийн 2-р дайны үед ашиглагдаж байсан өөр нэгэн алдартай криптограф бас бий. Түүнийг Энигма машин гэх ба, уг төхөөрөмж, шифрийн хүрдийн адилаар, тэнхлэгээрээ эргэж ажилладагаас гадна, Энигматай тулгаж уншихгүй л бол нууцыг нь тайлах бараг боломжгүй, төгс бүтээл болсон байсан гэдэг. Өнөөгийн компьютерийн хуучны (тухайн үедээ хамгийн сүүлийн үеийн) загваруудын ачаар, тэднийг тайлж уншиж чадсан нь, ялалтанд чухал нөлөөг үзүүлсэн гэж үздэг.


Тооцоолуурын эриний криптограф

Компьютерийн технологийн хурдацтай хөгжлийн ачаар, криптограф үсрэнгүй дэвшлийг үзүүлжээ. Өнөө цагт, нэн чухал, маш нууц баримтуудыг нууцалж, хамгаалахад хэрэглэж буй 128 битийн алгоритм нь, түүхэн дэх бүхий л нууцлалуудын аргуудтай харьцуулашгүйгээр сайжирсан байна. 1990 онд цоо шинэ төрлийн криптограф танилцуулагдсан нь, квант криптограф бөгөөд, уг шийдэл нь, криптографийн хөгжлийг дахин хэд хэдэн шатаар үсэргэхээр амлаад байгаа юм.

4000 жилийн настай криптограф хөгжлийнхээ явцад асар олон үе шатыг давж, олон олон санааг төрүүлсэний 1 нь, өнөөгийн бидний сайн мэдэх крипто валют билээ. Крипто валют нь, хэшлэл, ил болон далд түлхүүр, цахим гарын үсэг зэрэг дэвшилтэт криптографийн хэд хэдэн аргыг хослуулан ашигласан, сонгодог бүтээл мөн.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Криптографийн үүсэл, хөгжил"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad