Tor Network гэж юу вэ?
Хэрэглэж буй интернэт холболт тань, ямар ч нууцлалгүй, бараг "шалдан" шахуу байгаа гэдгийг Та мэдэх үү? Ажиглагчид cookie буюу интернэт хөтчийн үртсийг ашиглан, Таны хаашаа зочилж байсан, одоо хаашаа хандсан байгаа, интернэтээр хэдийд хэсүүчилж, ямар мэдээ болон веб төлхүү сонирхож уншдаг гэх зэрэг Таны интернэт хэрэглээний зуршлын талаар гайхмаар их мэдээллийг цуглуулж чадна.
Таньд магадгүй, нууж хаагаад байх шаардлага төдийлөн байхгүй байж болох ч, хэзээ нэгэн цагт хэрэгцээ тулгарч юуны магад. Үнэгүй програм ашиглаад, маш хялбархнаар хувийн мэдээллээ ил зарлагдахаас сэргийлмээр байвал, хувийн мэдээллийг нууцлах чиглэлээр дэлхийд тэргүүлж буй The Onion Router (TOR) буюу сонгино замчлагч төсөлтэй танилцаарай.
torproject.org
Tor гэж юу вэ?
Бусдын хэрэгт дурлагчдаас өөрийн онлайн үйлдлүүдээ хамгаалах боломжыг олгогч технологийг Tor гэнэ. Уг технологи нь, серверлүү илгээсэн хүсэлтийг, P2P сүлжээнд холбогдсон байгаа бусад хэрэглэгчдээр дамжуулан хүргүүлэх зарчмаар ажиллана. Энгийнээр бол сервер, Таны хэн бэ гэдгийг бүртгэлрүүгээ нэвтэрч орохоос бусад үед таньж, мэдэж чадахгүйгээр нууцлагдана гэсэн үг. Энэ нууцлалыг боломжтой болгосон шийдэл нь, onion routing буюу сонгинын замчлал билээ.
Сонгинын замчлал яаж ажилладаг вэ?
Tor сүлжээгээр илгээгдсэн хүсэлт бүр, сонгино мэт олон давхаргаас бүтдэг. Хүсэлтийг гаргагч, түүнийгээ нууцалж илгээснээр эхний давхарга үүснэ. Түүнийг нь хүлээж авсан зангилаа бүр, уг хүсэлтийг давтан нууцлах ба тэр бүрийн тоогоор, давхаргын хэмжээ нэмэгдэх юм.
Хүсэлтийн анхны өгөгдлийг "хулгайгаар" уншихын тулд, давхарга бүр дээрх нууцлалуудыг цөмийг нь тайлах хэрэгтэй болох ба, олон зангилаа давахын хэрээр, хамгаалалтыг сэтлэх боломжгүй болж байдаг. "Сонгинууд" маань, дээрх зурагт харуулсантай адил 3 давхаргатай байх ба, ийм нууцлалыг тайлж чадах хүн бараг байхгүй гэхэд хэлсдэхгүй. Учир нь, давхарга бүр дээр хэрэглэгчдийн тавьсан нууцлал бий байгаа агаад, тэдгээрийн тайллыг зөвхөн харгалзах хэрэглэгч л ганцаараа мэдэж байгаа.
Жишээн дээр тайлбарлая л даа. А хэрэглэгч, Б-д нууц илгээмж явуулсан, ингэхдээ зөвхөн тэд л мэдэх нууц үгээр түүнийгээ сейфэнд цоожилсон гэж төсөөлцгөөе. Илгээмжийг дамжуулагч Г нь, сейфийг том авдранд түгжээд, түүнийгээ хүргэгч Д-ээр Б-д өгүүлэх ба, ингэхдээ зөвхөн Б, Г 2 л мэдэх нууц үгээр түгжинэ. Д ачааг замд нь том хайрцганд түгжиж авч явах ба, түүнийг Д-ээс өөр хэн ч онгойлгож чадахгүй байх юм. Илгээмж зорьсон газраа хүрэх үед, Б бүх түгжээг тайлах боломжтой байх ба, хариу илгээмжийг мөн адил түгжин, буцааж илгээнэ.
Tor төсөл нь, сонгинын замчлалын хэрэглээний ердөө 1 л хувилбар юм. Дээрх жишээнд танилцуулсантай адил, 3 давхар түлхүүртэй системийг орчин цагийн жишигт тооцох боловч, хүсвэл илүү олон давхаргаар хамгаалах бүрэн боломжтой. Гэхдээ, давхарга нэмэгдэхийн хэрээр дутагдал лавшрахыг анхаараарай. Tor хөтчийг хэрэглэж үзсэн хэн ч, энгийн хөтчөөс удаан байгааг нь мэдрэх ба энэ нь, сервертэй шууд харьцахгүй байгаагаас гадна, өгөгдлийг олон тийш дамжуулж, давхарлан нууцалж, байгаагаас үүдсэн асуудал билээ. Энгийнээр бол, өгөгдөл олон дахин үсрэхийн хэрээр хариу хүлээн авах хугацаа хойшилно гэж ойлгож болно.
#CoinMarketCap
Tor-ыг сонгохын шалтгаан нь юу вэ?
Tor-г гэмт хэрэгтнүүд болон хууль бус үйлдэлд төлхүү ашиглаж байгаа нь харамсалтай. Гэвч, хувийн мэдээллээ нууцалж, хамгаалах зорилгоор нь ашиглахад буруудаад байх зүйлгүй л болов уу. Эсвэл, бүр гэмт хэргийн эсрэг ашигласан ч болно шүү дээ. Шүгэл үлээхдээ, өөрийгөө илчлэхээс эмээж байгаа бол, гэр бүлийн харилцаагаа хөндлөнгийн хүмүүсээс далдлахыг хүсч байвал, торрент татаж байгаагаа интернэтийн үйлчилгээ авч байгаа байгууллагадаа мэдэгдэхийг хүсэхгүй байгаа зэрэг тохиолдолд, Tor-г ашиглаж болно. Гэхдээ зөв ашиглаж чадахгүй бол, нууцлал нь алдагдах эрсдэл ямагт байдгыг мартаж болохгүй.
Нэмж сонирхуулахад, Brave хэмээх хөтөч нь, өөр дээрээ Tor бүхий private буюу хувийн/нууцлалтай цонх нээх цэстэй байдаг шүү. Энэ хөтчийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД-ээс уншиж болно.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation