Scalping Trading гэж юу вэ?
Scalping буюу хуйхлалт нь, 1 минутын граф дээр буюу маш богино хугацаанд, ханшийн маш бага өөрчлөлтөөс ашиг олох зорилгоор гүйцэтгэгддэг арилжааны төрөл юм. Өөрөөр хэлбэл, арилжаа бүрээсээ их ашиг олох бус, ашиг багатай олон арилжааг цувуулан гүйцэтгэдэг гэсэн үг. Зөв хийж чадвал, яваандаа хөрөнгийн хэмжээнд мэдэгдэхүйц өсөлт үзүүлсэн байх давуу талтай бөгөөд ийм төрлийн арилжааг эрхлэгчид ихэвчлэн маш ойрхон SL зоож, хөшүүрэгдэж байдаг.
Богино хугацааны арилжааны энэ төрөл нь өдөр тутмын арилжааны төлөвлөгөөг хэрэглэгчдийн хамгийн өргөн хэрэглэдэг арга билээ. Лаан граф дээр төлхүү төвлөрч ажиллах буюу ихээхэн TA-г гүйцэтгэж, асар богино хугацаанд, оновчтой шийдвэр гаргах шаардлагатай тул, шинэхэн арилжаачдад тохиромжгүй. Харин, туршлагатай арилжаачдын хувьд энэ арга нь, өдрөөр арилжаалах төлөвлөгөөнийх нь 1 хэсэгт зүй ёсоор багтана.
Крипто валютийн арилжаанаас гадна, үнэт цаас, гадаад валютийн арилжаанд ч өргөн хэрэглэгдэх уг аргыг туршиж, хэрэглэж үзэхээс өмнө, ЭНД дараад, бидний сонирхогчдод зориулан бэлтгэсэн 3 цуврал нийтлэлтэй танилцаарай.
Хуйхлах арилжааг энгийнээр, дусал дуслаар ашиг цуглуулах арилжаа гэж ойлгож болно. Ийм төрлийн арилжаа нь, маш богино хугацаанд явагдах тул, үүнийг гүйцэтгэхдээ FA гүйцэтгэх нь бараг үгүй. Арилжаалах хөрөнгөө сонгохдоо, анх хийж болох ч, түүнээс цааш дан TA дээр тулгуурлан шийдвэр гаргах нь түгээмэл. Гэхдээ, зарим чухал мэдээллийн нөлөөгөөр, ханш хэлбэлзэж, түр зуурын боловч хүчтэй эрэлт/нийлүүлэлтийг өдөөх нь бий.
Хуйхлалтаас яаж ашиг хийдэг вэ?
Арилжааны хэмжээ, ханшийн хөдөлгөөн, шал болон таазын түвшин, лаан графын загваруудыг төлхүү ажиглах ба ингэхдээ, MA, RSI, BB, VWAP, Фибоначчийн хэрэгслүүдээс сонголтоороо хэрэглэдэг. Эдгээрээс гадна, захиалгын жагсаалтыг шинжлэх аргыг ч бас ашиглах нь бий. Түүнчлэн, өөрийн сэдэж, боловсруулсан аргуудыг ашиглаж ашиг олдог арилжаачид ч бас байдаг. Ховор боломжыг алдалгүй олж, таньж чаддаг, түүнд тохирсон, өөрт хамгийн нийцтэй төлөвлөгөөг хэрэгжүүлж чадаж байгаа цагт амжилт цаанаасаа ундран гарах болно.
Энэ төрлийн арилжааны арга, төлөвлөгөөгөө нийтэд зарлан танилцуулах нь, тухайн аргыг үр дүнгүй болгож орхих аюултай тул, олсноо бусдаас харамлан, нуух нь зүйтэй. Тийм ч учраас, өөрийн гэсэн өвөрмөц, шинэ төлөвлөгөөг зохиож хэрэглэх нь илүү үр дүнтэй байж болох юм.
Ур чадвар, туршлагаас хамаарч, 1 цаг, 15 болон 5 минут, бүр 1 минутын граф дээр ажилладаг арилжаачид ч бий. Гэвч, бага цаг дээр HFT гүйцэтгэгч ботуудтай таарах магадлал өндөр байдаг бөгөөд, тэдний хэтэрхий гэмээр өндөр хурдтай тооцоолол, их дүнтэй гүйлгээний "салхинд цохиулах" магадлал ч тэр хэмжээгээр их байх болно. 15 секундын граф дээр арилжаа хийгчдийн дийлэнх нь, хангалттай шинжилгээ хийж амждаггүй гэдгээ өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгэхээр, өндөр чадалтай компьютерийг яаж ч гүйцэх билээ дээ.
Их цаг дээрх дохио, бага цагийнхаас илүү үр дүнтэй байдаг гэж олон ч нийтлэлдээ бичсэнийг уншигч Та анзаарсан байх. Оргүй зүйлийг ингээд л ахин дахин бичээд байхгүй нь лав шүү дээ. Тиймээс, хичнээн бага цаг дээр арилжаа хийдэг байсан ч, эхлээд том цаг дээрх төлөв байдлыг заавал 1 ажиглачихаж байгаарай. Хэтийн буюу ерөнхий төлвийг багцаалдчихсан байхад, богино цаг дээрх таамгууд илүү баримжаатай болдог учраас тэр.
Scalping-д, тогтсон дүрэм гэж байхгүй. Хүн бүр өөр өөр төлөвлөгөөгөөр ажиллах боловч, санаж явахад илүүдэхгүй хэдэн зүйл бий.
Хуйхлах арилжаа хийхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?
Хуйхлагчдын арга барилыг дотор нь, сэрэмжтэй болон төлөвлөгөөтэй гэж 2 ангилна. Сэрэмжтэй хуйхлалтын үед, арилжаанд орох/гарах ямар 1 төлөвлөгөө боловсруулаагүй байх боловч, тухайн цаг үеээ даруй мэдэрч, зохих шийдвэрийг шуурхай гаргаж ажилладаг. Өөрөөр хэлбэл, бүхий л мэдээ мэдээлэлд чих тавьж, графыг ажиглаж суух боловч, элдэв дүрэмгүй, зөвхөн өөрийн таамаг, мэдрэмжинд бүрэн тулгуурлан шийдвэр гаргахыг ийн тодорхойлно.
Төлөвлөгөөт хуйхлах арилжаа гэж, орох болон гарах бүсээ тогтсон шалгуур, системтэйгээр тооцон сонгодог аргыг хэлнэ. Энгийнээр бол, ийм хэлбэрээр арилжааг гүйцэтгэхдээ, тусгай нөхцөл, шалгуур биелэгдсэн үед арилжаа хийдэг учир, өгөгдөлд суурилсан шинжтэй байдаг. Мэдрэмжиндээ бус алгоритмд илүү найддаг гэж ойлгож болно.
Зарим хуйхлагчид, range trading буюу бүсийн арилжаа гэх төлөвлөгөөг хэрэглэх нь бий. Аливаа 1 бүс үүсэхийг хүлээж, бүрэлдсэн үед нь тухайн бүс дотроо л арилжаа хийхийг ийн нэрийддэг. Тухайн бүсийг задрах хүртэл, доод захыг нь шал, дээд захыг нь тааз гэж тооцож, түүндээ нийцүүлэн шийдвэр гаргах нь энэ төрлийн арилжааны аргын гол зорилго болдог. Уг арга нь, найдвартай биш хэдий ч, басхүү ашиг авч ирдэгт тооцогддог төлөвлөгөө юм.
Дээрх аргуудын алийг ч туршиж, хэрэглэсэн, SL зоох зэргээр эрсдлээ ямагт зохицуулж байгаарай гэж захимаар байна.
Өргөн дэлгэрээгүй өөр бас 1 арга нь, авах/зарах ханшийн зөрүүнээс ашиг олох төлөвлөгөө юм. Авах захиалгуудын дээд үнэ, зарах захиалгуудын доод үнэ хооронд багагүй зөрүү үүссэн байвал түүнийг ашиглаж яагаад болохгүй гэж? Гэхдээ, ийм ялгааг ботууд маш хурдан арилгачихдаг тул, ирээдүйтэй төлөвлөгөөнд тооцох боломжгүй байдгыг анхаараарай. Боломж нь олдвол харин, атгаад авна биз. Ийм төрлийн арилжааны талаарх дэлгэрэнгүй тайлбарыг ЭНД дараад уншиж болно.
Маш бага өөрчлөлт дээрээс ашиг хийх учир, хөшүүрэг ашиглах нь маргаангүй сонголт болох нь их. Гэвч, энэ нь эрсдлийг мөн адил нэмэгдүүлдэг, халтиргаа мэтийн асуудлуудад эмзэг байдгыг мартаж болохгүй.
Хуйхлах арилжаа хэнд тохиромжтой вэ?
Унтаж байхдаа нээлттэй захиалга үлдээх сонирхолгүй хүмүүст илүү тохиромжтой. Гэхдээ, өдрөөр арилжаалах болон богино хугацааны өөр бусад төлөвлөгөөнүүд байдаг шүү.
Тиймээс, өөрийн боломж, чадвар, онцлог, сонирхолд нийцсэн арилжааны төлөвлөгөөгөөг боловсруулж, хэрэглэх нь л хамгийн оновчтой шийдвэр болох байх. Үнэхээр сонгож чадахгүй байгаа бол, "золиослож чадах" бага дүнгээр эсвэл туршилтын хэрэглүүр дээр хийсвэр мөнгөөр цаасан арилжаа хийж, төлөвлөгөөнүүдийг туршаад, аль нь өөрт тань илүү тохирч байгааг олж бас болно.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation