Yearn Finance гэж юу вэ?
Yearn Finance (yearn.finance)-ийн уугуул токенийг YFI гэдэг бөгөөд протоколын ирээдүйг тодорхойлох засаглалыг энэ токен тодорхойлж байдаг. Уг токен нь, автоматжуулсан тариалангын аж ахуйнхаа ачаар, зах зээлд хөл тавьсан даруйдаа, Эфириумд суурилсан хамгийн том токенуудын 1 болж чадсан. Энгийнээр YFI-ийг, Эфириумийн DeFi дэх хамгийн ашигтай төслүүдийг олж өгөхөөр оролдож байхад робот гэж ойлгож болно.
Төвлөрсөн бус санхүүгийн тогтолцоог ид эрчээ авч, засаглалын эрхийг олгодог токен яг мандаж байх үед буюу 2020 оны 7-р сард мэндэлснээрээ энэ токен арилжаачид, хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж чадсан ч байж болох юм. Эсвэл, сарын дотор $3 USD-ыг $3'000 USD хүртэл өсгөж чадсан нь амжилт нь ч алдар нэрд хүргэх хөшүүрэг болсон байхыг үгүйсгэх аргагүй. Yearn Finance (yEarn гэх нь ч бий)-ийг Андре Кронье (Andre Cronje) гэгч Өмнөд Африкийн санхүүгийн технологи хөгжүүлэгч анх, Эфириумийн сүлжээний Эфир, тогтвортой зоосууд болон бусад зоос, токенуудаас хамгийн өндөр ашгийг олох аргыг зааж өгөх протокол хэлбэрээр бүтээж байсан ба тэрээр энэхүү санаагаа тухайн үеийн DeFi-ийн хэрэглүүрүүдийн санал болгож буй өгөөжийн хувь хэмжээний харьцангуй байдлыг ажиглаж байгаад, бодож олсон гэдэг. Эхний хувилбараа нийтлэсэн даруйдаа халдлагад өртсөн ч, тэр даруйдаа шинэ загварыг сэдсэн нь өнөөгийн yEarn билээ.
Онцлох боломжууд
Уг протоколоос онцлох гол давуу тал нь, Vaults буюу хөрөнгөө байршуулаад, түүнээсээ ашиг хүртэх боломжыг олгодог функц нь байдаг. Тэгэхдээ боломжит хамгийн өндөр өгөөжийг хуримтлуулж, байж болох хамгийн бага эрсдлийг үүрэхээр тусгайлан загварчлагдсан байх юм. Vaults нь анх хэрэглээнд нэвтрэхдээ зөвхөн тогтвортой зоосуудыг л хадгалж, үржүүлдэг байсан бол, өдгөө BTC, LINK болон бусад крипто валютийн токенжуулсан хувилбарыг ч хүлээн зөвшөөрдөг болоод байна. Vaults нь, Эфириум мэтийн хэт өндөр шимтгэлтэй сүлжээнд хэмнэлт хийх боломжыг олгодгоороо онцлог. Тодруулбал, энэ төрлийн үйлчилгээ нь хөрөнгийн сан үүсгэж ажилладаг учир, зөвхөн тухайн санг бүтээгч нь л түлшний шимтгэл хураамжыг төлөх замаар, эдийн засгийн хувьд нийтэд ашигтай байдлыг бүрдүүлдэг гэж ойлгож болно. Үүнээс гадна, Earn, Zap, yInsure, StableCredit зэрэг цомхотгосон хадгаламжын болон токен солилцоо, DeFi хэрэглэгчдэд зориулсан даатгал, төвлөрсөн бус зээлийн бүтээгдэхүүнүүдээс бас сонгож ашиглах боломж хүн бүрт нээлттэй байдаг.
YFI
Анх гарч ирэхдээ асар хурдтайгаар хэрэглэгчдийг татаж чадсан ч удалгүй халдлагад өртөж, түүний дараахан крипто зах зээл уналтанд орсноор уг шинэ протокол олны анхаарлаас түлхэгдэн гарсан юм. Гэхдээ Кронье Medium дээрх өөрийн шинэхэн нийтлэлээрээ, засаглалын хэрэглээ бүхий, YFI гэх ERC-20 токенийг танилцуулснаар дахин шинээр цэцэглэн, мандахад хүчтэй түлхэцийг өгч чадсан. YFI-ийг, хөрвөх чадвар нэмэгдүүлэх, төвлөрсөн бус биржээр арилжаалах, Yearn Finance-ийн бүтээгдэхүүнүүдэд орлого байршуулах зэргээр цуглуулах боломжтой. Дээр дурьдсан нийтлэлд уг токенийг "өөрийн гэх бодит үнэ цэнгүй" гэж тусгайлан тодорхойлсон хэдий байгаа хэдий ч, арилжаа нээгдсэн даруйд олон саяын хөрөнгийг татан төвлөрүүлж чадсан байдаг. Удалгүй, уг токений тоог 30'000 ширхэг дээр барих саналыг олонхи дэмжсэн нь, ханшийг өндөрт барихад тусласан хэдий ч, уг шийдвэртэй санал нийлээгүй цөөнх протоколыг салаалснаар, DFI.money буюу YFII-ийг мэндэлжээ.
#CoinMarketCap
Төвлөрсөн бус Yearn Finance
Хэдийгээр YFI нь, төслийг олонд таниулж, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор бүтээгдсэн нь үнэн ч, түүнд өөр бас 1 үүрэг тусгагдсан байсан нь, протоколыг удирдах, хөгжүүлэх эрх мэдлийг аль болохоор олон сонирхогчдод хуваан, тараах явдал байсан. Тийм ч учраас, хэдий хэмжээний хөрөнгө байршуулснаас огтхон ч хамааралгүйгээр, адил зардлаар, адил хугацаанд ашгаа хүртэх нөхцлийг тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, Yearn Finance-ийн засаглалын эрхийг хүртэх боломж бүгдэд тэнцүү нээгдсэн гэж ойлгож болно. Эрхээ бүрэн эдлэх боломжыг нь хялбарчлах үүднээс, засаглалын иж бүрэн гарц болох gov.yearn.finance-ийг хэрэглээнд нэвтрүүлсэн нь өдгөө олон тооны хөгжүүлэлтийн санал, шийдлүүдийг багтаасан, ардчилсан сонгуулийн талбар болоод байна. Эндээс батлагдсан шийдвэр нь, сүлжээ, журам, ажиллах зарчим гээд л Yearn Finance-ийн бүхий л эд хэсэгт шууд нөлөөлнө. Мөн шимтгэлээс хуримтлагдсан хөрөнгийн санг хөгжүүлэгчдэд болон токен эзэмшигчдэд хэр хэмжээгээр хуваарилж байхыг энд шийддэг нь уг төслийг ногдол ашгийн өгөөжтэйд тооцох нөхцлийг бүрдүүлж өгсөн.
YFI-ийг онцлохын учир
Ихэнх сонирхогчид ханшийн хөдөлгөөнийг л чухалдаг нь мэдээж. Гэхдээ YFI бол, протоколууд төслийг хэрэглээнд нэвтрүүлэхэд асар их түлхэц болж өгдгийн бодит жишээ болж чадсан, сор бүтээл юм. Хэн ч бай адил төлбөр төлж байж, ашиг хүртэх боломжтой болдог учраас YFI-ийг "Биткойноос хойших хамгийн шударгаар эхлэлээ тавьсан төсөл" гэж өргөмжилдөг. ICO хийхийн оронд, урьдчилсан төлбөр тушааж, протоколд заавал гар бие оролцох шаардлагатай байдал нь, үндсэн төслийнхөө хөгжүүлэлтийг бататгах чухал ач холбогдлыг буй болгож чаджээ. Түүхэн статистикаас харахад, ханшийн хэт савлагааны дараа ч, хамгийн бат эвлэлдэн нэгдэж чадсан, хүчирхэг сонирхогчдын нэгдэлтэй крипто төсөл нь YFI байсан гэдэг.
Тулгарсан саад бэрхшээлүүд
Амжилтанд хүрэх зам дардан байдаггүйн жишгээр, Yearn Finance бишгүй бартааг давж байж өнөөгийн дүр төрхөө олсон билээ. Түүнээс нь ч болоод гэх юм уу, Андре Кроньег өдөр, шөнөгүй манадаг арилжаачид ч цөөнгүй болсон сурагтай. Бараг бүхий л хөгжүүлэлтийг гардан гүйцэтгэж, хамаг ачааг нь үүрч яваа учраас, түүнийг халаагаа хүлээлгэн өгөх үед ханшийн огцом уналт үүснэ гэсэн хар, айдас үүссэнээс ийм байдал бий болоод байгаа аж. Энэ байдал нь эргээд, төвлөрсөн бус биш, харин ч 1 хүн дээр хэт анхаарсан, төвлөрсөн байдал үүсгээд байгаа нь төслийн ирээдүйг ихээр бүрхэгшүүлж байна. Түүнийг YFI-ийн хөгжүүлэлтийн багас тэтгэвэртээ гарахаар болж буй талаараа ам нээсэн төдийд л, ханш нь хэдийн бараг ёроолоо шүргэж орхисон гашуун түүх ч бий. Гэхдээ, шинэ гишүүдээр бүл нэмэхийн хэрээр, дахин ийм "Cronje Premium" гэгдэх үзэгдэл тохиолдох нөхцөл буурч байгаа нь, Yearn Finance-ийг хөлөө олж, цаашид хөгжүүлэгчгүйгээр хол явж чадахаар болсныг илтгэж байж ч болох юм.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation