Bitcoin ETF гэж юу вэ?

Биткойнд хүссэн хэн бүхэн хөрөнгө оруулж болох учир, түүнийг албан ёсны үнэ цэн бүхий хөрөнгөнд тооцож болно. Гэхдээ, яг ч бүх хүн чөлөөтэй хөрөнгө оруулж чадахгүй байгаа учир, Биткойны Exchange Traded Fund (ETF) буюу биржээр арилжаалагдах хөрөнгийг нэвтрүүлэх нь басхүү чухал шаардлага болоод байна. Одоогоор Биткойны ETF-ийг, зөвхөн Канадын зохицуулагчид л, хөрөнгийн бирж дээр арилжаалахыг хүлээн зөвшөөрөөд байгаа.

Биткойн болон крипто валютууд урт зам, хугацааг туулан өдий зэрэгт ирсэн. 10 гаруйхан жилийн өмнө хэдхэн хүн л сонирхон хэрэглэж, 10'000 Биткойноор 2 ширхэг пицца авч идэж байсан бол, өдгөө тэдгээрээр дагнаж, тэдэнд суурилсан олон олон байгууллагууд үүд хаалгаа нээн, өөр хоорондоо ширүүн өрсөлдсөн зах зээл бий болоод байна. Түүгээр ч зогсохгүй, олон сая крипто валют мэндэлж, DeFi салбар үүсч, Блокчэйний хэрэглээ ихээр дэлгэрээд байна. Дан ганц хувь хүмүүс ч гэлтгүй, MicroStrategy тэргүүтэй байгууллагууд хүртэл 2 их наядаас илүү доллараар хөрөнгө оруулж, сүүлийн үеийн Tesla загварын цахилгаан машиныг ч, BTC-оор худалдан авах боломжтой болсон зэрэг нь хурдацтай хөгжлийн наад захын илрэл билээ.

Биткойныг уламжлалт арилжааны салбарынханы сонирхол, анхааралд хүргэхийн тулд, Биткойны ETF-ийг тохируулан түгээх хэрэгтэй гэж үзэх хүмүүс цөөнгүй бий бөгөөд, хэрэв ингэж чадвал макро эдийн засагт крипто валют, тэр дундаа Биткойныг том хөрөнгөөр бүртгүүлэх боломж бүрдэх юм. ETF нь, үнэ цэнийг барьж байгаа харгалзах хөрөнгийнхөө ханшийг дагадаг хөрөнгө оруулалтын төсөв хэлбэртэй байх ба, олон өөр салбар, хөрөнгийн ангилалд хамаардаг. Жишээлбэл, алтны ETF нь алтны үнийг дагасан ханштай, хөрөнгө оруулж, арилжаалж болох хөрөнгө юм. Биткойны ETF нь, үүнтэй яг адил зарчмаар буюу Биткойны ханшийг даган өөрчлөгдөх, нээлттэй арилжааны хөрөнгө байна гэсэн үг. ETF нь, зохицуулалттай санхүүгийн бүтээгдэхүүнд тооцогдох тул, крипто валютийн арилжааны биржүүд дээр бус, NASDAQ, NYSE зэрэг хөрөнгийн биржүүд дээр худалдаалагдана. Гэхдээ ирээдүйд, уламжлалт болон крипто зах зээлүүдийн харилцаа, уялдаа нягтаршихын хэрээр энэ ялгаа арилж болохыг үгүйсгэх аргагүй.

Биткойны ETF яагаад чухал гэж?

Зарим хүмүүст, Биткойнтой харьцах, түүнийг арилжаалах, хадгалах үйлдлүүд бүгд ойлгомжгүй, төвөгтэй санагдах боломжтой байдаг. Ялангуяа, өмчлөлийн талаарх ойлголтууд нь, томоохон байгууллагуудад толгойн өвчин болох нь бий. Жишээ нь л гэхэд, Голдман Сакс (Goldman Sachs) 1 арилжаа хийх гэж, зөөврийн компьютероо гаргаж ирж, дэлгээд, 2 тэрбум долларын хөрөнгөтэй төхөөрөмжин хэтэвчээ холбоод сууж байна гэж байхгүй шүү дээ. Том албан газрууд, хувиараа арилжаа эрхлэгчид шиг ажиллахгүй тул, зориулалтын орон зай, ажлын талбар заавал шаардагдана. Тийм ч учраас, ETF-ийг, хөрөнгө оруулагчдын цар хүрээг тэлэхэд чухал үүргийг гүйцэтгэнэ гэдэгт учир мэдэх хүмүүс бат итгэлтэй байдаг. Биткойны ETF-д дан 1 Биткойн гэлтгүй, түүнтэй төстэй Эфириум, Теслагийн хувьцаа, алт зэрэг хөрөнгүүдийг хамааруулж болох ба ингэснээр хөрөнгийн төрөлжүүлэлтийг гүйцэтгэхэд ч илүү дөхөм болох давуу талтай.

Биткойны ETF-ийн товч тойм

Биткойны ETF-ийн талаар ярих үед хүмүүс ихэвчлэн, АНУ-ын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй хөрөнгүүдийн талаар яригдаж байна гэж ойлгодог. Гэтэл ETF, бараг хаа сайгүй бий. Түүхэн дэх анхны Биткойны ETF-ийг, Канад улс нэвтрүүлсэн байгаа бөгөөд, түүнийгээ Purpose Bitcoin ETF хэмээн нэрлэж, Toronto Stock Exchange буюу Торонтогийн хөрөнгийн бирж дээр арилжаалж байна. Гэсэн хэдий ч, ихэнх хүмүүс дэлхий дээрх хамгийн том хөрөнгийн бирж гэдэг утгаар нь, АНУ-ын зохицуулалтуудыг харж, хүлээж байдаг тул, түүн дээр Биткойны ETF-ийг бүртгүүлж чадвал, Биткойныг хөрөнгө оруулалтын зүй ёсны хэрэгслээр хүлээн зөвшөөрүүлэх боломжтой болох юм.

АНУ-д Биткойны ETF-ийг нэвтрүүлэх хэд хэдэн удаагийн оролдлого хийгдсэн боловч, SEC тэднийг бүгдэнд нь татгалзсан хариултыг өгсөн байгаа ба, тэдгээрийгээ, Биткойны ханшийн хэт их савлагаа, зах зээлийн зохицуулалтгүй байдал, хийсвэр нөлөөлөлд хэт эмзэг байдал зэргээр тайлбарлажээ. Эдгээр нь зарим талаар үнэний ортой ч, хэдийн ETF-өөр хүлээн зөвшөөрөгдсөн олон олон хөрөнгүүдэд ч бас эдгээр шинжүүд тодорхой хэмжээгээр агуулагдаж байгаа. Сүүлийн үеийн уналтууд, ханшийн хэт дэгдэлтийг хангалттай буулгаж, технологи болон хэрэглээний өргөжилтийн ачаар хандах, арилжих боломж асар ихээр нэмэгдсэн тул, одоо хүлээн зөвшөөрөхөд бараг болохгүй зүйлгүй болсон байх учиртай. Хараахан болоогүй гэж үзэж байвал, дахиад хэдхэн жилийн дараа, Биткойн хангалттай төлөвшиж, няцаах бараг боломжгүй болох нь ч ойлгомжтой биз ээ. Биткойны ETF, хөрөнгийн зах зээлд нэвтрэх, эсэх нь ердөө л цаг хугацааны асуудал юм.

2021-10-16: АНУ-д Биткойны ETF хүлээн зөвшөөрөгдөв. Ингэснээр АНУ-ын хөрөнгийн бирж дээр арилжаалагдах, цаашид олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломж бүрдсэн сайхан завшаан тохиож байгаа юм.


Биткойны ETF-д хөрөнгө оруулах нь хэр ирээдүйтэй вэ?

Хэрэв хадгаламжаа, фиат валютийн балгаас хамгаалах гэж байгаа бол зөвхөн Биткойнд хөрөнгө оруулахад хангалттай байх болов уу. Харин хэтэвч, хаяг, сүлжээ гэх мэтийг ухаж ойлгохоос болон KYC зэргээс төвөгшөөж, хөрөнгө оруулалтын хялбар гарц хайж байгаа бол Биткойны ETF-ийг сонгоход буруудах зүйлгүй. Гэхдээ, уг нийтлэл нь санхүүгийн зөвлөгөө БИШ тул, сайтар судалж, шинжилсний дараагаар, эрсдлийн зохих зохицуулалтыг хэрэгжүүлсний үндсэн дээр шийдвэрээ гаргаарай. Таны болоод гаргасан шийдвэрийн тань өмнө, өөрөөс тань өөр хэн ч хариуцлага хүлээхгүй бөгөөд крипто валютийн салбар нь эрсдэл тун өндөртэй байдгыг хэзээд мартаж болохгүй.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!