Bull Market гэж юу вэ?
Санхүүгийн салбарт, зах зээлийн чиг хандлагыг ойлгохгүйгээр, арилжаа хийгээд ашиг олно гэдэг хэцүү. Чиг хандлага гэж, ханш ерөнхийдөө хаашаа чиглэж байгааг тодорхойлно. Тийм ч учраас, FA болон TA-ний аль алинд чиг хандлага чухал хэмжүүр үзүүлэлт болдог.
Бухын ноёлолын үед арилжаа хийхэд харьцангуй амар байх ба энгийн арилжааны төлөвлөгөөний тусламжтайгаар л ашиг олох боломжтой. Ямар ч туршлагагүй арилжаачид ч энэ үеэр, "хөөрхөн" ашиг хийчихэж дөнгөнө. Тийм учраас, ханш хаашаа тэмүүлж байгааг таньж чаддаг байх нь чухал.
Бухын улирлын талаарх товчхон тайлбар, танилцуулгыг ЭНД дараад, бидний бэлтгэн хүргэдэг "Крипто тайлбар толь" хэмээх цуврал нийтлэлийн тэргүүн бүлгээс уншиж болно.
Ханш тууштай өсч байгаа үеийг бухын эрин гэж нэрлэдэг. Анхлан, үнэт цаасны арилжаанд л хэрэглэгддэг байсан энэхүү нэр томъёог өдгөө үл хөдлөх, бараа таваар, гадаад валют, крипто валют зэргийн арилжаанд ч өргөнөөр хэрэглэдэг болсон. Тэр ч байтугай, BTC, ETH, BNB, DOGE г.м. хөрөнгүүд тус бүр дээр нь ч хэрэглэх нь бий.
Та магадгүй, Wall street-ийн "bullish" буюу бухсаг, "bearish" буюу баавгайрхаг зэрэг нэршлийг өмнө нь зөндөө л уншиж, сонсож байсан байлгүй. Эдгээр нь, ханш цаашид өсөх эсвэл буурахын аль хандлага илүүтэй байгааг илэрхийлэхэд ашиглагддаг.
Бухыг бэлчих үед, ихэнх арилжаачид long буюу худалдаж авах сонирхол өндөртэй болсон байх хэдий ч, эндээс шууд ашиг олох боломж тийм ч өндөр байдаггүй. Түүнчлэн, бух өсөлтийг илтгэж байгаа ч, өсөлтийн явц дунд, ханш догонцох, унах, савлах үзэгдлүүд бишгүй тааралдана. Учир нь, их цаг дээр ханш өсч байвал түүнийг бух гэж байгаа ч, бага цаг дээр янз бүрийн хэлбэлзлүүд байсаар л байдаг, байх ч ёстой. Энгийнээр бол, урт хугацаандаа өссөн хэвээр байх хэдий ч, дунд болон ойрын хугацаанд унаж, өсөх нь ээлжилсэн хэвээр байх юм. Жишээ болгон, Биткойны 2010-2020 оны хоорондох буюу 10 жилийн өсөлтийг доорх зурагт харуулав.
Тэгэхээр бух явж байна гэдэг нь, ямар цаг дээр вэ гэдгээс хамаарч өөр утга илэрхийлэх боломжтой юм. Ихэвчлэн сараар, жилээр харж, ингэж тодорхойлдог ба их цаг дээрх дүгнэлт нь, багынхаасаа илүү бодитой байдаг.
Урт хугацаандаа өсөлттэй байгаа ч, дундаа сөрөг хандлагуудтай олон таарах боломжтой байдгыг дээрх зургаас харж болно. Эдгээр үеүүд нь, ханшийн дэгдэлт ихтэй байх нь олонтаа.
Бухын жишээ
Бух омогшин, мандсан томоохон жишээнүүдийн зарим нь үнэт цаасны арилжаан дээр бүртгэгдсэн байдаг. Үнэлгээ нь тасралтгүй өссөөр байгаа хувьцаанууд цөөнгүй байгаа ч, бүхий л хөрөнгийн үнэ цэн эдийн засгийн хямрал болон бусад хүчин зүйлсээс шалтгаалан бух болон баавгайн хооронд шилжиж байдаг. Эдгээр мөчлөгүүд хэдэн жил, бүр арванаар ч үргэлжлэх боломжтой. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойших өсөлт, 2019 оны COVID-19 цар тахлыг хүртэл үргэлжилсэн ба үүнийг түүхэн дэх хамгийн урт өсөлт байсан гэж үзэх шинжээчид ч цөөнгүй бий боловч тахлаас үүдэлтэй доройтол нь, хожим их цаг дээр хэр нөлөөтэй байхыг харах хүртэл ингэж дүгнэхэд зохимжгүй ч байж болох юм.
Жишээ болгон, 1929-2008 оныг хүртэлх, Dow Jones Industrial Average (DJIA) буюу Доу Жонс үйлдвэрлэлийн дунджыг харцгаая.
Биткойн ч бас яг ийм, зогсолтгүй өсөлтийг харуулж байгаа гэх шинжээчид бий. Гэхдээ, дараагийн хэдэн арван жилд юу болохыг хэн ч тааж мэдэхгүй шүү дээ. Тэр тусмаа, бусад зооснууд ч Биткойн шиг ийм амжилтыг үзүүлж чадах эсэх нь ч бас тодорхойгүй юм.
Бухын үед ашиг олох ямар арга замууд байдаг вэ?
Ханш тэртээ тэргүй өсөх нь тодорхой учир, арилжааны наад захын төлөвлөгөөнүүдээр ч ашиг хийх боломжтой. Ялангуяа, унах үед нь ороод, хүлээвэл бүүр ч илүү ашигтай. АвДар буюу HODL энэ л үед хамгийн үр дүнтэй байх бөгөөд урт хугацаандаа бүр ч илүү өгөөжтэй байдаг.
"The trend is your friend, until it’s not." буюу "Навчис, намар хүртэл л ногоордог" гэсэн үгийг санаж, чиг хандлагаа мэдэрч арилжаанд орох нь чухал. Чиг хандлага үүрд 1 хэвээ хадгалахгүй гэдэг нь маргаангүй учир, эрсдлээ тооцож, зохих хэмжээнд зохицуулах хэрэгтэй. Олон жилийн өсөлт, хэдхэн хоногт "балгас" болон нурах боломжтойг олон ч жишээнээс харж болно.
Ханш бух мэт омогших үед, хөрөнгө оруулагч нар ч огшиж байдаг. Ханшийн өсөлт нь, ашиг дагуулж, тэр хэмжээгээр хүмүүсийн сонирхлыг татах нь жам юм. Гэхдээ, зарим хөрөнгө оруулагчид энэ үеэр баавгайсан, ханшийг дарж түр ч болтугай дарж авах, түүнээсээ ашиг олох нь бий.
Мөн, өнөөгийн хүрсэн амжилт нь, чамлахааргүй ашиг авч ирсэн үед, short-лоод, засвар оронгуут дахин хөрөнгө хаяж, дараагийн өсөлтийг хүлээх арилжаачид ч цөөнгүй. Гэхдээ, дээрх 2 арга нь, багагүй мэдлэг, туршлага хуримтлуулсан арилжаачдад илүү зохимжтойг анхаараарай. Бухын давшилтыг саармагжуулж чадалгүй, хөрөнгөө салхинд хийсгэсэн түүх олон бий. Довтолж буй бух эсвэл хурдаа авсан галт тэрэгний урд очоод, түүнийг зогсоож чадах уу? гээд бодоод үз л дээ. Бас л эвгүй санагдаж байгаа биз дээ?
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation