Aave гэж юу вэ?

AAVE нь Aave хэмээх протоколын уугуул токен бөгөөд тус Эфириумд суурилсан крипто валютийг эзэмшигчид нь энэхүү төслийн ирээдүйн зорилтыг, хөгжлийг тодорхойлох саналд оролцох эрхтэй байна. Aave (aave.com) нь DeFi-ийн уудамд аль хэдийн өөрийн орон зайг бүтээж, зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгчдийн эгнээн дэх байр сууриа олоод багагүй хугацааг үджээ. Aave-н тусламжтайгаар Эфириумд хөрөнгө оруулагчид төвлөрсөн бус зээлийн үйлчилгээг ашиглах таатай нөхцөл бүрдсэн бөгөөд ийм мөнгөний зах зээл нь өнөө цагийн хамгийн өндөр амжилтыг үзүүлэгч зах зээлээр тодроод байгаа билээ.

Aave-т хэн ч зээлдэгч эсвэл зээлэгч болох замаар хөрөнгөө өсгөх боломжтойн дээр, тогтвортой, бусад зэрэг бүхий л төрлийн зоос, токен, цахим хөрөнгөө эргэлтэнд оруулж, үнэлж болдгоороо онцлог. AAVE гэх энэхүү токенийг сайтар ойлгохын тулд эхлээд түүний цаана орших Aave хэмээх журамтай нь товчхон ч атугай танилцах нь зүйтэй.

ETHLend

Aave-г анх 2017 оны 11-р сард, Стани Кулешов (Stani Kulechov) тэргүүтэй бүлэг хөгжүүлэгчид ETHLend нэрээр ICO хийснээр суурийг нь тавьсан аж. Ингэхдээ харилцагч, хэрэглэгчдийн хооронд зээлдэх хүсэлт, зээлдүүлэх саналуудыг зуучлах зорилгоор бүтээгдэж байсан бөгөөд хэдийгээр санаа нь тухайн үедээ шинэлэг, өвөрмөц байсан хэдий ч, 2018 он гэхэд нэрийн LEND токений хамтаар баавгайн хавцлаар уруудаж эхэлсэн гэдэг. Үүний гол шалтгаан нь хөрвөх чадвар тааруу байсантай шууд хамааралтай бөгөөд, тус шалтгаанаас улбаалан зээлдэгч болон зээлдүүлэгч нарын хооронд тохироо үүсгэхэд туйлын хүндрэлтэй байжээ. Ийнхүү 2018 болон 2019 оныг хүндхэн байдалтай туулсан, Aave 2020 оны эхнээс сая 1 хөлөө олж, цоройн гарч ирж чадсан юм. Kulechov өөрийн podcast дээр тэрхүү баавгайн зах зээлийн нөлөөг төсөлд нь тохиолдсон хамгийн сайн зүйл хэмээн цохон тэмдэглэсэн байдаг бөгөөд тэрээр тэрхүү уналтын ачаар ETHLend-ийг шинэчлэн боловсруулж, улмаар крипто зах зээл дэх зээлийн үйлчилгээний жишгийг бүтээснээр зогсохгүй, цаашлаад Aave-г өнөөгийн амжилт, дүр төрхөнд хүргэх боломж олдсон гэж үздэг гэнэ.

Aave-н ажиллах зарчим

Шинэчлэгдэн, сайжирсан Aave, ETHLend-тэй тун төстэй буюу харилцагчиддаа крипто валют зээлдэж авах, зээлж өгөөд эргүүлэн хүүгийн өгөөж хүртэх боломжыг олгох зарчмаар ажиллана. Гэхдээ түүний цаана хэрэглэгдэж, хэрэгжиж буй бүхэн нь эдгээр төслүүдийн хооронд асар их ялгаа бий. Aave нь мөнгөний зах зээлийн зарчмаар ажиллах учир, зээлдэгчид олгогдох хөрөнгө зээлэгчээс шууд илгээгдэх бус зээлдэгчдийн сангаас цуглан хүрдгээрээ ETHLend-ээс ялгаатай. Зээлийн хүүгийн хэмжээг Utilization Rate буюу Ашиглалтын зэрэг гэх хэмжигдэхүүнээр тодорхойлно. Өөрөөр хэлбэл, сан дахь хөрөнгийн хэмжээ шавхагдаж багасахын хэрээр хүүг өсгөж, хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай анхаарлыг татах зарчмаар ажиллана гэсэн үг. Эсрэгээр, сан огтоос дундрахгүй бол хүүг бууруулж, зээлдэхэд таатай нөхцлийг бүрдүүлж өгөх юм.

Aave нь мөн харилцагчиддаа, тэдний байршуулснаас өөр хөрөнгийг зээлдэх боломжыг олгодгоороо онцлог. Жишээлбэл, ETH байршуулаад, YFI-ээс тогтмол өгөөж хүртэх зорилгоор тогтвортой зоос гаргаж авч, ашиглах боломжтой. Гэхдээ Aave дээрх бүх зээл ETHLend-ийн адилаар Overcollateralize буюу өндөр барьцаа шаарддаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Энгийнээр бол энэ нь, зээлдэхийг хүссэн дүнгээсээ илүү дүнг байршуулах хэрэгтэй гэсэн үг. Энэ нь крипто зах зээлийн савлагаа ихтэй байдлаас шууд хамааралтай бөгөөд, зөвхөн Aave ч гэлтгүй, энэ төрлийн бүхий л үйлчилгээнд хүчээр хөрвүүлэгдэх эрсдэлтэй нүүр тулгарах магадлал ямагт байж байдагтай нь холбоотой. Мөн хөрвүүлэлтийн үед, шимтгэлийг суутган авдгыг бас мартаж болохгүй. Тийм ч учраас Aave, түүнтэй адилтгах төсөл, бүтээгдэхүүнд хөрөнгөө байршуулахаас өмнө учирч болох бүхий л эрсдэл, аюулыг сайтар судалж, тооцох хэрэгтэйг анхаараарай.


AAVE токений зах зээл, хөгжүүлэгчидтэй холбоотой мэдээ мэдээлэл, төслийн явц, сонирхогчдын цугладаг орон зай, түүхэн үзүүлэлт зэрэг бүхий л чухал мэдээллийг ЭНД дараад CMC дээрх харгалзах хуудсаас нь аваарай.


Онцлох чухал боломжууд

Aave нь мөнгөний зах зээлийн орон зайгаас халин, DeFi талбарт Flash Loan буюу Шуурхай зээлийн үйлчилгээнд ч чамгүй ололт амжилтыг үзүүлээд байна. Ихэнх тохиолдолд, Aave-н зээлийн сангийн хөрвөх чадвараас илүү хөрвөх чадварыг зээлдэгчид бүтээж байдаг ба тэрхүү бялхсан их нөөцийн чадавхийг Эфириумийн 1 блокын хүрээнд л, ямар ч барьцаагүйгээр ашиглах байдлаар уг зээлийн үйлчилгээг нэвтрүүлээд байна. Тодруулбал энэ нь, их хэмжээний хөрөнгийг, ямар ч барьцаагүйгээр зээлдэж аваад, тухайн гүйлгээг агуулж буй блокыг хаагдахаас өмнө, шимтгэлийн хамтаар эргүүлэн төлөх ёстой, өвөрмөц төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн юм. Энэ үйлчилгээнээс мөн бага хэмжээний хөрөнгөтэй арилжаачид, хөрөнгө оруулагчид арбитрийн ашиг эсвэл олон тооны гүйлгээ, арилжаанд 1 л гүйлгээний шимтгэл төлөх зэрэг олон давуу талуудыг олж авах ч боломжтой. Жишээлбэл, UniSwap дээр USDC $500-оор зарагдаж байхад, өөр DEX дээр $505 долларын үнэлгээтэй байгааг анзаараад, түүн дээр богино хугацаанд асар их дүнгээр гүйлгээ хийж, энэ зөрүүнээс ашиг олж болох юм. Түүнчлэн Aave нь, Aavegotchi гэх NFT тоглоомыг мөн хөгжүүлж байгаа билээ. 

AAVE-д нэвтрэхүй

Хэдийгээр ETHLend хувьсаж, Aave болон шинэчлэгдсэн ч түүний LEND токен нь өнөөг хүртэл оршин тогтносоор буй. Гэхдээ LEND нь, түүний хөгжүүлэгчдийн хүссэн шиг ажиллаж чадах кодыг агуулаагүй буюу LEND-ийн ирээдүйг түүнийг эзэмшигчид шийдвэрлэх боломжгүй байгаа нь эргээд түүнд багагүй асуудал болдог. Тийм ч учраас төслийн энэ том шинэчлэлт нь 1 AAVE = 100 LEND харьцаагаар хөрвүүлэх боломжыг дэмжигчиддээ санал болгодог билээ. AAVE нь LEND-тэй харьцуулахад цөөнгүй тооны шинэ хэрэглээг нэвтрүүлсэн, Эфириумд суурилсан ERC-20 токен юм. Тэдгээрийн эхнийх нь, эзэмшигчдийг протоколын дэмжлэг, баталгаа болгож байдаг явдал бөгөөд үүнийгээ Safety Module буюу Аюулгүй байдлын Хэсэг гэх шинээр нэвтрүүлсэн санаачлагаар зохицуулж, хөрөнгийн хомсдол үүсэх эрсдлээс сэргийлж байдаг. Энгийнээр бол, зээлэх хангалттай хөрөнгө үлдээгүй үед уг аюулгүйн хэсгийг арилжаалж, зээлдэх хөрөнгийг босгож, нийлүүлэлтийг бүрдүүлэх юм. Тэгэхдээ энэ хэсэгт байршуулагдсан AAVE-с зохих дүнг л суллаж, ашиглах бөгөөд тэдгээрийн хүү нь энгийн жишгээр тоггтоогдож, AAVE-р тооцогдоно.

2 дахь чухал хэрэглээний боломж нь, Aaveжурмын засаглал. Уг токений эзэмшигчид, Aave Improvement Proposals буюу Aave-н сайжруулалтын саналуудад санал нэмж, өгч, бүхий л шатны өөрчлөлтийн шийдвэрүүдэд хүрэх эрхийг эзэмшинэ. Бусад засаглалын токений адилаар, нэгж токен, 1 эрхтэй тэнцэх бөгөөд экосистемийн хүрээнд бараг бүхий л зүйлд нөлөөлөх боломжыг санал болгодог. Түүгээр зогсохгүй, Aave нь хар хунгын үзэгдлээс сэргийлэх, хамгаалах шийдлүүдийг тогтмол судалж, хөгжүүлж, нэвтрүүлж байдаг давуу талтай.

Aave-д тулгамдаад буй асуудлууд

Крипто орон зай дахь бусад бүхий л зээлийн бүтээгдэхүүний адилаар илүү өндөр дүн бүхий барьцааг байршуулж байж, зээл авах боломжтой байгаа нь нэн тэргүүнд цохон тэмдэглэх асуудал мөн гэж бодож байна. Уламжлалт систем шиг, зээлээ эргүүлэн төлөх боломжтой эсэхийг нь тодруулж, батлах боломжгүй байдал нь энэ асуудлын гол зангилаа болдог ба энэ нь эргээд барьцаа хөрөнгийн хувь хэмжээг бууруулахад хүндрэлтэй нөхцлийг бүрдүүлдэг. Ийм байдлаар тогтоох нь тухайн тогтолцоог, капиталийн үр ашиггүй хэлбэрт хамааруулах гол шалтгаан болно. Хэдийгээр энэ нь зээлдэхэд үүсэх эрсдлийг бууруулах давуу талтай ч, эргээд бага хэмжээний хөрөнгөтэй харилцагчдад хэрэглээний таагүй орчныг бүрдүүлдэг.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!