Stagflation гэж юу вэ?
Ажилгүйдлийн түвшин ихэссэн, эдийн засаг зогсолтонд орсон эсвэл унаж буй үед, үнийн өсөлт тохиолдох явцыг Stagflation буюу Стагфляци (Сөргөөдөл) гэдэг. Эдийн засгийн уналт болон Үнийн хөөрөгдлийг тус тусад нь зохицуулах шийдлүүд байдаг ч, ийнхүү нэгдсэн үед удирдахад ихээхэн хүндрэлтэй болдог.
1 талаас, сөргөөдөл болон уналтыг мөнгөний нөөцийг нэмэгдүүлэх болон зээлийн хүүг бууруулах замаар асуудлыг шийдэж болох ч, мөнгөний хэмжээ нэмэгдэх нь ажилгүйдлийг даамжруулж, зогсолтонд дэмжлэг үзүүлэх аюултай байдаг. Харин нөгөө талаас, мөнгөний нөөцийг танаж, хүүгийн хэмжээг нэмэх байдлаар, зээлдэлтийг багасгаж, зарцуулалтыг бууруулж, үнийн хөөрөгдлийг барих, улмаар эдийн засгийг удаашруулж болно.
Stagflation гэх ойлголтыг анх 1965 онд, Британийн улс төрч, Сангийн яамны канцлер, Иан Норман Маклеод (Iain Macleod) макро эдийн засгийн ухаанд нэвтрүүлж байсан бөгөөд уг нэр томъёо нь Stagnation буюу Зогсонги байдал, Inflation буюу Үнийн хөөрөгдөл гэх 2 үгний нэгдлээс бүтсэн аж. Энгийн нөхцөлд эдгээр үзэгдлийг шийдвэрлэхэд хэрэглэгддэг гарцууд нь харилцан 1 нөгөөдөө урвуу үр дүнг үзүүлдэг тул зэрэгцэн тохиолдох үед тэдгээрийг ашиглах нь оновчгүй шийдэл болдог. Ихэнх тохиолдолд эдийн засгийн өсөлт, ажилгүйдлийн түвшин нэмэгдэх явцууд нь инфляциас хамаарч байдаг хэдий ч, Сөргөөдлийн үед тийм биш болж хувирсан байдаг. Эдийн засгийн өсөлт нь гол төлөв Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээтэй уялдаатай хөдөлж байдаг ба тэр нь хөдөлмөр эрхлэлттэй шууд холбогддог тул ДНБ-ий хэмжээнд дорвитой ахиц гарахгүй байгаатай зэрэгцэн үнийн хөөрөгдөл үүсч байвал, нилээд хүнд Stagflation цаашлаад, эдийн засгийн ихээхэн уршигтай хямралд хүргэж болно.
Стагфляци ба Инфляци
Инфляцийг, мөнгөний худалдан авах чадвар буурах, бараа үйлчилгээний үнэ ханш өсөх зэрэг олон хүчин зүйлсээр тодорхойлж болно. Харин сөргөөдөл нь, Инфляци + Эдийн засгийн зогсонги эсвэл уналттай байдлаас бүрдэнэ.
Сөргөөдөл үүсэхэд хүргэдэг хүчин зүйлс
Эдийн засгийн хөгжил удаашрахтай давхцан, мөнгөний худалдан авах чадвар буурч, бараа үйлчилгээний нөөц багассанаар Стагфляци үүсдэг. Гэхдээ үүсэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлс нь түүхэн нөхцөл байдал болон эдийн засгийн үзэл баримтлалаас хамаарч харилцан адилгүйгээр тодорхойлогдох боломжтой байдаг. Сөргөөдлийг тайлбарласан олон санал, онол байдаг ба тэдгээрээс хамгийн алдартай нь Monetarist буюу Монетарист, Keynesian буюу Кейнсиан болон шинэ сонгодог загварууд байдаг билээ.
Мөнгөний болон төсвийн бодлогын зөрчилдөөнтэй байдал
Эдийн засагт чухал нөлөөг үзүүлдэг мөнгөн дэвсгэртүүдийг төв банкнаас хэвлэн гаргаж, зохицуулж байдаг бөгөөд үүнийг нь бид Мөнгөний бодлого хэмээх нэршлээр нь сайн мэднэ. Засгийн газар мөн адил зарцуулалт, татварын бодлогоор эдийн засагт нөлөөлж байдаг ба түүнийг нь Төсвийн бодлого гэдэг. Эдгээр бодлогуудын хооронд үүссэн аливаа зөрчил нь, эдийн засгийн хөгжлийг царцааж, үнийн өсөлтийг хөөрөгдөх эрсдэлтэй байдаг. Хэрэглэгчдийн зарцуулах чадварыг сааруулах болон мөнгөний нөөцийг нэмэгдүүлэх бодлого, арга хэмжээнүүд нь цөм алсдаа Стагфляцид хөтлөх аюултай. Жишээлбэл, ЗГ-аас татварыг нэмэгдүүлснээр хэрэглэгчдийн гар дээрх мөнгө багасна. Түүнээс үүсэх дарамтыг бууруулах үүднээс төв банкнаас нэмж мөнгө хэвлэх эсвэл хүүг багасгах арга хэмжээг авна. Ингэснээр Төсвийн бодлого нь үргүйдэж, Мөнгөний бодлого нь Инфляцид хүргэх юм.
Хэвлэмэл мөнгө
Урьдын цагт бараг бүх томоохон эдийн засгууд өөрсдийн мөнгөн дэвсгэртээ алтаар баталгаажуулсан байдаг байсан. Энэ аргыг "Алтны жишиг" хэмээн нэрлэдэг байсан бөгөөд, Дэлхийн 2-р дайнаас хойш хэрэглээнээс бараг бүрэн халагдсан гэж хэлж болно. Тус жишгийг халснаар хэвлэмэл мөнгөн тэмдэгтийн тоо хэмжээ ямар ч хязгаарлалтгүй болсон билээ. Энэ нь төв банкинд эдийн засгийг удирдах илүү өргөн боломжыг олгосон давуу талтай боловч, нөгөө талаас үнийн хөөрөгдөлд хүрэх эрсдлийг ихээр нэмэгдүүлсэн явдал болсон.
Нөөцийн үнийн өсөлт
Бараа бүтээгдэхүүн, үзвэр үйлчилгээг бүтээхэд зарцуулагдах зардлын хэмжээ огцом ихээр нэмэгдэх явдал нь мөн Стагфляцид түлхэц болж өгдөг. Ялангуяа түлш, эрчим хүчний салбарт энэ төрлийн үзэгдэл илүү төлхүү ажиглагдах боломжтой бөгөөд түүнийг нь нийлүүлэлтийн цочрол гэж нэрийддэг. Үр дүнд нь үйлдвэрлэгчээс эхсүүлээд, тээвэрлэлт, агуулах, борлуулалт гэх мэтээр эцсийн хэрэглэгч хүртэлх бүх шатанд дарамт учрах ба энэ нь эргээд сөргөөдлийг даамжруулах хүчин зүйл болно.
Stagflation-тэй тэмцэх аргууд
Мөнгөний болон төсвийн бодлогуудыг зөв тодорхойлсноор сөргөөдөлд хүрэхээс сэргийлж, түүнийг бууруулах боломжтой. Гэвч энэ нь эдийн засгийн асар нарийн мэдлэгийг шаардана.
Мөнгөнизм
Мөнгөний нийлүүлэлтийг удирдах нь гол түлхүүр болдог гэдэгт итгэдэг эдийн засагчдыг Monetarist гэх бөгөөд тэд хянаж, удирдаж байх шаардлагатай хамгийн чухал зүйлээр инфляцийг нэрлэдэг. Монетаристууд мөнгөний нийлүүлэлтүүдийг бууруулах замаар нийт зарцуулалтыг багасгаж, улмаар эрэлтийг дагасан ханшийн сулралыг бий болгох боломжтой гэж үздэг. Гэвч энэ нь эдийн засгийн өсөлтөнд огтоос нөлөө үзүүлэхгүй учир, дараа нь мөнгөний сул бодлогыг, төсвийн бодлоготой уялдуулах замаар сэргээх шаардлагатай тулгарна.
Нөөцийг чухалчилдаг эдийн засаг
Өөр нэгэн онцлууштай арга нь нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар ханшийг буулгаж, эдийн засгийг тогтворжуулах явдал байдаг. Үүний тулд түлш, эрчим хүчний ханшийг удирдаж, зөв зохистой хуваарилах замаар бүх шатанд ачааллыг бууруулах боломжтой.
Чөлөөт зах зээлийн шийдэл
Зарим эдийн засагчид Стагфляцийг чөлөөт зах зээлд даатгаад үлдээх нь оновчтой гэж үзэх нь бий. Тэд, ханшийн өөрчлөлт, эрэлт, нийлүүлэлт нь харилцан 1 нөгөөгөөсөө хамааралтай хөдөлж байдаг тул, ханшийн өсөлтийг зохих түвшинд барих, буцаан буулгах чадвар нь тэнд оршиж байгаа гэж үздэг байна. Түүнчлэн чөлөөт зах зээлийн үед, ажилгүйдэл буурах ч боломжтойд тооцогддог, гэхдээ энэ төлөвлөгөөгөөр үр дүнд хүрэхийн тулд олон арван жил шаардагдах бөгөөд тэр хугацаанд иргэдийн амьдрах нөхцөл хүнд байдалд удтал нухлагдана.
#CoinMarketCap
Сөргөөдлийн криптод үзүүлэх нөлөө
Стагфляцийн криптод үзүүлэх нөлөөллийг бүрэн тодорхойлох боломжгүй юм. Гэхдээ, эдийн засгийн бусад хүчин зүйлс адил нөхцөл байдалтай байна гэж тооцвол дараах нөлөө учирна гэж таамаглаж болно.
Өсөлтийн бага эсвэл сөрөг үр дүн
Өсөлт удааширж, зогсох нь орлогын хэмжээг гацаах эсвэл бүр бууруулахад ч хүргэх боломжтой. Тэр үед криптод хөрөнгө оруулахаас илүүтэйгээр хүмүүс өдөр тутмын хэрэглээндээ анхаарч эхлэх нь ойлгомжтой. Олныг хамарсан, их хэмжээний хямрал нүүрлэсэн үед, ханшийн хэт савлалттай үнэт цаас болон крипто салбарт хөрөнгө оруулах нь хэт эрсдэлтэй алхамд тооцогдож ч мэднэ.
Стагфляцийн эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Засгийн газраас эхлээд инфляцитай тэмцэх ба түүний дараагаар л эдийн засгийн өсөлт хөгжил, ажилгүйдлийг анхаарах нь мэдээж. Ингэхдээ, мөнгөний нийлүүлэлтийг багасгах эсвэл/болон хүүгийн хэмжээг нэмэх аргыг төлхүү ашиглана. Энэ үед хүмүүс зээлдэж, эргэлтэнд оруулахаас илүүтэйгээр банкинд хадгалахыг эрхэмлэх бөгөөд энэ нь улмаар мөнгөний хөрвөх чадвар алдагдах, зээлдэхэд хүндрэлтэй байдалд хүргэнэ. Хүү өсөх нь өндөр өгөөжтэй, их эрсдэлтэй хөрөнгө оруулалтуудаас татгалзах шалтгааныг нэмж өгнө. Тэр нь крипто салбарт ч мөн адил нөлөөг үзүүлж болзошгүй юм. Үнийн хөөрөгдлийг тогтворжуулж чадсаны дараа, ЗГ-аас эдийн засгийг сэргээх зорилгоор нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, хүүгийн хэмжээг буулгах арга хэмжээг авна. Тэр үед харин крипто салбар эргэн сэргэж эхлэх боломжтой болно.
Инфляцийн өсөлт
Биткойныг, инфляцийн өсөлтийн эсрэг ашиглаж болно гэж итгэдэг хөрөнгө оруулагчид цөөнгүй байдаг. Инфляцийн үед, хөлсөө урсгаж олсон хэдэн цаасныхаа үнэ цэнийг өдрөөс өдөрт унаж, түрийвчин дотроо "хумигдах"-ыг харж суусны оронд Биткойнд оруулж дараад, урт хугацаандаа үнэ цэнийг нь хадгалах эсвэл бүр ашиг хийх ч боломжтой гэж тэд үздэг байна.
Түүхэн үзүүлэлтээс нь харахад, Биткойн үнэхээр хөрөнгө оруулагчдад урт хугацаандаа ашгийг өгч чадсан нь баримттайгаар нотлогдсон. Тэр тусмаа инфляци болон эдийн засгийн өсөлтийн үед энэ нь бүр ч үнэн, гэхдээ богино хугацаандаа инфляцийн эсрэг, ялангуяа стагфляцийн үед дорвитой эсвэл эерэг үр дүнг үзүүлэхгүй байх боломжтойг бас анхаарах нь зүйтэй. Мөн крипто болон үнэт цаасны хоорондын харилцан хамаарал зэрэг бусад хүчин зүйлсийн нөлөөг бас мартаж болохгүй.
1973 онд тохиолдсон газрын тосны үнийн уналт
1973 онд, Organization of Arab Petroleum Exporting Countries (OPEC) буюу Арабын газрын тос олборлогч орнуудын нэгдлээс, Йом Киппурын дайнд (өөрөөр мөн энэ дайныг Рамаданы дайн, 10-р сарын дайн, 1973 оны Араб - Израилийн дайн, Араб - Израилийн 4 дэх дайн зэргээр нэрийддэг) Израил улсыг дэмжсэний төлөө, нэр бүхий улсуудад газрын тосны хориг тавьснаар, газрын тосны үлэмж хомсдол үүсч, ханш нь тэнгэрт харвах, эрэлт хязгаартаа тулж, нийлүүлэлт замхарах, цаашлаад инфляцид хүчтэй нөлөөллийг үзүүлэхэд хүргэсэн гэдэг. Тухайн үед АНУ болон Англи тэргүүтэй улсууд эдийн засгаа сэргээх зорилгоор хүүг тэглэж байсан тохиолдол ч бий. Ингэснээр мөнгөө хадгалахаас илүүтэй эргэлдүүлэх, зээлдэх таатай нөхцөл бүрдэх юм. Ердийн үед бол, инфляцийг бууруулахын тулд хүүг нэмж, мөнгөө хадгалахад таатай нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой байлаа. Түлш, эрчим хүчний энэ хомсдолтой, үнийн хэт хөөрөгдөлтэй үед гэхдээ хүүг тэглээд ч, эдийн засгийн ажиглагдахуйц сэргэлтийг олж харна гэдэг хэцүү байсан нь мэдээж. Тухайн үед барууны ихэнх улс орнуудын хувьд эдийн засаг нь бараг бүрэн зогсонги байдалд орж, инфляцийн хэт өсөлтөнд нэрвэгдэхэд хүрсэн билээ.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!


Join the conversation