TradingView хэрэглээний суурь мэдлэг
TradingView бол, крипто валют болон бусад хөрөнгийн төлвийг харуулагч, вебд суурилсан графын платформ юм. Үнэ төлбөргүйгээр хэрэглэх боломжтойгоос гадна, зурсан таамаглалаа нийгмийн сүлжээгээр түгээж болдог давуу талтай. Уг вебийг хэрэглэх явцдаа, бусдын таамаг болон санааг "сохроор" дагахгүй байхыг хүсье. Таны гаргасан шийдвэр, 100% Таны өөрийн хариуцлага байна гэдгийг мартаж болохгүй.
TA гүйцэтгэх дуртай арилжаачдын хувьд, олон тооны хүчирхэг үзүүлэлтүүдийг харуулж чадах самбартай байна гэдэг том давуу тал. TradingView (TV) нь, сонирхогчоос, мэргэжлийн түвшний арилжаачдын бүгдийнх нь хэрэгцээнд нийцсэн сонгодог хэрэгсэл мөнөөсөө мөн билээ.
TradingView ямар хэрэгтэй вэ?
TA-ний үзүүлэлтүүдийг дүрслэх, граф үүсгэх, хөрөнгийн шинжилгээ, хэмжилтийг гүйцэтгэх боломжыг олгоно. Үзүүлэлтүүд нь, загвар, шугам, дүрс гээд ямар ч хэлбэртэй байх боломжтой бөгөөд, тэдгээрийг өдөр тутам олон сая арилжаачид тогтмол хэрэглэж байдаг. Шууд интернэт хөтчөөсөө хандах бүрэн боломжтой боловч, хүсвэл iOS, Android болон Windows төхөөрөмж дээр хэрэглүүр хэлбэрээр татаж суулгаад ашиглаж бас болно.
Анх 2011 онд байгуулагдсан бөгөөд, зөвхөн 2020 онд л гэхэд 8 сая шинэ хэрэглэгчийг элсүүлсэн асар том талбар юм.
TradingView нийгмийн сүлжээ гэж юу вэ?
Instagram-тай зүйрлэж болохуйц, нийгмийн сүлжээний боломжуудыг хэрэглэгчиддээ олгодог. Бусад хэрэглэгчдийн дэлгэн тавьсан, таамаг, "шугам зураг", онол, санааг зураг болон бичлэг хэлбэрээр харж болно. Түүнчлэн, бусдыг дагах, тэдний таамгын талаар хэлэлцэх, тэдэнтэй чатлах зэрэг боломжуудыг ч бас энд бүрдүүлж өгсөн байгаа.
Хэн хүссэн нь граф зураад, таамгаа дэвшүүлж болох тул, шүүлтүүртэйгээр хандаарай.
Хэдийгээр, бусдын шууд бичлэгийг, цацагдаж байх даруйд нь хүлээн авч үзэж болдог зэрэг Twitch-тэй төстэй давуу талуудтай ч, контентийн тоо хэмжээ харьцангуй бага байдаг.
TradingView-ийн загвартай хэрхэн ажиллах вэ?
Анхлан сонирхож байгаа хэрэглэгчдэд, удирдлага болон зохион байгуулалт нь бага зэрэг ойлгомжгүй санагдаж болох тул, энэхүү бүлгийг тусгайлан бэлтгэв.
- Toolbar #1 буюу хэрэгслийн багана - Граф дээр зурах, сараачих, тэмдэглэхэд хэрэг болох бүхий л багажууд энд агуулагдана. Энгийн зураасаас эхсүүлээд, нарийн төвөгтэй хэрэгслүүд цөм багтсан байгаа тул, сайтар судалж, хэрэглэж сурах хэрэгтэй, чухал хэсэг юм. Хэрэгсэл дээр, хулганы баруун товчийг товшоод төрлүүдийг нь харж, сонгож болдог. Ил харагдах хэрэгслүүд нь хамгийн энгийн, өргөн ашиглагддаг хэрэгслүүд юм.
- Toolbar #2 буюу хэрэгслийн мөр - Графын харагдах байдлыг өөрчлөх сонголт, тохиргоонуудыг энд багтаасан байгаа. Лаа, шугаман, баганан, талбайн гээд олон загварууд багтсанаас гадна, зүүн захын хайлтын тусламжтайгаар хөрөнгийн нэр, төрлийг солих боломжтой. Онцлох өөр 1 чухал хэрэгсэл бол, бэлэн үзүүлэлтүүдийг оруулах, Indicators & Strategies товч юм.
- Toolbar #3 буюу туслах цонхууд - Тэмдэглэл, кодчлол, TV-ийн хамтрагчдаар дамжуулан арилжаа хийх, төлөвлөгөөний туршилт зэрэг дэд цонхуудруу эндээс шууд хандаж болно.
- Toolbar #4 буюу үндсэн цэс - Мэдээ болон нийгмийн сүлжээтэй холбоотой цэсүүд төлхүү төвлөрсөн уг баганаас өөрийн манаж буй хөрөнгийн жагсаалт, бусад хэрэглэгчдийн шинжилгээ, нийтлэлүүд, хувийн цаг тооны бичиг болон бусад мэдээ мэдээллийг аввах боломжтой.
- Граф - Хэрэгслийн мөр, багануудаар бүрэн өөрчилж тохируулж, хэрэглэх боломжтой, гол самбар.
TradingView графыг яаж өөрт тохируулан өөрчилж хэрэглэх вэ?
Үзэмжинд, хүн бүр өөр өөрөөр хандах нь ойлгомжтой. Өнгө, зураасын өргөн/нарийн, хэлбэр/загварыг хүн бүрт харахад ойлгомжтой, энгийн байлгах боломжгүй учраас, өөрчилж тохируулах сонголтыг тэд хэрэглэгчиддээ нээж өгсөн байна. Граф дээрээ, хулганы баруун дараад, гарч ирэх цэсээс Settings буюу тохиргоонд хандаж болно.
Энэ цэсээс мөн, ханшийг тодорхой дүнд хүрэхэд ц-шуудангаар дохио хүлээн авах, өөрчилж байгаад эвдэж орхисон графын загварыг анхны төлөвт сэргээх зэрэг сонголтуудыг ч хийх боломжтой.
Тохиргооруу орсны дараа дараах сонголтууданд хандаж болно. Үүнд:
- Symbol буюу дүрсүүд - Лаан графын харагдах загварыг тодорхойлох сонголтуудыг эндээс хийх боломжтой.
- Status line буюу төлвийн шугам - Графын зүүн дээд буланд харагдах, OHLC буюу нээлт, хаалт, доод, дээд ханшууд, авах/зарах товч, авах доод ханш, зарах дээд ханшууд, авах болон зарах ханшийн зөрүү зэрэг хандаж болох мэдээллүүдийг энд тохируулж, загварчилж болно. Доор "зураг 1"-д харуулав.
- Scales буюу хэмжээс - Графын баруун хананд харагдах хэмжилтийн дүнгийн харагдах байдлыг энд тохируулна. Энд мөн, тухайн лааны хаагдах хүртэл үлдсэн хугацааг тоолуулах, тухайн өдрийн хугацаанд хүрсэн хамгийн доод болон дээд ханшийг харуулах эсэхийг тохируулж болно. Хэмжээсийн баганыг доорх "зураг 2" дээр жишээ болгон харуулав.
- Appearance буюу харагдах байдал - Графынхаа дэвсгэр өнгө, шугамуудын өргөн, өнгө, загвар болон тэнхлэг зэргийг эндээс өөрчлөх боломжтой.
- Trading буюу арилжаа - Зуучлагч болон арилжааны биржид бүртгэлтэй, түүнийгээ TV-тэй холбосон байгаа үед, харилцах цонх ямар загвартай харагдахыг энд тохируулна.
- Events буюу үзэгдлүүд - Граф дээр харагдах бусад үйл явдлуудын өнгө төрхийг энд тодорхойлно.
Дээрхээс гадна, хугацааны мужыг сонгож тохируулах боломжтой.
Хийсэн өөрчлөлт бүр шууд хадгалагдаж байдаг тул, тохиргоо өөрчлөхөд хурдан бас хялбар байдаг.
Зураг 1: Төлвийн шугам.
Зураг 2: Хэмжээс буюу Баруун багана/хана.
Чиг хандлагын шугамыг хэрхэн дүрслэх вэ?
Дадлагаа, хамгийн хялбараас нь буюу зураас татахаас эхлэе.
- Хэрэгслийн баганаас, багажаа сонгоно.
- Magnet буюу соронзыг идэвхжүүлээд, зурж буй зураасаа OCLH-д наалдах боломжтой болгосноор, тааруулах ажлыг хөнгөвчилж болдог. Уг хэрэгслийг "зураг 3" дээр тодруулж харуулав.
- Уналтын үеийн хэмжилтийг хийхдээ, хамгийн өндөр цэгээс эхлээд, аль болох олон дээд цэгийг дайруулж зурах нь зүйтэй байдаг. Ингэхдээ хулганы зүүн товчийг 1 товшиж зураасын эхлэх цэгийг хатгаад, дахин 1 товшиж дуусах цэгийг зааж өгнө. Илүү ойлгомжтой болгох үүднээс, "зураг 4" дээр жишээг харуулав.
Зураг 3: Соронз.
Зураг 4: Чиг хандлагын зураасыг уналтын үед дүрсэлсэн байдал.
Дээрх зурагт, 1, 2, 3 дугаарын цэгүүд нь, тааз цэгийг харуулж байна. TL-ыг хамгийн багадаа 3 цэгээр баталгаажуулж байх хэрэгтэй. Учир нь, 2 шугам нь санамсаргүй тохиолдол байх боломж туйлын өндөртэй байдаг. Харин 4 дугаар дээрх цэг нь, уг шугамын төгсгөлийг илтгэнэ.
Өсөлтийн үед, эсрэгээр доод цэгүүдийг холбож зурна шүү. Уг үзүүлэлтийн талаар илүү дэлгэрэнгүйг ЭНД дараад, харгалзах нийтлэлээс нь уншаарай.
Сэрээг яаж зурдаг вэ?
Уг хэрэгслийг, 20-р зууны үед, Америкийн хөрөнгө оруулагч, сурган хүмүүжүүлэгч Алан Эндрю (Alan Andrew) анх санаачилж байсан аж. Pitchfork буюу сэрээ нь, зурахад амархан ч, энгийн зураасаас хамаагүй илүү мэдээллийг өгдөг онцлогтой хэрэгсэл юм.
- Хэрэгслээ сонгож, идэвхжүүлнэ.
- Чиг хандлагын эхлэл болон төгсгөлийг дайруулж, 3 цэгийг холбож зурна. Ингэхдээ цэгүүдээ, дараах 3 шаардлагад нийцүүлээрэй.
- Уналтын сүүлийн амьсгаа авч буй цэг буюу цоройлтын бэл дээр;
- Цоройлтын хүрч чадсан орой;
- Цоройгоод эргэж буусан ёроол;
- Эдгээр цэгүүд нь, сэрээний дүрсийг бүтээх бөгөөд, 2-р цэгээс үүсч буй шугам болон төвийн шугамын хооронд тааз буюу эсэргүүцлийн бүс, 3 болон түүний зэргэлдээ шугамуудын хооронд шал буюу дэмжлэгийн бүсүүд, тус тус оршино. Харин хамгийн дотор талын зураас нь, ханшийн дахин дахин шүргэж, мөргөж, нэвтлэх үндсэн чиглэлийг харуулаг шугам юм.
- Чиг хандлагын шугамын адилаар, шал/таазыг тодруулж харуулдаг учир, уг хэрэгслийг, SL зооход тохиромжтой газруудыг баримжаалах боломжыг олгох, эрсдлийн зохицуулалтын хэрэгсэлд тооцож болно. Гэхдээ, ямар ч үзүүлэлт, хэрэгсэл дангаараа үр дүнтэй шинжилгээний арга болохгүйг анхаараарай.
Зураг 5: Сэрээ.
TV дээр, TA гүйцэтгэх илүү боловсронгуй аргыг дараачийн нийтлэлдээ тусгайлан танилцуулъя. Нийтлэлийг маань SHARE хийж, биднийг дэмжээрэй!
TradingView-ийн давуу болон сул талууд юу вэ?
Маш олон хэрэглэгчидтэй, энэ төрөлдөө хамгийн шилдэг платформ мөн боловч, бүх зүйлд дутагдал байдаг шүү дээ. Онцлог чанаруудыг нь, алсдаа засагдаж ч магадгүй доголдлуудын хамтаар доор жагсаан харуулъя.
Давуу талууд
- Сүүлийн үеийн, HTML5-г ашиглан графаа дүрсэлдэг - Интернэт холбогдож, веб хуудас ачаалж чадах бүхий л төхөөрөмжөөс төвөггүй хандах боломжтой.
- Төлбөргүй гишүүнчлэл - Олон тооны хэрэгсэл, боломжуудыг, бүх нийтэд нээлттэй, санал болгодог.
- Серверээс дохио хүлээн авах боломж - Тодорхой ханш дээр дохио хүлээж авахаар тохируулсан бол, түүнийг тань цаг алдалгүй илгээнэ.
- Кодчлол - Түгээмэл ашиглагддаг хэрэгслүүдээс бусдыг нь, зохих төлбөрийг нь тушаагаад эсвэл өөрөө бичээд хэрэглэж болно.
- Хөрөнгийн сан - Хувьцаа, бараа таваар, гадаад валют, крипто валют гээд асар том жагсаалтаас сонгож харах, хэрэглэх, хэмжилт хийх, таамгаа дэвшүүлж, бусадтай хуваалцах боломжтой.
- Туршилт - Шинээр зохиосон төлөвлөгөөгөө, түүхэн дэх үйл явдлууд дээр тулган шалгаж, үр ашгийн тооцооллыг хийж болно.
Дутагдалтай талууд
- Нийгмийн сүлжээ - Хэдийгээр бусдын санаа оноо, онол таамгыг сонсох нь давуу тал гэж тооцогдох хэдий ч, тэдгээрийн дийлэнх нь чанаргүй мэдээллийг түгээж байгаа нь онцгүй. Шинэ хэрэглэгчдийг төөрөлдүүлж мэдэхээр их хуурамч мэдээллээр дүүрэх болсон хийгээд, чат өрөөг "сахилгагүйтлийн талбар" болгох "мундагууд" их байгаа нь харамсалтай.
- Хэрэглэгчийн төв - Төлбөргүй хэрэглэгчдэд тулгарсан ямар ч асуудлыг шийдэж өгөхгүй, тэгэх зохицуулалт ч байхгүй. Зөвхөн төлбөртэй хэрэглэгчдэд л хариулт, тусламж өгдөг нь, жаахан "тиймхэн" санагдсан.
- Хамтрагч байгууллагууд - Сонголт багатай. Хамаг том, сайн гэгддэг broker-ууд байдаггүй нь "гунигтай".
- Cboe BZX - Өгөгдлүүдээ харгалзах бирж, платформоос нь татдаггүй учир, бодит дүнгээс зөрөх явдал их гардаг.
Энэхүү нийтлэлийг, нийгмийн боловсролд зориулсан бөгөөд энд хөндөгдсөн сэдвүүд нь санхүүгийн зөвлөгөө биш болохыг анхаараарай. Хөрөнгийн арилжаа, тэр дундаа крипто валютийн арилжаа нь, эрсдэл нэн өндөртэй, тогтворгүй салбар гэдгийг ойлгож, маш нарийн судалгаа, шинжилгээ гүйцэтгэсний үндсэн дээр шийдвэр гаргана уу. Түүнчлэн, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг, тухайн иргэн/ААН өөр(сд)өө бүрэн хүлээнэ. Учирсан аливаа хохирол нь, тус блогын админуудад огтоос хамаагүй тул, өөрийгөө биш юм гэхэд, биднийг бас манай уншигчдыг хүндлээд, алдаанаасаа суралцахыг хичээгээрэй.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation