Blockchain Bridge гэж юу вэ?
2 тусдаа Блокчэйний хоорондын харилцан холбогдож ажиллах боломжыг бий болгох, холбогч протоколыг Блокчэйний гүүр гэнэ. Жишээн дээр тайлбарлавал энэ нь, Биткойн эзэмшигч, тухайн хөрөнгөө өөр крипто валютаар солихгүйгээр, Эфириум эсвэл Байнанс мэтийн хэлхээн дээрх DeFi-д оролцоход шууд ашиглах боломжыг олгох хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл, Блокчэйний гүүрүүд нь Блокчэйний орон зай дахь харилцан хамааралтай ажиллах боломжыг олгох үүрэгтэй, чухал бүрэлдэхүүн хэсэг болдог.
Блокчэйний гүүр гэж юу болохыг бүрэн гүйцэт ойлгохын тулд, эхлээд Блокчэйн гэж юу болохыг судлах хэрэгтэй. Биткойн, Эфириум, BNB Smart Chain тус бүртээ, бие даасан, харилцан адилгүй зөвшилцлийн алгоритм бүхий, өөр өөр програмчлалын хэл дээр бичигдсэн, хоорондоо ялгаатай протоколуудтай Блокчэйний экосистемүүд билээ. Илүү дэлгэрэнгүйг, ЭНД дараад бидний бэлтгэн хүргэж байсан нийтлэлээс уншиж танилцаарай. Тэдгээр эдийн засаг, технологиор ялгаатай протоколуудыг өөр хооронд нь холбож өгч, харилцан холбогдож ажиллах нөхцлийг бүрдүүлэгчийг Блокчэйний гүүр гэнэ. Хамгийн энгийн жишээгээр зүйрлэвэл, энэхүү холбоос нь, 2 арлыг холбох гүүртэй адил зүйл юм. Уг жишээнд арлууд нь, тусдаа Блокчэйний экосистемүүд байна. Энэхүү гүүрийн ачаар, Блокчэйнүүдийн хооронд өгөгдөл солилцох, боловсруулах боломж бүрдэх ба интернэтийн уудам орон зайд ийм гүүр асар ихээр хэрэглэгдэж байдаг. Крипто орон зай өргөжин тэлэхийн хэрээр, түүнд агуулагдах технологиудын хоорондын харилцан зохицол улам ихээр шаардагдах болсон. Блокчэйн тус бүр өөр өөрсдийн онцлог журам, токен, ухаалаг гэрээг агуулж байгаа. Тэдгээрийг 1, нөгөөтэй нь холбохгүйгээр цаашид хөгжин цэцэглэхэд их л бүрхэг болох юм.
Ажиллах зарчим
Гүүрний хэрэглээний хамгийн энгийн жишээгээр, токен шилжүүлгийг нэрлэж болно. Жишээлбэл, Эфириумийн сүлжээрүү Биткойн илгээж, тухайн сүлжээн дээрээ уг хөрөнгийг хэрэглэх явдал юм. Хэдийгээр Биткойноо зараад, Эфир аваад, тэрийгээ ашиглаж болох ч, ханшийн савлагаа, шимтгэлүүдээс гадна, цаг хугацааны асуудлуудаас шалтгаалан, шууд Биткойн хэвээр нь хэрэглэх нь илүү ашигтай байх боломжтой. Ингэж өөр сүлжээрүү шууд шилжүүлэн ашиглах үед, хэрэглэгчийн илгээсэн BTC нь түгжигдэж, тэнцүү дүн бүхий WBTC (битүүмжлэгдсэн Биткойн) үүсгэгдэнэ. Ийм битүүмжлэл бүхий токений талаарх дэлгэрэнгүйг ЭНД дараад, харгалзах нийтлэлээс нь уншиж болно. Хэрэглэгч талаас энэ ажиллагаа хэдхэн үйлдлээр л гүйцэтгэгдэх бөгөөд, Байнансийн гүүрийг жишээ болговол, хөрөнгийнхөө үндсэн сүлжээг сонгох, хөрвүүлэх хөрөнгийн дүнг оруулах, битүүмжлэгдсэн токеноо хүлээж авах гэсэн 3-хан алхмыг л биелүүлэхэд хангалттай байх ба, хөрөнгөө буцаан шилжүүлэхэд, дээрх үйлдлийг урвуугаар гүйцэтгэх төдийд л битүүмж тайлагдахуйц, хялбар шийдэлтэйгээр бүтээгдсэн байдаг.
Төрлүүд
Ажиллах зарчим, арга барил, төвлөрсөн чанарын хэмжээнээс хамаарч гүүрүүдийг дараах төрлүүдэд хуваан авч үздэг. Үүнд:
- Өмчийн ба Эзэмшлийн эрх бүхий гүүрүүд - Өмчлөлийн буюу төвлөрсөн гүүрүүд нь гуравдагч талд хөрөнгөө даатган байршуулах зарчмаар ажиллах тул, энэ төрлийн гүүрийг ашиглахын өмнө тухайн нэгж, этгээдийн найдвартай байдлыг нарийн судлах шаардлагатай. Харин эзэмшлийн буюу төвлөрсөн бус гүүрийн хувьд, хөрөнгөө ухаалаг гэрээнд түгжүүлдэг тул, системийн аюулгүй, найдвартай байдал нь, түүний кодоос бүрэн хамаарна.
- Битүүмжлэгч ба Дэд хэлхээний гүүрүүд - Битүүмжлэгч гүүр нь дээр танилцуулсанчлан, үндсэн хэлхээн дээрээ битүүмжлэгдсэн токен үүсгэж эсвэл хэвлэж гаргах байдлаар ажилладаг бол, дэд хэлхээний гүүр нь үндсэн хэлхээг, туслах хэлхээнд холбох замаар ажиллана. Ингэхдээ дэд хэлхээний гүүр нь, тэдгээр хэлхээний хоорондын харилцан хамааралтай ажиллах таатай нөхцлийг бүрдүүлж өгдөг бөгөөд, үүний тод жишээ нь xDai Bridge юм. Уг гүүр нь, Эфириумийн үндсэн сүлжээг, Gnosis Chain (хуучнаар xDai Blockchain) хэмээх Эфириум суурьтай, тогтвортой төлбөрийн дэд хэлхээтэй холбодог. xDai дээрх сүлжээний аюулгүй байдал, баталгаажуулалтыг, Эфириумийнхээс тусдаа, ондоо зангилаанууд гүйцэтгэнэ. xDai-н энэ гүүрийн ачаар уг 2 Блокчэйний хооронд, өдөр тутам, асар олон гүйлгээ ямар ч саадгүй хийгдэж, цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх боломжыг хэрэглэгчдэд олгож байна.
- 1 болон 2 чиглэлт гүүрүүд - 1 чиглэлт гүүрээр илгээсэн хөрөнгийг эргүүлэн авах боломжгүй байдаг буюу тухайн хөрөнгө эх Блокчэйнрүүгээ эргэн ирэх боломжгүй болдог бол, 2 чиглэлт гүүрээр илгээсэн хөрөнгийг буцааж хөрвүүлэх боломж үргэлж нээлттэй байдаг.
Ашиг
Дээр дурьдсанчлан, Блокчэйн хоорондын гүйлгээг бий болгож байгаа нь, гүүрүүдийн хэрэглэгчдэд санал болгох хамгийн чухал давуу тал юм. Ингэхдээ, токен болон бусад төрлийн хөрөнгөөс гадна, өгөгдлүүдийг, өөр Блокчэйнрүү 1 болон 2-р давхаргын журмууд, цаашлаад үндсэн болон дэд хэлхээ хамаарахгүйгээр илгээх боломжыг олгоно. Энэ нь цаашлаад, тухайн Блокчэйний өргөжин тэлэх чадварт асар чухал үүргийг гүйцэтгэх давуу талтай. Тодруулбал, Эфириум-Полигон мэтийн 2 чиглэлт гүүрийн ачаар эдгээр Блокчэйнүүд тусдаа улс, аймгууд биш, нэгдсэн 1 эзэнт гүрэн мэтээр зэрэгцэн хөгжих орчин бүрдэж байгаа юм. Түүнчлэн, гүүрийг хэрэглэснээр, зардлыг бууруулж, гүйцэтгэлийн хурдыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
#CoinMarketCap
Эрсдэл
Дутагдалгүй зүйл гэж үгүй. Өнөөдрийг хүртэлх хугацаанд, хэд хэдэн гүүрийн ухаалаг гэрээ, хорлон сүйтгэгчдийн халдлагад өртөж, асар их хохирлыг дагуулаад байна. Түүнчлэн онолын хувьд, өмчлөлийн эрх бүхий, төвлөрсөн гүүрүүд дэх, хариуцагч буюу гуравдагч этгээд, итгэл хүлээлгэн, хөрөнгөө байршуулсан харилцагчдынхаа хөрөнгийг хулгайлах боломжтой гэж үздэг. Тиймээс, тухайн газрынхаа үүх түүх, хэрэглэгчдийн сэтгэгдэл, алдаа дутагдал, ололт амжилтыг сайтар судлах нь зүйтэй болов уу. Өөр 1 анхаарах шаардлагатай чухал үзүүлэлт бол, тухайн технологийн гүйлгээ боловсруулах хүчин чадлын хязгаар юм. Энэ хязгаар нь тулсан, хэт ачаалалтай сүлжээнд DApps хэрэглэх, DeFi-д хандах нь битгий хэл, гүйлгээ хийхэд ч хүндрэл учрах болно. Мөн, хэрэглэх гэж буй DApp тань, гүүрийн цаана ажиллах эсэхийг урьдаас шалгах хэрэгтэй. Жишээлбэл, Эфириумийн DApp-ууд хараахан, Полигоны гүүрэн дээр ажилладаг болоогүй байгаа г.м. Гүүрүүдийн найдвартай байдал нь, тэдгээрийн протоколуудын чанараас бүрэн хамаарах тул, хичнээн найдвартай Блокчэйнүүдийг холбож байлаа ч, цаад технологи, хөгжүүлэгч, болж өгвөл кодыг нь шалгаад үзэхэд гэмгүй.
Ирээдүй
Интернэт нь хэрэглэгч, төхөөрөмж бүрийн хооронд харилцан холбогдох боломжыг олгодог онцлогынхоо ачаар асар хурдацтайгаар хөгжин, өдөр тутмын салшгүй хэрэглээ болон, салбар бүрт, төрөл бүрийн хэрэглээнд нэвтрээд байна. Тэгвэл, Блокчэйний хэрэглээг ч мөн адил тэлэхийн тулд, түүний харилцан холбогдож ажиллах чадамжыг нэмэгдүүлэх шаардлагатай юм. Гүүрүүдийн хөгжүүлэлт нь, интернэтийн хөгжилтэй зэрэгцэн Web3 хүртэл тасралтгүй хийгдэх нь мэдээжийн хэрэг. Тийм ч учраас удахгүй, илүү найдвартай, илүү хурдтай, илүү олон Блокчэйнийг холбосон, илүү олон боломжыг агуулж, үйлчилгээг санал болгох гүүрүүд хөгжүүлэгдэн гарна гэдэгт би итгэлтэй байна.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!.
Join the conversation