Хар даваа гараг буюу хөрөнгийн биржийн уналт

Хар даваа гараг гэж юу вэ?

1987 оны 10-р сарын 19-ний өдөр, хувьцааны зах зээл, гэнэтийн, огцом уналтанд орж байсан ба тухайн өдрийг, түүхэнд ийн нэрлэдэг. АНУ-ын хувьцааны зах зээлийн индексийг харуулагч, The Dow Jones Industrial Average (DJIA)-ийн үзүүлэлтүүд энэ өдөр 22-оос илүү хувийн уналтыг үзүүлсэн бөгөөд, уг уналт нь тухайн өдрөөс, 7 хоногийн өмнө тохиолдсон 2 дараалласан жижиг уналтыг залган орж ирснийг доорх зургаас харж болно.

Хар даваа гарагийг дэлхий нийтийг хамарсан хувьцааны зах зээлийн уналтын эхийг тавьсан өдөр хэмээн тодотгодог ба, уналт үргэлжилсэн өдрүүд нь өнөөг хүртэл хувьцааны зах зээлийн түүхэн дэх хамгийн чухал мөчөөр нэрлэгдсээр байна. Тухайн үед, биржүүд дээрх арилжааны хэмжээ богино хугацаанд цочир ихэссэний улмаас, компьютерууд нь ачааллаа дийлэхгүй гацаж, захиалгууд олон цагаар хүлээгдэж, өндөр дүнтэй арилжаанууд хойшлогдсон гэдэг. Иймэрхүү саатлууд, фьючерс болон опшнс арилжаан дээр төлхүү тохиолддог боловч, түүнийг даган нийт зах зээл догонцох нь бий. Уналт тохиосон сарын сүүл гэхэд, дэлхий дээрх бараг бүх томоохон индексүүд 20-30 хувиар унасан, түүхийн энэ бараан үеийг хар даваа гараг гэж нэрлэх боловч, зах зээлийн том уналтуудыг ч мөн ингэж нэрлэхтэй таарах боломжтой.

Уналтын шалтгаан нь яг юу байв?

Уналтын шалтгаанаар ганцхан хүчин зүйлийг нэрлэх нь утгагүй хэрэг болно. Гэхдээ 1987 онд, зах зээлтэй холбоотой ямар ч том мэдээ нийтлэгдэж байгаагүй нь сонирхлыг ихээхэн татахуйц үзэгдэл болсон. Гэхдээ тухайн үеийн компьютерийн системийн хүчин чадлын дутагдалтай байдал, ханшийн огцом өөрчлөлтүүд, АНУ дахь арилжааны хомсдол, олон улсын тогтворгүй байдал зэрэг улс төр, эдийн засгийн олон хүчин зүйлсийн бөөгнөрлийн нөлөөгөөр, айдас, сандрал буюу FUD үүссэнээр уналтын эрч чангарсан гэж үздэг.

Гэхдээ, 1980-аад оныг хүртэл хувьцааны зах зээлд, компьютеруудыг тун багаар ашигладаг байсныг түүх гэрчлэх бөгөөд, үүнээс харвал уналтын шалтгаан нь, компьютерийн хүчин чадлын дутмаг байдлаас хамааралгүй байсан байж ч болох юм. Харин 1980 оны үеэс л компьютерийг ихээр хэрэглэх болсон буюу хямралын дараагаар компьютерийн хүчин чадалд ач холбогдол өгч эхэлсэн байх боломж өндөр байдаг. Тухайн үеэс л, арилжааны гүйцэтгэл хурдасч, секундэд олон мянган арилжааг хийх боломжоор хангагдсан гэдэг. Гэвч хурд нэмэгдэхтэй зэрэгцэн, гэнэтийн мэдээг дагах олон сая, тэрбум хөрөнгийн хөдөлгөөн болон ханшийн огцом өөрчлөлтүүд хийгдэх нөхцөл бүрдсэн.

Хэдийгээр уналтыг өдөөж, дэвэргэсэн олон хүчин зүйлс байгаа боловч, эцсийн эцэст арилжаанд оролцогчдын сэтгэл зүйгээс бүх зүйл хамаарч байдгыг мартаж болохгүй. Дээрх түүхэн гэрэл зурагт, 1963 оны үеийн New York Stock Exchange (NYSE) дэх 1 агшинг харуулсан байгаа ба, энэ дундаас танил дүрийг хайж, залхуутай урт нийтлэлийн дунд түр ч атугай амсхийцгээгээрэй. Хэнийг хайхаа үнэхээр мэдэхгүй байгаа бол, ЭНД дараад хариуг нь хараарай.


Хэлхээ таслагч гэж юу вэ?

Хар даваа гарагийн дараахан, SEC-ынхон төстэй үйл явдлаас сэргийлэх, эс бөгөөс нөлөөг нь бууруулах зорилгоор, хамгаалалтын аргуудыг боловсруулан нэвтрүүлсний 1 нь хэлхээ таслагч юм. Уг арга нь, ханшийг нээлтийн үнээс тодорхой хэмжээнд алслагдах үед, арилжааг зогсоодог хамгаалалт бөгөөд, үүнийг дан ганц АНУ ч биш, олон олон арилжааны биржүүдэд ашиглах болсон. Хэлхээ таслагчийг, S&P 500 зэрэг томоохон индексүүдэд суурилуулсан байдаг ба, уг шийдэл нь ханш 7% унавал, арилжааг 15 минут түр зогсоох зэрэг зохицуулалтыг гүйцэтгэдэг. Энэ нь, 1-р түвшний хэлхээ таслагч юм. Түүний дараа, дахин унасаар 13 хувьд хүрвэл, 2-р түвшний таслагчийн зааврын дагуу, арилжааг ахин 15 минутын хугацаанд түр зогсооно. 3-р түвшин нь, 20% дээр тохируулагдсан байдаг.

Хэлхээ таслагчийн давуу болон сул талууд

Хэдийгээр хэлхээ таслагч нь, гэнэтийн цочир уналтыг барих, сааруулах давуу талтай гэж тодорхойлогдож байгаа ч, уналтыг улам бүр дэвэргэж болох сул талтай гэж үзэх хүмүүс цөөнгүй бий. Ингэж үзэх болсон шалтгаан нь, нээлтийн ханштай харьцуулсан хувь бодож байдаг тохиргоотой нь шууд хамааралтай юм. Нээлтийн ханш хэд байсан нь бүх нийтэд нээлттэй, ил тод харагдах учир, тодорхой түвшнүүд дээрх хэлхээ тасдагчийн дүнг урьдчилж тооцох, түүнийг ашиглан захиалгыг зориудаар өөрчилж оруулах, захиалгын жагсаалт дээрх хөрвөх чадварыг зохиомлоор бууруулах зэрэг зөрчлүүдтэй тулгарах боломжтой. Хөрвөх чадвар багассанаар, савлагаа улам даамжирч болзошгүй тул, хэлхээ тасдагчгүй үеийн ханшийн хэлбэлзэл нь илүү жам ёсны хөдөлгөөн байдаг гэж үзэх нь илүү үндэслэлтэй байдаг. S&P 500 зэрэг томоохон индекст хэлхээ таслагч зөвхөн уруудах чиглэлд хүчинтэй бөгөөд, харин нэгж хувьцаануудын хувьд 2 чиглэлд адил үйлчилнэ.

Зах зээлийн уналтанд хэрхэн бэлдэх вэ?

Арилжаачдын сэтгэл зүй болон зах зээлийн өөрийнх нь төрөлхийн шинж чанар нь, уналт тохиолдохгүй байх боломжгүй нөхцлийг бүрдүүлдэг тул, арилжаа болон хөрөнгө оруулалтын аль ч төрлөөр оролцож байгаа үед, уналтанд бэлтгэлтэй байх нь зүйтэй байдаг. Уналт нь, сандран зарах явдлаас үүдэн тохиолдох үзэгдэл учир, тайван байж, ул суурьтай хандаж, сэтгэл хөдлөлөө хянаж сурах нь чухал. Үүний тулд, урт хугацааны төлөвлөгөөг боловсруулан, хэрэглэвэл хамгийн зохимжтой байдаг.

Өөр нэгэн чухал шийдэл бол, SL зоож, хэрэглэх явдал юм. Амжилттай арилжаачин алддаггүй биш, бага алддаг гэдгийг санаж, эрсдлийн зохицуулалтыг ямагт, зөв гүйцэтгэж байх хэрэгтэй. Гэвч, урт хугацааны төлөвлөгөөний үед, SL хэрэглэх хүн тун цөөн байдаг нь судалгаагаар тогтоогдсон. Хэдийгээр илүү өндөр ашиг олох боломжыг алдагдуулах талтай ч, алдагдлыг их хэмжээний хохирлоос хамгаалж байдаг учир, SL-ыг байнга хэрэглэж хэвших нь зүйтэй байдаг. Ямар ч том уналт түр зуурынх байх ба, дахин дахин давтагдаж байдаг хэдий ч, зах зээл заавал эргэн сэргэдэг. Дэлхийн эдийн засгийн графийг сайтар холдуулаад харвал, тогтмол өсөлтийг үзүүлсэн байгааг болон уналтууд нь түр зуурын, багахан саад болохыг харах боломжтой.

Зах зээл, эдийн засгийн өсөлттэй уягдсан байдаг нь үнэн ч, крипто валютийн зах зээл, түүнээс хамааралгүйгээр хөдөлж байдгыг мартаж болохгүй. Криптогийн салбар нь эрсдэл нэн өндөртэй, зарим хөрөнгийн ханш эргэн сэргэхгүйгээр унаж, төсөл нь хаагддаг аюултайг ямагт анхаарч байвал зохилтой байдаг.


Бусад алдартай хар даваа гарагууд

1929 оны 10-р сарын 28

Хувьцааны зах зээл уналтанд орсноор, 1930 оны их хямрал эхэлсэн. Сэргэхэд тун их цаг хугацааг зарцуулсан энэ хямралын, 1929 оны намар тохиолдсон эхлэл нь түүхэн дэх хамгийн том уналтаар нэрлэгддэг.

2008 оны 9-р сарын 29

АНУ-ын байр, орон сууцны зах зээлийн хөөсрөлтийн уршгаар, санхүүгийн хямралын эх тавигдсан бөгөөд, 2000-аад оны сүүл үеэс эхэлсэн уг их уналт, 2010-аад оны сүүлийг хүртэл үргэлжилсэн ч, учирсан хохирол нь одоо болтол бүрэн сэргэж дуусаагүй байгаад тооцогддог. Уг хямралын талаар дэлгэрэнгүй мэдээллийг, ЭНД-ээс уншаарай.

2020 оны 3-р сарын 9

Их уналтаас хойш, АНУ-ын түүхэнд тохиолдсон хамгийн том уналт нь энэ байв. Үүний шалтгааныг, COVID19 цар тахал болон газрын тостой холбоотой дайн тулаантай холбож тайлбарладаг. 2008 оны их уналтаас хойших, 1 өдрийн дотор хамгийн их дүнтэй уналтанд тооцогдох энэ уналт, 7 хоногийн дотор бүрэн сэргэсэн түүхтэй.

2020 оны 3-р сарын 16

Цар тахлаас үүдэлтэй айдсын нөлөө үргэлжилсээр, 1 өдрийн доторх илүү том уналтыг давтан үзүүлсэн боловч, сандрал болон цочрол энэ хүрээд тайлагдсан гэж үздэг.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!