Diem гэж юу вэ?

Facebook-ийн танилцуулсан төлбөрийн системийн шийдэл болох Diem (хуучнаар Libra) нь, Блокчэйнд суурилсан, цахим төлбөр тооцоо, санхүүгийн үйлчилгээнүүдийн экосистем юм. 2021 онд хэрэглэгчиддээ хүрэх, энэ системийн, төлбөрийн хэрэгсэл нь Diem нэртэй тогтвортой зоос байна.

Интернэт холбогдох боломжтой, ямар ч төхөөрөмжийг ашиглан, хүссэн үедээ, хаанаас ч төлбөр тооцоо болоод санхүүгийн бусад үйлчилгээг авах боломж олгодгоороо цахим төлбөрийн систем, уламжлалт төлбөрийн системээс ялгардаг. Paypal, Visa, MasterCard зэрэг байгууллагууд дээрх үйлчилгээг хамгийн өргөн нэвтрүүлж, хүргэж байгаа. Гэвч, крипто валют тэднийг энэ салбарт тэргүүлэх магадлал туйлын өндөр болоод байна.

Бусад төлбөрийн хэрэгслүүдээс ялгаатай нь, Facebook хэдийн хөлөө олсон том байгууллага болсны дээр, маш олон хэрэглэгчдийг нэгтгэсэн байгаа. 2020 оны 3-р улирал гэхэд л, тус байгууллагын идэвхтэй хэрэглэгчдийн тоо сард, 2.7 тэрбум хүрсэн байсан. Тэгэхээр, шинэ төлбөрийн систем нь, асар богино хугацаанд, олон сая хэрэглэгчдийг хамруулж, нүсэр амжилтыг үзүүлж ч мэдэх юм.

2019 онд анх танилцуулагдсан энэ, Блокчэйн технологид суурилсан төлбөрийн хэрэгсэл нь, банкны оролцоогүйгээр төлбөр тооцоо хийх, санхүүгийн үйлчилгээ авах боломжыг, нийт хэрэглэгчиддээ бүрдүүлж өгөх зорилготой. 2020 онд хэрэглэгчиддээ хүргэхээр төлөвлөсөн байсан ч, янз бүрийн шалтгааны улмаас 2021 онд гаргахаар болгож хойшлуулсан.

Diem-г Швейцарийн Женевд байршилтай, Diem Association буюу Диэм холбоо хариуцаж ажиллах бөгөөд гишүүд нь Блокчэйн, техник технологи, банк санхүү, эдийн засаг, харилцаа холбоо зэрэг олон өөр салбарын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид болоод ашгийн бус байгууллагууд бүрдүүлж байна. 

Диэм холбооны гишүүд нь, төслийнхөө хэрэгжилт, үр дүнг хянаж, зохих шийдвэрийг гаргах үүрэгтэйгээр оролцох ба Facebook-ийнхэн, Diem-ийн нээлтийг хийх үедээ, уг холбоонд нийт 100 гишүүн хамруулсан байхаар төлөвлөөд байгаагаа мэдэгдсэн.

Диэм крипто валют мөн үү?

Хэдийгээр Блокчэйн дээр бүтээгдэж, криптограф ашиглаж байгаа хэдий ч, крипто валютийн тодорхойлолтуудын заримтай нийцэхгүй байгаа тул, Diem-г цахим валют гэж үзэх нь зүйтэй болов уу.

Диэм яаж ажилладаг вэ?

Диэм Блокчэйн нь, ерөнхий зохицуулагчийн хяналтан доор ажилладаг буюу тусгай зөвшөөрөлтэйгээр л сүлжээнд хандаж, хэрэглүүрийг нь ашиглах боломжтой. Энгийнээр бол, олборлож, гадаслаж болдоггүй, гүйлгээ бүрийг холбооны гишүүд хянаж, баталгаажуулах зарчмаар ажиллана гэсэн үг. Төслийн хөгжүүлэгчид, төслөө нээснээс 5 жилийн дараа PoS алгоритмыг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа зарласан. Ингэж удаах болсон шалтгаан нь, уламжлалт системийг гүйцэж чадах чөлөөт систем өнөөг хүртэл гарч ирээгүйтэй холбоотой гэж тэд тайлбарлажээ.

Диэм төвлөрсөн бүтэцтэй байх юм уу, төвлөрсөн бус юм уу?

Банкгүй хэдий ч, түүнтэй төстэй хяналт, зохицуулагчийн бүтэцтэй тул төвлөрсөн загвартайд тооцогдохгүй. Холбооны гишүүд, гүйлгээг тань хүчингүй болгох, буцаах эрхтэй байх тул уламжлалт төлбөрийн системтэй их төстэй санагдаж болно. Гэхдээ, төвлөрсөн бүтцэд давуу талууд бас байдаг шүү дээ. Жишээ нь, луйвардуулсан үед хэлж, мэдэгдээд, алдсан хөрөнгөө эргүүлэн олох боломжтой г.м.

Диэмийн төлбөрийн системийн талаар?

Diem нь, АНУ доллар, Евро, Фунт зэрэг хэд хэдэн томоохон фиат валюттай бэхлэгдсэн тогтвортой зоос хэлбэрээр бүтээгдсэн байх ба бусад бүх тогтвортой ханштай зоостой адил зарчмаар ажиллана. Өөрөөр хэлбэл, Diem-ийн нөөцөнд, харгалзах мөнгөн тэмдэгтүүд, зохих хэмжээгээр хадгалагдаж, түүгээрээ Diem баталгаажиж байх юм.

Diem-ийн төлбөрийн систем нь мөн, Diem Dollar (хуучнаар LBR) буюу Диэм Доллар гэсэн зоосыг дэмжиж ажиллана. Уг зоос нь, тогтвортой зооснуудынхаа нэгдэл байх бөгөөд олон төрлийн хөрөнгийн нэгдлээр үнэ цэнээ бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, LBR нь тогтвортой зооснуудын, тогтвортой зоос байх юм. Ийм хэлбэрээр зохион байгуулснаар, ханшийн дэгдэлт үүсэхээс сэргийлэх боломж бүрдэх ба хэдий чинээ тогтворжуулж чадна, төдий чинээ төлбөрийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөгдөх учиртай.

Диэмийг хадгалах өөрийн гэсэн хэтэвч мөн хөгжүүлэгдэж гарна. Түүнийг Novi (хуучнаар Calibra Wallet) гэж нэрлэжээ. Уг хэтэвч нь, Messenger, Whatsapp зэрэг апп, үйлчилгээнүүд дотор шингэсэн байх ба, түүнд хандаж Facebook coin буюу Diem-г бусад төрлийн валютанд эсвэл бусад валютийг Diem-д хөрвүүлэх боломжтой байх аж.

Diem-ийн эх код болох Diem Core нь, Rust гэх програмчлалын хэлээр, нээлттэй эх дээр хөгжүүлэгдэж байгаагийн дээр, Move гэх програмчлалын хэлийн тусламжтайгаар, Diem дээр ухаалаг гэрээг хөгжүүлж болно.

Диэм Биткойныг халж чадах уу?

Тэс ондоо 2 зүйл учир, 1 нөгөөгөө халахаас, зэрэгцэн орших магадлал илүү өндөртэй байна байх. Адилхан төлбөрийн хэрэгслүүд гэж тодорхойлогдсон ч, хэрэглээний тэс ондоо зориулалттай тул, харьцуулаад байх нь утгагүй ч хэрэг байж болох юм.

Диэм амьдрал дээр хэрэгжиж чадах болов уу?

Diem-ийн санаагаа анх танилцуулснаас хойш Facebook, нилээдгүй тооны төв банк, хууль тогтоох болон хэрэгжүүлэх байгууллагуудаас шүүмжлэл хүлээж, эсэргүүцлүүдтэй тулгарах болсон. Тэр бүгдийг давж, бүх талаар зөвшөөрөгдөж байж л, Diem сая 1 бодит ажил хэрэг болж, амжилтанд хүрэх байх даа.

2021-08-19 : Хэтэвч нь бэлэн болсон гэдгээ зарлав.


Энэхүү нийтлэлээрээ бид, Facebook-ийн хөгжүүлж буй, төлбөрийн хэрэгсэл болох Diem-ийн төслийг товч бөгөөд тодорхой танилцуулж, уг төслийг сонирхогчдод суурь мэдээллийг нь олгохыг л зорьсон болно. Өөрөөр хэлбэл, энэхүү нийтлэл нь, САНХҮҮГИЙН ЗӨВЛӨГӨӨ БИШ болохыг анхаараарай. Уг төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дараад CMC дээрх хуудсаас нь олж болно.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!