Security Token гэж юу вэ?

Security буюу үнэт цаас гэдэг нь, үнэ цэнийг хадгалж байдаг, арилжаалж болдог санхүүгийн хэрэгсэл юм. Үнэт цаасанд, stock буюу хувьцаа, bond буюу өрийн бичиг, options буюу хэлцэл зэргийг хамруулан ойлгож болно.

Хуулийн хүрээнд энэ ойлголт илүү нарийн, харгалзах салбараас хамаарч өөр өөрөөр тодорхойлогдсон байх нь бий. Үнэт цаасны тоо хэмжээг, харгалзах улсын хууль тогтоомжинд нийцүүлэн, маш чанд хяналт, зохицуулалтан доор шийдвэрлэнэ.

Хувьцаагаар баталгаажсан токен гэдэг нь, Блокчэйн дээр бүртгэгдсэн, ямар 1 хөрөнгө эсвэл байгууллагын барьцаа хөрөнгийг илтгэх токен бөгөөд бусад үнэт цаасны төрлүүдтэй адил зорилгоор ашиглагдана.

Ийм токен ямар хэрэгтэй вэ?

Байгууллага дээр жишээ авъя л даа. Хувьцаагаа уламжлалт хэлбэрээр бус, токенжуулсан байдлаар гаргах сонирхолтой байгаа үед, бодит хувьцаатай адил ашгууд, эрхүүдийг дагуулах ийм токенийг зах зээлд нэвтрүүлж болно.

Токен хэлбэрээр гаргах нь, крипто валютуудын жишгээр, Блокчэйн технологийнхоо давуу талуудыг агуулах боломжыг бүрдүүлж өгдөг. Шилэн данс, өндөр хамгаалалт, шуурхай бөгөөд тасалдалгүй ажиллагаа, бутархай нэгжинд хуваагдах чадвар гэх зэрэг давуу талуудтайг нь, уншигч Та өдийд андахгүй болсон байх учиртай.

Ил тод байдал

Хөрөнгө оруулагчид, хувь эзэмшигчдийн нэр, бүртгэл ил харагдахгүй ч, бусад бүх зүйлсийг нь харж, хянаж, шалгах бүрэн боломжтойгоор нээлттэй бүртгэж байдаг. Өөрөөр хэлбэл, дансууд, тэдгээр дээрх дүн, шилжүүлгүүдийн огноо, хэмжээ зэргийг харах эрх бүгдэд нээлттэй байна.

Түргэн шуурхай

Хөрөнгөө бусдад шилжүүлэхэд цаг хугацаа их зарцуулж, шимтгэл хураамж төлөх, бүртгэл тулгаж, баталгаажуулах гээд, уламжлалт системийн залхмаар санагдам талуудыг халсан. Хэдийгээр шилжүүлэх ажиллагаа хэдхэн секунд шаарддаг ч, албан ёсны эзэмшигч нь мөн эсэхийг батлах гэж тэгж их цаг алддаг байсан. Үүнийг, Блокчэйний тусламжтайгаар, минутын дотор л гүйцэтгэх боломжтой.

Саадгүй ажиллагаа

Өнөөдөр, хөрөнгийн биржүүд, ажлын өдөр, ажлын цагаар л ажиллаж байгаа нь зарим талаар асар их алдагдал, учир дутагдлыг дагуулж байна. Бүрэн цахимжуулснаар, зогсолтгүй ажиллаж, тэр хэмжээгээр амжилт, өгөөжийг авч ирэх нь дамжиггүй.

Задлах боломж

Урлагын бүтээл, үл хөдлөх зэрэг үнэтэй эд зүйлсийг токенжуулснаар, шууд хөрөнгө оруулах боломжгүй байсан хүмүүсээс ч хөрөнгө татах боломжтой болно. Жишээлбэл, 5 тэрбум төгрөгийн үнэтэй уран баримлыг, нэгж бүр нь 1'000'000 төгрөгийн үнэтэй, 5'000 ширхэг токен болгох нь, 5 тэрбумын хөрөнгө оруулах 1 хүнийг гарч ирэхийг хүлээхийн оронд, сонирхож буй хүмүүс дундаас янз бүрийн хэмжээгээр цуглуулан, хөрөнгө оруулалтаа богино хугацаанд босгох боломжтой. Гэхдээ, зарим хувьцаагаар баталгаажсан токенийг бутархай нэгжинд задрахгүйгээр загварлагдсан байдгыг анхаараарай.



Хувьцаагаар баталгаажсан токен ба хэрэглээний токен

Эдгээр токенуудын хооронд адил төстэй тал маш олон байдаг бөгөөд бүтээгдсэн байдлаараа бол ямар ч ялгаагүй мэт харагдах ч боломжтой. Аль аль нь, P2P сүлжээгээр дамжиж, бирж дээр арилжаалагдаж, хэтэвчрүү хаягаар нь шилжиж, Блокчэйн дээр хадгалагдах бөгөөд ухаалаг гэрээгээр зохицуулагдана.

Гол ялгаагаар нь, тэдний эдийн засаг, зохицуулалтын хэлбэрийг л нэрлэж болох юм. Хэрэглээний токенууд нь ICOIEO арга хэмжээг зарлан тараагдаж, экосистемийнхээ төсвийг бүрдүүлэх бөгөөд, өөр өөрсдийн хэрэглээтэй байна. Хувьцаагаар баталгаажсан токен нь, төслийн хөгжилд санал дэвшүүлэх зэрэг хувьцаа эзэмшигчийнхтэй адил эрхийг олгодог бол, хэрэглээний токен нь, бараа бүтээгдэхүүн, үзвэр үйлчилгээ худалдан авах эрх болдог.

Энгийнээр бол, хэрэглээний токенд үнэ цэнийг нь тодорхойлогч гэж байдаггүй. Тиймээс тэднийг үнэнч хэрэглэгчийн урамшууллын оноо мэтээр ойлгож болно. Бараа, үйлчилгээг худалдаж авах, түрээслэх, хямдруулах эрх хэлбэрээр ашиглагдаж байгаа ч, ийм токенууд нь үйлдвэрлэгчдээсээ ямар ч баталгааг хүлээдэггүй. Тийм ч учраас, тэдний үнэ ханшийг хэрэглэгчдийн таамаг буюу айдас/шуналын харьцаа, эрэлт/нийлүүлэлтийн хэмжээ шууд удирдаж байдаг. Үүнд хөрөнгө оруулж байгаа хэрэглэгчид нь, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ, төсөл нь удахгүй илүү өндөр амжилтыг үзүүлнэ, экосистем нь өргөжин тэлэхийн хэрээр ханш нь өснө гэдэгт итгэж токенийг нь худалдаж авдаг хэдий ч, хэрэв төсөл бүтэлгүйтэж, зогсвол HODL хийгчдийг хамгаалах зүйл гэж байхгүй байх юм.

Харин, хувьцаагаар баталгаажсан токен нь Security Token Offering (STO) буюу хувьцаагаар баталгаажсан токений анхдагч зах зээлийн худалдааг зарлан, хөрөнгө оруулагчдыг татаж, санхүүжилтээ бүрдүүлэх бөгөөд үнэлгээг нь, харгалзах хөрөнгөтэй дүйцүүлж уясан байдаг. Адилхан л цахим хөрөнгө боловч, хөрөнгө оруулалтаасаа эхсүүлээд, үүрэг зориулалт, үнэ цэнийн ихээхэн ялгаатай байгааг өдийд Та анзаарсан л байгаа байлгүй. Хувьцаагаар баталгаажихын тулд, энэ төрлийн токен нь, өндөр шалгуурыг давж, хянагдсаны үндсэн дээр нийлүүлэгддэг учир луйвар байх магадлал харьцангуй багатай байна. Тэгхээр, товчхондоо STO нь, ICO-с илүүтэйгээр, IPO-тэй төстэй арга хэмжээ юм.

Токенийг юугаар нь, хувьцаатай адилтгаж байгаа вэ?

Санхүүгийн салбарт, хүч түрэн орж ирсэн Блокчэйний шинэ технологи, түүнийг даган урган гарч буй ойлголтуудыг бүрэн судалж, нэвтрүүлсэн улс гүрэн нэгээхэн ч байхгүй хэвээр байгаа. Тийм ч учраас, хувьцаагаар баталгаажуулсан токенийг гаргаж байгаа аж ахуйн нэгжүүд нь, ямарваа хуулийн зохицуулалтгүй, зохицуулсан ч, хуучны хоцрогдсон системийн хангалтгүй заалтуудыг барин тавин баримталсан загвараар бүтээгдсэн учир, SEC-ийн шалгалтаар үнэт цаас гэж хүлээн зөвшөөрөгдөхгүй, торгууль төлж, хориг тавиулаад байгаа юм. 

Ихэнх цахим хөрөнгийн хууль нь, Блокчэйний ойлголтоос ч өмнө бичигдсэн учир маш их учир дутагдалтай байгаа нь мэдээжийн хэрэг. Гэвч, ихэнх зохицуулалт түүн дээр л хийгдэж байгааг анхаарах нь зүйтэй.

Хувьцаагаар баталгаажсан токен ба програмчлагах санхүү

Уламжлалт санхүүгийн систем бага багаар токен хэлбэрт шилжиж, шинэ систем бүрэлдэх замдаа орж байгаа нь гайхалтай. Бүрэн цахимжиж чадвал, хөрөнгө оруулагчид, санхүүгийн салбарынханд асар олон давуу талыг авч ирэх нь дамжиггүй.

Төвлөрсөн систем, анх үүссэн цагаасаа л ихээхэн "булингартаж", санхүүгийн чиглэлийн нэгжүүдийн хооронд мэдээлэл солилцохоос эхсүүлээд, нэгдсэн жишгийг бүтээж чадаагүйгээс үүдсэн мөнгө төгрөг хийгээд, цаг хугацааны тоймгүй их зардлыг гарзадсаар ирсэн. Уг асуудлыг, Блокчэйн технологийн тусламжтайгаар ажиллагааг нь багасгаж, хугацааг хэмнэх зэргээр бүрэн шийдвэрлэх боломжтой.

KYC, AML, хөрөнгийг тодорхой хугацаанд түгжих зэрэг цаг хугацаа ихээр шаарддаг олон олон үйлдлүүдийг Блокчэйний тусламжтайгаар, автоматжуулж, хялбарчилж, түргэсгэж болно. Банкны салбарт Блокчэйн хэрхэн нөлөөлж болох талаар дараа сайхан буу халъя. Хэрэв криптотой холбоотой манай нийтлэлүүд Таньд хэрэгтэй мэдээллийг өгч чадсан бол share хийж, бусдад түгээгээрэй. Тэгвэл бид их талархах болно шүү.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!