Dollar-Cost Averaging гэж юу вэ?

Идэвхитэй арилжаа нь, цаг хугацаа их шаардах, мэдрэлийн ядаргаанд хүргэхээс гадна, ашиг багатай байх нь их. Тиймээс ч олон олон арилжаачид, идэвхгүй болон хөрөнгө оруулах хэлбэрийн арилжааны аргуудаас сонгон хэрэглэдэг. Урт хугацаандаа өгөөж хүртэх сонирхолтой, ачаалал багатай арилжааны арга, төлөвлөгөөг эрэлхийлж байгаа бол энэ нийтлэл Таньд яг тохирно.

Dollar-Cost Averaging (DCA) буюу зардлаа дундажлах арга гэдэг нь, хөрөнгө оруулсан төслийнхөө үнэ ханшийн хэлбэлзлийн нөлөөг буруулах зорилгоор хэрэгжүүлдэг арилжааны төлөвлөгөө юм. Энэ төлөвлөгөөг хэрэглэх үед, ханшийн дэгдэлт, 1 дор их дүнгээр арилжаанд орсноос хамаагүй багаар тусдаг. Шалтгаан нь, олон өөр дүнтэй хийгдсэн арилжаануудын эцсийн дүн нь тэдгээрийн дундаж ханшаар гүйлгээ хийсэнтэй адил байх учраас тэр. Энгийнээр бол энэхүү төлөвлөгөө нь, хөрөнгө оруулалтанд учирч болох алдагдлыг бууруулах давуу талтай байдаг.

DCA-г хэрэглэх ямар хэрэгтэй байдаг вэ?

DCA-ын хамгийн гол давуу тал нь, буруу үед арилжаанд орох эрсдлийг багасгах явдал юм. Арилжааны төлөв нээх болон хаах хугацаагаа мэдрэх нь арилжаа, хөрөнгө оруулалтын хувьд хамгийн хэцүү үе байдаг. Чиглэлийг зөв таньсан ч, хугацаагаа буруу тооцоолсон үед, арилжаа тэр чигтээ гацаанд орох эсвэл алдаанд тооцогдох аюултай. Гэхдээ энэ асуудлыг, DCA-ын тусламжтайгаар багасгаж, шийдвэрлэж болно.

Их дүнтэй хийсэн арилжаанаас, олон жижиг дүнгээр хийсэн арилжаа илүү ашигтай байдаг. Хугацаагаа андуурсан арилжааны шийдвэрийг хүн бүр тодорхой хэмжээгээр гаргаж байдаг ба түүний үр дүн нь мэдээж таатай байх нь ховор. Үүнээс суралцаж болох ч, гаршуулах нь цаг хугацаа, дадлага тэднээс хамаарсан зардлыг ихээр дагуулж болох тул, шийдвэр гаргах чадвартаа эргэлзэх, итгэлгүй болоход нөлөөлж ч мэднэ. Энэ тохиолдолд, DCA-г хэрэгжүүлээд, шийдвэрээ түүгээр гаргуулсан нь оновчтой шийдэл болж болох юм.

DCA нь мэдээж, аюулыг гүйцэт арилгаж чадахгүй гэдгийг мэдэж байвал зохилтой. Энэ төлөвлөгөө нь зөвхөн, арилжааруу орох алхмыг зөөлрүүлж, буруу үед орох эрсдлийг бууруулах л нөлөөтэй шүү. Мөн, DCA баталгаатай ашиг авч ирнэ гэж өрөөсгөл ойлгож хэрхэвч болохгүй. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлээд, гарах үр дүнд нөлөөлж болох асар олон хүчин зүйлс байгаа гэдгийг ойлгоорой.

Арилжаанд яг хэдийд ороод, хэдийд гарах хэрэгтэйг 100% зөв таамаглаж чадах хүн 1 ч байхгүй. Олон жилийн туршлагатай хөрөнгө оруулагч, арилжаачид ч, дөхүүлэх төдий л таадаг. Тиймээс, хамгийн аюулгүй, өөрт нийцсэн аргаа хэрэглэж байлаа ч, гарах төлөвлөгөөгөө урьдаас боловсруулсан байх хэрэгтэй. 

Зорьсон ханшаа олсон байгаа үед, гарахад маш хялбар байдаг. Оруулах хөрөнгөө олон хуваагаад, зорьсон дүндээ хүртэл бага багаар цувуулан хийсээр, хангалттай дөхсөн үед төлвөө хаагаад л арилжаанаас гарчихаж болно. Энэ үед, буруу үед хаах вий гэх айдас бүрэн замхардаг давуу талтай. Гэхдээ, эцсийн үр дүн нь тухайн арилжаачны өөрийнх нь хийсэн судалгаа, тооцоолол, төлөвлөгөө, түүний хэрэгжилтээс илт хамаарч байдаг юм шүү.

Зарим арилжаачид "АвДар" хэлбэрээр төлөвлөж, хэрэглэх нь бий. Энэ нь, авсан хөрөнгөө аль болох арилжаалахгүй, удаан хадгална гэсэн үг бөгөөд, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үнэ цэн нь өсөхийг харсаар суудаг, 1 төрлийн хөрөнгө оруулалт болно. Хөрөнгийн зах зээлээс хамгийн өндөр өгөөж хүртсэн хүмүүс нь, хөрөнгө оруулснаа мартсан эсвэл нас барсан хүмүүс байсан гэсэн судалгаа саяхан гарсан. Оруулсан хөрөнгөө гаргаж авалгүй, хамгийн ихээр удаасан учраас тэр. Доор, DJIA-ын 100 жилийн хугацаан дахь өөрчлөлтийн графыг жишээ болгон харуулав.

Богино хугацаанд олон дахин унаж, өндийж байгаа ч, урт хугацаандаа тогтмол өсөлтийг үзүүлсэн байгаа нь тод харагдаж байгаа биз? Аль болох удаан хадгалж, тэр хэмжээгээр ашиг хүртэх зорилготойгоор АвДарладаг учир, ийм төлөвлөгөөг хэрэглэх үед, арилжааруу хэзээ орох, гарах нь огтоос чухал сэдэв болохгүй. Гэхдээ, арилжааны ийм төлөвлөгөө нь, ихэвчлэн хувьцааны хувьд л үр дүнтэй, крипто валют дээр бүтэл олохгүй байх боломжтойг анхаараарай. Түүнчлэн, Dow-ын үзүүлэлт, бодит ертөнцийн эдийн засагтай нягт уялдаатай байдаг тул, ийм өсөлтийг үзүүлсэн, бусад хөрөнгүүд тэс өөр үр дүнг үзүүлэх боломжтойг бас энд сануулж хэлэх нь зүйтэй байх.



DCA-ын жишээ

Уг сэдвийг жишээн дээр тайлбарлавал илүү ойлгомжтой байх юм болов уу, гээд энэ бүлгийг бэлдлээ. Хэрэв, хангалттай ойлгосон гэж бодож байвал, шууд дараагийн сэдвийг уншаарай.

Яг 10 сая төгрөгөөр л арилжаанд орно гэж төлөвлөсөн байгаа гэж үзье. Тэгээд мөн, хөрөнгө оруулах зоосоороо Биткойныг сонгосон байгаа гээд төсөөлцгөөе. BTC-ын үнэ одоогийн түвшиндээ савлана гэж тооцоод, DCA төлөвлөгөөгөөр арилжаанд оръё.

Юуны түрүүнд, 10 сая төгрөгөө, 100'000-аар нь 100 хэсэт хуваана. Тэгээд, ханш хэд байгаагаас хамаарахгүйгээр, өдөр бүр 100'000 төгрөгөнд BTC авч хадгалцгаая. Ингэснээр, оролтын дүнгээ 3 сар гарны дунджаар тараах боломжтой болж байгаа юм.

DCA-ын уян хатан чанарыг, арай өөр нөхцөлд туршъя л даа. BTC маань баавгай царайлаад бархираад эхэлсэн, түүнээс нь үргэсэн бухын барааг дараагийн 2 жилдээ харах найдлагагүй болсон байг. Гэсэн ч, хэзээ нэгэн цагт бух довтлоод ороод ирэх нь бол тодорхой. Тэгэхээр түүнд урьдаас бэлдэж л байж яагаад болохгүй гэж?

Хугацаанаас хамаараад, дээрх жишээтэйгээ адил аргыг дахиад хэрэглэхэд арай л тохиромжгүй учир, бага зэрэг өөрчлөх хэрэг гарна. Өдөрт 100'000 биш, 7 хоногт 100'000 төгрөг болгох зэргээр хугацаандаа тааруулан сунгаж болох л юм. Жилд 52 х 7 хоног байдаг учир, уг төлөвлөгөө 2 жил арай хүрэхгүй хугацаанд хэрэгжинэ гэсэн үг. Ийм байдлаар, уналтын үед, өсөлтөнд бэлдэн, урт хугацааны хөрөнгө оруулалт хийх нь зарим талаар маш оновчтойд тооцогдож болно. Ханш өсөөд эхлэх үед, түүнээс хоцрох боломжгүйгээс гадна, уналтын үеийн хохирол ч том дүнтэй гүйлгээнийхтэй харьцуулахад эрс бага байна.

Гэвч, энэ төлөвлөгөөний үед учирч болох ноцтой эрсдлүүд байгааг бас анхаараарай. Уналтын үед авч байгаа учраас, өдрөөс өдөрт бүр минутаар алдагдал хүлээх, хүлээж буй мэт санагдах боломжтой. Тиймээс зорилгоо тодорхойлж чадаагүй, сэтгэл зүйн бэлтгэлгүй үед, уналт саармагжиж, зогсох дөхсөн нь илэрхий болох хүртэл, энэ төлөвлөгөөгөөр арилжаанд орохоос татгалзсан нь дээр байх болов уу. Ингэж хүлээх нь, дундаж зардлын дүнг өсгөх ч, өөр олон эрсдлийг бууруулах тустай байдаг.

DCA тооцоолуур

dcabtc.com гэсэн хаягаар ороод, нилээн дажгүй тооцоолуурыг хэрэглэх эсвэл туршиж үзэх боломжтой. Нийт дүн, хугацааны муж, давтамжын тоо зэргийг оруулаад, төлөвлөгөөний өөр өөр тохируулгуудын үр дүнгүүдтэй танилцаж болно. Биткойн мэтийн урт хугацаандаа өсөлт үзүүлж буй төслүүд дээр, хэрэглэх төлөвлөгөөгөө энд тооцоолоод, урьдчилан шалгахад болохгүй зүйлгүй шүү дээ. Жишээ болгон, 5 жилийн турш, өдөр бүр $1 USD-той тэнцэх BTC авч байсан бол, өнөөдөр хэр өгөөжтэй хөрөнгө оруулалт болсон байх байсныг хамтдаа тооцоолцгооё.

Өдөрт 1 АНУ доллар буюу 2'850 орчим төгрөг гэдэг их сонсогдохгүй байж болох ч, 5 жилийн хугацаанд нийт $1'825 USD буюу ойролцоогоор ₮5.2 сая MNT хөрөнгө оруулсан байх нь. Энэ үед ханш, $568.84 USD-оос 62'006.92 хүртэл хэлбэлзсээр нийт 0.31 BTC цугларсан буюу, өнөөдрийн ханшаар ($49'002.12 USD буюу багцаагаар ₮138'676'000 MNT) 42'989'560 төгрөгийн орлого, шимтгэлийг тооцохгүйгээр 13.3 мянган АНУ доллар буюу 38 орчим сая төгрөгийн цэвэр ашиг олох байсан гэсэн тоо гарч байна.

Жич: Уг тооцоололд, АНУ долларын ханшийг тогтмол 2'850 төгрөгөөр, нийт цуглуулсан Биткойны хэмжээг багцаагаар тооцсон болно.

DCA ямар дутагдалтай вэ?

DCA үр дүнтэй төлөвлөгөө мөн хэдий ч, заримдаа ашиггүй, алдагдалтай байх нь бий. Ханш огцом, хүчтэй "пуужиндаж" байвал, илүү ашигтай байх хэдий ч, ханшийн тогтвортой өсөлтийн үед, орлогыг хугасладаг дутагдалтай. Өсч байгаа үед, эрт орсон нь илүү ашиг олох нь тодорхой шүү дээ, тэгэхээр өсөлтийн үед DCA-ыг хэрэгжүүлэх нь, оролтын дүнг дээш дундажлаж, улмаар 1 дор өндөр дүнтэй арилжаа хийснээс бага ашиг олох нөхцөлд хөтөлнө.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!