Байнансаас зарлага гаргах заавар
Биржээс зарлага гаргах үйлдэл нь, ямар хөрөнгө гаргах гэж байгаагаас шалтгаалж, өөр өөр байх боловч, бүх биржүүдийн хувьд ерөнхий жишгийг дагасан байдаг. Зарим криптог олон өөр Блокчэйнээр илгээх боломжтой байдаг тул, илгээх сүлжээг сонгохдоо анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Түүнчлэн, ямар аргаар гаргаж авч байгаагаас хамаарч, хүлээх хугацаа нь харилцан адилгүй байх болно. Крипто валютийн хувьд, тодорхой тооны баталгаажуулалт авсны дараа л хэтэвчинд байрших тул, тухайн сүлжээний ачаалал, хурдаас хамаарч, хэдхэн минутаас, хэдэн цаг хүлээгдэж болно. Гүйлгээний дугаар болон хэтэвчийн хаягыг ашиглан, тухайн шилжүүлгийн төлвийг, харгалзах сүлжээний Блокчэйний хөтчөөр хянах боломжтой. Байнанс нь тогтмол урсгал засварыг гүйцэтгэх бөгөөд, тухай бүрт зарлагыг түр хугацаагаар хаадаг. Гэхдээ зохих мэдэгдлийг ямагт урьдчилан хүргүүлж байдаг тул, түүнд нь нийцүүлж хэрэглээгээ зохицуулах шаардлагатай байдаг. Захиалга биелэгдэх ёстой хугацаанаас хэт удах, Блокчэйн хөтөч дээр харагдахгүй байх зэрэг зөрчил илэрвэл, харилцагчийн үйлчилгээний төвтэй нь шууд холбогдож болно.
Орлого хийх зааврыг ЭНД-ээс үзээрэй.
Байнансаас хөрөнгө гаргах олон арга хэлбэр байгаа бөгөөд, тэдгээр нь хөрөнгийн төрөл, Блокчэйн, хэрэглэгчийн оршин суугаа улс, үйлчлүүлж буй банк зэргээс хамаарч өөр өөр байж болно. Багахан тохируулгыг шаардахыг эс тооцвол зарлага гаргах олон төрлийн сонголттойгоос гадна, маш хялбар, хурднаар гүйцэтгэх боломжтойгоороо онцлог. Гэхдээ, тохируулгаа зөв хийхгүй бол хөрөнгөө бүр мөсөн алдах эрсдэлтэйг анхаараарай!
Байнансаас крипто валют гаргах зааврыг ДАЛДЛАХ
Зааврын жишээнд Байнансаас, Trust Wallet-рүү BNB гаргах явцыг алхам бүрээр нь зурагтайгаар тайлбарлан үзүүлэх болно.
1. Байнансийн бүртгэлрүүгээ нэвтэрч ороод, Wallet буюу хэтэвч цэсний, Fiat and Spot буюу фиат валют болон энгийн арилжааны хэтэвч сонголтоор ор.
2. Withdraw буюу зарлага гаргах товч дээр товш.
3. Crypto самбарт хандаад, гаргаж авахыг хүсэж буй крипто валютаа сонго.
4. 1-ээс олон Блокчэйн дээр бүртгэгдсэн крипто валют гаргаж байгаа бол, хүлээж авах хэтэвчийн дэмжиж ажиллах боломжтой сүлжээг зөв сонгох хэрэгтэй. Жишээлбэл, BNB нь Binance Chain дээр BEP-2 хэлбэрээр хөгжүүлэгдсэн боловч, BSC дээр BEP-20 жишгээр бас хэвлэгдсэн байдаг тул, BEP-2 жишигт нийцсэн хэтэвчрүү татах гэж байгаа бол BEP-2 сүлжээг сонгох хэрэгтэй. Сүлжээ андуурч болохгүйн дээр, хаягаа ч эндүүрч болохгүйг анхаар. Хаяг болон сүлжээний аль 1-ийг зөрүүлж илгээсэн тохиолдолд, хөрөнгөө эргүүлэн олж авах ямар ч боломжгүй болох аюултайг ямагт санаж, нягтлан шалгаж хэвшвэл зохистой байдаг.
5. Хүлээж авах хэтэвчээ нээгээд, шилжүүлж авах гэж буй криптогоо сонгоод, дээр нь дар.
6. Receive буюу хүлээж авах товчийг дар.
7. Хаягыг нь хуулж (copy) ав.
8. Байнансийн цонхруу буцаж, Recipient address буюу хүлээн авагчийн хаяг оруулах талбарт, хуулж авсан хаягаа буулга (paste). Хаяг, сүлжээ, илгээх дүн, шимтгэлийн хэмжээ, хүлээж авах дүнг хянаад, зөв байвал Submit буюу зарлагын хүсэлт илгээх товчийг дар.
9. Нээгдсэн, гүйлгээг баталгаажуулах цонх дээрээс, ц-шуудан, утасны дугаар болон Authenticator зэрэг баталгаажуулах сувгуудаас алийг нь холбож, тохируулсан, тэдгээрт бүгдэд нь харгалзах Send code буюу код илгээх товчийг дарж 1 удаагын код аваад, тэдгээрийг зохих талбарт нь оруулж зарлагын захиалгаа баталгаажуулна. Гэхдээ Authenticator буюу 2FA шийдлийн апп дээр Send code товч дарахгүйгээр, түүн доторх кодыг нь авч ашиглана шүү. Мөн, дээрх 3 сувгыг бүгдийг нь ашиглахаар идэвхжүүлээгүй бол, доорх зургын адилаар 2 эсвэл 1 л сонголт гарч ирж болно.
10. Товч мэдээллийг нь эцсийн удаа хянаад, бүх кодыг харгалзах талбаруудад нь алдаагүй, бүрэн оруулсан бол, Submit дарж, ажиллагааг өндөрлөөрэй. Захиалгын хэрэгжилт, гүйлгээний баталгаажилтыг, Transaction history буюу гүйлгээний түүх самбараас харах боломжтой.
Байнансаас фиат валют гаргах зааврыг ХАРАХ
#CoinMarketCap
Зарлагын шимтгэл нь хэд байдаг вэ?
Крипто зарлага нь, Блокчэйн дээрх гүйлгээний шимтгэлээс илүү зардал дагуулахгүй. Гэхдээ, BNB болон Эфирийг (ETH) шилжүүлэх үед, тэдгээрт харгалзах хийн төлбөрийг нэмж тушаах шаардлагатай болдог. Бусад Блокчэйн дээрх зоос, токенуудын хувьд тус бүрдээ өөр өөр хэмжээний шимтгэлийг тогтоосон байх боловч, тэр нь сүлжээнийхээ ачааллаас хамаарч өөрчлөгдөх боломжтой байдаг. Тиймээс тухайн криптогийн хувьд, тухайн агшин дахь шимтгэлийн хэмжээг, зарлагын захиалгын самбараас нь харах нь хамгийн найдвартай байх болно.
Зарлагын хэмжээний доод хязгаар нь хэд вэ?
Крипто валют бүрт өөр өөр хэмжээ заагдсан байдаг. Аль валютийг хэдээс доош ширхгээр татах боломжгүй болон, ердийн үеийн шимтгэлийг ЭНД-ээс харж болно.
Зарлага хэр уддаг вэ?
Зарлагын захиалгаа батласан даруйд боловсруулж эхлэх учир, тухайн валют болон түүнийг илгээх сүлжээний ачааллаас хамаараад, янз бүр байдаг. Жишээ нь л гэхэд, BTC дунджаар 30 минутанд баталгаажиж, хэрэглэгчийн хэтэвчинд орно. BSC сүлжээний орлого болон зарлага хэдхэн минутанд л гүйцэтгэгддэг бол, Эфириум түүнээс арай уддаг. Гэхдээ хүлээх хугацаа нь, сүлжээний ачааллаас хамаарч өөрчлөгдөж болохыг анхаараарай.
Зарлага ямар тохиолдолд саатдаг вэ?
Захиалгаа бүрэн баталгаажуулаагүй эсвэл сүлжээний ачаалал хэт ихэдсэн үед л удаан хугацаагаар хүлээгдэх боломжтой. Гэхдээ, тухайн криптогоосоо хамаарч, дундаж хугацаа харилцан адилгүй байдгыг мартаж болохгүй.
Яагаад гэнэт зарлага гаргаж болохгүй болчихов?
- Аюулгүйн үүднээс, SMS болон Authenticator зэрэг 2FA идэвхгүй болгосноос эсвэл нууц үгээ сольсноос хойш 24 цаг өнгөрөөгүй байгаа бол зарлага гаргах боломжгүй байдаг.
- Мөн SMS эсвэл/болон Authenticator зэрэг 2FA шийдлийг өөрчилж тохируулсан бол, түүнээс хойших 48 цагийн хугацаанд зарлага гаргах эрхийг түр түтгэлзүүлнэ.
- Мөн, бүртгэлийн хандалт, хэрэглээг сэжигтэйд тооцвол, зарлагыг мөн адил, түр хугацаагаар хязгаарлах болно.
- Дээрхээс гадна, техникийн урсгал засварын үед орлого болон зарлага боловсруулах ажиллагааг түр хугацаагаар зогсоодог.
Зарлага гарсан боловч, хэтэвчинд орж ирэхгүй байвал яах вэ?
Сүлжээний ачаалал хэвийн хэмжээнээс даваагүй атлаа, захиалга биелэхгүй, заасан хугацаанаас хэтэрч, хүлээгдэж байгаа бол, Байнансийн тусламжын төвд хандаарай. Гэхдээ, фиат валютаар зарлага гаргаж байгаа бол, гүйлгээ цөөнгүй хоног шаардахыг анхаарах хэрэгтэй.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation