Криптовалютаа хамгаалах аргууд
Арилжаа, хадгалалт, хөрөнгө оруулалтын аль ч нөхцөлд криптогоо үргэлж хамгаалж байх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд, алдсан хөрөнгөө эргүүлж олж авах ямар ч боломжгүй байдаг учраас ийн сануулж байгаа хэрэг.
Хэрэв арилжаагаа төвлөрсөн бирж буюу CEX дээр хийдэг бол, KYC болон AML шаарддаг биржийг сонгож ашиглахыг эрхэмлээрэй. Харин P2P болон DEX хэрэглэдэг бол, хөндлөнгийн шалгалтаар орж, тэнцсэнийг нь сонгодог юм шүү. Харин хадгалахын хувьд, олон сонголт бий. Тогтмол арилжаа хийдэг эсвэл крипто валютийг анхлан сонирхож байгаа шинэ хэрэглэгч бол, хөрөнгөө баталгаатай, зохицуулалттай бирж дээр байршуулж болно. Гэхдээ ингэсэн тохиолдолд, далд түлхүүрээ өөрөө эзэмшихгүй гэдгийг мартаж болохгүй. Хамгийн найдвартай хэтэвчээр, хөрөнгийн эзэмшлийн эрхийг бүрэн олгох, интернэт холбогддоггүй хэтэвчүүдийг нэрлэж болох ба, түүнийгээ найдвартай газар хадгалвал зохино. Харин DApps хэрэглэх дуртай бол, хөндлөнгийн шалгалтаар орж, тэнцсэн хэрэглүүрүүдийг л сонгож, тэдгээрийн хэтэвчийг тань ашиглах зөвшөөрлүүдийг ойр ойрхон шалгаж, аппыг хэрэглэж дууссан л бол, хэтэвчрүү хандах, эрхийг нь цуцалж байгаарай.
Крипто валют нь, "Өөрөө өөрийнхөө банк" болох нөхцлийг бүрдүүлж өгдөг. Энэ нь олон давуу талтай ч, хөрөнгө санхүүтэй холбоотой бүх үүрэг, хариуцлагыг бас ганцхан Таньд л үүрүүлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Эс бөгөөс, бүх хөрөнгөө, эргэн төлөгдөх боломжгүйгээр алдах аюултай байдаг. Крипто валютийг сонирхож л байгаа бол, хөрөнгийн хэмжээнээс үл харгалзан, аюулгүй байдалдаа анхаарал хандуулах хэрэгтэй. Аюулгүй байдал гэдэгт зөвхөн хадгалалтанд хамаарах ойлголт биш юм шүү. DApps болон DeFi-д хандах хэрэглэгчид олшрохын хэрээр, заналхийлэх аюул ч даган нэмэгдэж байж болох тул, энэ нийтлэлийг заавал бүрэн уншиж, мэдлэгээ зузаатгаарай. Захын 1 DApp-т зоосоо даатгах нь, танигдаагүй, найдваргүй байгууллагад мөнгөө хадгалуулахтай адил юм. Биржүүдийн хувьд ч ялгаагүй, эхлээд заавал судлах хэрэгтэй байдаг. Луйврын хуурамч апп, бирж, үйлчилгээ өдрөөс өдөрт нэмэгдэж, олонд танигдсан вебүүдийг хуулбарлаж, нэр, төрхөө солин ахин дахин гарч ирсээр байдгыг ямагт санаж байх хэрэгтэй.
Крипто худалдаж авахдаа юуг анхаарах вэ?
CEX, DEX, ATM, P2P гэх зэргээр, криптог авч болох арга олширсоор байна. Бүгд л өөр өөрсдийн давуу болон сул талтай тул, сонголтоо ухаалгаар хийх нь эргээд өөрт ашигтай байдлыг бий болгоно. Ихэнх хэрэглэгчид, олонд танигдсан биржийг сонгодог ба энэ нь олонхоо дагасан сохор шийдвэр биш, харин ч хөгжүүлэлт сайтай, хэрэглэхэд хялбар, хөлөө олсон, нэр хүндээ олж, үнэ цэнээ бүтээсэн байдлыг, нарийн шалгуургүйгээр таньсан шийдвэр байдаг.
Хэрхэн аюулгүй бирж сонгох вэ?
Мөнгө угаах гэмт хэргээс сэргийлэх бодлоготой, хэрэглэгчээ таних системтэй бирж хэрэглэх нь, хууль бус үйлдлээс Таныг болоод Таны хөрөнгийг хамгаалах тустай. Эхэн үеээ бодвол крипто валютийн зохицуулалт, хууль дүрэм одоо нилээд сайжирсан байгаа. Ихэнх биржүүд өмчлөлийн эрхтэй хэтэвчийг ашигладаг тул, Та хөрөнгөө тухайн биржид даатгаж, тэднээр хамгаалуулах явцдаа үйлчилгээг нь авч болно. Гэхдээ, "not your keys, not your coins" буюу "түлхүүрээ эзэмшдэггүй бол, хөрөнгөө ч эзэмшдэггүй" гэсэн үг бас бий. Хэрэв Та үүнийг үнэн гэж бодож байгаа бол, хэтэвчийн далд түлхүүртээ хандах эрхийг олгодог эсвэл төвлөрсөн бус биржийг сонгож ашиглаж болно. P2P буюу хэрэглэгч хоорондын арилжааг сонирхож байвал, KYC шаарддаг биржийг, DEX сонирхож байвал хөндлөнгийн шалгалтаар тэнцсэн байгууллага, үйлчилгээг сонгоорой.
Бүртгэлээ яаж хамгаалах вэ?
Бирж эсвэл хэтэвчээ сонгосон бол, одоо түүнийгээ хамгаалах арга хэмжээг авах хэрэгтэй. Онлайн банкны бүртгэлээс ялгаагүй тохируулгуудаар хамгаалалтыг шийдэж болох тул, багахан цаг зав гаргаад, дараах алхмуудыг заавал авч хэрэгжүүлээрэй.
- Чанартай нууц үг ашиглах - Ил зарлагдсан хувийн мэдээллийг нууц үгэндээ оруулж хэрхэвч болохгүй. Зохиохдоо мартагдахааргүй мөртлөө аль болох урт, өөр бүртгэлд хэрэглээгүй, ТОМ болон жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгтүүдий агуулсан байвал зохино. Боломжтой бол, нууц үгээ улирал эсвэл жил тутамд сольж хэвшээрэй. Нууц үг зохиож, хэрэглэхтэй холбоотой 2 цуврал нийтлэлийг маань уншихыг хүсвэл ЭНД бас ЭНД дараарай.
- 2FA идэвхжүүлэх - Заавал, бүр заавал хэрэгжүүлэх алхам бол 2FA идэвхжүүлэх явдал бөгөөд ямар учиртай, яаж ажилладаг эд болохыг нь ЭНД-ээс уншаарай.
- Ц-шуудан, нийгмийн сүлжээ, хувь чатаар ирсэн мэдээлэл, холбоосууд дундаас луйвар, халдлагыг таньж сурах - Холбоосыг нь харахад л илт байдаг учир, хандахаасаа өмнө нягтлаад харчихаж байвал, өлзийтэй байдаг.
Дээрхээс бусад нийтлэлүүд болон холбоотой мэдээллийг дараах ангиллуудаас олж болно.
Криптогоо яаж аюулгүйгээр хадгалах вэ?
Арилжаанд оруулахгүй, дарах гэж байгаа бол хэтэвч хамгийн найдвартай сонголт болно. Гэвч дотроо сонголт арвинтай байдаг тул, төрлүүдийн ялгааг мэдэх нь чухал.
Далд түлхүүр
Хувийн түлхүүр нь, бодит түлхүүрийн адил, криптог хадгалж буй авдар, савыг онгойлгох түлхүүр юм. Үүнийгээ бусдад алдвал, авдар дахь хөрөнгөө бүгдийг нь алдах эрсдэлтэй тул, хамгийн ихээр нандигнан хадгалах шаардлагатай. Гэхдээ, бодит түлхүүрээс ялгаатай нь, энэ түлхүүр биет бус, олон тоо, үсэг холилдсон урт бичвэр шиг харагддаг. Цээжлэхэд төвөгтэй ч, тааж олох боломжгүй энэ түлхүүрийн талаар маш нарийн судлахыг хүсвэл ЭНД дараарай.
Үр үгс
Орчин цагийн хэтэвчүүд, 1 л түлхүүр хадгалахаа больсон. Олон зуун сая түлхүүрийг хадгалж чаддаг болсон бөгөөд тэдгээрийгээ цөмийг нь үр үгс гэх санамсаргүй түүврээр бүтээсэн мэт, уншигдахуйц үгсийн цуглуулгыг ашиглан бүтээдэг. Үүний талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг, ЭНД товшоод манай "Крипто тайлбар толь" цуврал нийтлэлийн 3-р бүлгээс уншиж болно.
Үр үгсээ хэрхэн аюулгүй хадгалах вэ?
Үр үгс нь 12, 18, 24 үгийн цоморлиг байх ба, тэдгээрийг алдвал, бүх далд түлхүүр болоод тэдний цаана хадгалагдах хөрөнөө цөмийг нь алдах аюултай тул, маш сайн нууж, хамгаалах хэрэгтэй. Хэрэг болж болохуйц зөвлөгөөг доор жагсаав.
- Интернэт болон, зөөврийн санах ойг холбож болох төхөөрөмж дээр хадгалж болохгүй! хакдуулах, тандах болон чагнах, хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр зайнаас удирдах, хорлон сүйтгэх програмын халдлагад өртөх, өт болон нянд баригдсан тохиолдолд, хөрөнгөө алдах аюултай.
- Сайн нууцалж, хамгаалж чадах бол цахим бус хэлбэрээр хадгалж болно. Гэхдээ ямар материал дээр, яаж буулгах, тэр нь ямар байдлаар балрах, алдагдах боломжтойг сайтар бодолцох хэрэгтэй. Зарим хүмүүс гал, усанд тэсвэртэй ган төмөр дээр, лазераар сийлүүлэн хадгалсан байх нь ч бий.
#CoinMarketCap
Ямар хэтэвч илүү найдвартай вэ?
Хэтэвч, түүний ангиллууд, тэдгээрийн онцлог, давуу болон сул талуудтай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.
Өмчлөлийн болон эзэмшлийн эрхтэй хэтэвчүүд ямар ялгаатай байдаг вэ?
Custodial буюу өмчлөлийн эрхтэй гэдэг нь, Таны хөрөнгөндөө хандах, хөрөнгөө захиран зарцуулахдаа хэрэглэх хувийн түлхүүрүүдийг хэтэвч тань эзэмшиж, Та хөрөнгөө зөвхөн өмчилнө гэсэн үг. Харин Non-custodial буюу эзэмшлийн эрхтэй хэтэвчүүд нь, далд түлхүүрүүддээ хандах эрхийг нь хэрэглэгчиддээ олгодог. Энгийнээр бол, мөнгөө халааслаад явж байна уу, мөнгө байгаа гэсэн баримт өвөртлөөд явж байна уу гэдэгтэй адил ойлголт юм.
Хадгалах хамгийн найдвартай арга юу вэ?
Хөрөнигийн хэрэглээ болон хадгалах нөхцөл, шаардлагаасаа хамаараад өөр өөр учир шууд тэр гээд хариулах боломжгүй. Тиймээс, өөрөө хэрэглээ, хэрэгцээгээ тодорхойлоод, хэтэвчүүдээ харьцуулан судалсны үндсэн дээр, өөрт хамгийн тохирохыг олж ашиглах нь зүйтэй.
DeFi болон DApps хэрэглэх үедээ юуг анхаарах хэрэгтэй вэ?
Ухаалаг гэрээнд хөрөнгө түгжих нь өөрөө их эрсдэлтэй үйлдэл тул, нарийн судалсны үндсэн дээр хэрэглэх, хэрэглэх явцдаа анхаарал сэрэмжтэй байх, хэрэглэж дууссан бол холболтыг нь заавал салгаж хэвших нь хамгийн зөв дадал болно. Таны хэтэвчээ холбосон DApp-н хөгжүүлэгч алдаа гаргах эсвэл аль 1 ажилтан нь эрх мэдлээ урвуулан ашиглах, кодын дутагдлыг олсон этгээд халдлага үйлдэх зэрэг ямар ч таагүй зүйл тохиолдож болох тул, найдвартай газраар үйлчлүүлж байсан ч, аюулгүй байдалдаа багахан хугацааг зориулж байгаарай.
Хэтэвчинд хандах эрхийг яаж цуцалдаг вэ?
BSC-ний хувьд, BscScan дээрх токений хандалт шалгах хэрэгслийг ашиглаж болно. Үүний тулд, холбоход хэрэглэсэн хаягаа хуулж (copy) аваад, хайх талбарт буулгаад (paste), хай.
Илэрцүүд нь, тухайн хаягтай холбогдсон ухаалаг гэрээнүүдийг харуулах ба, тэндээс холболтыг салгаснаар, тухайн DApp Таны хэтэвчин дэх хөрөнгөрүү хандах эрхгүй болох юм. Энэ үйлдэл нь зөвхөн холболтыг тасалж байгаа учир, Таны хөрөнгө болон хэтэвч, хаягт ямар 1 асуудал үүсэхгүй, дахин хэрэглэхээр бол, дахиад шинээр холбоод ашиглахад ямар ч саад учрахгүй.
Хөндлөнгийн шалгалтаар орсон төсөл яагаад илүү найдвартайд тооцогддог вэ?
Шалгалтууд нь, алдаа дутагдал, зөрчил доголдлыг илрүүлэх зорилгоор гүйцэтгэгдэж, шийдвэрлэхийг шаардаж, асуудлуудаас бүрэн ангижирсны дараа л батламж олгох тул, найдвартай байдлыг илүү батжуулдаг.
Луйвраас ахин дахин сэргийл!
Мөнгөний сургаар, крипто валютруу хошуурах луйварчид их болсон. Таны хөрөнгийг л салгаж авч байвал, ямар л бол ямар башир арга сэдэж, хэрэглэхэд тэд бэлэн байгаа. Тиймээс дотно найз, гэр бүл, холын хамаатан эсвэл зүгээр танил, бүр эсвэл огт танихгүй хүний хэнтэй ч харьцахдаа болгоомжтой байх хэрэгтэй. "Болгоомж хэзээд илүүдэхгүй" гэдэг үгийг ясандаа тултал ойлгож, ухаарвал зохилтой. Бүүр амны уншлага болгон хэлж хэвшсэн ч яахав. Дээр танилцуулсан холбоосуудаас бусад өргөн хэрэглэгддэг аргуудыг доор танилцууллаа. Үүнд:
Blackmail буюу айлган сүрдүүлэх дайралт
Хорлон сүйтгэгч програм ашиглан, үнэтэй фаял, чухал баримтуудыг тань түгжээд, мөнгө нэхэх, эсвэл хувийн чанартай мэдээлэл, зураг, бичлэгээр түрий барьж, хөрөнгө шаардаж ч болно. Түүнийг нь хэзээ ч зөвшөөрч болохгүй, барьцаалагч програмаар түгжигдсэн фаялыг тайлж, сэргээдэг програмууд олноор хөгжүүлэгдэж, үнэгүй түгээгдэж байгаа. Мөнгийг тань авчихаад сэргээж өгнө гэх ямар ч баталгаа байхгүй шүү дээ, 1 Таныг биш өчнөөн хүнийг зальдаж, асар их мөнгө цуглуулж байгаа. Түүний баяжих нь Таньд хамаагүй бол, ядаж өөрөө алдагдал хүлээхгүй байж сур. Чухал, нууц зүйлийг тань мэдсэн, авсан бол, 1 л удаа мөнгө аваад, түүнийг тань өгчихөөд, хуулбар авч үлдэхгүй, яваад өгнө гэж байхгүй, ахин дахин нэхэж, дарамталж болох учир, тэднийг бүү давраа!
Бусдын нэр, дүрийг ашиглах залилан
Найз, танил, банк эсвэл байгууллагын ажилтны нэр, зургыг ашиглан, хувийн мэдээллийг хулгайлах, мөнгө шилжүүлж авах оролдлого сүүлийн үед их дэлгэрч байна. Бага дүнтэй луйврын хэргийг, цагдаа авч хэлэлцэхгүй учир, болгоомжтой хандах нь чухал. Харилцагч байгууллага тань, Таны нууц үгийг хэзээ ч асуухгүй, найз тань яаралтай хэрэг гарсан бол чатлах биш утсаар холбогдох байсан, өсвөр насны хүүхэд тань гэв гэнэт л Таны дуртай, дурсгалтай зүйлсийг сонирхож асууна гэж байхгүй, төлбөр нэхэмжлэгч байгууллага, хувь хүний эсвэл танигдахгүй өөр дансаар мөнгө нэхэхгүй гэдгийг сайтар ухаарах хэрэгтэй. Шалтаг тоочоод эхэлвэл, улам лавшруулан шалга. Төвөгшөөх хэрэггүй, хэрэв хохирчихвол хэн ч тоож туслахгүй учир, өөрөө хариуцлагатай, бас жаахан сэргэлэн бай.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation