Polygon гэж юу вэ?

Өдийд Та, Multi-Chain буюу олон хэлхээг маш их ирээдүйтэйг мэддэг болсон байх учиртай. 1 том Блокчэйний ноёрхлоос, олон тусдаа, өөр өөрийн онцлог шинж чанар, аюулгүй байдлыг бүрдүүлсэн олон сүлжээнээс бүрдэх нэгдэл нь илүү өргөн цар хүрээг хамаарч, илүү олон боломжыг бүрдүүлж, илүү олон сонголтыг олгох юм. Polygon нь, Эфириумийн сүлжээтэй бүрэн нийцтэй, өргөжих чадварын шийдлийг бүтээх фрэмворкийг санал болгодог учир, ийм ирээдүйг бүтээх зорилгод хөтөлж чадсан, чухал төсөл билээ.

Удтал хүлээгдэж буй, Эфириумийн өргөтгөлийн сайжруулалтын үр дүн одоо л мэдрэгдэж эхлэх гэж байна. Энэ ажилд үнэмлэхүй ихээр нөлөө үзүүлж буй төслүүдийн тодхон жишээ бол яах аргагүй Polygon мөн. "Блокчэйнүүдийн интернэт" гэгдэх Cosmos Network-ний талаар, Та магад хэдийн дуулсан байлгүй. Уг сүлжээ нь, Inter-Blockchain Communication Protocol (IBC) буюу Блокчэйнүүдийн харилцааны журам гэгдэх, өөр өөр Блокчэйнүүдийн хооронд мэдээлэл дамжуулах зорилулттай протоколыг бүтээж, нэвтрүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа төсөл юм. Polygon-ы алсын хараа нь үүнтэй төстэй боловч, зөвхөн Эфириумд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл Полигоны тусламжтайгаар, хөгжүүлэгчид Эфириумд нийцтэй өргөжүүлэх шийдэл эсвэл бие даасан Блокчэйнийг хялбараар бүтээх боломжтой болох юм. Энэхүү төсөл нь анх Matic Network нэрээр гараагаа эхлүүлсэн хэдий ч, зөвхөн 2-р давхаргын шийдэл төдий бус, сүлжээнүүдийн сүлжээг бүтээхээр зорьж эхэлсэн үеэс, нэрээ Polygon болгон өөрчилжээ.

Полигон нь, Эфириумд нийцтэй Блокчэйн бүтээх боломж олгохоос гадна, тэдгээрийн өргөжих чадварын шийдэл болж өгдөг, журам юм. Тийм ч учраас, экосистемийнх нь санал болгож буй үндсэн боломжууд дунд нь Polygon SDK багтсан байдаг. Энэхүү Полигоны програм хангамж хөгжүүлэлтийн иж бүрдлийг ашиглан, хөгжүүлэгч бүр Эфириумд нийцтэй сүлжээг үүсгэж болно. Мөн, Полигоны экосистемийн анхны бүтээгдэхүүнүүдийн 1, PoS-д суурилсан дэд хэлхээ болох Polygon Network гэж бий. Уг туслах хэлхээ нь, өөр Блокчэйнтэй холбогдсон, түүнтэй зэрэгцээ орших хэлхээ юм. Ийм зэргэлдээ хэлхээнүүд, бага шимтгэлээр, илүү олон гүйлгээг боловсруулах зэрэг боломжуудыг бүрдүүлж өгдөг учир, Полигоны сүлжээгээр хийсэн гүйлгээ, Эфириумтай харьцуулахад хамаагүй хурдан, зардал багатай байдаг. Полигон нь, EVM-ыг дэмжин ажиллаж чаддаг тул, Эфириум дээр хэдийн хөгжүүлэгдсэн байгаа хэрэглүүрүүдийг ч маш хялбархнаар замчилж болдог. Энгийн хэрэглэгч, сонирхогчдын хувьд, Полигон дээр Эфириумтай маш төстэй зүйлсийг хямд бөгөөд хурднаар гүйцэтгэх боломжтой. Aave, 1inch, Curve, Sushi зэрэг Эфириумийн алдартай төслүүд Полигон дээр аль хэдийн нийтлэгдсэн байгаагийн дээр, өөр хаанаас ч олдохгүй QuickSwap, Slingshot зэрэг уугуул хэрэглүүрүүд бас цөөнгүй бий.

Полигоны ажиллах зарчим

Polygon-ы фрэмворк нь, Эфириумд нийцтэй сүлжээний 2 үндсэн төрлийг дэмждэг ба тэдгээр нь, Secured Chain буюу хамгаалагдсан хэлхээ болон Stand-alone Chain буюу бие даасан хэлхээ нар юм. Хамгаалагдсан хэлхээний жишээгээр Rollup-г нэрлэж болох бол, бие даасан хэлхээний жишээ нь, дэд-хэлхээ болно. Хамгаалагдсан хэлхээ нь, дэд бүтцийг нь тодорхойлж буй үндсэн хэлхээнээс бүрэн хамааралтайгаар ажиллах тул, өөрийн гэсэн хамгаалалтын загваргүйгээр бүтээгддэг. Харин, бие даасан хэлхээ нь өөрийн аюулгүй байдлыг бүрэн хариуцахаар загварчлагдсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, хамгаалагдсан хэлхээ нь илүү найдвартай, аюулгүйд тооцогддог бол, бие даасан хэлхээ нь тусгай хэрэгцээнд зориулагдсан уян хатан чанрыг амладаг.

Polygon Network нь, өөрийн гэсэн баталгаажуулагчдын сангаар аюулгүй байдлаа хангах ба өгөгдлөө Эфириумруу үе үе илгээж байхаар тохируулагдсан байдаг. Ийм учир, дэд хэлхээнүүдийг 2-р давхаргын шийдэлд хамааруулахгүй байх боломжтой юм. Эфириумийн бэлэн сайхан хамгаалалт байсаар байтал, тусдаа гаргалгааг ашиглаж байгаа нь гэхдээ зарим сөрөг үр дагаврт хүргэж болзошгүй байдаг. Энэ талаар нийтлэлийн төгсгөлд дэлгэрэнгүй танилцуулъя. Полигон нь хэтдээ, zk Rollup, өөдрөг Rollup, Validum chain зэрэг олон олон өргөтгөх чадварын шийдлийг нэвтрүүлэн, дэмжихээр төлөвлөөд байгаа бөгөөд, тэдгээрийн үр дүнд илүү олон шинэлэг санаачлага, бүтээл, аппууд бий болох гарц нээгдэх юм. Түүнчлэн эдгээр шинэ боломжууд нь, хэдийн хэрэглээнд нэвтэрсэн байгаа, MetaMask зэрэг Эфириумийн хэрэгслүүд болон хэтэвчүүдэд бүрэн зохицон ажиллана байх гэж таамаглаж байна.

MATIC токений хэрэглээ

Сүлжээ болон төслийн нэр өөрчлөгдсөн ч, токен нь нэрээ хадгалж үлдсэн байдаг. Сүлжээ ашиглалтын хийн хураамж буюу гүйлгээний шимтгэлд хэрэглэгдэх энэ токенийг мөн засаглалын эрхээр ашиглах боломжтой. Түүнчлэн, MATIC-г, Matic Web Wallet болон Binance Earn-р дамжуулан гадаслаж болно. Дараагийн нийтлэлээрээ, Байнанс орлого цэсийн танилцуулга, түүнийг ашиглах зааврыг толилуулъя.

Уг токен, түүний төсөл, сүлжээ, хөгжүүлэгчид, зах зээлийн үнэлгээ, үнэ ханш, ханшийн түүхэн үзүүлэлт, нийгмийн сүлжээ, хаялага, тэдгээртэй холбоотой мэдээ мэдээлэл зэргийг харахыг хүсвэл ЭНД дараад CMC дээрх хуудсаар нь зочлоорой.



Polygon Bridge гэж юу вэ?

Бусад Блокчэйнээс, Полигон дэд хэлхээрүү хөрөнгөө татах хамгийн зохимжтой арга бол Полигоны гүүр юм. Гэхдээ, энэ тохиолдолд үндсэн сүлжээгээр дамжиж байгаа гэдэг утгаараа, түүний шимтгэлийг давхар тушаах шаардлагатай болохыг анхаараарай. Харин нэгэнтээ шилжүүлээд авсны дараа, эргүүлэн өөр Блокчэйнрүү гаргах хүртлээ буюу Полигон дотор хийгдэх гүйлгээнүүдийн хувьд дахин үндсэн сүлжээний шимтгэл болон ачаалалд санаа зовохгүй байж болно. Мөн энэ гүүрийг хэрэглэхээс төвөгшөөж байвал, Полигоны сүлжээнд зарлага гаргадаг CEX-үүдийг ашиглаж болно.

Дэд хэлхээ ба Rollup

Sidechain буюу дэд хэлхээ нь, 2-р давхаргын шийдэлд тооцогдох боломжгүй. Олон хэлхээний шийдлийн үед, хэлхээ бүр өөр өөрийн давуу болон сул, онцлог талуудтайн дээр, аюулгүй байдал, хүчин чадал, хөгжүүлэгчийн мэдлэг туршлага өөр өөр байдаг. 2-р давхаргын шийдлүүд нь, үндсэн сүлжээнийхээ чанруудыг удамшдаг бөгөөд тэдгээрийн дундаас Rollup нь одоогоор боловсруулагдаад буй хамгийн сайн гаргалгаагаар нэрлэгдээд байгаа. Гэвч энэ нь Полигон мэтийн гадна бүтээгдсэн хэлхээнд хамаарахгүй. Хэдийгээр, гадны халдагчийн нөлөөлөлд бүрэн автаж болох эрсдлийг дагуулж байгаа ч, ийм дэд хэлхээнүүд нь огт аюулгүй биш гэсэн үг биш. Өнөөг хүртэл ийм хэлхээн дээр, томоохон халдлага үйлдэгдсэн түүх бүртгэгдээгүй байгаа ч, бас үйлдэгдэхгүй байх баталгаа байхгүйг мартаж болохгүй. Түүнчлэн дэд хэлхээг хэрэглэх үед баталгаажуулагчид болоод 2 хэлхээний хооронд холболтыг үүсгээд буй гүүрэнд итгэлцэл хүлээлгэх шаардлагатай болдог. Үндсэн сүлжээг ашиглах үед, гүйлгээг баталгаажихыг удаан хүлээж, өндөр шимтгэл төлөх хэдий ч, хэнд ч итгэл хүлээлгэх шаардлагагүйгээс гадна, аюулгүй байдалд итгэл төгс байх боломжтой. Rollup хэрэглэх үед, адил түвшний аюулгүй байдлыг мэдрэх ч, харьцангуй бага шимтгэл төлж, гүйлгээгээ илүү хурднаар гүйцэлдүүлнэ. Харин дэд хэлхээг ашигласнаар, Rollup-д төлөх шимтгэлийн өчүүхэн хувийг л төлөх боловч аюулгүй байдалд эргэлзээ үүсч болно. Тиймээс хэрэглэх төрөл, түүний хөгжүүлэгчид, давуу болон сул тал, өөрийн хэрэгцээг сайтар судалж, тодорхойлсны дараа сонголтоо хийх хэрэгтэй.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!