Risk/Reward Ratio гэж юу вэ?
Эрсдэл болон ашгийн харьцаа нь, хэдий хэмжээний ашгийг олохын тулд хэр их эрсдэл хүлээж байгааг харьцуулан хэмжих боломжыг олгодог хэмжүүр бөгөөд, сайн арилжаачид үүнийг шийдвэр гаргахынхаа өмнө ямагт хэмжиж, ашиглаж байдаг. Үүний тулд, учирч болох эрсдлийн хамгийн их хэмжээг, олж чадах ашгийн хамгийн дээд хэмжээтэй хослуулан тооцно. Үр дүнгийн хувьд илүү өгөөжтэй хөрөнгө оруулалтыг, адил эрсдэлтэй төслөөс ийм байдлаар ялгаж болдог.
Ямар ч төрлийн арилжааны үед анхаарахгүй байж болохгүй эрсдлийн хэд хэдэн хүчин зүйлс байдаг. Тэдгээрийг ойлгохгүйгээр хөрөнгөө арвижуулж, хэтэвчээ зузаатгана гэдэг боломжгүйгээс бараг ялгаагүй. Бид өмнөх нийтлэлүүдээрээ эрсдлийн удирдлага, төлвийн хэмжээ тохируулга, SL зоох зэрэг чухал сэдвүүдийг танилцуулсан хэдий ч, идэвхтэй арилжаа эрхлэгчдийн зайлшгүй анхаарах шаардлага нэн чухал 1 хэмжүүрийг огт дурьдаагүй өнгөрсөн нь, эрсдэл/ашгийн харьцаа юм.
Гарчиг
Тодорхойлолт
Risk/Reward Ratio-г хэр хэмжээний ашиг олохын тулд хэдий хэмжээний эрсдлийг үүрэх гэж байгаагаа тооцоолоход хэрэглэх бөгөөд R/R Ratio эсвэл R/R R гэж товчилно. Тодруулбал, эрсдэлд оруулан байж хөрөнгө оруулсан $1 USD бүрийн авч ирж болох боломжит өгөөжийг тооцоход уг хэмжүүрийг ашигладаг. Тооцоолоход их хялбар буюу нийт эрсдлээ, зорьсон цэвэр ашгийн хэмжээнд хуваагаад л үр дүнг нь мэдэх боломжтой. Үүний тулд эхлээд хаанаас/хэдийд арилжаанд орох, арилжаа амжилттай болвол хаана гарах, амжилтгүй болох үед SL-ийг хаана байршуулах гэж байгаагаа тэмдэглэж авах хэрэгтэй. Энэ нь эрсдлээ зөв зохион байгуулахад ихээхэн чухал үүрэгтэй байдаг бөгөөд сайн арилжаачид, төлөв нээхээсээ өмнө эдгээрийг цөмийг нь тооцсон байдаг. Орох, гарах газраа тодорхойлсны дараа, тэдгээрийн тусламжтайгаар эрсдэлд оруулсан "нэгж" бүрээс хүртэж болох ашгийг тооцох боломж бүрдэнэ.
Хэрхэн тооцдог вэ?
Биткойн дээр long буюу аваад хүлээхээр төлөвлөсөн байгаа гэж төсөөлье. Тэгээд орсон ханшаас, 15% өсөлтийн дараа ашгаа хүртэж, төлвөө хаахаар шийдсэн байг. Гэхдээ уналт тохиовол, хэдий хэмжээний алдагдлаас илүүг хүлээхгүйгээ бас заавал тооцох хэрэгтэй бөгөөд, жишээн дээрээ оролтын ханшаас 5% л алдаж чадна гэж тооцож, тохируулсан гэж үзье. Жишээг хялбаршуулахын тулд л бүхэл тоон утгаар, хувиар илэрхийлсэн бөгөөд, заавал ийм байдлаар хэмжих шаардлагагүйг анхаараарай. Эдгээр дүнг, өөрийн шинжилгээ, таамагт нийцүүлэн сонгох нь ямагт хамгийн зөв алхам болно. R/R R нь энэ жишээний хувьд, 5/15 буюу 1:3 = 0.33 байна. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд олж болох ашиг нь, үүрч буй эрсдлээс даруй 3 дахин их байна гэсэн үг. Энгийнээр бол, алдаж болох 1 доллар бүрийг, 3 дахин өсгөх боломж байна гэсэн тооцооллыг хийжээ. Мэдээж хэрэг, SL-г оролтын ханшинд ойртуулахын хэрээр, харьцаа нь багасгах боловч, түүнийг санааныхаа зоргоор тохируулж огтоос болохгүй. Түүнчлэн, харьцаа хэт өндөр гараад байвал, тухайн төлөвлөгөөгөөр явахаас татгалзах, өөр арга хэрэглэх нь зүйтэй юм. Түүнчлэн, эрсдэл болон ашгийн хэмжээ адил үед, хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн ч, харьцаа хэвээр хадгалагдахыг мартаж болохгүй. Жишээлбэл, $100 USD оруулаад, $5 USD-ын л алдагдал хүлээхээр тохируулж, $15 USD ашиг харах нь, $1'000 USD оруулаад, $50 USD-ыг золиослохоор тааруулж, $150 USD өгөөж хүлээж байгаатай эн тэнцүү буюу 1:3 харьцаатай байна. Уг харьцаа нь зөвхөн, зорьж буй ашиг болон/эсвэл SL зоох цэгүүдийн байрлал, оролтын ханшаас холдох эсвэл ойртох үед л өөрчлөгддөг.
Ашиг/эрсдлийн харьцаа
Эрсдэл болон ашгийн харьцааг урвуугаар тооцоолж, ашигладаг арилжаачид цөөнгүй бий. Ингэж хэмжих нь зарим хүмүүст илүү ойлгомжтой байх нь бий. Дээрх жишээний дагуугаар тооцвол, 15/5 буюу 3 гэсэн хариу гарч байгаа бөгөөд энэ дүн өндөр байхын хэрээр, ашиг ихтэйд тооцогдох юм.
Дээрх жишээ зурагт, арилжааны төлөвлөгөөний ашиг/эрсдлийн харьцааны тооцооллын үр дүн 3.28 гарсан байгааг харуулжээ.
#CoinMarketCap
Эрсдэл ба ашиг
Таньд 1 Тв-ийн хөтлөгч, гудамжинд яваа өөр 1 зүс үл таних хүнийг онигоонд ортол чадах даалгавар өгөөд, амжилттай гүйцэтгэж чадвал, 1 BNB шагналыг амлалаа гэж төсөөл. Хэдийгээр 1 BNB чамлахааргүй мөнгө боловч, тоглоом тоогүйтвэл, хариуцлагыг Та хүлээнэ. Энэ бол эрсдэл. Бодит Тв биш, Тв мэтээр харагдуулж, хуурсан байвал, даалгавар элдэв асуудалгүй, цэвэрхэн өндөрлөлөө ч, шагналаа авч чадахгүй хоцрох эрсдэл бас бий. 1.1 BNB өгье, хүн чадаж байгаа мэтээр хорлож хүнд гэмтээ гэвэл, эрсдэл бүр ч ихэснэ. Цагдаа сэргийлэх, шүүх дээрээ тулах ч боломжтой учир, энэ тохиолдолд эхнийхийнх нь шагнал арай бага боловч эрсдэл ч мөн адил бага байгаа учир, түүнийг нь сонгосон нь дээр. Зарчмын хувьд эдгээр саналуудын аль аль нь буруу, ялангуяа багахан зөрүү ашгийн төлөө хүн гэмтээнэ гэдэг бүр ч хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл юм. Арилжааны хувьд ч үүнтэй төстэй байдлаар, эрсдэл болон ашгаа харьцуулан тооцож, шийдвэр гаргаж байх учиртай бөгөөд үүнийг Asymmetric opportunity буюу тэгш бус боломж гэж нэрлэдэг. Боломжит давуу тал ихтэй байдал нь, боломжит сул тал ихтэй байдлаас дээр гэж ойлгох нь зүйтэй.
Түүнчлэн Win rate буюу амжилтын үнэлгээгээ тооцож байх хэрэгтэй. Жишээлбэл, таамаглалдаа нийцүүлэн гаргасан шийдвэрүүдийн 60% нь л бодитоор хэрэгжиж, зорьсон үр дүндээ хүрч байсан бол, амжилтын үнэлгээ 60% буюу зорилгынхоо 5/3-т л хүрдэг гэж ойлгож болно. Энэ үзүүлэлтийг, эрсдлийн зохицуулалтандаа, шингээж өгснөөр R/R Ratio-ны жинхэнэ хүч чадлыг мэдрэх боломжтой байдаг.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation