Крипто валютанд ногдох татвар
Криптог арилжаалах, зарцуулах, зарах үйлдлүүдэд цөөнгүй улс орон татвар тооцож байдаг. Зарим тохиолдолд, криптогоор төлбөр хүлээн авсан тохиолдолд, орлогын албан татвар төлөх ч шаардлагатай тулгарна. Тиймээс нийт орлого, зарлагаа зөв тооцож, хянах нь зүйтэй.
Улс орон, бүс нутаг бүр харилцан адилгүй хууль тогтоомж, дүрэм журамтай байдаг тул, оршин суугаа болон харъяа газрынхаа зохицуулалттай танилцаж, болж өгвөл хуулийн зөвлөгөө авч, татварын дүнгээ тооцоолж, урьдчилан бэлдэх нь тохиромжтой байх болов уу. Татвараар дамжуулан орлого, гүйлгээг хянаж байдаг тул, татвараас зайлсхийх нь эргээд их хэмжээний мөнгөн торгуул, цаашлаад хорих ял г.м. шийтгэлийг дагуулж болзошгүйг анхаараарай. Уг нийтлэлээрээ крипто валютанд ногдох татварын нийтлэг зүйл, заалтуудыг л танилцуулах тул, оршин суугаа улсынхаа хууль тогтоомж, татварын хувь хэмжээ зэрэг мэдээллийг уншигч Та өөрөө илүү дэлгэрүүлэн судлах хэрэгтэй. Мөн HODL болон арилжааны аль алинд татвар тооцогдоно гэдгийг анхаарна уу.
Авах, зарах аль ч тохиолдолд татвар төлөх үү?
Тухайн улс орноос хамаараад хэрхэн, юун дээр, ямар хувь хэмжээтэйгээр тооцохыг нь харилцан адилгүйгээр заасан байдаг тул шууд ийм, тийм байх ёстой гэж хэлэх боломжгүй. Зарим улсуудад бүр криптод хөл тавиад хэр удаж байгаа, арилжаанаас өөр ямар үйлчилгээг, хэдэн удаа авч хэрэглэсэн гэх зэрэг маш нарийн, дэлгэрэнгүй бүртгэж, харгалзах хувь хэмжээг тогтоож байдаг. Гэвч ихэнх тохиолдолд, зарж, орлого олох бүрт зохих дүнгээр хураамжыг суутгаж авах ч, худалдаж авах үед шимтгэлгүй байдаг. Гэхдээ, крипто валютийн салбар нь өөрөө бүрэн хөлөө олоогүй, хууль, эрх зүйн орчин нь хангалттай бүрэлдээгүй байгаа тул криптогын татварын талаарх ойлголт нь өөрөө бүрэн төгс хэлбэржээгүй байгааг анхаарч, түүнтэй холбоотой мэдээлэлд ямагт чих тавьж байгаарай.
Татвар тооцогдох нөхцөл, үйлдлүүд нь яг юу юу байдаг вэ?
Татвартай үйлдлүүдийг улс бүр өөр өөрөөр тодорхойлсон байж болно. Гэхдээ ихэнх тохиолдолд хөрөнгөө зарж борлуулсан, хөрөнгө оруулсан зэрэг үйлдлүүдийг энэ төрөлд хамааруулдаг. BTC, BNB зэрэг цахим валютийг фиатаар худалдаж авах үйлдлүүдэд ихэвчлэн татвар тооцоод байдаггүй бол эсрэгээр зарах, арилжих тохиолдолд татварыг бараг заавал ногдуулна. Зарим тохиолдолд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг, мөн дээр дурьдсанчлан хуулийн зохицуулалтын ялгаа байгаа хэдий ч, нийт төлөх татварын хэмжээг хугацаа буюу огноо, суурь зардал буюу худалдан авсан ханш, зарсан ханш, шимтгэлүүдээс тооцно.
Татвар тооцогдохгүй нөхцөл, үйлдлүүд нь тэгвэл юу байдаг вэ?
Ойлгомжтой болгох үүднээс татвар тооцогдох болон тооцогдохгүй үйлдлүүдийг харьцуулж, хүснэгтэнд зэрэгцүүлэн харуулав.
Крипто валютанд татварыг хэрхэн тооцдог вэ?
Улс, муж/аймаг бүр криптог өөр өөрийнхөөрөө ангилж, тодорхойлсон байх ба тус бүрт харгалзах хуулийн зохицуулалт нь өөр өөрөөр заагдсан байна. Чанга хяналт, хориг тавьсан 1 нь байхад, огт зохицуулалтгүй газар ч бий. Зарим нутагт, криптогын орлогоос тань Хувь хүний орлогын албан татвар тооцож ч мэднэ. Ялангуяа, цалин, төлбөр, крипто валютийн арилжааны ашгаас бол татаасыг бараг баталгаатай нэхэмжилнэ. Гэхдээ түүний хувь хэмжээ нь, тухайн хүний хэр их олсноос шууд хамааралтай байдаг.
Төлөх татварын хэмжээгээ яаж тооцоолох вэ?
Крипто худалдаж аваад, дарж байгаад, сүүлд нь зарсан бол төлөх татвараа тооцоолоход 1 их хүндрэлтэй зүйл бол гарахгүй.
- Зах зээлийн үнэ гэж, тухайн биржийн Spot арилжааны ханшийг хэлнэ.
- Суурь зардал нь, тухайн крипто валютийг авахад зориулан гаргасан төлбөр, түүнд харгалзах шимтгэлийн нийлбэр байна.
Дээрх тодорхойлолтын дагуу, дараах томъёгоор тооцоолно.
Зах зээлийн үнэ - Суурь зардал = Цэвэр ашиг/алдагдал
Жишээн дээр тайлбарлая л даа, 2 ширхэг BTC-ыг тус бүрийг нь 10 сая төгрөгөөр авсан гэж төсөөлье. Тэдгээрийгээ 2 жил дарсны эцэст, 1 бүрийг нь 30 сая төгрөгөөр зарсан байг. Тэгэхээр нийт 40 саяын цэвэр ашигтай ажиллажээ гэсэн үг байх нь. Доор томъёоны дагуу бодож үзүүлэв.
60 сая (зах зээлийн ханш) - 20 сая (суурь зардал) = 40 сая (цэвэр ашиг)
Одоо энэ дүнгээс орлогын татварыг тооцохын тулд, татварын мэдүүлгийн байдал, татвар авах боломжит дүн, харгалзах хөрөнгийг эзэмшсэн хугацаа зэргийг тооцох нь чухал. Учир нь хөрөнгийг 1 жил эсвэл түүнээс удаан хугацаагаар эзэмшсэн тохиолдолд урт хугацааны хөрөнгийн ашгийн татварыг тооцдог. Дээрээс нь хэрэв тогтмол арилжаа хийдэг бол, тооцоолол улам нарийсна. Хэдийгээр, фиатаар хийсэн арилжааны татварыг тооцох ажил нь ерөнхийдөө ойлгож ядаад байх зүйлгүй амархан зүйл хэдий ч, крипто-крипто хэлбэрийн арилжааны хувьд энэ нь тэс ондоо ойлголт мэт санагдах боломжтой байдаг. BNB-ыг ETH-ээр авсан бөгөөд тэгэхдээ дараах арилжааны түүхтэй байсан гэсэн жишээн дээр тооцоолол хийцгээе.
Дээрх жишээг, өмнөх томъёонд оруулж, зах зээлийн үнээс ($500 USD) суурь зардлаа хасах замаар цэвэр ашгаа тооцох ёстой ч, тэгэх гэхээр BNB-ын яг аль гүйлгээг суурь зардалд тооцох вэ? гэдэг асуулттай тулгарна. Нэгэнт л 2 өөр үнээр авсан хүн нь Та өөрөө учир, Та шийдэх ёстой болох нь ээ. Гэхдээ эхлээд сонголтоос шалтгаалан үүсэх үр дүнгийн ялгааны талаар судалцгаавал ямар вэ? Нягтлангууд бол энэ тохиолдолд 2 төрлийн тооцооллын аргын аль 1-ийг нь ашигладаг ба тэдгээр нь, First In, First Out (FIFO) буюу Эхнийхээс нь эхлэх болон Last In, First Out (LIFO) буюу Сүүлийнхээс нь эхлэх аргууд юм. FIFO аргын хувьд, эхний гүйлгээг үндэслэн тооцоолох учир, түүнд харгалзах ханш болох $150-ыг татварын тооцоололд ашиглана гэсэн үг. Ингэж тооцвол, дээрх томъёоны дагуу, нийт цэвэр ашиг $350 болж байна.
$500 (зах зээлийн ханш) - $150 (суурь зардал) = $350 (цэвэр ашиг)
Харин LIFO аргыг хэрэглэвэл, сүүлийн буюу 2 дахь худалдан авалтын зардал $300 байсан, тэгэхээр, цэвэр ашиг нь $200 болно.
$500 (зах зээлийн ханш) - $300 (суурь зардал) = $200 (цэвэр ашиг)
Түүнчлэн ихэнх улсын, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй татварын хуулинд урт болон богино хугацааны хөрөнгийн татваруудыг өөр өөрөөр заасан байдгыг анхаарч, өөрийн төлөвлөгөөнд нийцүүлж чадвал, төлөх татварынхаа хэмжээг тодорхой хэмжээгээр танах боломжтой байдаг шүү.
#CoinMarketCap
Татварын хэлтсийнхэн миний крипто хөрөнгийн хэмжээг хэрхэн олж мэддэг вэ?
Томоохон биржүүд бүгд эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах үүрэгтэй байдаг. Түүнчлэн Засгийн газрууд ChainAnalysis мэтийн хэрэгслийг ашиглан крипто валютуудийг хянаж байдаг тул Блокчэйн дээрх гүйлгээний мэдээллийг, бирж дээрх хэрэглэгчийн бүртгэл, хэтэвчтэй нь холбоод таньчих бүрэн боломжтой. Зарим татварын хэлтсүүд, засгийн газрын болоод төрийн бусад алба, нэгжүүдтэй хамтран ажиллах байдлаар хяналт, тандалтаа улам боловсронгуй болгож байдаг.
Крипто валютийн татвараа төлөөгүй үед юу тохиолдох вэ?
Татварын мэдээллээ тогтмол баталгаажуулж байхыг шаарддаг улс орнууд цөөнгүй бий. Эдгээр улсуудад тайлангаа заавал илгээх шаардлагатай. Бүр буцаан олголт авахаар болсон эсвэл татвараас бүрэн чөлөөлөгдсөн байсан ч илгээх ёстой л гэвэл илгээх хэрэгтэй байдаг. Хөрөнгө орлогын мэдүүлэг болон татварын тайлангаа хугацаандаа мэдүүлээгүйгээс болж, алданги, торгууль, хөрөнгийг хураам замаар нөхөн төлүүлэх, ял эдлэх ч боломжтой тул, Та заавал харъя, оршин суугаа газрынхаа хууль, дүрмийг дагаарай.
Байнансийн Татварын үйлчилгээ гэж юу вэ?
Шаардлагатай гэвэл Та Binance Tax үйлчилгээгээр дамжуулан үнэ төлбөргүйгээр, Байнанс бирж дээрх гүйлгээнүүдийнхээ түүх, түүнд харгалзах татварын тайланг гаргуулж авч болно. Одоогоор зөвхөн дотоод өгөгдлийг ашиглан бүтээсэн тайланг засварлах боломжтойгоор санал болгож байгаа ч, удахгүй өөрсдийн үүсгэсэн .CSV файлыг хуулан ашиглах болон гуравдагч талаас (өөр бирж, тооцоолох үйлчилгээ, веб сайт) боловсруулж өгсөн өгөгдлийг API-н тусламжтайгаар хүлээн авах боломжтой болно байх аа.
Байнансийн API тайлангын хэрэгсэл гэж юу вэ?
Байнанс биржтэй холбоотой мэдээлэл, өгөгдлүүдийн тайлангаа хүлээж авах боломжтой хэрэгсэл бий. Түүнийг Binance API гэх ба үүнийг ашиглан татварын албанд илгээх баримт, тайлангаа шууд илгээх боломжтой. API гэж юу болох, хэрхэн ажилладгыг ЭНД дараад "Крипто тайлбар толь" цуврал нийтлэлийн 4-р дугаараас уншиж танилцаарай.
Монгол улсын хууль тогтоомжууд
Одоогоор "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль" батлагдан, мөрдөгдөж байна. Тус хууль журамтай танилцахыг хүсвэл ЭНД дараад LegalInfo веб дээрх илэрцүүдэд хандана уу.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation