Bear Market гэж юу вэ?
Санхүүгийн зах зээл, тодорхой чиглэл үүсгэн хөдөлж байдаг. Тэдгээрийн хоорондын ялгааг ойлгодог болсноор, арилжааны илүү оновчтой шийдвэр гаргах боломжтой болно. Чиг хандлагыг нь мэдэж байгаа цагт, нөхцөл байдал, өөрчлөлтөнд нь зохицоход хялбар байх юм.
Зах зээл бүхэлдээ нүүж байгаа чигийг нь, trend буюу чиг хандлага гэж нэрлэнэ. Тэгэхдээ, ханш тасралтгүй уруудаж буй, уналттай үеийг нь баавгайн зах зээл гэдэг.
Ихэнх арилжаачид, Биткойныг их цаг дээрээ тогтмол өсөж байгаа гэдэгтэй санал нийлдэг. Гэсэн хэдий ч, крипто валютийг тэр чигт нь хамарсан хэд хэдэн айхтар уналтууд тохиолдож байсан. Тэгэхдээ, Биткойний ханш 80-аас илүү хувиар, бусад зоосуудын үнэлгээ 90 гаруй хувиар буурсныг, түүхэн баримтуудаас харж болно. Дахиад ийм зүйл тохиолдох үед юу хийх хэрэгтэйг энэхүү нийтлэлээрээ танилцуулахаар бэлтгэлээ.
Баавгайн улирал гэж юу вэ?
Товчхон тайлбарыг ЭНД дараад, бидний бэлтгэн хүргэдэг "Крипто тайлбар толь" дэд цувралын эхний дугаараас уншаарай.
Туршлагагүй арилжаачдад энэ үе хамгийн өндөр эрсдэлтэй, арилжаанд ороход хүндрэлтэй байх болно. Зарим сонирхогчид энэ үед, их хэмжээний алдагдал хүлээснээсээ болоод, энэ төрлийн хөрөнгө оруулалтаас дөлдөг болох нь ч бий.
Зах зээлийн хөдөлгөөнийг, "Stairs up, elevators down" буюу "гулсуур мэт" гэж зүйрлэн хэлэх хүмүүс зөндөө. Ингэж хэлэх нь ч аргагүй. Ханш өсөхдөө тогтвортойгоор, аажуухан өсдөгч, унахдаа харвасан сум мэт огцом хурц хөдөлгөөн хийдэг. Дээрх үзэгдэл, уналт эхлэх болон үргэлжлэх үед, ихэнх арилжаачид яаран, гарах гэж оролддогоос үүддэг. Энэ нь алдагдлаа багасгах, орлогоо их дээр нь хүртэх, хөрөнгө оруулалтын хэмжээгээ тогтвортой түвшинд барих зэрэг шаардлага, шалтгаануудаас шууд хамааралтай. Хэдийгээр энэ нь буруу биш боловч, үүнээс нь шалтгаалан уналт улам бүр эрчимждэг. Ялангуяа, хөшүүрэгт арилжааны үед уналт бүр ч илүү хүчтэй байх болно.
Хэдийгээр үндсэн чиг доош налсан байх боловч, сэтгэл хөөрлийн хүчтэй нөлөөллөөс шалтгаалан ханш маш огцом нэмэгдэхтэй олон таарч болно. Гэвч, түүний дараах засвар буюу уналт бүр ч илүү хүчтэй байдгыг анхаараарай.
Баавгайн ноёрхлын үед, хөрөнгө оруулагчид ч баавгайрах буюу ханш үргэлжлэн унана гэх байр суурьтай болдог. Энэ үед, арилжаачдын сонирхол, догдлол ч буурсан байх ба ихэнх арилжаачид short буюу зарах төлөвтэй болсон байна.
Түүхэн жишээ юу байна?
Хэд хэдэн том жишээ байгаа ч, 2017 оны баавгайн дайралт хамгийн харгис хэрцгий, догшин балмад байсныг онцлох нь зүйтэй болов уу. Мөн ч олон сул гарт, сандран зарагч нарыг хүйс тэмтэрсэн үйл явдал болсон доо.
Түүний өмнө буюу 2014 онд мөн 86% унасан айхтар түүх бас бий.
2019 оноос COVID-19 цар тахлын нөлөө ханшинд хүчтэй нөлөө үзүүлсэн боловч, шалыг сэтлүүлж чадаагүй, харин дахин шалгуулсан нь, Биткойны тасралтгүй үргэлжилсээр буй өсөлтийг батлах шиг.
Баавгай, Бух 2 ямар ялгаатай вэ?
1 нь өсч, нөгөө нь уруудаж буйг илтгэнэ. Гэхдээ, мөн хугацааны хувьд ялгаатай байх нь элбэг. Жишээлбэл, баавгай дайраад өнгөрсний дараа зах зээл сэргэх гэж асар их цаг хугацаа ордог. Баавгайн араас үргэлжлэх чиг хандлагагүй буюу хажуу тийш зүглэх хөдөлгөөн удтал үргэлжилэх нь бий. Учир нь энэ үед, ханшийн хэлбэлзэл маш бага болсон байх бөгөөд идэвхи сонирхол болон арилжааны хэмжээ ч мөн адил буурсан байна. Бухыг дагасан ийм саармаг орчин бас үүсдэг боловч, баавгайнх илүү зонхилдог. Удтал үргэлжлэх уналтын үед ямар ч хөрөнгө оруулагч цааргалах нь тодорхой шүү дээ.
Баавгайг дагаж ашиг олох ямар аргууд байдаг вэ?
Баавгайн улирлын үед, ашиг хийх арилжааны хамгийн энгийн төлөвлөгөө нь, хөрөнгөө тогтвортой зоос эсвэл бэлэн мөнгөнд хөрвүүлэх явдал юм. Баавгайг ичээндээ ортол, хөрөнгө оруулалтын дүнгээ унагахгүй барих нь, бух идээшиж эхлэх үед худалдан авах чадамж нэмэгдсэн байх давуу талтай.
Хүлээх бодолгүй байгаа бол, short төлөв нээж, хаагаад багахан ч болов хэлбэлзлээс нь, жаахан ч болох ашиг олоод байж бас болно. Мөн, үүлэн чөлөөний нар зэрэг боломжыг ашиглах сөргүүлж арилжаалагчид бас бий.
Амжилттай арилжаачид, баавгайг ирэхээс урьтаж long төлвүүдээ хаадаг ба, дээрх аргуудыг хэрэглэн баавгайтай зэрэгцэн уналтаас ч ашгаа олсоор байдаг. Гэхдээ, крипто валютийн арилжаа нь, өөрөө асар өндөр эрсдэлтэй байдгыг анхаарна уу. Унаж буй хутгыг барьж авах гэж оролдсоноосоо болоод, мэргэжлийн арилжаачид хүртэл хамаг хөрөнгөө алдсан тохиолдол олон байдаг шүү.
Харин хөрөнгө оруулагчдын хувьд, уналт нь ямагт нэмж хөрөнгө оруулах боломж болдог тул, тэд баавгайнаас 1 их айж сандраад байдаггүй. Анх хичнээн сүрхий FA гүйцэтгэж, уг хөрөнгийг сонгосон байсан ч хамаагүй, тухайн төсөл дээрээ дахин шинжилгээ хийж, уналтын шалтгаан болоод сэргэх боломжыг нь судласныхаа дараа шийдвэрээ гаргаарай. Ингэхдээ TA-г хослуулахыг зориорой.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation