Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Парабол SAR нь, 1970-аад оны сүүлээр, техник шинжээч Жон Уэллс Уайлдер (J. Welles Wilder)-ийн хөгжүүлсэн шинжилгээний арга юм. Тэрээр уг аргаа, өөрийн бусад бүтээлүүдийн хамт RSI үзүүлэлтийг тайлбарласан номоороо дэлхий дахинд танилцуулсан билээ.

Уг аргын талаар товчхон танилцуулгыг ЭНД дараад, харгалзах бүлгээс нь судлаарай.

Уайлдер анх энэ аргаа, Parabolic Time/Price System буюу ханш/хугацааны парабол систем гэж нэрлэж байсан ч, номондоо Stop and Reverse (SAR) буюу зогсоод, эргэ санаагаа тодорхойлж тусгаснаар, өнөөдрийн бидний сайн мэдэх, Parabolic SAR гэх нэрээ олсон байна.

Зах зээлийн чиг хандлага болон түүний эргэлтийг илрүүлэхэд уг шинжилгээний үзүүлэлтийг төлхүү ашиглах бөгөөд энэ арга нь, Уайлдерийн бусад аргуудын хамтаар, орчин цагийн TA-ний салшгүй, чухал хэсгүүд болсон. Эдгээр аргуудын ачаар, тооцоолол бүрийг гараар гүйцэтгэх шаардлагагүй болсон ба шинжилгээ гүйцэтгэхэд харьцангуй хялбар болсон гэж хэлж болно.

Парабол SAR яаж ажилладаг вэ?

Парабол SAR, ханшийн шугамын дээр болон доор цуварсан олон цэгээр дүрслэгдэнэ. Цэгүүд нь, парабол дүрсийг үүсгэдэг тул уг аргыг ийн нэрлэсэн бөгөөд цэг бүр тусдаа SAR утгуудыг илтгэнэ.

Товчхондоо бол, ханшийн өсөлтийн үед, цэгүүд ханшийн шугам/лаа/баганын доогуур, уналтын үед, дээгүүр нь зурагдана. Харин, чиглэл тодорхойгүй буюу хажуу тийш, аясаараа нүүж байгаа үед, ханшийн шугамын 2 талруу ойр ойрхон, ээлжлэн үсэрч байдаг. Өөрөөр хэлбэл, парабол SAR нь, чиг хандлага бүрэлдсэн үед илүү үр дүнтэй байна. 

Ашигтай талууд нь юу вэ?

Зах зээлийн чиг хандлагын чиглэл, үргэлжлэх хугацаа, эргэлтийг таньж, тодорхойлоход Parabolic SAR туслаж чадна. Энгийнээр бол, авах/зарах таатай үеийг илрүүлэх боломжыг олгодог.

Зарим арилжаачид, хөрөнгө оруулагчид уг аргын тусламжтайгаар хувьсагч SL-г олоход хэрэглэдэг ба, ингэснээр тэд зах зээлийн чиг хандлагыг дагуулан, зоосон SL-оо зөөх тохиромжтой бүсүүдийг олж чаддаг байна.

Зарчмын хувьд, парабол SAR нь, хэдийн босгосон ашгаа хамгаалах нөхцлийг нь бүрдүүлж өгдөг. Ханшийг ойроос ажиглаж, дагах учир, багахан уналтанд л SL цохиулаад, төлвөө хааж болно гэдэг зарим талаар том давуу тал шүү. Гэхдээ бас заримдаа, хэт эрт арилжаанд орох эсвэл ашиг олж болох боломжоо сүйтгэхээс сэргийлэх ч тустай.

Дутагдалтай зүйлс нь юу вэ?

Чиг хандлага бүрэлдээгүй, ханшийн хөдөлгөөний назгайрлын үед хуурамч дохио өгөх магадлал ихэсдэг. Мөн, ханшийн хэт огцом савлалтуудыг дагаж ийм хуурамч дохиог бас ихээр өгнө. Тиймээс энэ аргыг, ханшийн тогтвортой чиглэл үүсэх хүртэл хэрэглэхээс татгалзах нь өлзийтэй.

Мөн, уг үзүүлэлтийг тохиргоог өөрчилж, мэдрэмтгий байдлыг нэмэгдүүлэх нь хуурамч дохио цацах нөхцөл болдгыг анхаараарай. Тэгээд болоогүй, зарим хуурамч дохио, төлвөө эрт хааж, олж болох байсан ашгийн хэмжээг бууруулах, хэт эрт худалдаж авах зохимжтой үе бүрэлдсэн гэж итгүүлэх нь бий.

Арилжааны хэмжээнээс огтын хамааралгүй, хэмжигддэг учир, парабол SAR-г хэрэглэх үед, чиг хандлагын хүч хэр ширүүн эсвэл сул байгааг мэдэх боломжгүй байдаг шүү. Түүнчлэн, олон арилжаачдыг уусгасан том хөрөнгийн ханшийн граф дээрх цэгүүдийн хоорондын зай алслагдах ба энэ нь, хандлагын хүчийг илтгэхгүй гэдгийг анхаараарай.

Арилжаачид болон хөрөнгө оруулагчид хичнээн их мэдээлэлтэй байлаа ч, санхүүгийн салбарт эрсдэл үргэлж байж байдаг тул, учирч болох эрсдлээ багасгах, хэрэглэхээр сонгосон аргынхаа дутагдлуудыг өөр бусад аргуудын давуу талаар нөхөхийг хичээвэл зохино. Ялангуяа, Parabolic SAR-г MA, RSI-тэй хослуулах нь илүү үр дүнтэй байдаг.

Парабол SAR-ийг хэрхэн тооцоолдог вэ?

Орчин үед, энэ тооцооллыг компьютер гүйцэтгээд өгчихдөг болсон ч, сониуч уншигчиддаа зориулаад түүний томъёог доор сийрүүлэв. Ерөнхийдөө бол, SAR нь байгаа өгөгдөл дээр тулгуурлан бодогдох учир, өнөөдрийн SAR-г, өчигдрийн SAR-с, маргаашийн SAR-г өнөөдрийнхөөс хэмжинэ.

Ханшийн чиглэл өсөлттэй байгаа үед, SAR утгууд нь, өмнөх дээд хэмжээнээс, уналттай үед, доод хэмжээнээс шууд хамаардаг. Уайлдер, тэдгээр дээд болон доод ханшуудыг Extreme Points (EP) буюу хэт цэгүүд гэж нэрлэсэн байдаг.

Ханшийн өсөлтийн үед

SAR = Өмнөх SAR + AF x (Өмнөх EP – Өмнөх SAR)

Ханшийн уналттай үед

SAR = Өмнөх SAR – AF x  (Өмнөх SAR – Өмнөх EP)

Дээрх томъёонуудад тодорхойлогдсон, AF нь acceleration factor буюу хурдатгалын нөлөө юм. Уг нэгж нь, 0.02 утгаар эхлэх ба, чиглэлээс хамаарч шинэ дээд/доод дүн бүртгэгдэх бүрт 0.02-оор нэмэгдэнэ. Ингэж нэмэгдсээр, 0.2 хүрвэл, "салхи" эргэтэл дахин нэмэгдэлгүй, энэ дүнгээ барьдаг. Өөрөөр хэлбэл, 0.2 нь дээд хэмжээ болно.

AF-г өөрсдийн хэрэглээнд тааруулж өөрчлөх бүрэн боломжтой ба өөрчлөлт нь уг үзүүлэлт, ханшийн өөрчлөлтөнд хэр мэдрэг байхыг шийднэ. 0.2-оос илүү AF гарч байвал, харьцангуй мэдрэмтгий болох буюу чиглэл солигдохын дохио их өгөгдөнө гэсэн үг. Гэхдээ, Уайлтер өөрөө 0.02 нь хамгийн зохимжтой байдаг гэж дүгнэснээ, өөрийн намандаа дэлгэрэнгүй танилцуулсан байдаг.

Тооцоолох нь огтхон ч хэцүү биш боловч, анхны SAR-г яаж гаргаж авсныг Та бас гайхаж байж магадгүй. Өмнөх утгаас тооцологдох боломжгүй учир, анхны SAR-г Уайлтер, чиглэл өөрчлөгдөхийн өмнөх, сүүлийн EP-д тулгуурлан тооцоолж болно гэжээ. Өөрөөр хэлбэл, тооцоолох гээд байгаа чиг хандлагынхаа эх, өмнөх чиглэлийн төгсгөл буюу засвар орж буй хэсгийг олох хэрэгтэй гэсэн үг. Тэгээд, тэндээсээ хамгийн сүүлийн буюу өнөөгийн SAR хүртэл бүгдийг нь хөөж бодох нь ээ.



Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Parabolic SAR гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad