Central Bank Digital Currencies гэж юу вэ?

Биткойн хэдийгээр цахим мөнгөний 1 төрөл мөн боловч, өдөр тутамдаа төлбөрийн хэрэгсэл болгон ашиглахад зохимжгүй. Central Bank Digital Currencies (CBDC) буюу төв банкны цахим валют нь харин яг энэ зорилгод нийцүүлэн бүтээсэн крипто юм.

Ихэнх улсууд, цахим мөнгийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлэхээр судлаж байхад, зарим нь төрөл бүрээр туршаад, хэрэгжүүлээд эхэлсэн байгаа. Уламжлалт санхүүгийн салбарт, мөнгийг тээвэрлэх технологи нь, дэлхий нийтийн хөгжлөөс хол хоцорсон байгаа нь үнэн. Өчүүхэн хэсгийг нь, 1 газраас нөгөөрүү тээвэрлэх гэж их цаг хугацаа зарцуулж, их зардал гардаг нь ч бас үнэн. Эдгээр болон бусад тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхээр, улс улсын засгийн газрууд дор бүрнээ, цахим хөрөнгө үүсгэж, хэрэглээнд нэвтрүүлэхээр судлаж байна.

Цахим мөнгө нь, төлбөрийн системийн үр ашгийг нэмэгдүүлэх, оролцогч талуудын аль алинд таатай нөхцлийг бүрдүүлэх зэрэг давуу талуудыг авч ирэх боломжтой юм. Тэгэхээр CBDC-г, үндэсний мөнгөн дэвсгэртийн, Блокчэйн технологийн тусламжтай, цахимжуулсан хувилбар гэж ойлгож болно. Удахгүй, олон олон улсууд ийм мөнгөн тэмдэгтийг нэвтрүүлж, хэрэглэж эхлэх төлөвтэй байна.

Энгийнээр бол, цахим фиатыг CBDC гээд байгаа юм. Улс бүр CBDC болон, түүний цаадах технологийг өөр өөрөөр сонгон, хөгжүүлж байгаа ба, Блокчэйнд суурилсан хувилбарууд нь л фиаттай зүйрлэгдэх токен хэлбэрээр гарна, бусад нь технологиосоо хамаарч, төвлөрсөн, дундын бүртгэлтэй гэх зэрэг олон янз байж болно.

Биткойн зэрэг крипто валютаас сэдэвлэгдэн бүтээгдэж байгаа гэх боловч, засгийн газраас, албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгон баталж, гаргаж байгаа учир, CBDC нь тэдгээрээс ихээхэн ялгаатай юм. Хэдийгээр, хил дамнуулан шилжүүлэгдэх боломжтой байдлаар CBDC нь бусад криптотой төстэй мэт санагдаж болох ч, CBDC-г түүнийг гаргаж буй улсын засгийн газар бүрэн хянаж байдаг буюу төвлөрсөн чанараараа ялгарна.

Манай урд хөрш, 2014 оноос Digital Currency/Electronic Payments (DC/EP) буюу цахим валют/төлбөрийн хэрэгсэл гэх төслөө хөгжүүлж эхэлсэн бөгөөд одоо хэд хэдэн хотод цахим юаныг хэрэглээнд нэвтрүүлэн туршиж эхлээд байна. Мөн 2020 оны 10-р сард, Европийн төв банк (ECB) цахим евро нэвтрүүлэх төслөө танилцуулсан.

Технологи талаас нь харвал, CBDC нь засгийн газрын (эсвэл итгэмжлэгдсэн, тусгай эрх бүхий байгууллагын) ажиллуулж, хянаж буй өгөгдлийн сан бөгөөд гүйлгээнүүдийг тэрхүү хянагч баталгаажуулна. Ийм хяналттай үед, тухайн хөрөнгийг нь түгжих, хаягыг нь хар жагсаалтанд нэмэх, гүйлгээг нь цуцлах эрхтэй байх юм.

Дийлэнх CBDC, өөрсдийн Блокчэйн дээр ажиллах нь тодорхой хэдий ч, зарим нь нийтэд ил Блокчэйн дээр гарч магадгүй. Ил Блокчэйн дээр гаргаснаар, хөрөнгө нөөцийг нь төв банк зохицуулж, аюулгүй байдлыг нь хэрэглэгчид нь бүрдүүлж өгөх давуу талтай юм. Гэвч, Блокчэйнд урьд өмнө нь ийм чухал үүргийг хүлээлгэж байгаагүй, үүдэн гарч болох эрсдэл нь маш ноцтой зэргээс шалтгаалж, ийм сонголт хийх нь бараг үгүй л болов уу.

CBDC гаргах нь ямар ашигтай вэ?

Иргэн бүрийг дансжуулах боломжыг бэлэн мөнгө, крипто валютаас ч илүүгээр бүрдүүлж өгнө. Төрөхөөс нь эхлээд, үхэх хүртэл, төрийн бүхий л халамж, тэтгэлэг, татвар зэргийг энэ дансаар нь дамжуулан гүйцэтгэж болно.

Мөнгөний системээ бүхэлд нь, сайхан цэгцэлж, засаж авах нөхцлийг бий болгоно. Хэдийгээр хэвлэгдсэн дугаараар нь, бүртгээд, хадгалж байгаа ч, энэ нь тийм ч өндөр үр дүнтэй хяналтын арга болдоггүйн дээр, өнөөгийн ихэнх бэлэн мөнгөний бүртгэл, бодит байдлаасаа хэт хоцрогдсон байдаг. Цахимд бүртгэх нь, эргээд мөнгөний хяналтыг нэмэгдүүлж, мөнгө угаах, татвараас зайлсхийх, алан хядах ажиллагааг санхүүжүүлэх, луйвар залилан зэрэг зүй бус үйлдлийг илрүүлж, таслан зогсоох боломжыг бүрдүүлж өгөх юм.

Мөн, төлбөр төлөх явцыг хурдасгаж, түүнээс үүдэх хүлээлтийг багасгах, цаашлаад бэлэн мөнгө шиг тоолж, тээвэрлэж болон хадгалах шаардлагагүй болно гэдэг том дэвшил шүү.

CBDC ба тогтвортой зоос

Тогтвортой зоосонд байдаг бүхий л шинж чанарыг агуулсан мэт санагдаж байна уу? Ажиллах зарчим, фиаттай дүйх токен зэрэг тодорхойлолтоороо эдгээр нь ойролцоо ойлголтонд хамаарах хэдий ч, цаад талдаа тогтвортой зоос гэдэг нь, аль 1 аж ахуйн нэгжийн, хөрөнгөөрөө баталгаажуулан гаргасан, ямар 1 фиатийн ханшийг дагасан үнэлгээтэй крипто валют, харин CBDC нь ЗГ-аас баталгаажуулсан төлбөрийн хэрэгсэл, бодит хэвлэмэл мөнгөний, цахим хувилбар нь болдгоороо ялгаатай.

CBDC ба крипто валют

CBDC-г хөгжүүлэн гаргагч нь хянаж удирдах бүрэн боломжтой, төвлөрсөн, ханш нь адилтгах хөрөнгөтэйгээ ямагт тэнцэж байдаг.

Крипто валют нь, хянагчгүй, банкгүй, хориглох, хязгаарлах боломжгүй, төвлөрсөн бус, ханш нь эрэлт нийлүүлэлт болон арилжаачдын сэтгэл зүйгээс шууд хамааралтайгаар хэлбэлзэж байдаг.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!