Wyckoff Method гэж юу вэ?
1930-аад оны үед, Чарльз Вайкоффийн (Charles Wyckoff) хөгжүүлсэн хөрөнгө оруулагчид болон арилжаачдад зориулсан, зарчим болон төлөвлөгөөнүүдийн багцыг Вайкоффийн арга гэдэг.
Вайкофф нь, амьдралынхаа тодорхой үеийг багшлах, зааж сургах үйлсэд зориулсан нэгэн бөгөөд, түүний хөдөлмөр нь орчин цагийн TA-г бүрдүүлэхэд үнэмлэхүй их хувь нэмрийг оруулсанд тооцогддог. Анхлан, зөвхөн үнэт цаасны арилжаанд зориулагдан бүтээгдсэн ч, уг аргыг өдгөө бүхий л төрлийн арилжаа, санхүүгийн салбарт өргөн хэрэглэж байна.
Вайкоффийн ажлуудаас багагүй хэсэг нь, Джесси Лауристон Ливермор (Jesse L. Livermore) зэрэг бусад амжилттай арилжаа эрхлэгчдийн арга барилаас сэдэвлэгдсэн байдаг ч, өнөөдөр түүнийг Чарльз Доу болон Ральф Эллиот нарын дайны чухал нөлөөтэй эрхэм хэмээн хүлээн зөвшөөрөх болсон.
Вайкоффийн хийсэн судалгааны ажил нүсэр байсан бөгөөд, түүнийхээ ачаар тэрээр нилээдгүй тооны арилжааны арга барил, онолуудыг нээн илрүүлж чадсан.
Вайкоффийн 3 хууль
Эрэлт, нийлүүлэлтийн хууль
Нөөцөөс илүү хэрэгцээ шаардлага нь, эрэлтийг үүсгэж, ханшийг өсгөнө. Мэдээж, санхүүгийн хамгийн энгийн мөртлөө, чухал энэ хуулийг Вайкофф ганцаараа бодож олоогүй нь лав. Уг хуулинд, 3 чухал тэгшитгэл агуулагддаг ба тэдгээрийг нь жагсаавал:
- Хэрэгцээ шаардлага > Нөөц = Үнийн өсөлт;
- Хэрэгцээ шаардлага < Нөөц = Үнийн уналт;
- Хэрэгцээ шаардлага = Нөөц = Үнийн тогтворжилт (ханшийн дэгдэлт багасна);
Энгийнээр бол, эрэлт ихсэхийн хэрээр нөөц шавхагдаж, тэр хэмжээгээр үнэ ханш нэмэгдэж, эрэлтээс давсан нийлүүлэлт хийгдвэл, ханш буурдаг байна. Вайкоффийн аргыг хэрэглэдэг арилжаачид, ханшийн өөрчлөлтийн лаан графийг, нийт арилжааны хэмжээг харуулсан баганан графтай харьцуулах замаар эрэлт, нийлүүлэлтийн хэмжээг тогтоох замаар ханшийн ирээдүйн чиглэлийг таамаглахыг оролддог.
Шалтгаан ба үр дагаварын хууль
Эрэлт нийлүүлэлтийн ялгаа нь, санамсаргүйгээр бүтдэггүй гэж тайлбарласан хуулийг, Вайкоффийн 2-р хууль гэнэ. Уг зөрүү нь, дарааллаасан олон бэлтгэл хангагдсаны дараа, тодорхой 1 үйл явдлаас үүдэн бүрэлддэг гэж үздэг. Тодорхойлвол, хуримтлуулах явдал ихсэхийн хэрээр, үнэ өсөх нөхцөл бүрэлдэж, зарж борлуулахын хэрээр ханш унаж байдаг гэсэн үг.
Шалтгааны нөлөөллийг тооцоолон харуулах өвөрмөц графын аргыг тэрээр санаачилсан байдаг нь, авах зарах үеийг нь ажиглан олж, түүнд хамааруулан зорилгоо бүтээх боломжыг олгодог. Үүнийхээ ачаар, Вайкофф, арилжааны бүсийг сэтлэсний дараах, зах зээлийн чиг хандлагын ерөнхийд нь баримжаалж чаддаг байсан.
Зүтгэл ба үр дүнгийн хууль
Ханш нь, зүтгэл буюу арилжааны хэмжээнээс хамаарч өөрчлөгддөг болохыг 3 дахь хууль нотлодог. Өөрөөр хэлбэл, арилжааны хэмжээ, ханшийн өөрчлөлт 2, 1 чиг зүглэж байвал тухайн хөрөнгийн хандлага үргэлжилсэн хэвээр байхыг илтгэнэ. Тэгж үл чадах аваас, зах зээлийн чиг хандлага зогсолтонд орох эсвэл сөрөг чиглэлд тэмүүлэх юм.
Нийлмэл хүн
Тухайн зах зээлийг илэрхийлэх төсөөллийн адилтгалыг, Вайкофф Composite man гэх нэрээр томъёолсон байдаг ба зах зээлийг судлахдаа, түүнийг 1 хүн дангаар удирдаж байдаг гэж үзээд, түүний зан чанар, төлөв байдлыг ажиглах нь зөв гэж тайларлаж байсан. Тэгж чадсан тохиолдол, зах зээлийн чиг хандлагыг таамаглахад амархан болох учиртай гэнэ.
Энгийнээр бол, нийлмэл хүн гэж, "том тоглогчид" буюу баян хөрөнгө оруулагч, арилжаачдыг тодорхойлно. Тэд л тухайн зах зээлийг хүссэнээрээ залуурдах сонирхол, чадамжтай байдаг.
Нийлмэл хүний зан байдал нь, жижиглэнгийн хөрөнгө оруулагч буюу олонхын эсрэг байх нь их тул, тэднийг Вайкофф оруулсан хөрөнгөө алдах нь түгээмэл гэж тодорхойлсон. Гэхдээ, Вайкоффийн үзэж байснаар бол, уг нийлмэл хүний төлөвлөгөөг мэдэх боломжтой, түүнээс нь суралцаж болдог аж. Нийлмэл хүний байр байдлаас урган гарч болох 4 мөчлөг байгаа гэж үздэг.
Хуримтлуулах
Бусад хөрөнгө оруулагчдаас өрсөж хөрөнгө оруулах нь нийлмэл хүний хийх эхний алхам байдаг. Ингэхдээ, их болон бага ханшаар олон тусад нь салгаж авах байдлаар, ханшийн хэт өөрчлөлт үүсгэхээс сэргийлдэг.
Өдөөх
Нийлмэл хүн, нөөцийн хангалттай хувийг эзэмшээд ирэх үед, нөөцийн хомсдол үүсч, улмаар эрэлт нэмэгдэж, ханш өснө. Энэ үед, нийлмэл хүн, үнийг бага багаар өдөөж, бусад хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах ба энэ нь ханшийг хүчтэй дэвэргэхэд нөлөөлнө.
Uptrend буюу өсөлтийн үе нь дотроо олон тусдаа жижиг алхмуудаас бүрдэх бөгөөд түүнийг нь дахин-хуримтлуулах үе гэж нэрлэж болно. Багахан уруудалт, түр зуурын зогсолтуудыг агуулах хэдий ч, үндсэн хөдөлгөөн нь өсөлтийг харуулж байдаг тул өдөөлтийн шат бусад арилжаачид, хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлэх нь бий.
Хөрөнгө оруулагчид сонирхож, хошуурахын хэрээр эрэлт, ханш 2 зэрэгцэн өсөх ба түүнийг нь дагаж сонирхогчид ч хөрөнгө оруулахаар уралдан орж ирэх энэ л явдал нь, нийлмэл хүний хүрэхийг төлөвлөсөн зорилго нь байдаг.
Арилжих
Хангалттай өссөн гэж бодож эхлэхээс нь өмнө, ашгаа авах нь нийлмэл хүний хийх 3 дахь үйлдэл болно. Өсөлтөнд сүүл мушгин орж ирэх хөрөнгө оруулагчдыг ашиглан, хурааж цуглуулснаа зараад гарахдаа, хуримтлуулсантайгаа адил зарчмаар цувсан олон тусдаа арилжааг гүйцэтгэнэ. Ханш огцом уначихгүй, буух болоогүй гэсэн сэтгэгдлийг төрүүлэхийн хажуугаар, цуглуулсан нөөцөө аль болох өндөр дүнгээр, бараг бүрэн тараах нь энэ алхмын гол зорилт юм.
Нураах
Арилжих шат дуусмагц, зах зээл "догонцох" болно. Тооцсон хэмжээний ашгаа хийснийхээ дараа, ханшийг унагаахаар зорих нь нийлмэл хүний авч хэрэгжүүлэх сүүлчийн алхам болдог. Зараагүй үлдсэн жаахан хөрөнгөөрөө, тэрээр энэхүү зорилгоо хэрэгжүүлэх ба 1 их хичээл зүтгэл шаардалгүйгээр "онхолдуулчихаж" дөнгөнө. Учир нь, энэ үед нийлүүлэлт хэрээс хэтэрч, эрэлт бараг байхгүй болсон байдаг.
Өсөлтийн үеийн адилаар, downtrend буюу уналтын үед, дахин-арилжаалах үеүүд бас бий. Том уналтын ард, үүлэн чөлөөний нар гэх, багахан ч болтугай өсөлтийн үе тохиодог нь жам ёсны үзэгдэл тул, түүн дээрээс ашиг хийхийн хажуугаар, бусад хөрөнгө оруулагчдыг урхидах зорилгоор дахин арилжаалах хөрөнгө таслан авч үлддэг байна.
Ингээд дээрх 4 шатаа амжилттайгаар хэрэгжүүлсний дараа, нийлмэл хүн маань ажлаа дахин шинээр эхэлнэ.
Вайкоффийн загварчлал
Крипто валютийн зах зээлийн хувьд, Вайкоффийн хамгийн алдартай бүтээлээр нь, түүний Accumulation and Distribution Schematics буюу хуримтлал, түгээлтийн системийг нэрлэж болно. Хуримтлуулах болон арилжих үеүүдийг жижиг хэсгүүдэд хуувиарлаж, тодорхой үйл явдлуудад хамааруулан үзэх энэ бүтээл нь, Wyckoff’s Schematic буюу Вайкоффийн схемүүдийн ердөө 1 жишээ нь билээ.
Хуримтлалын загварчлал
А үе
Борлуулалтын эрч буурч, уналт саармагжих энэ үед, арилжааны хэмжээ их өссөн байдаг. Preliminary Support (PS) буюу Урьдчилсан дэмжлэгээс (хөндий шал) зарим хөрөнгө оруулагч нар өсгөх, уналтыг зогсоох оролдлого хийж байгаа ч, тэр нь хангалтгүй байгааг харж болно.
Selling Climax (SC) буюу арилжааны оргил үе нь, буултыг илтгэнэ. Яг энэ үед, хэлбэлзэл дээд цэгтээ хүрэх бөгөөд, сандарч зарах үзэгдлээс үүдэн урт улаан лаа үүсдэг. Огцом уналтын араас, хэт нийлүүлэлтээс улбаатай, Automatic Rally (AR) буюу шууд сэргэлт хийгдэнэ. Хуримтлалын загварчлалын хувьд, trading range (TR) буюу арилжааны бүс гэдэг нь, SC-ийн доод, AR-ийн дээд цэгүүдийн хоорондын зайнаас хамаардаг.
Secondary Test (ST) буюу 2 дахь шалгалт гэдэг нь, ханш SC-д дөхөх явдлыг нэрлэж байгаа бөгөөд уг шалгалтаар зах зээл унах чиглэлтэй байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлдог. ST ихэнхдээ, SC-с higher low буюу өдөр ёроол үүсгэдэг боловч, lower low буюу нам ёроол үүсгэх боломжтой байдгыг мартаж болохгүй.
B үе
Шалтгаан ба үр дагаврын хуулийн дагуу, B үе нь үр дүнд хүргэх шалтгаан нь болж өгдөг. Энэ үеийг нэгтгэлийн үе гэж нэрлэх бөгөөд, энэ үеэс нийлмэл хүн нөөцийг "хамж" эхэлдэг. Түүнчлэн энэ үед, ханш TR-ийн шал, таазыг ахин дахин шалгана. ST ч мөн адил олон удаа үйлдэгдэх ба зарим тохиолдолд ST-үүд нь, SC болон AR-тэй харьцуулахад, higher high буюу өндөр оройг эсвэл lower low буюу нам ёроол үүсгэж занга болох нь бий.
C үе
Хуримтлалын ерөнхий загварын эл үед, spring буюу пүрш тохиолдоно. Баавгайн урхи шиг харагдах энэ цэгийн араас өндөр ёроолууд залган орж ирдэг. Яг энэ агшинд, нийлмэл хүн, бусад хөрөнгө оруулагчдад зарж чадах жаахан л хөрөнгө үлдсэн гэдгийг баттай мэдэж авдаг.
Пүрш нь, шалаа "цөмлөж", хөрөнгө оруулагчдыг хуурах, SL-үүдийг цохиод гарах нь элбэг. Гэхдээ яг энэ үед л, уналтын сүүлийн шат дуусч, доод ханшаар авах боломж нээгдэж, өсөлт эхэлдэг. Гэхдээ заримдаа, шалыг нэвтлэж чадалгүй буцах буюу пүршгүйгээр шууд өсөлт эхлэхтэй таарч болохыг анхаараарай.
D үе
Шалтгаанаас, үр дүн бүрдэх үеийг D гэж тэмдэглэсэн байх бөгөөд энэ үед ханшийн дэгдэлт, арилжааны хэмжээ мэдрэгдэхүйц ихэсдэг. Энэ үед, Last Point Support (LPS) буюу агаарын шалууд үүсч, ханш дахин өсөхийг бэлэгдэнэ. Агаарын шал нь, өндөр ёроолуудын цуваа байх ба тааз сэтрэхийн дохио болно. Үүний дараагаар, Signs of Strength (SOS) буюу Чадлын баталгаа гэх оргил үүсч, сэтлэгдсэн тааз, шал болон хувирна.
D үе дотор, 1-ээс олон LPS тохиолдох боломжтой. Шинэ шал үүсгэж, шалгах бүртээ арилжааны хэмжээгээ нэмээд явж байдаг ч, заримдаа цомхон тэнцэтгэлийн бүс үүсгэх нь бий. Гэвч, эцсийн дүндээ өсөлт үзүүлсээр, E үетэй золгодог.
E үе
Хуримтлалын загварчлалын сүүлийн шатанд, ханш арилжааны бүсээсээ хэтэрч гарах ба, хэт эрэлтээс шалтгаалан, үргэлжилсэн өсөлтийг үзүүлнэ.
Арилжааны загварчлал
Хуримтлалын схемийн урвуу загварчлалыг ийн нэрлэх боловч, зарим талаар ялгаатай зүйлсийг агуулдаг.
А үе
Эрэлт буураад ирэхийн хэрээр өсөлт удаашрах нь А үе эхэлсний дохио болдог. Preliminary Supply (PSY) буюу урьдчилсан нийлүүлэлт гэх хөндий тааз нь, зарах захиалгууд нэмэгдсэний баталгаа болдог. Гэвч, энэ баталгаа нь, өсөлтийг удаашруулах хангалттай хэмжээнд хүрэхгүй. Харин маш эрчтэй арилжаалагдаж эхэлснийг, Buying Climax (BC) буюу худалдан авалтын оргил үеэс мэдэж болно. Энэ үед, туршлага, мэдлэг хомс, шинэ арилжаачид ихээр худалдан авах нь бий.
Үүний дараа, Automatic Reaction (AR) буюу шууд хариу урвалын ачаар ханш эргэн өсөх хандлагыг үзүүлнэ. Уг хариу урвал нь, хэт их худалдан авалтын дараах эргүүлэн арилжаалах үзэгдлээс үүддэг буюу нийлмэл хүний хураасан хөрөнгөө арилжаалах үйл явцын нөлөөллөөс үүсэх "хуурамч" өсөлт юм. Тэрхүү өсөлт BC-д дөхөх үед, Secondary Test (ST) буюу 2 дахь шалгалт явагдсанаар энэ үе өндөрлөнө.
B үе
Энэ үеийг, тэнцэтгэлийн үе гэж нэрлэх ба ханш энэ үед, үргэлжилсэн уналтыг үзүүлнэ. Нийлмэл хүний, зогсолтгүй арилжаалж байгаагаас болоод зах зээл өндийх "тэнхээгээ" алдана. Гэхдээ, шал, тааз олон удаа шалгагдах бөгөөд бухын зангатай таарах нь энүүхэнд. BC-оос давсан, ST үүсэх ч боломжтой. Тэрхүү ST-г, Upthrust (UT) буюу харвалт гэдэг.
C үе
Тэнцэтгэлийн үе дууссаны дараа, заримдаа хавх тавигдах нь бий. Түүнийг Upthrust After Distribution (UTAD) буюу арилжааны дараах харвалт гэх ба энэ нь пүршний урвуу үзэгдэл юм.
D үе
Энэ үе нь, хуримтлалын загварчлалын D үетэй тун адил байдаг. Нам орой үүсгэсэн, Last Point of Supply (LPSY) буюу агаарын таазууд нь цаашид үргэлжлэн унахыг гэрчилнэ. Шалны бүсийн орчимд олон LPSY үүсч болох ба шал цөмөрснөөр Sign of Weakness (SOW) буюу доройтлын баталгаа үүснэ.
E үе
Замбараагүй их нийлүүлэлт, туйлын бага эрэлтийн нөлөөгөөр ханш тасралтгүй уруудах нь, арилжааны схемийн сүүлийн шат болно.
Вайкоффийн арга амьдрал дээр хэрэгждэг үү?
Зах зээл яг энэ загварчлалын дагуу хөдөлнө гэдэг ер нь бүрхэг. Гэхдээ, ерөнхий хэв шинжийн дагуу хөдлөх боломжтой. Пүрш болон UTAD байхгүй, B үеүүд асар удаан үргэлжлэх боломжтой.
Уг арга дадлага дээр хэрэгжиж байдаг болон хэрэгжих боломжгүй гэсэн бодит баримт байхгүй ч, уг аргыг TA-ндээ тусгасан олон мянган арилжаачид, хөрөнгө оруулагчид бий.
Вайкоффийн 5 алхамт арга
Вайкофф өөрийн олон арга барил, зарчмуудыг нэгтгэн, зах зээлд "хөл тавих" 5 алхамт арга гэгч шийдлээ танилцуулсан байдаг.
1 дэх алхам - Чиг хандлагыг таних
Яг одоо зах зээл хаашаа чиглэж байна? Удахгүй хаа хүрэх вэ? Эрэлт болон нийлүүлэлтийн хоорондын хамаарал ямар байна вэ?
2 дахь алхам - Хөрөнгийн чансааг тодорхойлох
Зах зээл дээр хэр байр суурийг эзэмшиж байна вэ? Үндсэн чиглэлийг дагаж байна уу, эсвэл сөрж байна уу?
3 дахь алхам - Ирээдүйтэй хөрөнгө сонгох
Өсөх магадлал хэр их байна? Учирч болзошгүй эрсдлийг давж чадахуйц найдвар байна уу?
4 дэх алхам - Үнэ өөрчлөгдөх магадлалыг тогтоох
Үнэ нь хөдлөх дөхсөн байна уу? Ерөнхий чиг хандлагатай харьцуулахад хаана явна? Арилжааны хэмжээ, үнэ ханш нь ямар шинжийг илтгэж байна?
5 дахь алхам - Орох хугацаагаа төлөвлөх
Сонгосон хөрөнгө, төслөө, нийт зах зээлийн байр байдалтай харьцуулаад, арилжаа болон хөрөнгө оруулалтын хугацаагаа тодорхойлох нь, сүүлчийн алхам болдог.
Вайкофф нь мөн, Buying and Selling Tests буюу авах/зарах шалгуурууд гэх арилжаанд орох, гарах үеэ тодорхойлоход хэрэглэх аргууд, Point and Figure (P&F) буюу Цэг ба хэлбэрийн граф гэх, арилжааны зорилгоо тодорхойлоход туслах өвөрмөц дүрслэлт граф зэргийг ч мөн зохиож байсан билээ.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation