Proof of Authority гэж юу вэ?
Крипто валютийн ертөнц маш хурдацтайгаар өөрчлөгдөн хувьсаж байна. PoW, PoS зэрэг олонд хэдийн танигдсан зөвшилцлийн алгоритмуудтай зэрэгцэн, Блокчэйн дээрх зохицуулалтыг шийдвэрлэх өөр бусад алгоритмууд хөгжүүлэгдсээр байгаагын 1 болох эрх мэдлийн баталгааны алгоритмыг энэхүү нийтлэлээрээ дамжуулан танилцуулах гэж байна.
Биткойны хэрэглэж буй, PoW алгоритм нь, өнөөг хүртэл хамгийн найдвартай зөвшилцлийн алгоритмаар өргөмжлөгдсөн хэвээр байгаа хэдий ч, уг алгоритмд өргөжих чадвартай холбоотой ноцтой асуудал нүүрлээд, багагүй хугацаа өнгөрч байна. Энэ төрлийн алгоритмын хувьд, 1 секундэд боловсруулж чадах гүйлгээний тоо хэмжээ нь, тухайн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн тоо хэмжээнээс шууд хамаардаг буюу зангилааны тоо өсөхийн хэрээр, гүйлгээний баталгаажих хугацаа удааширч байгаа нь, хүндрэлийн гол шалтгаан болоод буй.
Нэгж хугацаанд боловсруулж чадах гүйлгээний тоо хэмжээгээр нь харьцуулвал, PoS нь PoW-с илүү боловч, өргөтгөх боломжын хувьд, мөн адил дутагдал агуулагдсаар байгаа. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэсэн өөр нэгэн зөвшилцлийн алгоритм болох PoA-тай танилцацгаая.
Уг алгоритмыг, Эфириумийг бүтээгчдийн 1, Гэвин Вуд (Gavin Wood) 2017 онд анх олонд танилцуулж байсан ба баталгаажуулагчдаас барьцаа хөрөнгө байршуулахыг шаардахын оронд, тэдний нэр хүндийг харгалзаж үзэх зарчмаар ажилладгаараа PoS алгоритмаас ялгардаг. Энгийнээр тайлбарлавал, систем нь баталгаажуулах эрхийг зангилаануудын хэр итгэл даах чадвартайгаас хамааруулж санамсаргүй түүврийн аргаар сонгон олгоно гэсэн үг. Ингэхдээ баталгаажуулагчдын тоог тодорхой хэмжээгээр хязгаарлах тул, сүлжээний тэлэлтэнд учрах саад тотгор бага байх юм. Сонгогдсон оролцогчдыг, сүлжээний зохион байгуулагч гэж тодорхойлж болно.
PoA алгоритмыг, их хэмжээний өгөгдлийн зохион байгуулалт шаардах хэрэглүүрт ашиглахад тун зохимжтой. Блокчэйн технологийн давуу талуудыг ашиглахын зэрэгцээ, PoA алгоритмын тусламжтайгаар, байгууллагынхаа дотоод мэдээллийн алдагдах эрсдлийг бууруулах боломжтой. PoA алгоритмыг үр дүнтэй ашиглаж буй бодит жишээгээр, Microsoft Azure-г нэрлэж болох бөгөөд, түүнийг хэрэглэснээр, хийн төлбөр зэрэг шимтгэлийн асуудалгүй, хувийн/дотоод сүлжээ үүсгэн хэрэглэх нөхцөл, боломж бүрддэг.
PoS ба PoA
PoA-г, PoS-ын өөрчилсөн загвар гэж тодорхойлох хүмүүс цөөнгүй бөгөөд тэдний ихэнх нь, уг алгоритмд зоос/токен гэсэн ойлголтыг, эрх гэсэн нэр томъёогоор орлуулсан байна гэж үзэх нь бий. Төвлөрсөн бус чанараас нь шалтгаалан, ихэнх Блокчэйнийн сүлжээнд PoS алгоритмыг нэвтрүүлэн хэрэглэх нь зарим аж ахуйн нэгж, байгууллагуудад таарч тохирохгүй байж болох ба тэр тохиолдолд, PoA нь илүү нийцтэй шийдэл болох боломжтой.
PoA-ны нөхцлүүд
Уг алгоритмын нөхцлүүд систем бүрт харилцан адилгүй байж болох хэдий ч, ихэнх тохиолдолд дараах нөхцлүүдэд нийцэж байдаг. Үүнд:
- Хүчин төгөлдөр, найдвартай байдал буюу баталгаажуулагч нар нь өөрсдийгөө үнэн зөв,өөр бүрэн танилцуулсан байх;
- Баталгаажуулагч болоход хүндрэлтэй байдал буюу барьцаа хөрөнгө байршуулах эсвэл нэр хүндээ дэнчин тавих зэрэг шаардлагыг хангах. Урт хугацаанд тууштай ажиллах, элдэв ёс бус үйлдэл гаргахгүй баталгаажуулагчдыг сонгох шалгуур нь нилээд өндөр байх нь дамжиггүй;
- Баталгаажуулагчдыг сонгох шалгуур нь тогтсон жишигтэй байх буюу сүлжээнд холбогдсон хэрэглэгчдээс, баталгаажуулагч сонгохдоо ямар 1 байдлаар ялгаварлахгүй байх;
Баталгаажуулагч болохоор горилогчдоос дээрх нөхцлүүдийн дагуу сонгох нь тийм ч хялбар ажил байхгүй нь лавтай. Ялангуяа, сайн, мууг нь програмын аргаар илрүүлнэ гэдэг нь өөрөө амаргүй ажил билээ.
Дутагдалтай талууд
Төвлөрсөн бус чанараа бараг гээсэн гээд хэлчихэж болохоор буюу цөөнхид илүү эрх дарх олгох энэ систем нь, төвлөрсөн бус систем тулгамдаад байгаа асуудлыг, төвлөрсөн бус шинжийг нь арилгах замаар шийдсэн явцуу гаргалгаа гэж тодорхойлж болохоор. PoA нь, том ААН-үүдийн хувьд тун дажгүй шийдэлд тооцогдож байгаа ч, крипто валютийн талбарт "газар авахгүй" байх магадлал өндөртэйд тооцогдож мэдэхээр байна.
Уг алгоритмд түшиглэн ажиллаж байгаа системд учирч болох хамгийн том аюул нь, баталгаажуулагчийн санаатай болон санаандгүй гаргасан зохисгүй шийдвэр болон үйлдлүүд, бусад хэрэглэгчдийн баталгаажуулагчдад үзүүлж болох таагүй нөлөөлөл зэргүүд болно.
Дээрхээс дүгнэвэл, PoW, PoS, PoA бүгд л өөр өөрийн давуу болон сул талуудыг агуулж байгаа хэдий ч, PoA нь, өргөжих чадвар, гүйцэтгэлийн чадамжаа нэмэгдүүлэхийн тулд төвлөрсөн бус байдлаа гээсэн гэдгээрээ ихээхэн ялгарч байна. Энэ шинж чанар нь PoA-г хувийн Блокчэйнд илүү тохиромжтой болгожээ.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation