DAO гэж юу вэ?
Блокчэйний ачаар, санхүүгийн систем бүхэлдээ өөрчлөгдөн хувьсаж байна. Гэхдээ харилцан итгэлцэл үүсгэх шаардлагагүй, хааж хориглогдохгүй шинж чанрыг зөвхөн төсөв, мөнгөтэй холбох нь утгагүй хэрэг болно.
Уг технологийн өөр нэгэн чухал давуу тал нь, засаглал бөгөөд түүн дээр суурилсан цоо шинэ төрлийн, бие даасан, өөртөө засах, төвлөрсөн буюу ерөнхий удирдлагагүйгээр ажиллаж чадах байгууллагыг бүтээх боломж бий. Энэ талаар маш товчхон танилцуулгыг ЭНД дараад, "Крипто тайлбар толь" цуврал нийтлэлийн 4-р дугаарын харгалзах бүлгээс уншиж танилцаж болно.
DAO гэх товчлол нь, Decentralized Autonomous Organization буюу Төвлөрсөн бус, бие даасан байгууллага гэсэн үгсийн эхний үсгүүдээс бүтсэн бөгөөд энгийнээр бол, уг байгууллагыг компьютерийн код болон програмууд удирдан, зохион байгуулж байдаг. Ийм зохион байгуулалттай үед, дарга, удирдагч, З.Б., захирал зэргийн хэрэгцээ байхгүй бөгөөд, тэдгээрийн оронд ухаалаг гэрээг ашиглан, гаднаас ирсэн мэдээлэлтэй харилцах, үйлдэл гүйцэтгэх юм. Тэгэхдээ хүний оролцоогүйгээр ажиллах ба, цаашдын хөгжүүлэлтийн шийдлийг, токеноор тодорхойлогдсон хувьцаа эзэмшигчдийн нийгмээр гаргуулан авч байдаг.
DAO яаж ажилладаг вэ?
DAO дээрх гүйлгээнүүдийн мэдээлэл болон дүрмүүд нь, Блокчэйн дээрээ ил тод тэмдэглэгдсэн байх бөгөөд, тэдгээр дүрмүүдийг хувьцаа эзэмшигчид зохиож, санал хураан баталснаар хүчин төгөлдөр болох учиртай. Өөрөөр хэлбэл, DAO нь санал дэвшүүлэлтийн зарчмаар шийдвэрт хүрэхээр загварчлагдсан тогтолцоо юм. Хувьцаа эзэмшигчдийн ихэнх нь санал нэгдэх эсвэл сүлжээний зөвшилцлийн бусад дүрмүүдтэй нийцэж байвал, тухайн шийдвэрийг хэрэгжүүлж, нэвтрүүлнэ гэсэн үг.
Зарим талаар DAO нь, том байгууллага болон улс үндэстэнтэй төстэй зарчмаар ажиллах ч, харьцангуй илүү төвлөрсөн бус шинжтэй байдаг. Өнөөгийн, уламжлалт загварын байгууллагууд нь, шатлан захирах ёсоор ажилладаг бөгөөд хүнд суртлын олон үе давхаргад булагдаад байгаа нь гашуун үнэн болоод байгаа билээ. Тэгвэл DAO хэлбэрт ямар ч шатлал байхгүй, түүний оронд эдийн засгийн аргуудыг, тэр дундаа тоглоомын онолыг төлхүү хэрэглэж, гишүүд болон байгууллагын эрх ашгийг жигд хангаж, хамгаалдаг. Түүнчлэн DAO-ийн гишүүд нь ямарваа байдлаар бодит гэрээг байгуулалцдаггүй, харин зөвшилцлийн дүрмүүдийн дагуу, санаа, зорилгоороо эвлэлдэн нэгдсэн байдгаараа онцлог. Хил хязгаарт баригдахгүй, албан байр гэж байхгүй учир, гишүүд нь дэлхийн хаанаас ч холбогдсон байх боломжтой.
DAO нь, ачаалагдсан цагаасаа л бусдаас бүрэн хараат байж, зөвхөн нийтийн саналыг баримтлах ба, журмууд нь хэдий чинээ сайн тооцоологдож, чанартай гүйцэтгэгдсэнээс хамаарч, сүлжээ нь тэр хэмжээгээр ашигтай, амжилттай, ирээдүйтэй байх болно. DAO-ийн ачаар, харилцагч, түншүүдээ таних, тэдэнд итгэх шаардлагагүйгээр, хамтран ажиллах боломж бүрдэх юм. Энгийнээр бол, DAO-ийг, олон хэрэглэгчийн ажлыг нэгтгэх, тусгай зохицуулагчтай үйлдлийн системтэй зүйрлэж болно.
DAO ба захирал-ажилтны асуудал
DAO нь, эдийн засгийн асуудлуудын 1 болох principal-agent problem-ыг гижигдэгч өд болдог бөгөөд, уг асуудал нь захирлын нэрийн өмнөөс, ажилтан дур мэдэн шийдвэр гаргах явдлыг тодорхойлдог. Энэ тохиолдолд хэрэв ажилтан, хувийн эрх ашгаа илүүд үзсэн байвал, тэр нь захиралд таалагдахгүй нь ойлгомжтой. Уг асуудлын үед ажилтанд, захирлын эрх мэдлийг ашиглах боломж олгогдохоос гадна, захирал болон ажилтны хооронд мэдээллийн ноцтой зөрчилдөөнийг үүсгэх аюултай байдаг. Захирал, ажилтнаа боломжыг ямар байдлаар урвуулан ашигласан эсэхийг мэдэж чадахгүйгээс гадна, ажилтныг байгууллагад болоод, захирал, бусад ажилтнуудад хамгийн ашигтай байхаар шийдвэрлэсэн эсэхийг тогтоох боломжгүй юм. Үүний нийтлэг жишээ нь, иргэдийг төлөөлөх нэр дэвшигч, хөрөнгө оруулагчийг төлөөлөх зуучлагч, хөрөнгө оруулагчдыг төлөөлөх зохион байгуулагч нар билээ.
Блокчэйний санал болгож чадах илүү ил тод байдлыг бий болгосноор, DAO нь энэ асуудлаас ангижирч чадна. Түүнчлэн, гишүүдийн хоорондын эрх болон үүргийн ялгааг арилгаснаар, хандаж чадах мэдээллийн зөрүү арилах боломжтой. Бүх гүйлгээ нь шилэн дансанд бичигдэх тул, DAO-ийн үйл ажиллагаа нээлттэй бөгөөд халдашгүй дархан байх онцлогтой.
DAO-ийн жишээ
DAO-ийн маш энгийн, хамгийн анхны жишээгээр, Биткойны сүлжээг нэрлэж болдог. Төвлөрсөн бус чанартайгаар ажилладгаас гадна, оролцогчдын харилцааг зөвшилцлийн алгоритмаар зохицуулдаг учраас тэр. Биткойны журмууд нь, байгууллагын дүрэмтэй төстэйд тооцогдож болох бөгөөд, Биткойн нь өөрөө сүлжээний аюулгүй байдлыг хангахад хэрэглэгдэх валютийн үүргийг гүйцэтгэнэ. Биткойн, ерөнхий удирдлагын хяналт, оролцоогүйгээр, үнэ цэнийг хадгалж, дамжуулж чадах нь, гол зорилго болно. Гэхдээ илүү боловсронгуй DAO-ийн хувьд, нийгмийн сүлжээ гэх мэт, өөр өөр хэрэглээнд нийцүүлэн үүсгэсэн байх боломжтой. Түүнчлэн DAO нь, IOT зэрэг төхөөрөмжүүдийн үйл ажиллагааг ч удирдан, зохион байгуулж болно.
Дээрхээс гадна, DAO-уудыг нэгтгэсэн, Decentralized Autonomous Corporations (DACs) буюу төвлөрсөн бус, бие даасан корпорацийг бүтээж болох ба, DAC нь энгийн байгууллагатай адилаар ажиллах боломжтой байна. Тэгэхдээ мэдээж, дарга болон ажилтны олон тусдаа түвшинг үүсгэдгүйгээрээ, уламжлалт жишгээс ялгарна. Жишээлбэл, тээвэр, хүртгэлтийн үйлчилгээ үзүүлдэг, жолоочгүй, өөрөө өөрийгөө эзэмшдэг авто-машин байлаа гэж төсөөлье. DAC-ийн хэсэг учир уг машин, хүнтэй болон бусад төхөөрөмжүүдтэй харилцаж чадахаас гадна, Блокчэйний хутагын тусламжтайгаар, ухаалаг гэрээг ашиглаж, бие даан үзлэг болон засварт орох ч боломжтой байх юм.
Эфириум ба The DAO
DAO-ийн анхны жишээнүүдийн 1 нь, The DAO гэх Эфириумийн Блокчэйн дээр ачаалласан ухаалаг гэрээн дээр суурилсан, бие даасан, гарааны хөрөнгийн шийдэл байв. The DAO-ийн токенууд нь, ICO-р худалдаалагдсан бөгөөд, өмчлөгчиддөө гадаслалт, сонгуульд оролцох эрхийг олгох байсан ч, нээлтээ хийгээд удаагүй байхад нь, крипто ертөнцийн хамгийн том хакуудын 1 тохиолдож, нийт хөрөнгийнхөө 1/3-ийг алдсан харамсалтай үйл явдал тохиолдсон билээ. Үүний уршгаар, Эфириумийг шинэ хэлхээрүү сэт салаалж, шинээр үүссэн хэлхээн дээрх хөрөнгүүдийг сэргээн авсан ба түүнийг нь, бид өдгөө Эфириум нэрээр нь мэддэг болоод байгаа. Хакдуулсан хэвээр үлдсэн, хуучин хэлхээг нь Ethereum Classic (ETC) хэмээн нэрийдэх болсон.
#CoinMarketCap
DAO-д ямар бэрхшээлүүд тулгараад байгаа вэ?
Хууль зүйн талаас
DAO-ийг хуулийн ямар заалтанд хамруулж, яаж зохицуулах нь одоо хэр нь тодорхойгүй байсаар байна. Урьд өмнө нь байгаагүй ийм тогтолцоог, олон тусдаа хуулиудад хэрхэн нийцүүлэх нь хамгийн зохимжтойг олж тогтооход багагүй хугацаа шаардагдах нь дамжиггүй. Гэвч, хуулийн зохих зохицуулалтгүй байдал нь, DAO-ийн хөгжилд тодорхой хэмжээнд саад учруулсаар байгаа юм.
Зохион байгуулалттай халдлагууд
DAO-ийн итгэлцэл үүсгэх шаардлагагүй, хааж хориглох боломжгүй, төвлөрсөн бус чанрууд нь нэн сайшаалтай давуу талууд хэдий ч, тэдгээрээс улбаалсан дутагдлууд бас байдгыг мартаж болохгүй. Тийм ч учраас, энэ төрлийн байгууллагыг үүсгэхээс өмнө, тулгамдаад буй асуудлуудтай нь танилцах хэрэгтэй.
Төвлөрлийн цэг
Төвлөрсөн бус чанрыг төлөв бус, төвлөрсөн байдлаас алслагдсан орон зай гэж үзэх нь бий. Эдгээрийн аль ч нөхцөлд, давуу болон сул талууд бүрэлдэх ба, зарим тохиолдолд бүрэн бие даасан, төвлөрсөн бус байдлыг үүсгэх ямар ч боломжгүйд тооцогдож болдог. DAO-ийн ачаар, оролцогчдын цар хүрээ өмнө нь хэзээ ч байгаагүйгээр тэлж болох ч, зохицуулалтын үүргээр оролцогч засаглалын журмууд нь, тухайн сүлжээний төвлөрсөн цэгийг үүсгэх нь ойлгомжтой юм. Хэдийгээр, төвлөрсөн хэлбэртэй байгууллагууд илүү үр дүнтэй ажиллах боломжтой ч, төвлөрсөн бус байгууллагууд нь илүү нээлттэй оролцоог буй болгоно.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation