Ethereum Casper гэж юу вэ?

Каспер гэдэг нь, Эфириумд PoS-ны Блокчэйнийг нэвтрүүлэх буюу түүнийг Эфириум 2.0 хувилбарт хөрвүүлэх ажиллагааны албан ёсны нэршил юм. Эфириум нь анх мэндлэхдээ PoW хэмээх алгоритмд суурилан бүтээгдсэн бөгөөд, гадаслаж болохуйц, илүү хүчирхэг, шинэлэг PoS шийдэлрүү нүүхээр урт хугацаанд судалж, төлөвлөж, энэхүү зорилгоо алхам алхмаар хэрэгжүүлсээр багагүй хугацааг үджээ.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд Касперийн нийт 2 нэвтрүүлэлтийг Эфириумийн экосистемд амжилттай хэрэгжүүлсэн байгаа ба, тэдгээр нь Casper CBC (Correct-by-Construction) буюу Зөв бүтээц болон Casper FFG (Friendly Finality Gadget) буюу Төгсөлтийг зохицолдуулах хэрэгсэл юм. CBC-г, Эфириумийн сангийн судлаач Влад Замфир (Vlad Zamfir) анх санал болгосон бөгөөд, эхэн үедээ нийтийн Блокчэйний PoS-руу чиглэсэн судалгааны ажлууд дээр үндэслэгдсэн байсан бол өдгөө PoS загварт суурилсан бүхий л алгоритмуудыг хамруулах болжээ. Харин FFG-г, Эфириумийг үндэслэгчдийн 1 Виталик Бутерин (Vitalik Buterin) өөрөө ахлан хэрэгжүүлж байгаа ба, PoW болон PoS загваруудыг хослуулсан шийдлийг нэвтрүүлэх зорилготойгоор хөгжүүлэгдэж эхэлсэн. Гэвч, эцэстээ цэвэр PoS-д шилжүүлэхээр өөрчлөн зохион байгуулж болзошгүй төлөв бүрдээд байгаа. FFG нь, Ethereum 2.0-г хэрэгжүүлэх гол нэвтрүүлэлтээр нэрлэгдээд байгаа хэдий ч, CBC нь алсдаа түүнийг орлохыг үгүйсгэх аргагүй юм. Эдгээрийн аль алиныг Эфириум дээр туршиж, хөгжүүлж байгаа ч, бусад Блокчэйнд нэвтрүүлж хэрэглэх бүрэн боломжтой.

Ажиллах зарчим

Эфириумийг 1.0 хувилбараас 2.0-д ахиулах ажиллагааг, Serenity буюу Амар амгалан хэмээн нэрийдсэн байдаг ба дотроо 3 дэд хэсгийг агуулдаг. Тэдгээрийн эхнийхийг Phase 0 буюу Суурь үе гэнэ. Энэ шатанд, Beacon Chain буюу Дохиологч хэлхээг нэвтрүүлсэн байх бөгөөд PoS-д суурилсан уг шинэ Блокчэйнийг Casper FFG удирдан, зохион байгуулж байдаг. Касперийн ачаар, үнэтэй, хүчтэй тооцоологч төхөөрөмжөөр уралдах өрсөлдөөнийг халах боломж бүрдэнэ. Баталгаажуулах ажлыг, хөрөнгөө барьцаалж, баталгаажуулалт гүйцэтгэх эрхийг авсан зангилаануудаас санамсаргүй түүврээр сонгож олгож байх ба, хэдий их хөрөнгийг барьцаална, тэр хэмжээгээр сонгогдох магадлал ихэснэ. Жишээлбэл, 64 ETH барьцаанд тавьсан хэрэглэгчийн сонгогдох магадлал, зөвшөөрөгдөх доод хэмжээ болох 32 ETH-ийг гадасласан хэрэглэгчээс даруй 2 дахин өндөр байна гэсэн үг.

Serenity-д баталгаажуулагч болохын тулд, Эфириум 1.0 дээрх тусгай ухаалаг гэрээнд, зохих дүнг байршуулах шаардлагатай. Шинэ блок үүсгэх шаардлагатай тулгарах бүрт шаардлага хангасан баталгаажуулагчдаас санамсаргүй байдлаар сонгож, ажиллуулах ба түүнийхээ шанд блок дахь гүйлгээнүүдийн шимтгэлийг хувь тэнцүүлэн олгох зарчмаар ажиллана. Энэ талаар илүү дэлгэрэнгүй судлахыг хүсвэл, PoS системийн болон Staking-ын талаарх дэлгэрэнгүй танилцуулга нийтлэлүүдийг уншаарай. Гэхдээ PoS-ны нэвтрүүлэлт бүр өөр өөр тохиргоо, нөхцөл, урамшууллын тогтолцоотой байж болох тул, дээр тайлбарласан мэдээллүүд өөрчлөгдөх боломжтой, түүнчлэн Каспер нэвтрүүлэлт бүрэн хэрэгжиж дуусаагүй байгаа тул дээр дурьдагдснаас бусад зохицуулалт, загварчлал хийгдэж болзошгүйг анхаараарай.



Касперийн давуу тал

Гадаслалтыг боломжтой болгосноор, хүрээлэн буй орчинд ээлтэй (цахилгаан эрчим хүчний зарцуулалт багасч, асар их, нарийн төвөгтэй тооцоолол гүйцэтгэх шаардлагагүй) болох юм. Түүнчлэн, барьцаанд тавьсан хөрөнгөөр баталгаажуулагчдыг зүй бус аашлахаас сэргийлэх учир, найдвартай байдал ч тэр чинээгээр нэмэгдэх давуу талтай. Хэдийгээр блок үүсгэх, баталгаажуулах ажлуудыг Каспер хянаж, зохицуулж байх боловч, энэ нь системийг 51% дайралтанд тэсвэртэй болгож чадаагүй хэвээр байгааг мартаж болохгүй. Мөн, Касперийн тусламжтайгаар Эфириумийн төвлөрсөн бус байдал улам батжин, тэлнэ гэдэгт итгэх хүмүүс бас цөөнгүй бий.

Дутагдалтай тал

Каспер бүрэн хөгжүүлэгдэж, нэвтэртлээ ихээхэн хугацааг шаардахын дээр, одоог хүртэл түүний найдвартай, аюулгүй байдлыг хэр баттай болохыг хэн ч нотолж хэлж чадахгүй байгааг энд дурьдах нь зүйн хэрэг болов уу.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!