Polkadot гэж юу вэ?
Polkadot-г хөгжүүлэгчид нь, Блокчэйний дэвшилтэт протокол гэж өргөмжилдөг бөгөөд үүний шалтгаан нь, 1 ерөнхий сүлжээнд олон хэлхээг холбох чадвартай нь холбоотой аж. Web3 сангийнхан үндсийг нь тавьж, өдгөө Web 3.0-ыг бүтээх ажилд голчлон төвлөрч ажиллаж байгаа энэхүү Polkadot буюу Цоохор төсөл нь интернэтийн салбарт ноёлогчдыг түлхэн унагааж, хэрэглэгчдэд эрх мэдэл, хүч чадлыг олгохоор зорьж байна.
Биткойныг мэндлэсэн цагаас л олны анхаарлыг татаж эхэлсэн Блокчэйн технологийн талаар өнөөдөр дуулаагүй хүн бараг үлдээгүй болов уу. Технологийн салбарт асар том шинэчлэлтийг авч ирж чадах, агуу хэмээн тодорхойлогдох болсон энэ технологид гэхдээ хэд хэдэн томоохон сул тал бий. Бие даасан Блокчэйнүүд өөр хоорондоо шууд, чөлөөтэй холбогдож, харилцах боломжгүйгээс гадна, харилцан нийцтэй байдлыг үүсгэж, бүрдүүлэх ажил нь ихээхэн хүчин чадалтай хэрэглүүр болон үйлчилгээг шаардаж байна. Саяхныг хүртэл хөгжүүлэгчид, Блокчэйнүүдийг холбосон гүүр бүтээхийг зорин ажиллаж байсан ч, 1 дор олон зуун мянган Блокчэйнийг зэрэг холбоход энэ шийдэл нь хангалттай гаргалгаа болж чадахгүй байгаа юм. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн зохимжтой аргыг, Web3 сангийнхан сүүлийн хэдэн жилийн турш тасралтгүй боловсруулсаар ирсэн нь, Polkadot юм.
Бүх нийтэд зориулагдсан, нээлттэй эх дээр хөгжүүлэгдэж буй энэ төслийг, Блокчэйний ирээдүйг тодорхойлох чухал бүтээл гэж үзэх хүн цөөнгүй бий. Төслийн гол зорилт нь, Эфириумийг хамтран бүтээлцэж явсан Гэвин Вудын (Gavin Wood) санаанаас сэдэвлэгдсэн бөгөөд, хөгжүүлэгчид нь аюулгүй байдал, өргөжих чадвар, шинэлэг санаачлага 3-г үндсэн зорилго болгон ажиллаж байна. Өөрөөр хэлбэл энэхүү төсөл нь, шинэ санааг хялбархан тусгах чадвартай байх хэдий ч, тэдгээр шийдлүүдийн хоорондын чөлөөт зохицолдлыг бүрдүүлж өгдөг байх юм. Полкадотын экосистем дэх бие даасан Блокчэйнийг Parachain (Parallel Blockchain) буюу зэрэгцээ хэлхээ, харин ерөнхий хэлхээг Relay Chain буюу дамжуулагч хэлхээ гэдэг. Эдгээр хэлхээнүүдийн хооронд өгөгдөл, мэдээллүүд хэдийд ч, ямар ч саадгүй дамжих нь уг төслийн гол зорилго билээ. Тиймээс үүнийг, Эфириум 2.0 шинэчлэлтийн хүрээнд хийгдэж буй Shard буюу хэлтлэлээр зүйрлэж, ойлгож болно. Энэ шийдэл нь, хэрэглүүрүүд, бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хэлхээ дамнан ажиллах маш тохиромжтой болгож, урьд өмнө нь байгаагүй уудам орон зайд өгөгдөл болон цахим хөрөнгийг шилжүүлэх боломжыг нээж өгч байгаагаараа онцлог болсон. Ялгаатай зэрэгцээ хэлхээнүүдийн хооронд солилцох мэдээллийг, сүлжээний баталгаажуулагч нар хянаж, хамгаалахын зэрэгцээ гүйлгээнүүдийг олон зэрэгцээ хэлхээгээр дамжих баталгааг нь гаргаж өгнө.
Полкадотын ашигтай талууд
Өнөө цагийн Блокчэйнүүдэд, өргөжих чадвар, өөрчлөн зохион байгуулах боломж, харилцан хамааралтай ажиллах чадвар, засаглал, сайжруулах боломж зэрэг асуудлууд тулгамдаад байгаа ба тэдгээрээс өргөжих чадварыг, Polkadot нилээд өргөн хүрээгээр шийдвэрлэж чадна. Олон хэлхээний үүргийг гүйцэтгэх учир, орчин цагийн Блокчэйний хамгийн том сул талыг арилгах боломжыг бүрдүүлээд байгаа. Зэрэгцээ боловсруулалтынх нь ачаар, Блокчэйнийг хэрэглээнд илүү өргөнөөр нэвтрүүлэх таатай нөхцөл ч бий болж байна. Мөн, энэхүү экосистем хөгжүүлэгчдэд өөрийн хэрэгцээ, шаардлагад яв цав нийцсэн Блокчэйнийг бүтээх боломжыг нээж өгсөн байдаг тул, ерөнхий 1 Блокчэйний хязгаарлалтуудад баригдаад суудаг цаг ард хоцорсон. Substrate-ын тусламжтайгаар, өөрийн төсөлд хамгийн тохирох, тусгай хэрэглээтэй хэлхээг бүтээж, ашиглаж болдог нь, Полкадотын онцлох чанаруудын 1 гарцаагүй мөн. Харин харилцан зохицолтой, нийцэж ажиллах тал дээр, Polkadot шиг чөлөөтэй дамжуулж чадах өөр төсөл бараг байхгүй гэж хэлж болно. Энэ чанрынх нь ачаар, хэдийн хэрэглээнд нэвтэрсэн шийдлүүдийг улам боловсронгуй болгож болохоос гадна, урьд өмнө нь боломжгүйд тооцогдож байсан санааг ч амьдруулах боломжтой. Зэрэгцээ хэлхээ бүр нь өөр өөр үүргийг гүйцэтгэх, цоо шинэ, нэгдсэн экосистемийг ч үүсгэж болох юм. Түүгээр ч зогсохгүй, зэрэгцээ хэлхээ бүрийн засаглалыг, харгалзах сүлжээнээс бүрдсэн нийгмийн хүрээлэл нь дангаар удирдах эрхтэй байх ба, тэдгээр бүх нэгдлүүд нь нийтээрээ Polkadot-н ирээдүйг шийдвэрлэх чухал үүрэг оролцоотой байна. Зэрэгцээ хэлхээ бүрийг, тус тусад нь сайжруулах бүрэн бололцоотой буюу сэт салаалалт хийлгүйгээр хэлхээгээ сайжруулах боломжтой байдаг. Дээрхээс харахад, Полкадот бол өнөө цагийн Блокчэйнүүдийн өмнө нүүрлээд буй үндсэн асуудлуудын ихэнхийг шийдвэрлэж чадсан, гайхалтай бүтээл гэж үзэж болохоор байна.
DOT токен
Блокчэйнд суурилсан ихэнх байгуулалтын адилаар, Полкадотод ч өөрийн нэрийн токен бий. Түүнийг DOT гэж тэмдэглэх бөгөөд, уг токен нь Биткойны BTC, Эфириумийн ETH зэргийн адилаар сүлжээний токений үүргийг гүйцэтгэдэг. Гэхдээ энэ токенийг, Polkadot-ын нийт экосистемийн засаглалд буюу сүлжээний сайжруулалт, шимтгэл хураамжын хэмжээ, зэрэгцээ хэлхээ шинээр үүсгэх болон устгах зэрэг санал хураалтанд оролцох эрхийг олгоно. Мөн DOT-ыг гадаслаад, сүлжээний зөвшилцлийг бүтээхэд оролцож болдог ба энэ ажиллагаа нь, гадаслаж болдог бусад хөрөнгийн адилаар гүйцэтгэгдэнэ. Дээрхээс гадна, DOT-ыг Bonding буюу хэлхэхэд ашиглаж болно. Хэлхэх гэдэг нь, Полкадотын экосистемд шинэ зэрэгцээ хэлхээ үүсгэхэд зориулан DOT-ыг тодорхой хугацаанд байршуулж, түгжүүлэх үйлдэл бөгөөд, хугацаа нь дуустал эсвэл тэрүү хэлхээ нь экосистемээс хасагдтал түгжигдэнэ.
Уг төсөл болон түүний токен DOT-той холбоотой, крипто зах зээл дээрх бүхий л, тоон болон граф үзүүлэлт, мэдээ мэдээллийг олж авах, арилжаалагч, хөрөнгө оруулагчдын болон хөгжүүлэгчдийн нийгмийн сүлжээнд нэгдэхийг хүсвэл ЭНД дараад CMC дээрх харгалзах хуудсанд нь зочлоорой.
#CoinMarketCap
Полкадот дээрх гадаслал ба хэлхэлт
Полкадотын харилцан зохицолтой ажиллах чадвар нь зөвхөн өгөгдөл болон хөрөнгийг шилжүүлснээр хязгаарлагддаггүй. Шударгаар хөдөлмөрлөгчдийг (Staking буюу гадаслал болон Bonding буюу хэлхэлтийн үед) урамшуулах зэрэг шинэлэг санаачлагыг нэвтрүүлэхэд ч тусладаг. Гадаслал хэдийгээр шинэ ойлголт биш боловч, хэрэв Та үүний талаар хангалттай мэдээлэл олж авч амжаагүй байгаа бол, ЭНД дараад манай "Staking гэж юу вэ?" нийтлэлийг уншаарай. Харин хэлхэлт нь, хөгжүүлэлт нь зогссон хэлхээг халах, шинэ хэлхээг бүтээж, нэвтрүүлэхэд зориулагдсан цоо шинэхэн аргын нэр томъёо билээ. Энгийнээр бол энэ нь гарааны санхүүжилт олгоод, төсөл нь амжилт олсон тохиолдолд хувь хүртэхтэй адил ойлголт юм. Зарим талаар, гадаслалттай төстэй ч, зориулалтаар тэс ондоо зүйл шүү. Эдгээрээс гадна, Minting буюу хэвлэлт, Slashing буюу цавчилт гэх ойлголтууд бас бий. Хэвлэлтийн тайлбарыг, ЭНД дараад "Крипто тайлбар толь" цувралаас уншиж, судалж болно. Харин цавчилт гэдэг нь, гадаслалын үед зөрчил гаргасан тохиолдолд битүүмжлүүлсэн барьцаа хөрөнгөөсөө торгууль төлөх явдлыг тодорхойлж байгаа юм.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation