Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

TA-ний үед, лаан граф дээрээс таньж, хэрэглэж сурах хамгийн чухал 12 лааг цувралаар танилцуулж байна.


1. BULLISH ENGULFING

Бухын нөмөр нь, ханшийн уналтын үед, жижиг хар/улаан лааны араас, том цагаан/ногоон лаагаар халиулан таглаж буй мэтээр дүрслэгддэг загвар юм. Цагаан лаа нь, хар лааны сүүдэр буюу сахлуудаас заавал илүү гарах шаардлагагүй, харин хар лааны их биеээс 2 тийш давсан байх ёстой. Уг загвар нь, ёроолыг мөргөөд ойх үзэгдлийг илэрхийлдэг ихээхэн чухал дохио болдог.

Таньж, баталгаажуулахад шаардагдах үзүүлэлтүүд

  1. Чиг хандлага уруудаж байгаа нь тодорхой болсон байх;
  2. Жижиг улаан лааны дараа, түүнийг бүрэн халхалж чадах ногоон лаа үүсэх.

Тайлбар

Баавгайн улирлын үед, short орсон арилжаачдын нөлөөгөөр богино улаан лаа бүрдэж, дараа өдрийн хаалтын ханш нь, урьд өдрийн нээлтийн ханштай тэнцүү эсвэл түүнээс өндөр байвал, энэ нь уналтын чиглэлийн эрч суларч байгааг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, бух ирэх цаг ойртож байгааг бэлэгддэг.

Анхаарах зүйлс

Лаануудын хэмжээ, харьцаа маш чухал. Хар лаа маш жижиг, бараг дожи үед, цагаан лаа маш урт зурагдаж байвал, баавгай ичээндээ орох тун дөхсөн байна гэж ойлгож болно. Гэхдээ, лаанууд дээрх арилжааны хэмжээг анхаарах хэрэгтэй. Цагаан лаан дээрх арилжааны хэмжээ их байх тусам, "салхи эргэх" магадлал өндөр болдог. Мөн, 1-ээс олон хар лаа үүсч болох бөгөөд энэ үед, цагаан лаа хэр олныг "нөмөрч" чадаж байгаагаар нь, улирал солигдох магадлалын хэмжээг тооцож бас болно.

Чиг эргэж буй эсэхийг, 3 дахь буюу урт ногоон лааны дараагийн өдрийн үзүүлэлтээр баталгаажуулж болох бөгөөд, энэ өдрийн лаа ногоон өнгөтэй зурагдах, өмнөх лаанаас алслагдсан байх эсвэл өндөрт хаагдсан бол батлагдлаа гэж үзэж болно.


2. PIERCING LINE

Ханшийн уналтын үед, урт хар/улаан лааг дагасан хэдий ч, харьцангуй доороос эхлээд, хар лааны талаас дээгүүр хаагдаж чадсан, "хүчтэй" цагаан/ногоон лаа үүсч байвал, өсөлт ирж айсуй гэж таамаглаж болно.

Таньж, баталгаажуулахад шаардагдах үзүүлэлтүүд

  1. Чиг хандлага уруудаж байгаа нь тодорхой болсон байх;
  2. Урт улаан лааны араас, түүний шал үнээс ч доогуур ханшаар нээгдсэн, урт ногоон лаа үүсэх;
  3. Ногоон лааны хаалт, улааныг ДАВАХГҮЙ ч, түүний тэн хагасаас өндөрт хаагдсан байх.

Тайлбар

Хар лаа нь, уртаар зурагдахын хэрээрээ, уналт үргэлжилж байгаагийн нотлогоо болно. Тийм ч учраас, дараа өдрийнх нь нээлт харьцангуй доороос алслалттай эхэлж байгаа хэрэг. Гэвч, энэ гүн "цөмрөлт" нь, баавгайг "ядрааж" орхих боломжтой байдаг. Энэ үед, short орох буюу дахин буулгахад хэцүү болж, ханш дээш үсчих гэж оролдож эхлэх бөгөөд түүнийг дагаад long ороход таатай үе ирсэн гэж үзэх хөрөнгө оруулагчид гарч ирснээр, нөхцөл байдал орвонгоороо эргэж болно.

Анхаарах зүйлс

Уг загварын үед, ногоон лааны уртын хэмжээ, улаан лааны уртын хэдэн хувьтай тэнцэж байгаагаар, баавгайн "ичээндээ орох" магадлалыг хэмжиж болно. Улаан лааг тэг дундуур нь хувааснаас дээгүүр хааж чадах нь, уг загварыг чанаржуулах хэдий ч, эдгээрийг дагасан лаа нь, ногоон өнгөтэй байх эсвэл ихээхэн алслагдсан байх эсвэл өмнөх лаанаас өндөрт хаагдаж байж л сая 1 чиг хандлага эргэснийг нотлож болох юм.


3. BULLISH HARAMI

Ханшийн уналтын үед, урт хар/улаан лааны цаанаас цухуйж харагдахгүй, жижиг цагаан/ногоон лаагаар дүрслэгдэх уг загварыг, Харами бух гэнэ. Харами гэдэг нь, "хээлтэй" гэх утгыг илэрхийлдэг эртний Япон үг юм. Тодруулбал, уг загвар дээрх урт хар лаа нь "эх" үнээ, цагаан лаа нь түүний тугалыг дүрсэлж байгаа хэмээн зүйрлэж, ийн нэрлэсэн байна.

Таньж, баталгаажуулахад шаардагдах үзүүлэлтүүд

  1. Чиг хандлага уруудаж байгаа буюу баавгайн улирал зонхилж байгаа нь илэрхий байх;
  2. Урт улаан лааны цаана, түүний аль ч талаар цухуйж харагдахгүй богино ногоон лаа бүрэлдэх;
  3. Гэхдээ, ногоон лааны голууд (дээд болон доод ханшууд) нь, улаан лааны их биеэс давсан байж болох боловч, давахгүй байвал сайн.

Тайлбар

Энэхүү загвар нь, чиг хандлага алдагдаж байгаагийн илрэл болно. Урт улаан лаа нь, маш идэвхтэй зарагдсанаас шалтгаалан үүссэн ч, маргааш нь зарахаас илүү авах сонирхол, чадвар бэхжиж байгаагаас харахад энэ нь, баавгайн нойр хүрч эхэлснийг илэрхийлж байж болох юм.

Анхаарах зүйлс

2 дахь буюу жижиг лаа нь, уур амьсгалыг, урт лаанаасаа хамаагүй илүү бодитоор өгүүлэх бөгөөд, ингэхдээ урт лаанаасаа хаашаа ч давж гарч чадахгүй байх ёстой. Гэвч, Харами бухын загвар бүрэлдсэний дараа дараа, бух идээшихгүй байх боломж бас байдгыг анхаарах нь зүйтэй. Уг загварыг ихэвчлэн, замбараагүй хэлбэлзэл дагаж байдаг тул, уналтын үе дууссан эсэхийг 3 дахь лаагаар баталгаажуулж байх хэрэгтэй. Үүний тулд, 3 дах лаа нь, ногоон өнгөтэй эсвэл нилээд зааглагдсан, өмнөх өндөрт хаагдсан байх шаардлагатай.


4. BULLISH HAMMER

Уг загвар нь, ханшийн уналтын үед эсвэл уналтын төгсгөлд тааралдах өвөрмөц загвар юм. Чиг хандлагыг бут цохин, цоройж гарч ирдэгээс нь, мөн дүрслэгдэх хэлбэрээс нь шалтгаалан түүнийг алх гэж нэрлэсэн. Бухан Соно Дожи загвартай ихээхэн төстэй харагдах энэ загварыг, түүнээс зураглалаар нь ялгаж болно. Бухан соно дожи загварын нээлт болон хаалтын ханшууд бараг 1 түвшинд зурагддаг бол, Бухын алх загвар дээд хэсэгтээ лааны богино их бие, түүний доор ажиглагдахуйц урттай голтойгоор дүрслэгдэнэ.

Таньж, баталгаажуулахад шаардагдах үзүүлэлтүүд

  1. Уруу чиглэл давамгалсан байх;
  2. Оройн хэсэгтээ жижигхэн их биетэй лаа үүссэн байх. Лааны өнгө чухал БИШ;
  3. Лааны доор урт сүүдэр буюу гол татагдсан байх ёстой ба, тэрхүү голын урт нь, дээрх их биеэсээ дор хаяж 2 дахин урттай байх.
  4. Гэхдээ, дээд талдаа огт голгүй, эсвэл бараг анзаарагдамгүй, богино голтой байвал илүү зохимжтой.

Тайлбар

Ерөнхий чиглэл уналттай байхад, доош огцом "цөмрөх" тохиолдол гаралгүй л яахав. Гэхдээ, тэрхүү цөмрөлтийн араас маш ойрхон залгаатай огцом өсөлтийг тасралтгүй үзүүлсээр, хамгийн өндөр ханштайгаа дүйх эсвэл тун ойролцоо ханшаар хаагдаж байвал, өсөлт эхлэх цаг болсныг илтгэж байж болно. Хичнээн унаж байсан ч, зарах талын хүч сарниж байгаа нь, уналт дахин удаан үргэлжилж чадахгүй болсны дохио болох нь бий.

Анхаарах зүйлс

Алхны хаалтын ханш, нээлттэйгээ тун ойр эсвэл өндөрт хаагдах нь, бухнуудад илүү ирээдүй байгааг тодорхойлсон таатай мэдээ болно. Гэхдээ, алхтай харьцуулахад бухан соно дожи загвар, дожигийн энэ нөхцөлд илүү хүчтэй байдаг. Бухын алхыг ажиглах үед, түүний дараа үүсэх лаагаар баталгаа гаргуулж байх шаардлагатай бөгөөд ингэхдээ ногоон өнгө, хол алслалт эсвэл харьцангуй өндөрт хаагдсан байдлаар нь дүгнэж болно.


САНАМЖЛаанууд, дээрх зургуудтай 100% адил үүсэхгүй, үүссээд баталгаажсан ч, тэдний араас ханшийн чиглэлийн өөрчлөлт ирнэ гэсэн баталгаа байхгүйг анхаараарай. TA, тэр дундаа шугам зураг нь дангаараа, шийдвэр гаргах үндсэн үзүүлэлт болж чадахгүй гэдгийг мартаж болохгүй бөгөөд, уг нийтлэл нь санхүүгийн зөвлөгөө БИШ тул, судалгаашинжилгээгээ сайтар гүйцэтгэсний дараагаар, шийдвэрээ гаргаарай. Таны өмнөөс хэн ч хариуцлага хүлээхгүй тул, эрсдлийн зохицуулалтаа ч зохих хэмжээнд хийх хэрэгтэй.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "12 чухал лаа [1-р бүлэг]"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad