Flash Loan гэж юу вэ?
Өөрөөсөө ямар ч барьцаа хөрөнгө гаргахгүйгээр, огт танихгүй хүнээс мөнгө зээлэх боломжтой юу? Тэр даруйд эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр гэвэл боломжтой. Мөнгө зээлээд, түүнийгээ нүд ирмэхийн зуурт, хүүгийн хамтаар эргүүлэн төлөхдөө ашиг хийж чадна гэвэл, Flash Loan буюу шуурхай зээл авч болно. DeFi салбарт нэвтрээд удаагүй байгаа уг шинэхэн боловч, нэн хэцүү аргыг, энэхүү нийтлэлээрээ товчхон танилцуулахыг зорьлоо.
Уламжлалт санхүүгийн системийг халж, өөрчилж чадах асар олон шинэлэг, давуу санаачлагууд, DeFi-д бүрэлдсээр байгаа нь цөм, Блокчэйний үр дүнд бий болсон. Зарим хүмүүс дургүйлхэж, шүүмжилж, няцааж бүр эсэргүүцэж болох ч, энд үнэхээр сонирхолтой санаанууд биеллээ олж, шинэ төрлийн санхүүгийн хэрэгсэл, үйлчилгээг бий болгож байгаа. Крипто валют мэндэлснээр, Блокчэйн дэлхий нийтэд танигдаж, хэрэглээ нь цаг, минутаар нэмэгдэж, DeFi болон түүнд хамаарах төслүүд үй олноор төрөн гарч ирсэн. Өдөр тутмын хэрэглээ, төлбөрийн хэрэгсэл, үнэ цэнийг дамжуулагч зэргээр өргөжсөөр, өнөөдөр крипто барьцаалсан зээл, итгэлцэл үүсгэх шаардлагагүй арилжааны зах зээл, фиат валютийг дагагч крипто валют хүртэл бий болжээ. Тэгвэл, энэ салбарийн онцлох 1 төрөл болох шуурхай зээлийн талаар хамтдаа судалцгаая.
Энгийн зээл яаж ажилладаг вэ?
Барьцаагүй зээл
Зээлийнхээ барьцаанд хөрөнгө байршуулах шаардлагагүй буюу зээлээ эргүүлэн төлж чадахгүй болсон үед, зээлдүүлэгчид шилжих хөрөнгөгүйгээр олгосон зээлийг барьцаагүй зээл гэнэ. Жишээлбэл, 3 сая төгрөг яаралтай хэрэг болсон ч, гар дээр бэлэн байхгүй, ирэх сарын цалинг хүлээх боломжгүй үед, түүнийгээ найздаа ойлгуулж хэлээд, зээлж авч болно. Тэгэхдээ мэдээж, цалин буумагц эргүүлэн төлөхөөр тохиролцсон байгаа. Хүн бүр ямар ч барьцаагүйгээр ингээд зүгээр өгчихгүй ч, энэ найз нь гэнэн эсвэл тусч, эсвэл зээлдэгчийг сайн танихын хувьд итгэсэн нэгэн байсан гэж үзье. Өөр хүн байсан бол "муриад" алга болно гэж айгаад, мөнгөө зүгээр л өгөөд явуулчихгүй нь лав. Барьцаагүй зээлийг, хувь хүнээс бус санхүүгийн байгууллагаас авах үед, тэд үйлчлүүлэгчийн санхүүгийн чадамж, орлогын эх үүсвэр, санхүүгийн түүхийг судалж байж, хувь хэмжээг тогтоон, нөхцлийг өөрчлөн тохируулж байдаг. Өмнө нь зээл авч байсан ч, цаг хугацаандаа, чирэгдэлгүй төлж байсан бол, тэд 1 их эргэлзэхгүй зөвшөөрөх нь дамжиггүй. Гэхдээ хувь хүнээс ялгаатай нь, албан газрууд хүү тогтоож байдаг. Хувь хүн ч хүү тогтоож болох ч, албан байгууллага шиг байнга, заавал тогтоогоод байдаггүй.
Барьцаат зээл
Олон дахин зээл тавьж, тухай бүрээ зохих хугацаанд нь гүйцэт хаадаг сайн зээлдэгч байлаа ч, санхүүгийн чадамжын хэмжээ багаар үнэлэгдсэн бол өндөр дүнтэй зээл авах боломжгүй байдаг. Энэ нөхцөлд, барьцаат зээлийг авч, ашиглаж болно. Их дүнтэй зээл өгөх нь ихээхэн эрсдэлтэй байдаг тул, зээлдэгч өөрийн хөрөнгөөс барьцаа болгон үлдээх шаардлагатай тулгарна. Зээлээ эргүүлэн төлж чадахгүй болсон үед, түүнийг нь зээлдүүлэгч эзэмшиж, захиран зарцуулах эсвэл зарж борлуулснаар, хүлээгдээд буй алдагдлын тодорхой хэсгийг нөхөх боломжыг олгох учраас зээлийн хэмжээнээс хамаарч үнэт эдлэлээс эхсүүлээд, үл хөдлөх, хувьцаа тэргүүтэй хөрөнгүүдийг барьцаалж болдог. Автомашин авах гээд, найзаасаа 500 саяыг зээлэхээр боллоо гэж бодъё. Ийм их мөнгийг тэр зүгээр өгч чадахгүй учир, барьцаанд нь байрны ордерийг авахаар тохиролцож болно. Өрөө төлж барагдуулж чадахгүй болсон тохиолдолд, байр хууль ёсоор найзын өмч болох юм.
Шуурхай зээл яаж ажилладаг вэ?
Flash Loan-ийг барьцаагүй зээлд тооцож болно. Дээрээс нь энэ зээлийг авахын тулд санхүүгийн чадамжаа хэмжүүлж, орлогоо нотлох шаардлагагүй бөгөөд хүсэлт гаргаад, шууд авах боломжтой байдаг. Гэхдээ, ийм зээл нь тухайн шилжүүлгээрээ шууд эргэн төлөгддөг. Уламжлалт тогтолцоотой огт нийцэхгүй, шинэ ойлголт болохоор ойлгомжгүй санагдаж болох ч, Эфириумийн уян хатан, тэр дундаа програмчилж болдог чанрын талаар ерөнхий ойлголттой хүнд бол, хормын дотор "зээлээ авч, ажлаа амжуулаад, буцаан төлөх" ажиллагаа 1 их боломжгүй санагдахгүй болов уу. Блокчэйний энэ шидэт мэт боломжыг ашиглан, 3 үе шатанд багтаан ийм шуурхай зээлийг ашиглаж болдог. Тодруулбал, 1-р шатанд, зээлдүүлэгчээс хөрөнгийг нь авч, 2-р шатанд түүнийгээ хэрэглээд, 3-р шатанд буцаан өгөх ёстой. 3-р шат хүрэх үед зээлийг эргүүлэн төлөхгүй бол, 2-р шат цуцлагдаж, хөрөнгө 1-р шатанд байсан төлөврүүгээ эргэн очих учир, зээлдүүлэгчид ямар ч хохирол учрахгүй. Блокчэйн талаас харвал, хөрөнгө хэзээ ч зээлдүүлэгчийн хэтэвчээс гараагүй мэт харагдах юм. Тийм ч учраас, барьцаа гэх ойлголт энэ бүрэн халагдсан байдаг.
Хэрэгцээ шаардлага нь юу вэ?
Зээлээр авсан хөрөнгөөрөө, ухаалаг гэрээ эсвэл гэрээнүүдийн хэлхээг баяжуулж, ашгаа хүртэх нь шуурхай зээл авах гол шалтгаан болдог. Зээлээрээ, хэлхээнээс гадуурх ямар ч үйлдэл хийх боломжгүй боловч, түүнийгээ ашиглан DeFi-ийн протоколоос өгөөж хүртэж болно. Энэ чиглэлээр хамгийн их ашиглагдаж буй арга нь, арбитр байдаг. Жишээлбэл, 1 DEX дээрээс $10 USD ханшаар, нийт 10'000 ширхэг токен худалдаж аваад, өөр DEX дээр $10.5 USD зарахдаа, шимтгэл төлөөгүй гэж тооцвол, $5'000 USD-ын цэвэр ашиг олж болно. Aave мэтийн журмаар дамжуулан, шуурхай зээл авч байгаа тохиолдолд, дээрх жишээнд танилцуулсантай адилаар, DEX ашиглан, ашиг олох боломжтой байдаг. Үүний тулд дараах алхмуудыг гүйцэтгэх шаардлагатай:
- 1 DEX дээр хямд, нөгөө дээр үнэтэй байгаа хөрөнгө олох;
- Өндөр дүнтэй, шуурхай зээл авах;
- Хямд байгаа DEX дээрээс худалдаж авах;
- Үнэтэй байгаа DEX-рүү гялс шилжүүлж, тэндээ зарах;
- Зээлээ, харгалзах хүүгийн хамтаар эргүүлэн төлөх;
- Ашгаа хүртэх.
Эдгээрийг 1 л шилжүүлгийн дотор амжиж гүйцэтгэх ёстой учир, амжилттай хэрэгжүүлэхэд маш хэцүүгээс гадна, өрсөлдөөн ихтэй, slippage буюу халтиргаа тохиолдох магадлал өндөртэй, хүчин чадал сайн төхөөрөмж, хурд өндөртэй интернэт холболт шаардагдахаас гадна, шалмаг хөдөлгөөн, арилжааны туршлага их хэрэг болно. Ийм байдлаар ашиг олохоор оролдож буй олон зуун мянган арилжаачидтай өрсөлдөх учир, шинээр сонирхож буй арилжаачдад тохирохгүй гэдгийг анхаараарай.
#CoinMarketCap
Шуурхай зээлийн дайралт
Крипто валют болоод DeFi нь сууриа дөнгөж тавиад буй балчир салбар учир, хэт их хэмжээний хөрөнгийг эрсдэлд оруулахаасаа өмнө зохицуулалтаа сайтар гүйцэтгэх хэрэгтэй. Маш ноцтой алдаа хэзээ ч илэрч, түүнийг ашигласан ямар ч айхтар хэрэг үйлдэгдэж, хэний ч хөрөнгийг хуу хомон одох боломжтой учир, түүхээ эргэн санаж, бусдын алдаанаас суралцах нь зүйтэй юм. Ялангуяа 2017 оны Эфириум болон DAO-д тохиолдсон халдлага, түүнээс хойш асар олноор үйлдэгдсэн 51% дайралтуудыг мартаж болохгүй. Тэр ч байтугай 2020 онд тохиолдсон шуурхай зээлийн 2 том халдлага л гэхэд, нийтдээ 1 сая АНУ долларын хохирлыг учруулсан түүх бий бөгөөд, тэдгээрийн үйлдэгдсэн хэлбэр нь тун ойролцоо байсныг анхаарах хэрэгтэй.
Анхны дайралт
Эхний халдлага нь, dYdX гэх зээлийн DApp дээр зээлдэгч Эфир авснаар эхэлсэн бөгөөд түүнийгээ Compound, Fulcrum гэх 2 тусдаа зээлийн платформруу хуваан илгээх замаар үйлдсэн байдаг. Fulcrum нь bZx хэмээх журамд суурилсан байсан ба, халдлагыг үйлдэгч нь, Эфирээ энд WBTC-д хөрвүүлэн, short орсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, Fulcrum тэрхүү Эфирийг нь хурааж авах шаардлагатай тулгарч, хүсэлт нь Kyber гэх DeFi-ийн өөр 1 протоколруу илгээгдэж, UniSwap дээр батлагдсан. Тухайн үед, UniSwap-ны хөрвөх чадвар бага байснаас үүдэн, WBTC-ын ханш өндрөөр үнэлэгдэж, түүнд нь Fulcrum илүү төлбөр тушаасан байдаг. Түүнтэй зэрэгцэн халдлагыг үйлдэгч этгээд Compound дээрээс, dYdX-ийн зээлийн үлдэгдлээрээ WBTC зээлийг авч, ханшийг хөөрөгдөөд, WBTC-оо UniSwap дээр сольж, под хийсэн ашгыг хүртэв. Тэгээд эцэст нь, dYdX дээрх зээлээ хаагаад, ашгаа халааслажээ. Ажиллагаа ихтэйн дээр, дуурайхад ч хэцүү энэ арга нийт 5 өөр протоколыг ашиглан, тэдгээрийн 1-ийг нөгөөгөөр нь халхлах замаар, зах зээлийг хуурч дөнгөсөн байна. Түүгээр ч зогсохгүй, анхны зээл баталгаажих хугацаанд энэ бүх ажлыг амжуулсан нь гайхалтай. Халдлагыг үйлдэх боломжыг олгосон гол буруутан нь, Fulcrum-н bZx журам байсан бөгөөд, түүнд WBTC-ыг зохих үнээс нь хэт өндөр дүнгээр үнэлүүлж чадсанаас бүх зүйл болсон.
2 дахь дайралт
Эхний дайралтаас хэдхэн хоногийн дараа, bZx журам дахин өөр 1 дайралтанд өртсөн нь, зээлдэгч авсан хөрөнгийнхөө хагасыг sUSD-т хөрвүүлснээр эхэлжээ. Энэхүү зоос нь, АНУ долларын ханштай аргамжсан үнэлгээтэй, тогтвортой зоос байсан боловч, ухаалаг гэрээ нь түүний нэрийг хараад таних боломжгүй байдлыг энд ашигласан байгаа юм. Энэ үед халдагч, зээлж авсан ETH-аараа, асар өндөр дүнтэй захиалга оруулж, Kyber дээрх ханшийг 2 дахин өсгөж орхисон бөгөөд, түүнийг нь bZx худалдан авснаар, халдлагыг үйлдэгчид байж боломгүй өндөр дүнтэй зээлийг олгосон байдаг. Түүгээрээ тэрээр эхний зээлээ хаагаад, үлдсэнийг хаман одсон аж. 2021-11-05 өдөр bZx дахин хакдуулж, 55 сая АНУ доллараар хэмжигдэх хөрөнгийг алдсанаар 3 дахь дайралтандаа өртлөө.
Шуурхай зээл эрсдэлтэй юу?
Дээрх дайралтуудыг сэдэж, хэрэгжүүлсэн этгээд тун сэргэлэнээр сэтгэж, нарийн тооцоолсон нь илт байгаа бөгөөд, халдагчид хүсвэл хэр их самбаа гаргаж чадахыг харуулахын хажуугаар, энгийн дутагдал ямар их хохирол учруулж болохын нотолгоо болж чадсан. Хэдийгээр bZx өөр хутаг ашиглан өгөгдлөө татах ёстой байсан хэдий ч, халдлагыг үйлдэгч өөрөөсөө бараг ямар ч зардалгүйгээр дайралтаа хэрэгжүүлж чадсан нь анхаарал их татаж байна. Дээрх 2 дайралтаас бусад төслүүд суралцаж, хамгаалагдсан байх учиртай ч, аргыг нь олоод мэдсэн хэн ч үүнийг давтан гүйцэтгэх боломжыг хаа нэгтээгээс олж болохыг үгүйсгэх аргагүй юм. Блокчэйний хутгууд нь, 2 дахь дайралтаас хамгаалагдахын тулд, зохих хэмжээнд сайжруулан тохируулагдах шаардлагатай. Гэхдээ, эдгээр дайралтууд нь шуурхай зээлийн сул талтай хамааралтай бус, тэдгээрт хэрэглэгдсэн журмуудтай холбоотой байсан. Энэ дутагдлыг нь эс тооцвол, шуурхай зээл нь алсдаа асар өргөн хэрэглэгдэх, сонгодог хэрэглээ болж чадахуйц бүтээл билээ.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation