Tendermint гэж юу вэ?
Бидний сайн мэдэх Блокчэйн өөрчлөлт хэт тэсвэртэй бүтэцтэйгээрээ алдартай. Хөгжүүлэгчдэд энэ байдал нь хязгаарлагдмал орчинд нь нийцүүлэн хэрэглүүрээ бүтээх эсвэл кодыг нь салаалаад, өөрийн гэсэн шинэ хэлхээг бүтээж аишглах гэсэн 2 сонголтыг л үлдээдэг. Гэхдээ өөрийн гэсэн хэлхээг бүтээнэ гэдэг тийм ч амар ажил байхгүй л болов уу. Ялангуяа үүний тулд хэрэглэх зөвшилцлийн алгоритмаа бас судалж сонгох, шинэ сүлжээ үүсгэж хэрэглэх шаардлагатай тулгарна. Тэгвэл энэ асуудалд хамгийн хялбар шийдлийг Tendermint буюу Зөөлөн гаа (Тэндэминт) санал болгодог. Тодруулбал, энэ нь ямар ч хэл дээр апп бичих боломжтой, Блокчэйн үүсгэж ашиглах нөхцлийг бүрдүүлсэн, нээлттэй эхийн програм хангамж юм. Тэгээд болоогүй, бусад Блокчэйнүүдтэй ч харилцан холбогдож ажиллах боломжыг нь бас бүрдүүлж өгдөөрөө тун онцлог.
Блокчэйний сүлжээ үүсгэх, крипто валют бүтээх нь өгөгдлийн сан зохион байгуулахаас хамаагүй нүсэр ажиллагаатай байдаг. Тэр тусмаа аюулгүй байдал, төвлөрсөн бус чанар, өргөжин тэлэх чадвар 3-ын харилцан уялдааг алдагдуулалгүйгээр, зохицуулах ажил нь ихээхэн тооцоолол, төлөвлөгөө, гүйцэтгэлийг шаардах нь мэдээж. Хамгийн хүчирхэг, найдвартай Блокчэйнийн экосистемийг бүтээхээр олон олон судлаачид болон хөгжүүлэгчид, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрөө ихээр зарцуулсаар ирсэн бөгөөд энэ удаагын дугаараараа тэдгээрийн дундаас одоогоор хамгийн ихээр тодрон гарч ирээд буй Tendermint-ийг товч бөгөөд тодорхой танилцуулахыг зорилоо.
Албан ёсны веб
tendermint.com
Блокчэйний талаар ерөнхий мэдлэгтэй уншигчдад маань Tendermint-ийн талаарх ойлголт нилээд танил санагдах боломжтой бөгөөд үндсэндээ дараах сэдвүүдийг хамааруулан судална.
Блокчэйний бүтэц, зохион байгуулалт
Tendermint-ийг Блокчэйнийн бухалтай зүйрлэж болно. Биткойн, Эфириумийг ч ийн зүйрлэж болох бөгөөд тэгэхдээ зөвхөн Блокчэйн гэдэг талаас нь бус, P2P сүлжээ, зангилаанууд агуулагдаж, тэдгээр нь өөр хоорондоо харилцан холбогдож, өгөгдөл солилцож, ухаалаг гэрээтэй хүртэл харилцаж байдгыг мартаж болохгүй. Тэгэхдээ тэдгээр нь харилцан 1 нөгөөдөө огтхон ч итгэхгүй байлаа ч, тус бүрдээ өгөгдлийн сангийн тухайн агшин дахь төлвийн хуулгаар санал нэгдэн ажиллана. Өнөөгийн ихэнх томоохон Блокчэйнүүд тэдгээрийн ихэнхийг нь боломжтой болгочихсон байгаа хэдий ч, гол төлөв 1 цул бүтэцтэйгээр хөгжүүлэгдэн хэрэглэгдэж байна. Өөрөөр хэлбэл, тэдгээр нь харилцан холбогдсон, харилцан 1 нөгөөгөөсөө хамааралтайгаар ажиллаж байгаа юм. Тийм ч учраас, 1 хэсгийг нь салгаж аваад, өөр газар залгаад ашиглах ямар ч боломжгүй байдаг. Ингээд бодохоор 1 цул бүтэцтэй байдал нь, уян хатан чанрыг эрхэмлэгчдэд туйлын зохимжгүй болох нь илэрхий болж байгаа биз? Тэгвэл нөгөө талаас Modular буюу угсармал бүтэц нь 1 хэсгийг нь салгалаа гээд ямар ч аюул учрахгүй, уян хатан чанарыг амлаж чадна. Түүгээр ч зогсохгүй, 1 хэсгийг нь шинэчлэхийн тулд түүнийг бусад нэгж хэсгүүдтэй бүрэн нийцэх эсэхийг баталгаажуулаад байх шаардлагагүйгээрээ, угсармал бүтэц нь цул бүтцээс илт давуу талтайд тооцогдох боломжтой.
Византийн алдаа тэсвэрлэх чадвар (BFT)
Византийн жанждын асуудлыг бид крипто цуврал нийтлэлийнхээ өмнөх дугаарт тодорхой танилцуулсан байгаа. Энэ нь товчхондоо тархмал байршилд харилцан холбоо тогтоохтой хамааралтай сэдэв бөгөөд шаардлагатай гэвэл ЭНД дараад дэлгэрэнгүй уншиж судлаарай. Товчхондоо, тусдаа орших нэгжүүд, нэгээс нөгөөд ирсэн мэдээллийн үнэн бодит, бүрэн бүтэн байдлыг таньж мэдэх боломжгүй ч, баримтууд дээр санал нийлэх боломжтой байвал түүнийг Византийн алдаа тэсвэрлэлт гэж ойлгож болно. Ялангуяа төвлөрсөн бус чанартай сүлжээнд энэ асуудал асар хурцаар тавигдах ёстой. Үүнийг л шийдэж чадаагүй бол, тухайн крипто валют хэрэглээнд нэвтэрч, ажиллах ямар ч боломжгүй гэсэн үг. Мэдээжийн хэрэг хянан баталгаажуулагч, төвлөрсөн 1 цэгийн удирдлагыг нэвтрүүлж болох ч энэ нь криптогийн гол зорилгыг бүрэн няцаасан хэрэг болно. Биткойн тэргүүтэй асар олон зоос, токенууд үүнийг PoW алгоритмын тусламжтайгаар шийдвэрлэсэн байдаг ба хүсвэл уг зөвшилцлийн алгоритмын талаарх дэлгэрэнгүйг ЭНД-ээс судлаарай.
Блокчэйний 3 давхарга
Блокчэйн нь цул эсвэл угсармал бүтэцтэй байхаас гадна, дараах 3 давхаргаас бүтнэ.
Зөвшилцлийн болон Сүлжээний давхаргуудад, зангилаанууд харилцан холбогдож, мэдээлэл солилцож, баримтууд дээр санал нийлэхийг оролдож байдаг бол Хэрэглээний давхарга дээр харилцагч/хэрэглэгчийн үйлдлүүд гүйцэтгэгдэх боломжтой байдаг. Жишээлбэл, Эфириум дээрх DApps, Ухаалаг гэрээ, Биткойн дээрх захиалгат гүйлгээ г.м.
#CoinMarketCap
Tendermint Core
Tendermint гэдэг нь, крипто төсөл, мөн уг төслийн техник технологи, эдийн засгийн үндэслэлийг нь анх бичсэн, хөгжүүлэгч Жэ Квонийн (Jae Kwon) үүсгэсэн байгууллагын нэрийг илэрхийлдэг бол, Tendermint Core нь тухайн байгууллагын хөгжүүлэн, ажиллуулж буй програм хангамжын нэр юм. Уг Тэндэминтийн Цөм хэмээх энэхүү програм нь адил нэр бүхий гол зөвшилцлийн хөдөлгүүр Tendermint Core болон ABCI гэх хэрэглүүрийн загвар гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэнэ. Tendermint Core нь BFT-ийг бататгадаг систем бөгөөд хялбараар тайлбарлавал, адил хугацаанд, адил төлвийг харуулдаг тархмал байдлаар сүлжээ үүсгэн холбогдсон компьютерууд юм. Тийм учраас тэдгээрийн 2/3 нь үнэн зөв мэдээлж байхад л сүлжээний хэмжээнд ямар ч асуудалгүй ажиллах таатай нөхцөл бүрдсэн хэвээр байх давуу талтай. Хэдийгээр бараг бүх Блокчэйнд яг адил зарчим хэрэгжиж байдаг ч, Tendermint Core-ийн хувьд PoS алгоритмаар баталгаажуулж, тэгэхдээ Round-Robin хэмээх тогтолцоог ашиглаж байдаг онцлогтой. Round-Robin гэдэг нь, санамсаргүй түүврээр сонгогдсон баталгаажуулагч өгөгдсөн хугацаанд блок хаагаад, тэрийг нь олонхи дэмжсэн тохиолдолд баталгаажуулж, хэлхээг шинэчлээд, дараагийн сонгогдогчид ажлаа хүлээлгэж өгөх зарчмаар ажилладаг арга барил юм. Тийм учраас, Биткойн болон Эфириумтай харьцуулахад баталгаажуулах хугацаа нь асар бага байдаг давуу талтай. Тодруулбал, ингэж баталгаажуулдаг системд, гүйлгээний дараах баталгаажуулалт хүлээх ямар ч шаардлагагүй буюу, шууд хүлээн зөвшөөрөгдсөнөөр тооцож болдог. Тэгээд болоогүй, Tendermint Core нь угсармал бүтэцтэй тул хэрэглээний давхарга нь, бусад 2 давхаргаас ангид оршдог. Энэ нь хөгжүүлэгч зөвшилцлийн алгоритмд огтхон ч санаа зоволгүйгээр, өөрийн хэрэглээний давхаргыг бухал дээр нэмэх бүрэн боломжтой гэсэн үг юм. Мэдээж эцсийн хэрэглэгчдийн хувьд энэ нь онц чухал мэдээ биш боловч, хөгжүүлэгчдийн хувьд бэлэн суурь цутгасан газар авч байшин барих шиг таатай зүйл юм. Блокчэйн дээрх өгөгдөл нь холбогдсон давхаргад шууд юүлэгдэх тул, кодоо програмчлалын ямар ч хэл дээр бичих бүрэн боломжтой байдаг. ABCI буюу Application Blockchain Interface (орчуулбал, Хэрэглээний Блокчэйний Харилцах загвар) нь энэ гайхалтай боломжыг бий болгодог бөгөөд үүнийг Raspberry Pi тооцоолуурын GPIO буюу үндсэн хэрэглээний оролт, гаралтын зүүнүүтэй адилтган ойлгож болно. Түүн дээр гадны ямар ч эд ангийг холбон ашиглаж болдгын адилаар ABCI нь Блокчэйн болон түүн дээр ачааллах хэрэглүүрийн хоорондын бүхий л харилцааг зохицуулж өгөх юм.
Tendermint Core-ийн онцлог давуу тал
Зөвшилцлийн алгоритмыг, програмын харилцахаас тусгаарласнаар төвлөрсөн бус чанар, уян хатан байдалд асар уудам боломжыг нээж өгсөн. Үүний тод жишээ болох Ethermint (ethermint.zone) нь Эфириумийн кодоос улбаалан бүтсэн төсөл боловч, PoW алгоритмыг бүрэн халж, Tendermint дээр Ethereum Virtual Machine (EVM)-ийг амилуулж чадсан гайхамшиг бүтээл болсон. Үүний ачаар, Эфириумийн хөгжүүлэгчид маш хялбар, хурднаар ухаалаг гэрээгээ өөр хөдөлгүүрлүү шилжүүлэх, Solidity хэлээр шинэ гэрээг ямар ч төвөггүй бичих зэрэг хэд хэдэн сонирхолтой боломжуудыг олж авсан. Өөрөөр хэлбэл, Ethermint нь PoS алгоритм бүхий Ethereum мэт ажилладаг тул Эфириум 2.0-ийг нутагшуулах Каспер шинэчлэлтийн урьдчилсан үр дүн мэт сэтгэгдлийг төрүүлж болохуйц, дэвшилтэт шийдэл юм.
Блокчэйний харилцан нийцтэй ажиллах чадвар
"Блокчэйнүүдийн интернэт" хэмээн өргөмжлөгдсөн Tendermint суурьтай протоколууд нь асар олон хөгжүүлэгчдийг өөртөө татсаар байгаа ба тэд уг төслийг крипто орон зайд удтал хүлээгдсэн харилцан нийцтэй байдлыг буй болгож чадах чухал гарц болно гэдэгт гүнээ итгэлтэй байгаа аж. Олон зуун мянган бие даасан Блокчэйнүүд 1 л өдөр бүгд өөр хоорондоо чөлөөтэй, харилцан нээлттэй ажилладаг болчихвол жинхэнэ тэсрэлт болох биз. Энэхүү нийтлэлийг шивж суух зуурт, хэрэглүүрт зориулагдсан нийтийн эсвэл хувийн Блокчэйн үүсгэх боломж олгодог, нээлттэй эхийн Cosmos SDK гэх платформ дээр сая сая өөрчлөлт, сайжруулалтын санаа хэрэгжиж байлаа. Тэдгээр нь цаашлаад, Cosmos Hub-өөр дамжин Космосийн сүлжээрүү хальж, түүн дээрх бусад төслүүдтэй холбогдон ажиллах боломжтой бөгөөд тэдгээр төслүүдээс алдартай хэдэн жишээг сонгон дурьдвал, Binance Smart Chain (BSC), KAVA, Band Protocol, Terra, IRISnet зэрэг болно.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation