Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

TA гүйцэтгэнэ гэдэг амаргүй. Алдаа нь хүртэл, энэ тоглоомын 1 хэсэг болдог. Хохирол амсаж, алдагдал хүлээж үзээгүй 1 ч арилжаачин байхгүй. Эндээс хөөгөөд үзвэл, шинэ сонирхогч бүрийн гаргадаг алдаа гэж бас бий.

Туршлагатай, мэргэжлийн арилжаачид арилжаа бүртээ тайван, ул суурьтай, нээлттэй ханддаг гэдгийг мартаж болохгүй. Тэд өөрсдийн тоглоомын төлөвлөгөөг сайтар ойлгож байдгаас гадна, зах зээл тэдэнд юу хэлэхийг анхааралтай сонсож байдаг.

Амжилтанд хүрэхийг хүсч байвал, Та ч бас ийм хандлагад суралцах хэрэгтэй. Тэгж чадваас, эрсдлээ зохицуулж, алдаагаа дүгнэн, түүнээс суралцаж, бүрэн чадлаараа тоглоомонд орж чаддаг болохоос гадна, улам бүр хөгжин, дэвших болно. Бүх зүйл донсолж, бүх хүн сандарч байхад, хамгийн амгалан сууж байдаг нэгэн бол! Тэгсэн цагт, амжилт өөрөө ирэх болно.

TA нь, санхүүгийн салбарт хамгийн өргөн хэрэглэгддэг шинжилгээний арга билээ. Ямар ч арилжааны талбарт хэрэглэж болох, харахад энгийн мэт энэ аргыг, өөрийн болгох нь нилээдгүй хүч хөдөлмөр, цаг хугацааг шаарддаг. Шинэ зүйлд суралцах үед, алдаа гаргахгүй байна гэж үгүй. Гэхдээ, арилжаа, хөрөнгө оруулалтын үед эдгээр алдаанууд асар их хохирлыг дагуулах эрсдэлтэй. Болгоомжтой хандаж, алдаанаасаа суралцаж чадахгүй бол, энэ салбарт ашиг олох нь бүү хэл, "шатаад" дуусах аюултай.

Өөрийн алдаанаас суралцах нь ухаалаг боловч, хүний алдаанаас суралцаж, түүнийг нь давтахаас зайлсхийх нь бүүр ч ухаалаг алхам юм.

1. Алдагдлаа бууруулах гэж оролдохгүй байх

Таваарын худалдаачин, Эд Сейкотагын (Ed Seykota) алдартай эшлэлээр энэхүү сэдвийг эхлүүлье.

The elements of good trading are: (1) cutting losses, (2) cutting losses, and (3) cutting losses. If you can follow these three rules, you may have a chance.

Орчуулвал:

Амжилттай арилжаа хийхийн тулд мөрдөх дүрмүүд нь, алдагдлаа бууруулах, алдагдлаа бууруулах, бас дахин алдагдлаа бууруулах явдал юм. Энэ 3 дүрмийг баримталж чадаж байвал, чамд боломж байна аа гэсэн үг.

Хэт энгийн сонсогдож байж болох ч, алдагдлаа багасгах нь амжилтанд хэр чухлаар нөлөөлдгийг эндээс харж болохоор байна. Хэр ашиг олох нь биш, харин хөрөнгөө хэр сайн хамгаалж чадах нь гол зорилго байх ёстой.

Арилжааны замналаа эхлүүлэхдээ, хожих биш, алдахгүй байх зорилт тавь. Ингэхдээ, бага дүнгээр эсвэл туршилтын талбар дээр орох нь зүйтэй. Ийм байдлаар урьдчилж бэлдсэнээр, алдагдлаа бууруулаад зогсохгүй, ашигтай ажиллаж чаддаг болтлоо туршлагажих боломжтой юм.

SL зоох нь хэзээд, хялбар бөгөөд ухаалаг шийдвэр болдог. Ханш таамаг, төлөвлөгөөтэй чинь эсрэгцэх үе хэзээд тохиож болох тул, хаа хүртэл "тэвчээд", хаанаас "буулт хийхээ" тооцож, түүнийгээ ашиглаж хэвш. Тэгж чадахгүй бол, "хол явахгүй" гэдгийг ойлгоорой. Хамаг хөрөнгөө алдчихаад, зах зээл сэргэхийг "нүдээ ширгэтэл" хүлээх тийм ч таатай байхгүй нь лав.

2. Хэтрүүлж арилжаа хийх

Идэвхтэй арилжаачин ч байнгын арилжаа хийгээд байдаггүй, тэгэх ч ёсгүй. Арилжаа гэдэг ухагдахуунд, асар их шинжилгээ, тэвчээрийг заавал хамруулж ойлгох учиртай. Арилжааны зарим төлөвлөгөөний үед, хүлээх хугацаа, шинжилгээ гүйцэтгэх тоо 2 "утгаа алдах" нь ч бий. Жилдээ 2, 3-хан арилжаа хийгээд, ашгийг "цөм" олдог хүмүүс ч байдаг.

Жесси Лауристон Ливерморийн (Jesse Livermore):

Money is made by sitting, not trading.

буюу:

Мөнгийг арилжиж биш, сууж олдог.

гэсэн эшлэлийг ямагт санаж явбал зохино. Зарим арилжаанд шууд орохоос илүүтэйгээр, дохио ирэхийг хүлээх нь илүү ашигтай байх нь ч бий. Энгийнээр бол, зөв үе нь таарахад, хангалттай хөрөнгөтэй хүлээж байх ч "амттай" шүү дээ.

Түүнчлэн, бага цаг дээрх нөхцөл байдлыг баримжаа болгох нь буруу. Их цагийг ажих нь, үргэлж илүү оновчтой шийдвэр байдаг. Бага цаг дээр, хуурамч дохио ихтэйгээс гадна, эрсдэл илүү өндөр байх нь бий. Богино хугацаанд ашиг хийгчид зөндөө байдаг ч, ийм хэлбэрийн арилжаа нь анхлан суралцагчдад огтоос тохирохгүй.

3. Өст арилжаа хийх

Алдагдлаа бушуухан нөхөх гэж, түргэхэн дараагийн арилжааруугаа "үсрэн" орох хүмүүс маш олон байдаг. Шинжээч, арилжаачин эсвэл хөрөнгө оруулагч гээд хэн ч байлаа гэсэн сэтгэл хөдлөлөөр хандаж, шийдвэр гаргаж хэрхэвч болохгүй!

Ашигтай ажиллаж байгаа, ажилласан эсвэл багахан алдагдал хүлээсэн үед тайван байх амархан ч, их хэмжээний хохирол хүлээж, зах зээл тэр чигтээ хямарч байгаа үед тайван сууж чадахгүй бол, Та энэ салбарт тохирох хүн биш байна гэсэн үг. Амжилтанд хүрэх нууц маш энгийн, ердөө л "тайван байх" юм шүү дээ. Шинжилгээ, төлөвлөгөөгөө сайтар гүйцэтгээд, түүндээ тууштай байхад л болчихно. Алдагдлаа нөхөх гэж яарахын оронд, шалтгааныг нь судалж, түүнээсээ суралцаад, дараагийн шинжилгээгээ хийвэл ононо. Зарим арилжаачид, том алдагдлынхаа дараа урт хугацааны завсарлага авдаг нь, дахин арилжаанд орох хөрөнгөгүйдээ биш, түүнээс шалтгаалан бүр их алдагдал хүлээхээс зайлсхийсэндээ тийм шийдвэр гаргадаг юм.

4. Зөрүүдлэх

Крипто валют мэтийн хэт их хэлбэлзэлтэй зах зээлд оролцож байгаа бол, шаардлагатай үед уян хатан хандаж чаддаг байх хэрэгтэй. Өөрчлөлт байнга явагдаж байдаг тул, тэр болгоныг анзаарч, зохих хэмжээнд даган хувьсаж байх нь чухал. 1 төлөвлөгөөгөөрөө бүх хөрөнгө дээр, бүхий л үед амжилт олно гэж саналтгүй.

Every day I assume every position I have is wrong.

Орчуулвал:

Би, өдөр бүр, нээсэн байгаа төлөв бүрээ буруу байж гэж боддог.

гэсэн Пол Тудор Жонсын (Paul Tudor Jones) үгийг харахад л, энэ бүлгийн ерөнхий санаа ойлгогдож байгаа биз? Шийдвэр гаргахаасаа өмнө, өөрийн таамгын эсрэг байр сууриас харах нь, өөрийн таамаглалын чанрыг нэмэгдүүлэх тустай байдаг. Мөн өөрийн мэдэлгүй хийчихээд байдаг үйлдлүүдээ таньж, тэднийг анхаарч байх нь шийдвэр болон үр дүнд багагүй өөрчлөлтийг авч ирнэ.

5. Зах зээлийн хүчтэй бүрэлдсэн байгаа хандлагыг үл ойшоох

TA үр дүнгүй болдог үеүүд гэж бий. Нийтийн айдас түгшүүр эсвэл шуналаас хамаарч, зах зээл гэнэтийн, огцом өөрчлөлтөнд орох үед ийм зүйл тохиолдох бөгөөд энэ тохиолдолд, эрэлт/нийлүүлэлтийн аль 1 нь, нөгөөгөөсөө хэт давамгайлна.

Жишээ нь, RSI 30-аас буурсан үед, гялс арилжаа нээх ёстой гэж ойлгож хэрхэвч болохгүй, энэ нь эрч зарах талд илүү давамгайлсан байгааг л илтгэх төдий гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зарах хүсэлтэй хүмүүс, авахаасаа олон байна л гэсэн үг.

Зах зээл, энгийн бус өөрчлөлттэй үед, RSI үзүүлэлт, гайхмаар дүнг харуулдаг. 1 оронтой тоонд хүрэх эсвэл бүр 0-рүү бараг шүргэх нь бий. Гэвч, энэ нь удахгүй чиглэл эргэнэ гэсэн дохио болж огтоос чадахгүй гэдгийг анхаараарай.

Ийм тогтворгүй үед, дан 1 TA-нд суурилсан дүгнэлт гаргаж, шийдвэрт хүрэх нь эргээд их хэмжээний хохирлыг дагуулна шүү. Энэ тохиолдолд, ямар ч TA Таньд тус болж чадахгүй учир, бусад хүчин зүйлс, шинжилгээний аргуудыг судалж, хэрэглэх нь зөв.



6. TA-г магадлалын тоглоом гэдгийг мартах

TA, яг тулсан бодит үр дүнг харуулна гэж хэзээ ч байдаггүй. Харин, хамгийн боломжит хувилбаруудыг л санал болгож байдаг. Өөрөөр хэлбэл зах зээл, Таны таамагласнаас өөр хөдөлгөөн хийх боломж үргэлж бий. Өсөх шинж бүрэлдсэн гэдэг нь, өсөх магадлал өндөр ч, бас буурч болно гэсэн санааг илтгэнэ.

Тиймээс, үүнийг заавал тооцож, төлөвлөгөөндөө тусгаж байх хэрэгтэй. Хэр ч төгс арилжаачин байлаа гэсэн, таамаг нь үргэлж зөв байна гэж хэзээ ч байхгүй гэдгийг ухаарч чадахгүй бол, алдахдаа арвин, азандаа "сохроор" хэт итгэсэн муйхарлал болно шүү.

7. Бусдыг сохроор дагах

Ямарваа чадварыг төгөлдөржүүлэх гэж байгаа бол, түүнийгээ тогтмол давтаж байх хэрэгтэй. Тэр тусмаа, хэт хувьсамтгай санхүүгийн салбарт бол, энэ нь зайлшгүй хөндөгдөх асуудал. Суралцахдаа, бусад туршлагатай арилжаачдыг ажиглах нь маргаангүй, зөв шийдэл мөн.

Гэхдээ, биеэ дааж, амжилтанд хүрмээр байвал, өөрийн давуу болон сул талыг олж, түүнд тохирсон аргыг хэрэглэх нь хамгийн оновчтой байдаг. Хүн бүр, бусдаас өвөрмөц учир, бусдыг 100% бүү хуулбарла. Авах/гээхийн ухаанаар ханд.

1 арилжаачны амжилтын гол төлөвлөгөө, нөгөө дээр сүйрлийг авч ирэх нь ч бий. Тиймээс олон өөр хүний, олон ялгаатай аргуудыг судла, харьцуул. Зах зээлээс ашиг олох тоймгүй олон арга бий, тэдгээрээс өөрт нийцтэйг нь олоод, түүнийгээ хөгжүүлж, бүрэн эзэмш.

Бусдын үгээр хийсэн арилжаа, хэдэн удаадаа ашиг авч ирж болно. Гэвч, цаад учрыг нь ойлгохгүй бол яваандаа ашиг олсон ч маш багаар л олох вий. Бусдыг дагаж болохгүй гэдэг нь, тэднээс суралцаж болохгүй гэсэн үг биш шүү. Тэдний таамгыг, өөрийн таамагтай харьцуулж, өөрийн төлөвлөгөөнд нийцэж байна уу гэдгийг харах нь, ямар ч нөхцөлд буруудахгүй.

Өөрийн бодол өөртөө зөв.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Техник шинжилгээний үед гаргадаг 7 алдаа"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad