DeFi дэх луйврыг хэрхэн таних вэ?

Энэхүү нийтлэлээрээ зөвхөн мэдээлэл хүргэхийг зорьсон бөгөөд, үүнийг санхүүгийн зөвлөгөө мэтээр хүлээж авахгүй байхыг хүсье. Таны гаргасан шийдвэрт, Таниас өөр хэн ч хариуцлага хүлээхгүй учир, эрсдлээ сайтар тооцож, зохицуулаарай.

DeFi-г хүмүүс ихээр сонирхохын хэрээр, түүнийг дагасан залилан газар авч байгаа. Тэдэнд залилуулсан хөрөнгийг сэргээж авах, залилагчдад хариуцлага тооцно гэдэг одоогоор тун бүрхэг асуудал болоод байгаа тул, хэрэглэгчид өөрсдөө аюулгүй байдалдаа анхаарах нь чухал юм. DeFi-г сонирхож байгаа бол, дараах хэдхэн асуултын хариултыг эрэлхийлж, олж чаддаг байх хэрэгтэй. Ингэснээр, төсөл бүр дээр DYOR хийх завгүй байсан ч, залилангаас өөрийгөө хамгаалж сурах боломж бүрдэнэ.

Төслийн зорилго нь юу вэ?

Энэ нь маш энгийн атлаа, их чухал асуулт болдог. Учир нь, ихэнх төслүүд шинэ зүйл санаачилж, түүнийгээ ажил хэрэг болгож чаддаггүй. Мэдээж, дуу алдам сайхан төслүүд бий боловч, ихэнх төслүүд нь боломжыг ашиглаж мөнгө хийх гэсэн, шинэлэг бүтээл, сэдэл агуулаагүй, хоосон хэлбэр байдаг. Тиймээс, хөрөнгө оруулах төслөө сонгохдоо:

  1. Шинэлэг, бүтээлч байж чадаж байна уу?
  2. Цахим эдийн засгийн хөгжилд тус нэмэр болж байна уу?
  3. Өрсөлдөгчдөөсөө ямар ялгаатай байна?
  4. Үнэ цэнийг нь бүтээх, хадгалах, өсгөх ямар онцлог байна вэ?

гэсэн асуултуудад хариулт олохыг хичээгээрэй.

Хөгжүүлэлтийн идэвхи хэр байна вэ?

DeFi болон нээлттэй эхийн хөгжүүлэлт нь салшгүй холбоотой сэдвүүд билээ. Тийм ч учраас, тухайн төслийн хөгжүүлэгчид хэр идэвхи, санаачлагатай ажиллаж байгаа нь, түүний ирээдүйд асар чухал нөлөөг үзүүлдэг. Хэрэв програмчлалын мэдлэгтэй бол, кодыг нь өөрөө шалгасан ч болно. Нээлттэй эх дээр хөгжүүлэгдэхийн 1 том давуу тал нь, хангалттай анхаарал татаад эхлэхийн хэрээр, улам олон хүнийг хамруулж чаддагт оршдог явдал байдаг. Энэ чанар нь, нотой, бусармаг зорилгыг эрт илрүүлэх боломжыг олгодог. Хөгжүүлэлт тогтмол хийгдэж байгаа мэтээр харагдуулж, хуурч болох хэдий ч, энэ үзүүлэлтийг ажигласнаар бодит ажил хийгдэж байна уу, гялс хэдэн цаас олоод арилах гэж байна уу гэдгийг ялгах боломж олдоно.

Ухаалаг гэрээний аудит хийгдсэн үү?

DeFi болон ухаалаг гэрээг ямагт дагаж байдаг, тэгэх ч ёстой сэдэв бол хөндлөнгийн шалгалт. Ийм шалгалтууд нь кодын аюулгүй, найдвартай байдлыг шалгах зорилгоор үйлдэгддэг бөгөөд, төсөл бүр дээр заавал гүйцэтгэгдэх учиртай байдаг. Гэвч, ихэнх хөгжүүлэгчид ийм шалгалтаар оруулалгүйгээр, төслөө нийтийн хэрэглээнд нэвтрүүлдэг нь, эргээд аюулгүй байдал талаас асуудлуудыг дагуулдаг. Хэдийгээр, ийм шалгалт нь зардал, цаг хугацаа ихээр шаардах ч, албан ёсны төслийн хувьд 1 их асуудал болохгүй, харин луйврын төслүүд хэзээ ч түүгээр оролдохгүй. Гэхдээ, ийм шалгалтаар орсон төсөл бүр маш найдвартай гэсэн үг биш. Шалгалтын явцад илрээгүй алдаа дутагдал, зөрчил доголдол байх боломж үргэлж байж байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Хөгжүүлэгч, санаачлагчид нь мэдэгдэж байгаа юу?

Крипто ертөнц нь анхнаасаа хувийн мэдээллийн нууцлалд гүн анхаарч, гарч ирсэн. Гэвч, энэ байдал нь эргээд эрсдлийг дагуулах боломжтой. Төслийг сэдэж, хэрэгжүүлэгчид нь луйвар хийх зорилготой учраас нэр, төрхөө нууцалж байж болно. Ёстой л нөгөө буух хаяг, буцах эзэнтэй гэж тодорхойлсончлон, эзэн тодорхой төсөл илүү барьцтай санагдах нь аргагүй. Гэхдээ хөгжүүлэгч нь тодорхой бус төсөл бүр, луйвар байдаг гэж хэлж байгаа юм биш шүү.


Токений түгээлт нь ямар байдлаар хийгдэв?

DeFi төслийн хувьд, Token economics буюу токений эдийн засаг гэдэг, заавал шалгах шаардлагатай, ихээхэн чухал ойлголт бий. Луйврын токенууд ихэнх тохиолдолд, өөрт олныг хадгалж, үнийг нь хөөрөгдөх замаар ашиг хийх зорилготойгоор тараагддаг. Нийт хөрөнгийн 40%, 50%, 60% гэнэт зарагдчихвал юу болох вэ? Мэдээж ханш огцом, ихээр унана. Зарим хүмүүс хөгжүүлэгч нь өөртөө хэр ихийг хадгалсныг огт аюул гэж үздэггүй ч, энэ тоо хэмжээг анхаарах нь чухал байдаг. Түүнчлэн, Pre-Sale буюу урьдчилсан борлуулалтаар, ханцуйндаа наймаалцсаны дараа, нийгмийн сүлжээгээр суртал ухуулгыг дэгдээсэн бол аюулын дохио болно. Мөн ICO зарлаж, зах зээлд нийлүүлж байгаа нь ямар давуу болон сул талтай вэ? IEO зарлагдсан үед, бирж нь нэр хүндээ бодоод, луйвар эсэхийг сайтар шалгасан байдаг болов уу? Хэт их үнэгүй тараагдаж, хаялагаар булаад байгаа бол, зарах захиалга ихээр овоорох уу? зэрэг олон олон асуултын хариултыг судлах хэрэгтэй ч, ихэнх тохиолдолд хангалттай мэдээлэл олддоггүй. Хэрэв огт мэдээлэл олдохгүй эсвэл олдсон нь, албан ёсны бус, албан ёсных боловч бодит байдлаас зөрж байвал, сэрэмжлэх хэрэгтэй.

Луйврууд эцэстээ яаж өндөрлөдөг вэ?

DeFi дэх луйврууд ихэвчлэн тариалангийн аж ахуйг чиглэх болсон. Энд бараг бүх төсөл, хөрөнгө байршуулж, түгжүүлж, зөрүүлээд өөр хөрөнгө барьцаанд авах зарчмыг ашиглаж байгаа. Хөрвүүлэлтийн сан, Pre-Mine буюу урьдчилсан олборлолт зэрэг олон хэлбэрээр хөгжиж байгаа ч, тэдгээрийн санал болгож буй токен үнэ цэнээ алдахгүй байж чадах уу? гээд 1 жаахан эргэлзээд үзэхэд гэмгүй. UniSwap, SushiSwap зэрэг AMM дээр бүртгэгдэж буй шинэ токенууд, ханш нь жаахан өсөөд эхэлмэгц л бүх нөөцөө шавхаж зараад, төслөө хаяад, усанд хаясан чулуу мэт алга болох боломжтой, тэгсэн тохиолдол ч цөөнгүй бий. Үүний үр дүнд, тухайн токений үнэлгээ 0 хүртэл бууж, дахин өсөхгүй удсаар, эцэст нь хог болдог бөгөөд, луйварчдын энэ үйлдлийг, rug pull буюу ширдэг татах гэнэ. Нэгэнтээ хуулийн зохицуулалтгүй учир, яаж ч хөөцөлдөөд нэмэргүй, хэн ч, яаж ч тусалж чадахгүй.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!