DAG гэж юу вэ?

Биткойноос хойш асар олон крипто валют мэндэлсэн ч тэдний ихэнх нь сүлжээний адил төстэй бүтэц, зохион байгуулалттайгаар хөгжүүлэгдсэн байдаг. Тэдний өгөгдлийн зохион байгуулалт нь хэрэглэгчдэд үнэ цэнийг шилжүүлэх, төвлөрсөн бус хэрэглүүртэй харьцах боломжыг нь олгодог. Гэвч үүнээс үүдэн гарах хүлээлгийн хугацаа нь, сүлжээний өргөжин тэлэх, олныг хамрах чадварт саад хийж болзошгүй гэж эмээх нь бий. Тийм ч учраас, Directed Acyclic Graph буюу Чиглүүлсэн, Тойргын бус Графийг нэвтрүүлснээр, илүү шинэлэг, дэвшилтэт байгуулалтыг бүтээж, крипто валютийн төлбөрийн сүлжээг бүх нийтийн, өдөр тутмын хэрэглээ болгох боломжтой гэж үзэх хүмүүс гарч ирсэн.

DAG нь, өөр өөр хэсэг бүлэг мэдээллүүдийг хооронд нь холбож өгөх чадвартай өгөгдлийн сан юм. Зарчмын хувьд DAG нь доорх зурагт харуулсантай төстэйгээр дүрслэгдэнэ. Өөрөөр хэлбэл, тэд оройнууд (бөмбөлөг) болон ирмэгүүдээс (холбоос шугамууд) бүрдэнэ. Чиглүүлсэн гэж нэрлэсний учир нь, тэдгээр нь бүгд 1 зүгрүү чиглэсэн хөдөлгөөнтэй байгаатай холбоотой бөгөөд түүнийг нь доорх зурагт сумаар төлөөлүүлэн зурсан байгаа. Харин тойргын бус гэж тодорхойлох болсон шалтгаан нь гэвэл, 1 цэгээс гарсан урсгал, эргэж тухайн цэг дээр дахин ирэх боломжгүйгээр загварчлагдсанаас нь үүдэлтэй юм. Энэ талаар нийтлэлийн үргэлжлэлд илүү тодорхой тайлбарлах болно оо.

Ийм байгуулалтыг, ихэвчлэн өгөгдлийг загварчлахад зориулан хэрэглэдэг бөгөөд тэр дундаа шинжлэх болон анагаах ухааны салбарт ашиглахад илүү тохиромжтой байдаг. Тодруулбал, DAG нь хувьсагч хоорондын харилцааг судлах, тэдгээрийн өөр хоорондоо харилцан үзүүлэх нөлөөг судлах боломжыг олгодгоороо давуу талтай. Жишээлбэл, хоол хүнс, амин дэм, нойрсолт/нойргүдэл, илэрч буй шинж тэмдгүүдийн уялдаа холбоо, харилцан хамаарлыг тооцож олоход DAG-ийг ашиглаж болно гэсэн үг. Харин крипто салбарт уг зохион байгуулалт нь тархмал сүлжээнд, зөвшилцлийг бий болгон, бататгах зорилгоор ашиглахад нэн тохиромжтой.

Ажиллах зарчим

DAG бүтэцтэй крипто валютийн хувьд орой бүр гүйлгээг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл энд, блок болон олборлолт гэсэн ойлголтууд бүрэн халагдах юм. Энд цугларсан өгөгдлийг блокт шахахын оронд, зүгээр л дээр дээрээс нь давхарлаад өрчихдөг учир, багахан PoW ажиллагаагаар зангилаанаас ирсэн гүйлгээг шивж оруулаад л үндсэн ажиллагаа дуусдаг онцлогтой. Ингэснээр, сүлжээг SPAM-дах боломжгүй болохын зэрэгцээ, өмнөх өгөгдлүүдийн үнэн бодит, халдагдашгүй дархан байдлыг, арынх нь өгөгдөл давхар баталгаажуулах нөхцөл боломж бүрдсэн.

Шинэ гүйлгээг нэмэхийн тулд, Биткойнд блок нэмэхтэй адилаар өмнөх гүйлгээний мэдээллийн эмхэтгэлийг тусгаж өгөх ч, түүнээс ялгаатай нь, 1 бус хэд хэдэн гүйлгээний мэдээллийг шингээж өгөх боломжтой байдаг. Зарим системд аль гүйлгээнүүдийн хураангуйг агуулахыг нь зааж өгдөг алгоритмыг суулгаж өгсөн байдаг ба тэр нь баталгаажуулалтыг тэнцвэртэй хуваарилах зохицуулалтыг хийдэг.

Тухайн 1 гүйлгээний мэдээллийг нь өөртөө багтаасан өөр 1 шинэ гүйлгээ бичигдсэнээр эхний гүйлгээ баталгаажна. Энэ тохиолдолд хэрэглэгчид ихэвчлэн хамгийн урт цуваа буюу, хамгийн "хүнд" эгнээнд гүйлгээгээ бичүүлж, системийг өргөтгөхийн сацуу, баталгаажуулалтыг түргэсгэх нь ойлгомжтой. Ийм зохицуулалт байгаагүй бол, хэрэглэгчид хамгийн эхний гүйлгээг л ахин дахин дурьдаж, ашиглах аюултай байсан.

Блокчэйнүүдийн хувьд, давхар зарцуулалтаас хамгаалах шийдэл нь үргэлж, тун энгийн байсаар ирсэн. Блок дахь мэдээллийг 1-ээс олон удаа бичиж, ашиглах боломжгүй, тэгэх гэж оролдсон даруйдаа баригдахаар загварчлагдсан нь тэдгээрийн гол онцлог болдог. Тэгвэл DAG-т ч бас үүнээс сэргийлэх шийдэл бий. Тэр нь Блокчэйнийхтэй адил боловч, олборлогчгүйгээр ажилладагаараа ялгаатай. DAG-ийн үед, аливаа зангилаа, гүйлгээг баталгаажуулахдаа, түүнтэй холбогдсон өмнөх бүх гүйлгээг, анхны гүйлгээ хүртэл, 1 бүрчлэн бүрэн тулгаж, шалгах ба ингэхдээ хэрэглэгчийн зарцуулах дүн, дансан дахь дүнгээс хэтрэхгүй байж чадаж байгаа эсэхийг тогтоодог байна. Гэхдээ, боломжит бүх замуудаас, аль 1-г нь л сонгож шалгах бөгөөд тэрхүү сонгогдсон зам нь баталгаажиж чадвал, гүйлгээг батлах нөхцөл нь бүрдэнэ.

Хэрэв хэрэглэгчид гүйлгээгээ буруу замаар илгээх гэж оролдвол, тухайн гүйлгээ нь "үл ойшоогдох" болно. Хэдийгээр тэрхүү гүйлгээ нь өөрөө ямар ч зөрчилгүй байлаа ч, түүнтэй холбогдсон суурь гүйлгээний мэдээлэл нь ямар 1 асуудалтай байвал, тухайн гүйлгээг баталгаажуулах зангилаа олдохгүй гэж ойлгож болно. Түүнчлэн 1 салаа, нөгөөтэйгээ холбогдохгүй байх боломжтой учир, харилцан 1 1-нийхээ оршин буйг мэдэж чадахгүй, тэгэхээр ийм салааг ашиглаад, давхар зарцуулах гэж оролдох боломжтой мэт харагдаж байх болох юм.

Гэвч, замчлагч алгоритм нь энэ аюулыг зайлуулах гол үүргийг гүйцэтгэдэг учир, түүнд санаа зовох шаардлага огт байхгүй. Уг алгоритм нь, орж ирсэн гүйлгээний мэдээллийг бичихдээ, хамгийн урт эгнээг сонгох тул, түүнд бичигдсэн мэдээлэл нь түрүүлж баталгаажих, улмаар нөгөө салаа хоцорч, яваандаа хүчингүй болно гэсэн үг.

Блокчэйний хувьд, гүйлгээг буцаах эрсдэл хэзээд байдаг учир, 100% найдвартайд тооцох боломжгүй. Бараг боломжгүй гэж тодорхойлогддог хэдий ч, Биткойн, Эфириумийн блок дахь гүйлгээнүүдийг буцааж болдог. Тухайн блокын араас хэдий чинээ олон блок бичигдэнэ, тэр хэрээр буцаагдах аюул багасч байдаг учраас, гүйлгээг дор хаяж 6 блокоор баталгаажсаны дараа хүлээн зөвшөөрөх нь зүйтэй байдаг. Тэгвэл DAG-ийн хувьд, IOTA-н Орооцолдооны адилаар Баталгаажуулалтын найдвартай байдал гэсэн ойлголт бий. Сонгогч алгоритм нийт 100 удаагийн тулгалт хийх ба, сонгогдсон тэдгээр оройнуудын хэд дээр нь өөрийн хийсэн гүйлгээг шууд болон шууд бусаар баталгаажсаныг харах боломжтой байна. Тэр дүн нь хэр өндөр гарснаар нь, өөрийн гүйлгээг буцаагдахгүй байх хэр өндөр магадлалтай байгааг мэдэж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийг гүйлгээгээ хийх үед, хэтэвч нь дараах алхмуудыг хэрэгжүүлж байх юм. Үүнд:

  1. Хамгийн олон найдвартай баталгаажуулалттай буюу хамгийн урт эгнээг олж, сонгоно.
  2. Харгалзах гүйлгээтэй холбоотой өмнөх гүйлгээнүүдийн мэдээллийг шүүж, зарцуулах дүн нь зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг 1 бүрчлэн тулгаж шалгана.
  3. Элдэв асуудал, зөрчилгүй байвал, тухайн гүйлгээний мэдээллийг DAG-д нэмээд, араас нь бичигдэх гүйлгээнүүдээр баталгаажуулна.

Эдгээр бүх үйлдэл, хэрэглэгчийн нүдэнд ил харагдахгүйгээр боловсруулагдах учир, хэрэглэхэд хялбар, цаад зарчим, ажиллагааг нь энгийн хэрэглэгчид ойлгох гэж оролдох шаардлагагүй юм.



Давуу болон дутагталтай талууд


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!