DEX гэж юу вэ?
Товч тайлбарыг ЭНД дараад, "Крипто тайлбар толь" цуврал нийтлэлийн 5 дахь дугаараас уншиж болно.
Бидний хүргэсэн, криптотой холбоотой 200 гаруй нийтлэлээс уншаад Та өдийд бирж, түүнд бүртгүүлэх, тохируулж, ашиглах мэдлэгтэй болсон байх ёстой. CEX буюу төвлөрсөн бирж дээр, ц-шуудангийн хаягаараа бүртгүүлээд, нууц үг, 2FA тохируулаад, хаягаа баталгаажуулдаг бол, DEX буюу төвлөрсөн бус бирж дээр бүртгүүлэх гэсэн ойлголт байдаггүйгээрээ онцлог. Тэр ч бүү хэл, ихэнх тохиолдолд, фиат болон крипто валют байршуулах, гаргаж авах ч шаардлага байдаггүй ба, арилжаа нь 2 хэрэглэгчийн хооронд, дундын зууч, хянагчгүйгээр гүйцэтгэгдэнэ. Тодруулбал, хэтэвчээс, хэтэвчинд солилцоог хийдэг. Арилжааны хослолын сонголт тааруугаас гадна, бага зэрэг ойлгомжгүй, төвөгтэй санагдах тал бий боловч, DeFi салбарын чухал хэсэг болон, амжилттай хөгжиж буй энэ төрлийн хэрэглүүртэй заавал танилцах хэрэгтэй.
Биткойн анх үүссэн цагаас л, крипто валютийн орон зайд биржүүд чухал үүргийг гүйцэтгэж ирсэн. Бирж байгаагүйсэн бол Биткойны ханшийг тогтоох, арилжих, цаашлаад бусад зоосууд болон DApps хөгжүүлэлт гэсэн ойлголт бүрэлдэхгүй байх байсан. Уламжлал ёсоор, зах зээлийг CEX-үүд ноёлж байгаа ч, хэрэглэгчдийн сонирхол, технологийн хөгжил, давуу талуудынхаа ачаар DEX-үүд сүүлийн үед маш хурдтайгаар хөгжин, цэцэглэж байна.
Төвлөрсөн бус биржийн тодорхойлолт
P2P буюу хэрэглэгч хоорондын токены солилцоог ийн нэрлэж байгаа ба, үүний ажиллагаатай танилцахыг хүсвэл ЭНД товшоод, танилцуулга нийтлэлийг нь унаарай.
Төвлөрсөн бирж яаж ажилладаг вэ?
Энгийн биржид, Та бүртгэл үүсгэж, фиат эсвэл крипто валютаар дансаа буюу биржийн хэтэвчээ цэнэглэх шаардлагатай байдаг. Ингэснээр хөрөнгө тань Таны эзэмшлийн бус, өмчлөлийн хэлбэрт шилжнэ. Түүгээрээ худалдаж авсан зоос тань ч, мөн адил ийм хэлбэрээр зохицуулагдах ба тухайн хөрөнгөнийхөө далд түлхүүрт хандах ямар ч эрх Таньд олгогдохгүй.
Хөрөнгөө гаргаж авахыг хүсэх үед, шууд өөрөө гүйцэтгэх боломжгүй, харин хүсэлтээ биржид уламжлаад, хариу ирэхийг хүлээнэ гэсэн үг. Түүнчлэн, Таны гүйцэтгэсэн арилжаануудын бүхий л мэдээлэл, Блокчэйний сүлжээнд бичигдэхийн оронд, тусгай бүртгэл дээр хадгалагдаж байх ба тухайн биржээс хөрөнгөө, хэтэвчрүү гаргаж авах үед л түүний мэдээлэл нь хэлхээнд бичигдэх юм. Энэ нь, Блокчэйний гүйлгээ боловсруулах хурд, өргөжих чадварын асуудлуудад зохицсон шийдэл мэт харагдах боловч, төвлөрсөн чанрын улмаас, хакдуулах зэрэг эрсдэлд өртөх магадлал илүү ихтэй байдаг.
Ямар ч биржээс үйлчилгээ авахын тулд эхлээд, тэднийг нэр хүнд эсвэл түүхэн замнал, хөгжүүлэгчдийн баг, эзэмшигч байгууллага зэрэг үзүүлэлтээр нь шалгаруулж, итгэл даах чадвараас нь хамааруулж сонгохоос өөр арга байхгүй учир, сайтар судлах хэрэгтэй. 1 л өглөө "хаалгаа бариад", хөрөнгийг тань хамаад арилаад өгсөн байвал онцгүй биз дээ? Ихэнх хүн, энэ зэргийн эрсдлийг тоодоггүй ч, иймэрхүү байдлаар алдагдал хүлээсэн түүх цөөнгүй байдаг шүү.
Төвлөрсөн бус бирж яаж ажилладаг вэ?
DEX-үүд, CEX-үүдтэй зарим талаар тун төстэй ч, зарим талаар тэс ондоо бүтэцтэй байдаг. Түүнчлэн, төвлөрсөн бус биржүүд дотроо, хэд хэдэн төрөлд ангилагддагыг бас мартаж болохгүй. Тэдний хамгийн түгээмэл хөгжүүлэгдэж, хэрэглэгдэж байгаа төрлөөр нь, ухаалаг гэрээний тусламжтайгаар зохицуулалт хийж, гүйлгээг шууд хэлхээн дээр бүртгэж, хөрөнгийн эзэмшлийн эрхийг нь хэрэглэгчээс булаадаггүй хувилбаруудыг нь нэрлэж болно. Гэхдээ, хэлхээ дамнасан DEX зэрэг бусад төрлүүд ч бас үүнтэй зэрэгцэн, хурдтай хөгжсөөр байгаа.
Хэлхээн дээрх захиалгын жагсаалт
Зарим төвлөрсөн бус бирж дээр хийгдэж буй үйлдлүүд цөм, Блокчэйн дээр бүртгэгдэж байдаг. Ийм зохицуулалттай бирж дээрх арилжааны захиалгын оруулах, цуцлах, өөрчлөх, биелэх гээд л үйлдэл 1 бүрийг хэлхээнд хуулж байдаг тул, хамгийн ил тод биржид тооцогдоно. Гэвч, үүнээсээ шалтгаалан гүйлгээ баталгаажих хугацаа, төлөх шимтгэл 2 нь нилээд өндөр гардаг дутагдалтай.
Энэ төрлийн бирж дээр, биржийн ажилтан "түрүүлж хөдлөх" буюу хүлээлгэнд байгаа захиалгын мэдээллийг харж байгаад, түүнийг ашиглах үйлдэл хийх зэрэг доголдол гаргах боломж өндөр байдаг. Нийтэд ил бус мэдээллийг, хувийн ашиг сонирхолдоо ашиглах нь, хууль бус үйлдэл боловч, "овоо босгоогүй бол ..." гэдэг дээ. Мэдээж, бүх зүйлс ил тод бүртгэгдэж байдаг ч, төгс зүйл гэж хаана ч байхгүй.
Хэлхээн дээрх захиалгын жагсаалт хэрэглэдэг биржийн гол жишээгээр, Stellar болон Bitshares DEX-үүдийг нэрлэж болно. Эдгээр биржүүдийн талаарх дэлгэрэнгүй танилцуулга, статистик, граф, нийгмийн сүлжээний мэдээллийг сонирхож байвал, ЭНД эсвэл/болон ЭНД дараад, CMC дээрх тэдгээрийн харгалзах хуудсуудад зочлоорой.
#CoinMarketCap
Веб: coinmarketcap.com
Хэлхээнээс гадуурх захиалгын жагсаалт
Энэ төрлийн DEX-д тодорхой хэмжээнд төвлөрсөн бус чанартайд тооцогдох ч, ихэнх хэсэг нь төвлөрсөн бүтэцтэй байдаг ба, дээр танилцуулсан төрлөөс ч илүүтэйгээр төвлөрсөн шинжийг агуулдаг. Захиалга бүрийг Блокчэйнд хуулахын оронд, өөр тусдаа бүртгэл дээр тэмдэглэж байдаг ийм биржүүдийн хувьд бүртгэлийг хөтлөгч нь, гол анхаарах сэдэв болж байдаг. Захиалгуудыг хянаж, зохицуулж, удирдах эрх түүнд олгогдсон байдаг учраас тэр. Хэрэглэгчдийн захиалгыг, өөрийн ашигт нийцүүлэн хөдөлгөх эрсдэлтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дээр дурьдсан түрүүлж хөдлөх болон, захиалгуудыг зориудаар хүлээлгэх, нийтлэхгүй байх зэрэг зөрчлүүдтэй тулгарах боломжтой. Гэхдээ энд ч мөн адил, хөрөнгийн эзэмшлийн эрхээ, өөртөө бүрэн хадгалах боломж бүрдсэн байдаг.
ERC-20 болон Эфириум дээр бүтээгдсэн бусад токенуудын 0x журмууд нь, хэлхээнээс гадуурх захиалгын жагсаалтыг хэрэглэх нөхцлийг бүрдүүлж өгсөн бөгөөд, эл зохицуулалтын үед, захиалга биелэгдсэн үед л гүйлгээний мэдээллийг нь Блокчэйнд бичнэ. Ингэснээр, хүлээх хугацааг багасгаж чадсан давуу талтай.
Binance DEX, IDEX, EtherDelta нар нь, энэ төрлийн биржүүдийн сонгодог жишээ юм. Харгалзах нэрс дээр нь дараад, крипто ертөнцийн хамгийн том самбар болох CMC дээрх хуудсуудаар нь зочилж, холбогдох мэдээллүүдтэй нь танилцаарай.
AMM
Товчхондоо AMM нь, maker болон taker-гүй, ердөө л тоглоомын онол, арилжаачид, ухаалаг гэрээн дээр тогтсон, өвөрмөц шийдэл бөгөөд, ЭНД-ээс уг загварын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.
Үүнийг ашигласан сонирхолтой, алдартай төслүүдийн жишээнд, UniSwap, Kyber Network (Bancor журмаар дамжих) тэргүүтэй DEX-үүд багтах бөгөөд, тэдгээртэй MetaMask, Trust Wallet зэрэг хэтэвчүүдийг холбож хэрэглэх бүрэн боломжтой байдаг.
DEX-үүдийн давуу талууд
- KYC болон AML байхгүй - Хувийн мэдээллийн нууцлалд чухал ач холбогдол өгдөг, эсвэл зохих бичиг баримтыг бүрдүүлэх боломжгүй хэрэглэгчдэд энэ нь том давуу тал юм. Гэвч, зарим DEX-үүд, төвлөрсөн хэв загварынхаа нөлөөгөөр, бүртгэл болон баталгаажуулалт шаардахаар зохион байгуулагдсан байх нь бий.
- Зуучлагч, хянагч гэж байхгүй учир, тэр талаас учрах нөлөө, алдаа гарахгүй. Бирж хакдуулсан ч, хэрэглэгчдийн мэдээлэл, хөрөнгөнд аюул учрах эрсдэл тун бага байдаг.
- CEX дээр бүртгэгдээгүй байгаа токенуудыг авах болон зарах сонирхолтой хүмүүс нь л байхад, тэдгээрийг арилжиж, солилцох бүрэн боломжтой.
DEX-ийн дутагдалтай талууд
- Хэрэглэхэд хялбар, ойлгомжтой биш. Хэтэвч, солилцооны биржийн ажиллах зарчим, учрыг ойлгоогүй бол DEX ашиглана гэхээс хэцүү санагдаж болох юм.
- Арилжааны хэмжээ болон хөрвөх чадвар нь, CEX-тэй харьцуулашгүй бага учир, ханшийн зөрүү ихтэйн дээр, ширүүн өрсөлдөөн явагдах нь бий. Заримдаа хүссэн/хэрэгтэй хослол ч олдохгүй байх боломжтой.
- Шимтгэл дандаа өндөр байгаад байхгүй ч, өссөн байгаатай таарч болно. Ялангуяа, захиалга бүрийг шууд хэлхээрүү бичдэг бирж дээр, шимтгэл хэт гэмээр өндөр гарч ч болдог.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation