EtherScan гэж юу вэ?

Эфириумийн сүлжээний Блокчэйн хөтчүүд дундаа хамгийн өргөн хэрэглэгддэг, найдвартай нь EtherScan. Уг вебсайтыг ашиглан гүйлгээнүүд, блокууд, хэтэвчийн хаягууд, ухаалаг гэрээнүүд болон хэлхээтэй холбоотой бусад бүхий л өгөгдөл, мэдээлэл, тоон болон граф үзүүлэлтүүдийг олж авах боломжтой. EtherScan (etherscan.io)-ийн тусламжтайгаар, Блокчэйнтэй болон бусад хэтэвчүүд, DApp-уудтай хэрхэн харилцах боломжтой эсвэл хэрэгтэйгээ мэдэж авч болно. Энэхүү нийтлэлээрээ уг вебийг танилцуулахын хажуугаар, хэрхэн түүнийг ашиглаж, сэжигтэй зүйлсийг таньж, илрүүлэх замаар аюулгүй байдлаа хангаж болохыг зааж өгөхийг зорьлоо.

EtherScan-ийг хэрэглэхийн тулд, хэтэвчийн хаяг, гүйлгээний дугаар, гэрээний дугаар гэх мэт хайлт хийхэд ашиглаж болох ямарваа 1 давтагдашгүй утга бүхий эсвэл тодорхойлогч түлхүүр үгтэй байхад л хангалттай байдаг. Юугаар хайлт хийснээс хамаарч илэрц бүр харилцан адилгүй үр дүнг харуулах боловч ихэнх тохиолдолд гүйлгээнүүд, хаягууд, огноонууд болон дүнгүүд байна. Түүнчлэн EtherScan-ээр дамжуулан, ухаалаг гэрээтэй шууд харилцан, гүйлгээ хийх, хийн хураамжын дүнг шалгах, хаялагуудыг хайж олох боломжтой. Эфириумийг дарах, арилжих, шилжүүлэхээс илүү олон хэлбэрээр ашигладаг бол, Блокчэйнийг нь тандаж, судалж сурах шиг хэрэгтэй зүйл үгүй болов уу. Тийм ч учраас энэхүү нийтлэлдээ суурь мэдэгдэхүүнийг бүрэн олгохыг хичээлээ. Түүнчлэн энэхүү вебийг ашиглахад ямар ч төлбөр шаардахгүй бөгөөд хэтэвч холбож, бүртгэл үүсгэхгүйгээр ихэнх үйлчилгээг нь авах боломжтой байдаг юм. Ингээд EtherScan-ийг хэрэглэж болох хамгийн түгээмэл аргуудтай танилцацгаая.

EtherScan нь, Эфириумийн Блокчэйн дээрх нийтэд ил өгөгдлүүд болох гүйлгээ, ухаалаг гэрээ, хаягууд зэрэг мэдээллүүдэд хандах боломжыг олгодог хөтөч буюу хайлтын сан юм. Энгийнээр бол үүнийг, Эфириум хэмээх нээлттэй орон зайгаас, хүссэн мэдээллээ олоход туслах хайгуулын хэрэгсэл гэж ойлгож болно. Зөвхөн гүйлгээний дугаараар нь л түүнтэй холбогдсон бүхий л үйлдлүүд, токенууд, ухаалаг гэрээнүүд, хэтэвчийн хаягуудыг шүүж харах боломжтой байх жишээтэй. Санал болгогдсон, төлбөргүй, үндсэн боломжуудаас илүүг хэрэглэхийг хүсвэл бүртгэл үүсгэн ашиглаж болох ба ингэснээр, орлого илгээгдсэн даруйд мэдэгдэл хүлээн авах, хөгжүүлэгчийн хэрэгслүүдэд хандах, өгөгдлүүдийн тайланг харах гэх мэт нэмэлт эрхүүдтэй болох юм. Гэвч, EtherScan дээр хувийн түлхүүрээ хадгалах ямар 1 хэтэвч эсвэл өөр бусад санах ой байдаггүйг анхаараарай. Мөн, уг вебийг арилжааны зорилгоор ашиглах боломжгүй буюу зөвхөн мэдээллийн сан, хайлтын илэрц харуулагч цонх байдлаар бүтээгдсэн гэдгийг мартаж болохгүй.

Хэрэглэх шаардлага

"Сайныг дагаад саар" гэгчээр Блокчэйн, Криптог дагасан луйвар, залилан ихээр цэцэглэх болсон. Ялангуяа DeFi, DApps-д тэдгээрийг ялгаж, таньж сурах нь өөрийн хувийн мэдээлэл болоод, өмч хөрөнгөө хамгаалахад ихээхэн тус дэм болох юм. Жишээлбэл, EtherScan-ийн халимын мэдэгдлийн тусламжтайгаар, арилжааны биржрүү их хэмжээний хөрөнгө шилжүүлэгдэн орсон эсвэл гарсан талаар цаг алдалгүй мэдэх боломжтой байдаг. Ийм шилжүүлгүүдийн дараа ямагт хэт их хэмжээний арилжаанд хийгдээд байдаггүй ч, нөхцөл байдлын баримжааг олоход тусладаг давуу талтай. Түүнчлэн, төслүүдийн санаачлагчдыг өөрсөддөө хадгалж үлдсэн токенийг хэр хэмжээгээр, хэдийд, ямар байдлаар зарцуулж байгааг харах боломжтой буюу луйврыг таньж мэдэх боломж олдоно.

Гүйлгээ болох хэтэвчийг шалгах

EtherScan-ийн гүйцэтгэж чадах гол үйлдэл нь, гүйлгээг тандах. Крипто валютаа мөшгиж дадсан байхад, Блокчэйнтэй нь холбоотой бусад бүх мэдээллийг олж авахад саадгүй болдог. Жишээлбэл, 1 хэрэглэгч 0.025 ETH-ийг дараах ил хаягруу илгээсэн байлаа гэж төсөөлцгөөе.

0x480bbcb368197d44c6f54a738e59c33eff004b6a
Ингэхдээ мөн, 0.001559212674537 ETH-ийг гүйлгээний шимтгэлд төлсөн бөгөөд, гүйлгээг хийсний дараа дараах гүйлгээний дугаар дэлгэцэн дээр тань гарч ирсэн гэж үзье.

0x80a3cc0f344651b3de745b2f1efbe8d35d4f348e95b345c8a840ebf955414fa5
Гүйлгээг амжилттай болсон эсэх, хичнээн баталгаажуулалт авсан байгааг эсвэл хүлээн авагчдаа хүрсэн эсэхийг харахыг хүссэн гэвэл, дараах алхмуудыг гүйцэтгээд, шалгаж болох юм. Үүнд:

1. EtherScan-ийн нүүр/эхлэл хуудсанд зочлоод, хуудасны дээд хэсэгт байрлах хайлтын талбарт ханд

2. Гүйлгээний дугаараа, хайлтын талбарт хуулж оруул

3. Илэрцээс, тухайн 1 гүйлгээтэй холбоотой бүхий л мэдээллийг харж болно.

4. Илэрцийн төгсгөлд байрлах Click to see More буюу холбоосыг дараад илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж болно. Гэхдээ энэ нийтлэлд зөвхөн дээрх үндсэн мэдээлэлтэй сайтар танилцацгаая.

Дээрх мэдээллэлд үндэслэн гүйлгээгээ амжилттай хийгдэж, хангалттай тооны баталгаажуулалтыг авч чадсан эсэхийг бататгах боломжтой юм. Түүнчлэн гүйлгээнийхээ төлвийг, хүлээн авагч хэтэвчийн хаягт хандаж харж бас болно. Үүний тулд дээрх To буюу Хүлээн авагчийн хаяг талбарт харагдаж буй дугаар дээр товшиж, холбоосоор нь хандах эсвэл уг хаягыг нь хайлтын мөрөнд хуулж, наагаад, олж болно.

0x480bbcb368197d44c6f54a738e59c33eff004b6a

Хуудасны төгсгөлд, тухайн хаягаар дамжин хийгдсэн бүх гүйлгээг харуулсан байгаа.

Дээрх зурагт улаанаар хүрээлсэн гүйлгээ нь, жишээнд онцолсон 0.025 ETH-ийн гүйлгээ билээ. From, To багануудын голд ногооноор тодруулсан "IN" буюу "Хүлээн авсан" гэх заагч нь, уг гүйлгээ гаднаас ирсэн "Орлогын гүйлгээ" болохыг илтгэнэ. Харин хуудасны дээд хэсгээс, тухайн хэтэвчин дэх нийт үлдэгдлийг харж болно.


Ухаалаг гэрээнд хандах

DApps-ийн ухаалаг гэрээнд тогтмол ханддаг бол, тэдгээрийгээ EtherScan дээр хайж олоод, шалгаад сурчихад гэмгүй л болов уу. Энэ нь эргээд найдвартай байдлыг бататгах давуу талтай юм. Түүнчлэн, хэтэвчиндээ шинэ токен нэмж байршуулахын тулд, тухайн токенийхоо гэрээний хаягийг олж мэдэж чаддаг байх хэрэгтэй. Ухаалаг гэрээний хаяг нь, тухайн токений хэрхэн оршиж, ажиллах бүхий л утга зүйг тодорхойлж өгдөг. Токений ийм хаягийг олж авахын тулд, крипто зах зээлийн нэвтэрхий толь гэгдэх, CoinMarketCap (CMC), эсвэл түүнтэй төстэй CoinGecko мэтийн вебүүдэд зочилж болно. Мэдээж хайж олоод, хуурамч, жинхэнийг нь ялгаж чадах бол хөгжүүлэгчийнх нь болон төслийнх нь албан ёсны вебээс ч олох боломжтой. Мөн, EtherScan-ийн Tokens цэсээс ч олж харж болно. Ийн нэмэхдээ зөв хаягийг хуулж байгаа эсэхээ үргэлж, 2, 3 дахин шалгаж, баталгаажуулж байгаарай. За ингээд заавраа, Эфириум дээрх UniSwapERC-20 токен дээр танилцуулъя.

1. Хаягыг нь хуулж аваад, хайлтын самбарт буулга

2. Contract Overview цэсээс уг токентой холбоотой чухал мэдээллүүдийг олж харж болно.

3. Түүний доор, гүйлгээнүүд, сэтгэгдлүүд, ухаалаг гэрээтэй холбоотой мэдээллүүдийг нь байршуулсан байх ба тэндээс Contract буюу Гэрээний цэсэнд хандсанаар UniSwap-н дүрмүүдтэй танилцаж, түүнтэй харилцах сувгуудыг судлах боломжтой.

4. Read Contract сонголтоор гэрээний үндсэн заалтуудыг унших буюу тодорхой 1 болон хэд хэдэн хаягийн үлдэгдэл дүнг харах, хэтэвчин дэх токенд хандаж чадах өөр бусад хэтэвчүүдтэй танилцаж болно.

Харин Write Contract сонголтоор орвол, гэрээтэй өөртэй нь шууд харилцах боломж бүрдэнэ. Энэ аргыг, вебийн эсвэл техникийн асуудлаас үүдэн DeFi талбар болон DApps-ийн аль алинд хандаж болохгүй байгаа үед ашиглахад илүү тохиромжтой байдаг. Зарим тохиолдолд, тухайн 1 төслийн API-р дамжсанаас, шууд ухаалаг гэрээтэй харилцах нь илүү үр дүнтэй байх нь ч бий.

Connect to Web3 товчийн тусламжтайгаар, MetaMask, Binance Chain Wallet зэрэг хэтэвчүүдээ, гэрээнд шууд холбож болно.

Энд хийж болох хамгийн энгийн зүйл бол токен шилжүүлэг. Үүний тулд transferFrom цэсэнд хандаад, өөрийн мэдлийн хаягаас, өөр бусад хаягруу гүйлгээг хийж болно.

transfer цэс нь харин, гэрээтэй хамааралтай токенийг холбосон байгаа хэтэвчээс тань шилжүүлнэ гэдгийг анхаараарай. Доорх жишээ зурагт, 1 UNI-г заасан хаягруу шилжүүлэхээр зааж өгсөн байгааг дүрсэлжээ. Ийн шилжүүлэхдээ, боломжит дүнг зөв оруулсан эсэх мөн бутархай оронг бүрэн гүйцэт бичсэн эсэхээ сайтар нягтлах хэрэгтэй шүү.

Ихэнх хэрэглэгчдэд дээрх үйлдлүүдийг гүйцэтгээд байх хэрэг бараг огт гарахгүй ч, ухаалаг гэрээнд байршуулсан хөрөнгөндөө хандах яаралтай хэрэг хэнд ч, хэзээд ч тулгарч магадгүй учир ийнхүү дэлгэрэнгүй тайлбарлаж байгаа юм.



Хийн шимтгэлийн дүнг харах

Хийн ханш нь, Эфириумийн гүйлгээний шимтгэлийн 1 хэсэг билээ. Энэ дүн, хийсэн гүйлгээг тань агуулж буй блокоос шууд хамааралтайгаар өөрчлөгдөж байдаг. Блок бүр шинээр бичигдэх үедээ, тухайн агшин дахь сүлжээний ачааллаас хамаарч, шимтгэлийн хэмжээгээ өөрчилж байдгаас үүдэн ийм ялгаатай байдлыг бий болгодог юм. Тэгвэл гүйлгээ хийхээсээ өмнө, EtherScan-д хандаад, хамгийн сүүлийн үеийн үзүүлэлтийг харж, багцаа авах боломжтой. Ингэснээр, гүйлгээ хэр удаан хүлээгдэж болох, бас хэдий хэмжээний шимтгэл төлөхөд хангалттай байхыг мэдэж болох давуу талтай юм.

Хаялагуудыг шүүж харах

Эфириумийн сүлжээн дээр яг тухайн үед зарлагдан, явагдаж буй Airdrop-уудыг EtherScan дээрээс шууд олж харж болдог. Хаялага бүр өөр өөрийн хувь хэмжээ, дүрэм журамтай байх тул, тэдгээрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг, Details багана дахь Read More товчийг дараад уншаарай. Хаялагуудад, EtherScan вебийн цонхон дахь харгалзах цэсээр нь эсвэл ЭНД дараад шууд хандаж болно.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!