Токенжуулсан Биткойн
Биткойныг бусад Блокчэйн дээр хэрэглэхийн тулд, түүнийг тэдгээрлүү токенжуулдаг. Хэдийгээр Биткойны хэрэглээ тодорхой, нийтийн хэрэглээ мөн боловч, зориудаар хязгаарлагдсан боломжууд нь, шинэлэг санааг нэвтрүүлэхэд саад болох нь олонтаа.
Биткойноор одоо хийж чадахаас нь өөр зүйлийг хийх шаардлагагүй гэж үзэх хүмүүсийн зөв, гэхдээ бусад Блокчэйнүүд дээр хэрэглэж болдог болгох нь ч бас зөв. Яг энэ зорилгын үндсэн дээр Биткойныг, Эфириум дээр токенжуулсан юм.
Биткойн нь крипто валютууд дундаа, хадгалж, дарж байвал зохих буюу үнэ цэнээ хадгалагч хөрөнгөнд тооцогддог. Түүнийхээ ачаар, олны анхаарлыг татаж, хөрвөх чадвараа арвижуулж, арилжааны хэмжээ хамгийн өндөртэй, крипто ертөнцийг зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлэгч болж чадсан. Тэр ч бүү хэл, Биткойноос бусад крипто валютийг хэрэггүй зүйл гэж үздэг хүмүүс ч цөөнгүй бий. Тэдэнд, бусад зоосуудын бий болгож, санал болгохыг зориод буй хэрэглээнүүд огтоос сонин байдаггүй байх.
Гэхдээ санхүүгийн салбарт DeFi, тархмал сүлжээний бүтэцтэй, интернэт болон хэрэглүүрийн хөгжүүлэлтэнд DApps зэргээр хөгжүүлэгдэх Блокчэйн аль хэдийн олон салбарт цэцэглээд эхэлчихсэн. DeFi нь Блокчэйнд тулгуурласан, ухаалаг гэрээгээр дамжуулан ажиллах загвартай хэдий ч, ихэвчлэн Эфириумийн сүлжээн дээр хөгжүүлэгдэж байна. Биткойнгүйгээр крипто валютийн салбар үүсч, оршин тогтнохгүй байсан нь үнэн ч, экосистемийн хөгжлөөс хоцрох гээд байгаа нь харамсалтай. Энэ л шалтгааны улмаас, олон олон төсөл, санаачлагуудыг дэвшүүлэн хэрэгжүүлэх болсон ба түүний нэгээхэн жишээ нь, Биткойныг токенжуулах явдал юм.
Токенжуулсан Биткойн гэж юу вэ?
Токенжуулсан Биткойныг ойлгоход хэцүү зүйл огт байхгүй. Өөр сүлжээн дээр, өөрийн Биткойныг түгжиж, түүнд харгалзах хэмжээний токенийг хэвлэснээр, тусдаа сүлжээн дээр Биткойныг ашиглах боломж бүрдэх юм. Шинээр үүссэн токен нь, Биткойнтой 1:1 харьцаагаар тэнцэх бөгөөд, буцааж хөрвүүлэх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, шинээр үүсгэсэн токеноо устгаад, Биткойноо эргүүлэн авч болно гэсэн үг.
Эфириумаас өөр Блокчэйн дээр Биткойныг токенжуулж болох ч, энэхүү нийтлэлээр Эфириумийг онцлон сонгосон тул, түүн дээрээ танилцуулаад явъя. Нэгэнтээ Эфириум дээр токенжуулсан учраас, ERC-20 төрлийн Биткойн үүсэх юм. Ингэж хөрвүүлэн гаргасан Биткойноор, Эфириумийн сүлжээн дээрх гүйлгээнүүдийг хийх боломж бүрдэхийн хажуугаар, Биткойныг Эфириум дээрх бусад токений адилаар програмчилж болдог болох юм. Яг одоо нийт хичнээн Биткойныг, Эфириум дээр токенжуулсан байгааг btconethereum.com хаягаар хандан харж болно.
2021 оны 10-р сарын 01-ний байдлаар, 270'400 гаруй Биткойныг Эфириумийн Блокчэйн дээр токенжуулсан байгаа нь, Биткойны нийт эргэлтийн хэмжээний 18'832'000 гаруй нөөцтэй харьцуулахад бага тоо боловч, цаашид эрчимтэй нэмэгдэхийг нь үгүйсгэхийн аргагүй юм. Дээрх тоог, 2020 оны мөн үеийн үзүүлэлт болох 124'360-тай харьцуулахад даруй 2 дахин нэмэгдсэн байгаа болон, 2020 оны 5-р сарын 1-нд ердөө 2'500 ширхэг BTC л токенжсон байсан зэрэг нь, үүний баталгаа болж байгаа билээ.
Sidechain буюу дэд/туслах/зэрэгцээ хэлхээ болон LN мэтийн 2-р давхаргын шийдлүүд нь дээрхтэй адил асуудлын гаргалгаа болон бүтээгдсэн гэж ойлгож болно. Гэхдээ, LN дээрх Биткойны тоо хэмжээ нь, Эфириум дээрхээс 10 дахин бага байгаа нь анхаарал татахуйц үзүүлэлт юм. Гэхдээ, эдгээр шийдлүүдийг хооронд нь шууд харьцуулахад зохимжгүй бөгөөд, тэдгээрийг өрсөлдөгчид бус өргөтгөлүүд гэж үзэх нь зүйтэй. Токенжуулагдсан төслүүд, Биткойн эзэмшигчдийн хүртэх боломжгүй давуу талуудтай хэдий ч, токенжоогүйгээр зохион байгуулагдсан төслүүд, бүтцийн хувьд илүү чанартай загварчлагдсан байдаг. Үүнийг зөв ашиглаж чадвал, крипто орон зайг бүхэлд нь нөлөөлж чадахуйц ашгийг авч ирэх боломжтой юм.
Биткойныг токенжуулах ямар шаардлагатай байсан бэ?
Биткойн нь, анхны загвараараа л энгийн хэрэглээтэй бүтээгдсэн. Хэдхэн зүйлийг л гүйцэтгэх чадамжтайгаар загварчлагдсан бөгөөд, тэдгээрийгээ тун чанартай хэрэгжүүлж чаддаг. Гэвч энэ чанар нь Биткойныг, илүү шинэлэг, онцлог, давуу зүйлсэд ашиглах боломжгүй болгосон ба, хэдийгээр Биткойн өөрийн үнэ цэнээрээ ханшаа тогтоож байгаа ч, дутагдлуудаасаа шалтгаалан, цахим мөнгөний салбарын хувьсал, хөгжлөөс хоцрогдох аюулд өртөж болзошгүй юм. Онолын хувьд Биткойн дээр ухаалаг гэрээг тохируулж, ашиглаж болох ч, ингэсэн тохиолдолд Эфириум болон бусад ухаалаг гэрээнд түшиглэсэн төслүүдээс олон дахин хязгаарлагдах дутагдлуудыг агуулах тул, хөгжүүлээгүйгээс ялгаагүй үр дүнг үзүүлнэ.
Харин бусад Блокчэйн дээр токенжуулснаар, Биткойны өөрийнх нь хэлхээний өгч чадахгүй давуу талуудыг олж авах онцлогтойн дээр, Биткойны өөрийн халдагдашгүй дархан чанраа хадгалж үлдэх боломжыг олгоно. Түүнчлэн, шинэ сүлжээний санал болгох гүйлгээний хурд, орлох чадвар, нууцлалын боломжуудыг ч олж авах давуу талтай. Тэгээд болоогүй, DeFi-ийн голлох шинж болох нийцтэй байдлыг мөн нэвтрүүлнэ. Энгийнээр бол, 1 том нээлттэй эхийн, задгай талбар дээр бүтээгдэн, хөгжүүлэгдэж, ажиллах програм/аппуудын хооронд харилцан холбогдож ажиллахад ямарваа саад тулгарахгүй байх боломжтой маш өндөр байх юм. Биткойныг өөр, илүү давуу түвшинд аваачсан явдлыг олон хэрэглэгчид баяртайгаар хүлээн авсан бөгөөд, урьд өмнө нь боломжгүй байсан олон зүйлсийг нээж өгсөн гэж бахархах нь их байна.
Биткойныг яаж токенжуулдаг вэ?
Биткойныг, Эфириум болон бусад Блокчэйнрүү токенжуулах хэд хэдэн арга бий. Тэдгээр сүлжээ бүр өөр өөрийн төвлөрсөн бус чанар, эрсдлийн хэмжээ, итгэлцэл болон зөвшилцлийн зохион байгуулалттайгаас гадна, өөр хөрөнгө битүүмжлэн гохдох ялгаатай тогтолцоотой байдаг. Тэдгээр аргуудыг ерөнхийд нь өмчлөлийн болон өмчлөлийн бус гэж 2 ангилах ба, өмчлөлийн аргын үед төвлөрсөн сахиулд хөрөнгөө хадгалуулна. Ихэнх тохиолдолд, уг хамгаалагч нь харгалзах токенийг нийлүүлэгч байх тул, хөрөнгийн аюулгүй байдалтай холбоотой үл итгэлцэл үүсэх нь бий. Гэхдээ ийм хэлбэрийн хөрвүүлэлт, гүйцэтгэл, ашиглалтын явцад алдаа дутагдал гарахгүй байх магадлал нь өмчлөлийн бус хэлбэрээс хол илүү байдаг.
Өмчлөлийн бус аргын үед, хөрөнгөө бусдын мэдэлд шилжүүлэх шаардлагагүй буюу, токений хэвлэлт болон шатаалтыг хэлхээн дээрх автоматжуулалтаар гүйцэтгэнэ. Уг тогтолцооны үед, барьцаа хөрөнгийг өөрийнх нь хэлхээн дээр түгжиж, нөгөө хэлхээн дээр зохих хэмжээний токенийг хэвлэх ба, тэдгээрийг усттал барьцаа хөрөнгийг суллахгүйгээр програмчилсан байна. Энэ арга нь, харилцагч талаас учрах эрсдлийг арилгасан давуу талтай боловч, шатаалтыг хэрэглэгчид өөрт нь бүрэн хариуцуулдаг дутагдалтай. Өөрөөр хэлбэл, хэрэв хэрэглэгчийн эсвэл гэрээний алдаанаас үүдэн хөрөнгө алдагдвал, тэдгээрийг устгах буюу барьцаагаа гарган авах ямар ч боломжгүй болох аюултай гэсэн үг.
Токенжуулсан Биткойны жишээ
Өмчлөлийн
Токенжуулсан Биткойны нөөцийн багагүй хувийг энэ төрлийн хөрөнгө эзэлж байгаа ба, тэдгээрийн дундаас хамгийн их хэмжээ нь, Wrapped Bitcoin (WBTC) буюу Битүүмжлэгдсэн Биткойнд хамаарч байна. Хэрэглэгчдийн илгээсэн BTC-ыг олон гарын үсгээр хамгаалагдсан сүлжээнд холбогдоогүй буюу "хүйтэн" хэтэвчинд байршуулж, түүнтэй нь адил хэмжээний WBTC-ыг зөрүүлэн олгох энэ үйлчилгээг авахын тулд, KYC болон AML баталгаажуулалтанд хамрагдсан байх шаардлагатай. Эдгээр баталгаажуулалт нь, аюулгүй болон найдвартай байдлыг бататгах зорилгоор гүйцэтгэгддэг ач холбогдолтой аж.
Сонирхуулахад, Байнансийн ийм токенжуулсан Биткойныг BTCB гэх бөгөөд, уг токен нь BEP-2 загвартайгаар Binance DEX дээр арилжаалагдаж байгаа.
Өмчлөлийн бус
Өмчлөлийн бус хэлбэрийн токенжуулалт, тухайн хөрөнгийнхөө хэлхээн дээр гүйцэтгэгдэхээс гадна, дундын ямар нэгэн зууч, зохицуулагчгүйгээр хэрэгждэг. WBTC-той адил боловч, харгалзагчийн оронд ухаалаг гэрээ эсвэл виртуаль машинд түшиглэн ажиллана. Ийм зохион байгуулалттай системд, харилцагч талуудын хооронд харилцан итгэлцэл үүсгэх, хөндлөнгийн этгээдэд хөрөнгөө даатгах шаардлагагүй. Гэхдээ, энэ төрлийн зарим системүүд, хэвлэж авах токений хэмжээнээсээ илүү хөрөнгө байршуулах шаардлага тавьдаг ба энэ нь, тохиолдож болзошгүй хар хунгын үзэгдэл болон зах зээлийн уналтын эсрэг авсан арга хэмжээ юм. Гэсэн хэдий ч, үнэхээр ийм зүйл тохиолдвол, энэ төрлийн системүүд тэдгээрийг даван гарах боломжгүйг анхаарах хэрэгтэй.
Хамгийн өргөн хэрэглэгдэж буй, өмчлөлийн бус токенжуулалт нь одоогоор, renBTC болоод байна. BTC-ыг хүлээн авагч нь, Ren Virtual Machine (RenVM) буюу Рэн виртуль машин байх бөгөөд, хэрэглэгчдийн байршуулсан хөрөнгийг төвлөрсөн бус зангилаануудын сүлжээнд байршуулж хадгалаад, адил хэмжээний ERC-20 токенийг хариулж илгээдэг.
Бусад онцлох жишээгээр, sBTC болон iBTC нарыг нэрлэх нь зүйтэй болов уу. Эдгээр нь, Synthetix Network Token (SNX) буюу нийлэг сүлжээний токений, Биткойн бус олон төрлийн токенуудын цуглуулгыг хүлээн зөвшөөрдөг үйлчилгээ юм. iBTC-ийн онцлог нь, уг токен, BTC-ы ханшийг урвуугаар даган хөдөлж байдагт оршино. Энэ чанар нь iBTC-ыг, Биткойнд short ороход ээлтэй хөрөнгө болгож өгчээ. Гэхдээ, эдгээр төслүүд нь бүгд туршилт, судалгааны шатандаа явааг мартаж болохгүй. Төвлөрсөн шинж давамгайлсан, илүү найдвартай учир, өмчлөлийн арга нь илүү дэлгэрсэн, кодын болон хүний алдаанаас хамаарч хөрөнгө эрсдэх магадлал тун өндөр байдгыг анхаарах нь зүйтэй юм. Гэхдээ технологи нь боловсронгуй болоод ирэхийн цагт, токенжуулалтын ирээдүйг эд наргүйгээр тодорхойлох боломжгүй болж болохыг үгүйсгэхийн аргагүй билээ. Өмчлөлийн бус арга нь, автоматжуулсан боловсруулалтуудаар гүйцэтгэгдэх тул, мэдлэг болон туршлага зузаан хэрэглэгчдэд илүү тохиромжтой. Гэхдээ, "тоглолт" хийх гэж байгаа бол, биржээ сонгоод, токеноо хэвлээд ашиглахад, сүрхий мэдлэг шаардагдахгүй ч, эрсдлийн зохицуулалтаа сайтар гүйцэтгэх хэрэгтэйг анхаараарай.
Дээр дурьдагдсан токенуудын талаарх бүхий л мэдээ мэдээллийг, CMC дээрх харгалзах хуудсуудаас нь авахыг хүсвэл дараах холбоосуудаар хандаарай: WBTC, renBTC, SNX, sBTC, iBTC (iBTC).
#CoinMarketCap
Биткойныг Эфириум дээр токенжуулах нь Биткойн, Эфириум 2-ын алинд нь ашигтай вэ?
Биткойны хувьд, хэрэглээний олон талын ашгийг олж авах боломжтойн дээр, ETH 2.0 шинэчлэлтийн дараа, гүйлгээний шимтгэл бүр ч ихээр буурч, хурд нь мэдэгдэхүйц нэмэгдэж болох юм. Гэхдээ, хэрэв токенжсон Биткойноо ямар 1 шалтгаанаар алдчихвал, барьцаанд тавьсан Биткойноо эргүүлэн авах ямар ч боломжгүй болох эрсдэлтэй. Хэрэв бас, ихэнх хэрэглэгчид Эфириум дээр Биткойноо токенжуулж хэрэглэж эхэлвэл, Биткойны сүлжээний ачаалал болон шимтгэл буурах давуу талтай ч, энэ мэтээр маш удаан үргэлжилвэл, сүлжээний аюулгүй байдал алдагдахад хүрнэ.
Эфириумийн хувьд, Биткойны үнэ цэнийг өөртөө татан шингээж, улмаар Эфириумийг, үнэ цэнийг түүчээчлэгч болгох боломжтой. Биткойныг Эфириум дээр түгжсэнээр, DeFi орон зайг ч өргөтгөх боломжууд нэмэгдэнэ. Жишээлбэл, зөвхөн токенжсон Биткойнд зориулагдсан үйлчилгээнүүд бий болж, BTC-д суурилсан DEX болон зээлийн үйлчилгээ, зах зээл цэцэглэх, хөрвүүлэлтийн сангууд үүсч, DeFi-г тэр чигт нь хамарсан BTC-ы ноёрхол ч тогтож болох юм. Түүнчлэн энэхүү уусгалт нь бусад токенуудыг ч, Эфириумийн сүлжээнд хамруулах хүчтэй нөлөөллийг үзүүлж болно. Хөлөө олсныхоо дараа, тун сонирхолтой, үр өгөөжтэй санаа, шийдлүүдийг сэдэж, олон олон боломжуудыг санал болгох нь мэдээжийн хэрэг боловч, энэ төрлийн ихэнх төслүүд дөнгөж гараагаа тавин, эхэлж байгаа тул, өсч өндийх багагүй цаг хугацаа, орон зайг шаардана гэдгийг ойлгоорой.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation