Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Биткойныг цахим мөнгө гэж тодорхойлох нь түгээмэл боловч, бодит байдал дээр эдгээр ойлголтууд нь тэс ондоо зүйлсийг төлөөлдөг. Хүний өгсөн мөнгийг өмнө нь хэнийх байсан, хэзээ, ямар хэмжээгээр, тухайн хүнд очоод, түүнийг нь Та өнөөдөр хүлээж авсан бэ гэдгийг мэдэх бараг л боломжгүй. Харин Биткойны хувьд, бүх гүйлгээний мэдээлэл ил тод учир, үүнийг шууд мэдчих боломжтой. Өөрөөр хэлбэл, Биткойны гүйлгээ бүрт харгалзах дүн, түүний илгээгч болон хүлээн авагчийн нэр нь тогтмол бичигдэж, хадгалагдаж байдаг юм.

Хаяг болон хэтэвчийн далдлалт нь, түүний цаана буй хэрэглэгчийг танигдахаас хамгаалж, нууцалж байдаг ч, Биткойныг нууцлал өндөртэйд тооцох боломжгүй. Сүүлийн жилүүдэд, Блокчэйний шинжилгээ улам бүр хурдацтай хөгжиж, хэтэвчүүд, хаягуудын эзэмшигчдийг олж таних, бүртгэх чадвар нь улам бүр сайжирсаар байгаа. Тандалтын олон янзын аргуудын тусламжтайгаар, хэтэвчийн эзнийг илрүүлэх боломжтой болоод байгаа ба, үүний эсрэг авч хэрэгжүүлж буй хариу шийдэл нь, гүйлгээг тусгаарлах аргууд юм.

Зоос холилт гэж юу вэ?

Хөрөнгөө бусад хөрөнгүүдтэй холих замаар, хэний өмч болохыг таних боломжгүй болгох үйлдлийг coin mixing гэдэг. Гэхдээ криптогийн орон зайд, энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгчдээр л зоосоо холиулж, солиулах боломжтой. Ингэхдээ, холиулах зоосоо, багахан шимтгэлийн хамт тушааж, эргүүлэн авахдаа, өмнөх шилжүүлэгтэй ямар ч холбоо хамааралгүй зоосуудыг хүлээн авах юм. Ийм үйлчилгээг, tumbler буюу савагч, mixer буюу холигч зэргээр нэрлэнэ.

Гэхдээ төвлөрсөн хэлбэртэй ийм үйлчилгээнүүдийн аюулгүй байдал, нууцлал нь эргэлзээ төрүүлж болох юм. Илгээсэн хөрөнгө нь эргээд ирсэн эсвэл, буцаан олгосон зоос нь ямар 1 зөрчил, доголдолтой байхыг мэдэх, үгүйсгэх боломжгүй. Энэ төрлийн үйлчилгээг үзүүлэгчид нь, хэрэглэгчдийн Биткойны хаяг, интернэт холболтын IP хаягыг бүртгэж авч байдгаас гадна, эргүүлж өгнө байлгүй гэсэн "сохор" итгэл дээр суурилж, ажиллаж байгааг анхаарах хэрэгтэй.

Холилтоос харьцангуй илүү сонирхолтой санаачлага болох CoinJoin гүйлгээг хийснээр, үгүйсгэх илүү өндөр боломжыг олж авч болдог. CoinJoin-ы дараа, тухайн хэрэглэгчийн гүйцэтгэж байсан гүйлгээнүүдийн мэдээллийг баттай таньж, мэдэх, холбож олох боломжгүй болох ба, ихэнх CoinJoin шийдлүүд холигчийн төвлөрсөн бус хувилбар мэтээр ажилладаг. Энгийнээр бол, зохицуулагчийн оролцоотой хэдий ч, хэрэглэгчийн хөрөнгийг өөр бусдад даатгаж, хариуцуулахгүйгээр, солих үйлчилгээг гүйцэтгэнэ гэсэн үг.

CoinJoin гэж юу вэ?

CoinJoin-ийг анх 2013 онд, Биткойныг хөгжүүлэгчдийн 1 болох Грегори Максвелл (Gregory Maxwell) нийтэд танилцуулж байсан бөгөөд, тэрхүү танилцуулга нийтлэлдээ тэрээр, гүйлгээнүүдийг хэрхэн зохион байгуулвал, журмуудыг огтхон ч хөндөхгүйгээр хувийн мэдээллийг үнэмлэхүй ихээр нууцалж болохыг тун тодорхой бичиж байжээ. CoinJoin гэх нэршил нь, coin буюу зоос, join буюу нэгтгэх гэсэн үгсээс бүтсэн бөгөөд, гүйцэтгэх үүрэг нь, нэрэндээ тодоор заагдсан байна.

Товчхондоо, CoinJoin нь олон хэрэглэгчдийн захиалгуудыг нэгтгэж, 1 гүйлгээ болгон боловсруулах зарчмаар ажиллах юм. Үүнийг сайтар ойлгохын тулд эхлээд, энгийн гүйлгээ хэрхэн гүйцэтгэгддэгтэй танилцацгаая.

Биткойны гүйлгээнүүд, input буюу оролт, output буюу гаралтаас бүтдэг. Хэрэглэгчийн хийхийг хүссэн гүйлгээ, unspent transaction output (UTXO) буюу зарцуулагдаагүй гүйлгээний гаралтуудыг оролтонд хөрвүүлэх замаар хэрэгжих ба, оролт бүрийг тус тусын өвөрмөц, харилцан хамааралгүй гарын үсгүүдээр баталгаажуулна. Тэдгээр оролтуудыг хэдэн ч тусдаа гаралтанд хөрвүүлж, ашиглах буюу өөр өөр хаягуудад илгээх боломжтой байдаг.

Дээрх зурагт, 4 тусдаа 0.2 BTC оролтыг, 0.7 болон 0.09 BTC-ы 2 тусдаа гаралт болгосныг жишээн дээр харуулсан байгаа бөгөөд, уг гүйлгээг олон янзаар ойлгож болно. Жишээлбэл, тогтмол дүнгээр цуглуулсан хөрөнгийнхөө ихэнхийг нь хүнрүү шилжүүлээд, өөртөө багахан хувийг нь авч үлдсэн байж болох юм. Жишээн дээр, 0.01 BTC дутсан байгаа нь, гүйлгээний шимтгэлд тушаагдсан дүн юм. Эсвэл, хэрэглэгч маань, зүгээр л хөрөнгөө өсгөж, 0.7-д хүргэх төлөвлөгөөтэй байсан байж бас болох ч, аль ч тохиолдолд, оролтуудыг баталгаажуулсан 4 гарын үсгийн цаана, 4 хүртэлх тооны илгээгч байгаа нь тодорхой шүү дээ. Үүн дээр л, CoinJoin тулж ажиллах юм.

CoinJoin яаж ажилладаг вэ?

CoinJoin-ийн ажиллах гол зарчим нь, олон талууд нийлж, хөрөнгөө оруулаад, зохих хэмжээг эргүүлэн авах, нэгдсэн 1 захиалга бичүүлэх явдал юм. Ингэж нэгтгэснээр, аль нь хэний захиалга болохыг хөндлөнгийн нүдээр таних боломжгүй болно.

Дээрх зурагт, зохицуулагчийн заавраар эсвэл, өөрсдөө урьдчилан тохиролцсоны үндсэн дээр, 4 хэрэглэгч тус тусын захиалгыг оруулсан жишээг харуулжээ. Ямарваа зөрчил илрээгүй, бүгд санал нийлсэн тохиолдолд, захиалгуудаа цуглуулан нэгтгээд, түүнийг сүлжээрүү гүйлгээ болгон илгээнэ. Захиалгуудаа гарын үсгээр баталгаажуулсан даруйд, түүнийгээ цуцлаад, шинээр үүсгэхээс бусдаарр өөрчлөх боломжгүй болдог учир, зохицуулагч хөрөнгийг хамаад зугтаах вий гэх айдас бүрэн арилдаг байна.

Гүйлгээ нь, зоосуудын холимогын хар хайрцаг мэтээр ажиллах ба, хуучин UTXO болон шинээр үүссэн UTXO хооронд, уг гүйлгээнээс өөр ямар ч холболт үлдэхгүй. Бүр оролцогч талуудыг ч хөөн олох боломжгүй болох юм. Өөрөөр хэлбэл, тухайн 1 хөрөнгийг мөрдөж байсан гэж үзвэл, тэр нь нэгтгэлээр ороод, гарахдаа гаралтын хаягуудын яг алинруу илгээгдсэнийг мэдэх аргагүй болно гэсэн үг. Дээрх жишээнд бас, 4 биш 1 хэрэглэгч, хөрөнгөө өөрийн 4 хаягруу хувааж илгээсэн байж болно. Эсвэл 2, 2 хаягтай 2 хэрэглэгч ч мөн, хөрөнгөө 2 хувааж, өөрсдийн хаягуудруу татсан байж болно гэх мэт. Ингээд бодохоор, нууцлал үнэхээр сайн болж байгаа биз?


Үгүйсгэлээр хувийн мэдээллээ хамгаалах нь

CoinJoin нь, гүйлгээг мөшгих аргуудын үр дүнд эргэлзэх нөхцлийг үүсгэдэг давуу талтай. Ямар ч уран, нарийн арга сэдэж, боловсруулсан, гаралтууд хэнрүү очиж байгааг мэдэх ямар ч боломж байхгүй гэдэг нь өөрөө гайхамшигтай онцлог давуу тал юм. Уг үйлчилгээ өргөжихийн хэрээр, гаралтын хаягууд 1 хүнийх байх боломж буурч, экосистем нь өргөжиж, тэр хэмжээгээрээ нууцлал нь нэмэгдэж, хамгаалалт нь чангарч байх болно.

Дээрх жишээг ойлгоход хялбар байлгах үүднээс 4 гишүүн, 4 оролт/гаралттайгаар тайлбарласан бөгөөд, энэ тоо нэмэгдэхийн хэрээр тагнахад хэцүү болох юм. Технологи хөгжихийн хэрээр, уг арга улам бүр боловсронгуй болж байгаа бөгөөд, одоогоор 100 захиалгыг нэгтгэсэн амжилтыг үзүүлээд байна. Тэрхүү гүйлгээний дэлгэрэнгүйг ЭНД-ээс харж болно.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "CoinJoin гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad