Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Олон хүн хэрэглээд ирэхийн хэрээр үнэ цэн нь өсөх явдлыг, Network Effect гэдэг. Хүмүүс тоохгүй, сонирхохгүй, хэрэглэгчийн цар хүрээгээ тэлж чадахгүй байсаар, үйл ажиллагаагаа зогсоож, хаагдах явдлыг мөн сүлжээний нөлөөнд тооцно. Крипто валютийн хувьд, сүлжээний нөлөөг чухалчлан авч үзэх нь зүйтэй байдаг ба, мөнгө болон Блокчэйн нь хүмүүсийг зохион байгуулалтанд оруулж, илүү олон хэрэглэгчдийг татаж, сүлжээгээ өргөтгөж, төлбөрийн болоод санхүүгийн хэрэгслийн үүргийг гүйцэтгэх тул хэрэглээний зүйлсэд тооцогдож, түүнийхээ хэмжээгээр үнэ цэнээ тодорхойлуулах ёстой.

Харгалзах салбартаа аль крипто валют тэргүүлэгч нь болж чадахыг, тухайн зах зээл нь хэр их хүнд хүрч, тэр дундаа аль төсөл илүү их анхаарал татаж чадаж байгаагаар хэмжиж болох ч, урт хугацаандаа үр дүнтэй ажиллаж чадах эсэхийг тодорхойлох олон хүчин зүйлсийг тооцох хэрэгтэй болно. Хөгжүүлэгчид нь шинэлэг технологийг нэвтрүүллээ ч, яг тухайн үед түүнийг нь ойлгож, хүлээн авч чадах хэрэглэгчид байхгүй бол, тэр төсөл амжилт олж чадахгүй байх нь бий. Заримдаа онцын содон зүйлгүй ч, тухайн үедээ зах зээлээ зөв мэдэрч гарч ирж чадсан төслүүд болон технологиуд, олонхын анхаарлыг татаж, цойлон гарч ирэх нь бий.

Нэмэгдэх хэрэглэгчдийн тоо хэмжээгээр үнэ цэн нь өсөх бараа бүтээгдэхүүн, үзвэр үйлчилгээг тодорхойлох эдийн засгийн энэ нөлөөллийн үед, сүлжээнд шинээр элсэн, нэгдэх хэрэглэгч бүр тухайн сүлжээний үнэ цэнийг өсгөж байдаг онцлогтой. Энэ чанар нь эргээд, илүү олон хэрэглэгчдийг татах, түүгээрээ дамжуулан үнэ цэнээ улам бүр өсгөх, үнэ цэн өсөхийн хэрээр сонирхох хүмүүсийн тоо нэмэгдэх зэргээр эргэлтийг үүсгэж байдаг. Сүлжээний нөлөөний хамгийн тод томруун, эгэл жишээ бол утасны сүлжээ. Суурин/гэрийн утас хэрэглээнд нэвтрээд удаагүй байх үед, цөөхөн хэдхэн хүн л гэртээ утастай байсны дээр, тэдгээр айлууд өөр хоорондоо утасны шугамаар холбогдсон байдаг байлаа. Технологи нь хөгжихийн хэрээр, илүү олон хүн гэртээ утас тавиулах санхүүгийн боломжыг олж, тэр хэмжээгээр үйлчилгээний хэрэглээ өсч, түүнийг нь даган нийт сүлжээний үнэ цэн нь нэмэгдсэн. Тэр нь улам олон хэрэглэгчдийг татах гол шалтгаан болсноор, хэрэглээ нь ихээр цэцэглэсэн түүхтэй.

Сүлжээний нөлөөний төрлүүд

Сүлжээний нөлөөг дотор нь, шууд ба шууд бус гэж 2 ангилдаг. Шууд гэдэг нь, дээрх түүхэн жишээнд тохиолдсоны адилаар, хэрэглэгч нэмэгдэхийн хэрээр үнэ цэн нь өсч, тэр хэмжээгээр хэрэглэгчид улам нэмэгдэх явдал байдаг бол, шууд бус гэдэг нь, тодорхойлоход хэцүү хэлбэрийн нөлөө байдаг. Тодруулбал, сүлжээний нөлөө байсны хүчинд л нэмэлт, дагавар үр ашиг авч ирж байвал, түүнийг шууд бус сүлжээний нөлөө гэж үзнэ. Жишээлбэл, ихэнх крипто валютуудыг нээлттэй эх дээр хөгжүүлж байгаа. Сүлжээний нөлөө ихтэй төслүүдэд чадварлаг хөгжүүлэгчид олноор оролцох, кодыг нь шинжлэх магадлал өндөртэй байдаг учир, тэр хэмжээгээр сүлжээний үнэ цэнийг бүрдүүлж байдаг. Анхандаа хязгаарлагдмал хүрээнд ихээхэн өсөлтийг үзүүлсэн сүлжээ, яваандаа өрсөлдөгчдөөсөө давсан, ноёрхогч болон мандах боломжыг олж авч болно.

Сүлжээний нөлөөний жишээ

Орчин цагт сүлжээний нөлөөний жишээ олон салбарт ажиглагдах болсон. Тэдгээрийн 1 нь нийгмийн сүлжээ. Урьд нь бүрэлдсэн байсан сүлжээнд хамаарах үйлчилгээг сонирхон хэрэглэх хэрэглэгчид олон байгаа нь, тухайн 1 сүлжээний давамгайллыг бататгах болсон. Цоо шинэ сүлжээг үүсгэх нь, хэрэглэгчдийг татахад ихээхэн хүндрэл учруулдгын шалтгаан нь, хэдийн бүрэлдсэн сүлжээний өрсөлдөхүйц давуу талууд олон болсон байдагтай холбоотой. Сүлжээний нөлөөний өөр нэгэн тод жишээгээр, ridesharing буюу дуудлагын хүргэлтийн үйлчилгээг нэрлэж болно. Uber болон Lyft үйлчилгээтэй өрсөлдөхүйц, шинэ төсөл гарч ирэх, амжилт олох нь маш хэцүү болоод байгаа. Ebay, Amazon зэрэг онлайн худалдаа, Google-ийн интернэт хайлт, онлайн түрээсийн AirBNB, Microsoft-ийн албан газрын үйлдлийн систем, Apple-ийн iPhone гээд л, шинэхэн мэндлэсэн байгууллага, үйлчилгээ, төслийн хувьд давахын аргагүй том өрсөлдөгч салбар бүрт бий. Гэхдээ их хөрөнгөтэй, том байгууллагуудад л сүлжээний нөлөө үйлчилдэг гэж ойлгож болохгүй. Онлайн нэвтэрхий толь, Wikipedia нь нээлттэй эх дээр хөгжүүлэгддэг, мэдлэгийн хамгийн том талбаруудын 1 болж чадсан. Мөн, нээлттэй эх дээр хөгжүүлэгдэж буй кодчлолын хамгийн том орон зайгаар GitHub-г нэрлэж болно гээд л, жишээ зөндөө бий.


Сүлжээний нөлөө ба крипто валют

Биткойныг л жишээ болгоход, түүнд олон сайхан шинж чанарууд байгаагийн хажуугаар, сүлжээний нөлөөнд хүчтэй автсан байдаг. Олборлогчид нь, сүлжээний аюулгүй байдлыг дэмжиж, хөрвөх чадварын үр шимийг хүртэх тул, илүү өндөр урамшуулалтай ч, хөрвөх чадвар тааруугаас бусдаар яг адил төслийг сонгох нь бараг үгүй л болов уу. Хэдийгээр, олж болох шан харамж өндөр ч, түүнийгээ гар дээрээ авах гэж олон асуудалтай тулгарч болно. Энэ тохиолдолд, мэддэг, найдвартай, хэдийн хэрэглээд хэвшсэн сүлжээгээ сонгох нь ойлгомжтой шүү дээ. Тэрхүү шинэ төслийн цаадах технологи нь хол илүү тасарсан, алсдаа олж болох ашиг нь их байсан ч, одоогоор хэн ч тоож хэрэглэхгүй, хөгжүүлэлт нь удаан үргэлжлэх эсэх тодорхойгүй байгаа үед, тийш зүглэх зориг, хүсэл сонирхол төрөх нь юу л бол. Энэ жишээнд л, Биткойныг онцолсон болохоос, зөвхөн түүнд л сүлжээний нөлөө үйлчилдэг гэсэн үг биш шүү. Биткойныг онцолсон шалтгаан нь, түүний анх гарч ирэхдээ танилцуулсан дахин давтагдашгүй, онцгой чанар, энэ чанрынхаа тусламжтайгаар сүлжээний нөлөөг бүтээсэн явдалтай шууд холбоотой юм. Сүлжээний нөлөөг чухалчлан авч үзэх шаардлагатай өөр 1 онцлох салбар бол, DeFi. Төвлөрсөн бус санхүүгийн системд, үлэмж том давуу талаараа ялгарсан 1 л төсөл эсвэл ухаалаг гэрээ, үйлчилгээ нэвтрэхэд, түүнийг давж чадах өөр төсөл гарч ирэхэд маш бэрх болох боломжтой. Гэвч, DeFi нь өөрөө мэндлээд удаагүй, залуухан салбар учир, сүлжээний нөлөөнд автаж, үнэмлэхүй ялагчаа тодруулахад эрт, технологийн хөгжил гүйцэт бус байгаа.

Сөрөг сүлжээний нөлөө

Сүлжээний нөлөөний эсрэг чиглэлийг, сөрөг сүлжээний нөлөөлөл гэнэ. Өөрөөр хэлбэл, шинэ хэрэглэгч нэмэгдэхийн хэрээр үнэ цэнээ алдаж байвал, энэ нь сөрөг сүлжээний нөлөө юм. Блокчэйнийг загварчлахдаа үүнийг бас онцгойлон анхаарах шаардлагатай. Буруу загварчлалын улмаас, хэрэглэгчдийг үргээх зүй тогтоц бүрдчихвэл, сүлжээ хумигдаж, аяндаа хэрэглээнээс халагдах аюултай байдаг. Жишээлбэл, Эфириумийн хий нь дуудлага худалдааны зарчмаар ажилладаг тогтолцоотой буюу хэрэглэгч тус бүр, олборлогчдод хэр хэмжээний шимтгэл тушаахаа шийддэг. Энэ нь, хэрэглэгч нэмэгдэхийн хэрээр, хийн ашиглалт болон үнэ нэмэгдэнэ гэсэн үг. Хийн ханш хэт ихсэх нь, хэрэглэгчдийн дургүйцлийг хүргэх эсвэл сонирхлыг бууруулж болно. Тийм ч учраас уг асуудлыг шийдвэрлэх үүднээс, Эфириумийн хийн тогтолцоог өөрчлөх EIP-1559 саналыг тусгаад байгаа юм. Түүнээс гадна, Эфириумийн сүлжээний ачаалал даах чадварыг өсгөх, хэд хэдэн сайжруулалтыг, ETH 2.0 гэх шинэчлэлтээр нэвтрүүлэх, үе шаттай хөгжүүлэлтийг хийж эхэлсэн. Үүний үр дүнд, хийн ханшийн өсөлтөнд хязгаарлалт тавигдах, шимтгэл буурах давуу талууд бүрдэх юм.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Сүлжээний нөлөө"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad