Ethereum 2.0 гэж юу вэ?
Эфириум 2.0 гэдэг нь, Эфириумийн сүлжээнд хийгдэхээр төлөвлөгдсөн, удтал хүлээлт үүсгэж буй, ажиллагааг сайжруулах зориулалттай, томоохон шинэчлэлт/сайжруулалт юм. Орчин цагийн хамгийн том крипто валютуудын 1 Эфириумийн энэ шинэчлэлт, крипто зах зээлд бүхэлд нь нөлөө үзүүлж ч мэдэх тул, маш нарийн судалгаа, тооцоололтойгоор хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа юм.
Эфириумийн ачаар DApps болон Блокчэйн технологи эрчимтэй хөгжих болсон. Тэдгээрийн дийлэнх нь Эфириумд суурилсан байдгын дээр, крипто салбарын хамгийн агуу бүтээл хэмээн өргөмжлөгддөг DeFi-ийн үнэмлэхүй хувь нь Эфириум дээр бүтээгдсэн.
Харамсалтай нь, уг үсрэнгүй хөгжлийг даган, өргөжих чадварын асуудал гарч ирсэн ба түүнээс улбаатай гүйлгээний шимтгэл (хийн төлбөр г.м.) өсөх зэрэг таагүй нөлөөллүүд учраад байна. Интернэтийн шинэ эрин үеийг цогцлоох талбар болох учиртай юм бол, Эфириум нь эдийн засгийн хувьд хүндрэлгүй болох хэрэгтэй. Эс бөгөөс, уг зорилгодоо хүрнэ гэдэг "үлгэр" болно. Тиймээс, Эфириум 2.0 гэх шинэчлэлтийг санаачлан, хэрэгжүүлэхээр, олон хөгжүүлэгчид, олон цагаар хөдөлмөрлөж байна.
ETH2 буюу "Serenity", орчуулвал "Амар амгалан" гэх тусгай нэршлээр тэмдэглэсэн уг шинэчлэлт, сүлжээний тэлэх чадварыг сайжруулахаас гадна өөр олон дутагдлыг засч, шинэ боломжуудыг гаргаж ирэхээр төлөвлөгдсөн. Аюулгүй байдал болон төвлөрсөн бус шинж чанарыг алдагдуулалгүйгээр, хурд хүч, бүтээмж, ашгийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү шинэчлэлт нь өөрөө хэрэгжүүлэхэд нарийн төвөгтэй, ажиллагаа ихтэй байгаагаас үүдэн, ажил хэрэг болтлоо хугацаа их зарцуулж байна.
Гэхдээ, нэгэнт хийгдээд эхэлсэн хөгжүүлэлт, гараас гарч, хэрэглэгчиддээ хүрэх нь ойлгомжтой тул, Эфириум 2.0-ийн авч ирэх нь тодорхой өөрчлөлт, шинэчлэлтүүдтэй эртнээс танилцацгааж байя.
Эфириум болон Эфириум 2.0 хоорондын ялгаа
Хамгийн том, онцлох гол ялгаа нь: PoS алгоритм юм. Уг алгоритмын талаарх дэлгэрэнгүйг ЭНД дараад, харгалзах нийтлэлээс нь уншиж судлаарай.
Хэлтлэлт
Бидний бэлтгэн хүргэж байсан, "Эфириум гэж юу вэ?" нийтлэлийн "Хэлтлэлт гэж юу вэ?" бүлгээс Sharding гэх тодорхойлолтын талаар уншиж танилцах боломжтой.
Заалт
Зэрэгцээ холбогдон ажиллаж буй, хэлтлэгдсэн сүлжээнүүдийн хооронд мэдээллийн зөрүү гаргахгүй байх хяналт, зохицуулалтыг beacon chain буюу заагч хэлхээ гүйцэтгэнэ.
Эфириум 2.0-д цоо шинээр нэмэгдэж буй, уг Блокчэйн нь, хэлтлэгдсэн сүлжээнүүдийн дунд зөвшилцлийг хэрэгжүүлэх ба уг шинэчлэлтийн хамгийн чухал хэсэг нь юм. Үүнгүйгээр сүлжээг өргөжүүлэх, хэлтлэхийн алийг ч гүйцэлдүүлэх боломжгүй тул, Эфириум 2.0-г биелэлээ олоход, хэрэгжих хамгийн анхны өөрчлөлтөөр, заагч Блокчэйнийг нэрлэж болно.
Эфириум 2.0-ийн замнал
Шинэчлэлт нь, 1 дор бүрэн гарахгүй. 3 тусдаа үе шаттайгаар хэрэгжих ба үе шат бүр өөр өөрсдийн онцлог, өөрчлөлтүүдийг авч ирнэ.
0 үе
Анхны шатыг 0 гэж дугаарласан байх бөгөөд энэ үе нь, дээр танилцуулсан заагч хэлхээг сүлжээнд нэвтрүүлэх үүргийг хүлээнэ. Тэдгээр нь шууд хэрэглээнд нэвтрэхгүй боловч, баталгаажуулагч хийх хүсэлтэй зангилаануудын барьцаа буюу гадасласан хөрөнгийг хүлээн авч, гэрээг байгуулж эхэлнэ. Гадаслалтын талаарх тодорхойлолтыг Эфириумийн талаарх нийтлэл дэх PoS алгоритмын тайлбар бүлгээс уншаарай.
Хөрөнгөө эрт гадасласан хэрэглэгчид, тэрхүү барьцаагаа хэлтлэгдсэн сүлжээг нэвтрэх хүртэл unstake үйлдлийг гүйцэтгэх буюу эргүүлэн гаргаж авах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, дараагийн үе шатыг эхэлтэл, ETH-аа түгжүүлэх учир, гадаслах гэж яарах хэрэггүй болов уу.
ETH2-ийн нийт барьцааны доод шаардлага болох 524'288 ETH нь хэдийн цугласан байгаа ба 0-р үе, 2020 оны 12-р сарын 1-нд хэрэгжсэн.
1 болон 1.5-р үе
Энэ үе шат нь дотроо 2 хэсэгтэй бөгөөд, эхнийх нь хэлтлэгдсэн хэлхээг нэвтрүүлж, баталгаажуулагч нарын ажлыг эхлүүлэх, цаашлаад PoS алгоритмаар дамжуулан Блокчэйнд шинэ блокуудыг нэмэх бол 1.5 үед Эфириумийн үндсэн сүлжээнд хэлтлэгдсэн хэлхээг албан ёсоор танилцуулж, PoW алгоритмыг PoS-р солих юм. 2021 онд багтааж эдгээр хэсгүүдийг дэс дараатайгаар хэрэгжүүлэхээр товлосон байгаа.
2-р үе
Сүүлийн шатанд Эфириум бүхэлдээ хэлтлэгдсэн сүлжээний зохион байгуулалтанд бүрэн шилжих ба энэ үед DApps болон бусад Эфириум суурьтай технологиуд цөм Эфириум 2.0-д хувьсаж, хэлтлэгдсэн сүлжээний ухаалаг гэрээтэй бүрэн нийцсэн байх болно. Одоохондоо энэ үе шат яг хэдийд хэрэгжих нь тодорхой бус байгаа бөгөөд 2021 оноос хойш байх болов уу гэж таамаглаж байна.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation