Крипто тайлбар толь [25-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах харь үгсийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар нийтлэн хүргэж байна.
Гарчгуудыг ДАЛДЛАХ-ыг хүсч байвал, ЭНД дарна уу.
Хориглогдсон жагсаалт
Blacklist - Манайхны "хар данс" гэх нэршлээр нь сайн мэдэх энэ жагсаалтанд зөвшөөрөхгүй, дэмжихгүй бүхий л зүйлсийг хамруулна. Тухайлбал, аливаа 1 албан газрын ийм жагсаалтанд бичигдсэн хүн, дахин тэр газраар үйлчлүүлэх боломжгүй болох, мөн IP хаягаар нь тухайн 1 төхөөрөмжийг интернэт холбогдох эсвэл, router буюу утасгүй интернэтийн орчин үүсгэгч төхөөрөмжийн тохиргооны цонхруу хандах эрхийг хязгаарлаж болно. Эсрэгээр шууд нэвтрүүлж байх хаягуудыг, Whitelist буюу зөвшөөрөгдсөн жагсаалт гэдэг.
P2E
Play to Earn буюу Тоглоод орлогожих шийдэл нь, дүрст тоглоом тоглох эсвэл тоглоомын орон зайд хэрэгжүүлж болох бусад үйлдлүүдийг гүйцэтгэснээр, түүнээсээ бодит мөнгөөр, ихэвчлэн крипто валютаар цалинжих эсвэл ашиг олох боломжтой, криптог даган гарч ирсэн нялх салбар юм. Энгийнээр бол, тоглоомыг зөвхөн зугаа бус орлогын эх үүсвэр болгосноор хэн ч, хэдийд ч, хаанаас ч ашиглах боломж улам бүр нэмэгдэж байна. Зөвхөн тоглох бус, тоглоом доторх дүр, орчин хөгжүүлэлт, эд зүйлс цуглуулалт эсвэл бүүр тоглоомын код, загварын хөгжүүлэлт, сайжруулалтанд ч гар бие, санаа оноо нэмэрлэх боломжтой. Ихэнх ийм тоглоомууд Блокчэйн болон NFT-д суурилсан байх ба, сүүлийн үед энэ төрлийн шийдэл маш хүчтэй өргөжин, уламжлалт тогтолцоонд хүртэл нөлөөлөх болсон. Axie Infinity, Decentraland зэрэг томоохон төслүүд нь P2E жишгээр хөгжүүлэгдэж буй алдартай жишээнүүд бөгөөд, тун удахгүй бид дотоодын анхны ийм төслөө өлгийдөн авах гэж байгаа нь, Quest билээ.
Төсөөт
Virtual - Яг заасан нарийн тайлбарын дагуу биш боловч, тодорхойлолтонд бүрэн нийцэж буй, адилаас өөрцгүй зүйлийг виртуал хэмээн нэрлэдэг. Компьютерийн ухааны хувьд, бодит биш боловч, програм хангамжын тусламжтайгаар, бодит мэт бүтээгдсэн зүйлсийг мөн ийн нэрийднэ.
VR
Virtual Reality - Төсөөт байдал гэдэг нь, бодит байдлыг хуулбарласан, өөрчилсөн эсвэл бүр тэс ондоо ертөнц, орон зай юм. Үүнд тулгуурлан эсвэл зориулагдан бүтээгдсэн апп, төхөөрөмжүүд цөөнгүй хөгжүүлэгдсэн байдаг ба, цагтаа технологийн өвөрмөц, шинэлэг санаагаар нэрлэгдэн мандаж байсан эд билээ.
AR
Augmented Reality - Өргөтгөсөн байдал гэж, бодит байдал дээр VR-ыг зэрэгцүүлэн харуулж, бүтээсэн, нийлмэл ертөнцийг тодорхойлно. Хэрэв Та Pokemon GO мэтийн тоглоом тоглож байсан, эсвэл Microsoft-н HoloLens гэх бүтээлийг хэрэглэж эсвэл түүний танилцуулга бичлэгийг нь үзэж байсан бол үүний талаар наад захын ойлголт, туршлагыг хураасан байх учиртай. AR нь, VR-тай төстэй нүдний шил хэлбэрийн төхөөрөмжийг ашиглах боловч, гадаад ертөнцөөс тусгаарлагддаггүйгээрээ түүнээс ялгарна. Гэхдээ одоогоор, ихэвчлэн ухаалаг утасны GPS буюу байршил заагч, Magnetic Compass буюу чиг заагч, Orientation Sensor буюу хөдөлгөөн (чиглэл, хурдатгал г.м.) мэдрэгчүүдийг ашиглан ажиллаж байна. VR-т Та сансарт нисэж, харь гарагаар зочлох эсвэл өөрийн болоод бусдын гэр дотор хүссэн дүрээрээ амьдарч, тоглоом, киноны ертөнцөд аялж болох бол, AR-д хүрээлэн буй орчноо VR дахь зүйлсээр баяжуулах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, AR нь илүү дэвшилтэт технологи юм.
#CoinMarketCap
Кибер
Cyber - Компьютер болон интернэттэй холбоо хамааралтай зүйлсийг ерөнхийд нь нэрлэсэн нэр томъёо. Ихэвчлэн компьютер, түүний сүлжээнүүдийн аюулгүй байдал болон тэдгээрийг ашиглан, тэдгээрлүү чиглэн үйлдэгдэж буй гэмт хэргүүдийг тодорхойлоход хэрэглэнэ.
Програм хангамж
Software - Тодорхой 1 үйлдлийг гүйцэтгэх эсвэл компьютер зэрэг тооцоолол гүйцэтгэх чадвартай төхөөрөмжийг ажиллуулахад хэрэглэглэгдэх өгөгдлүүд, зааварчилгаанууд болон програмуудын цогцыг ийн нэрлэдэг. Төхөөрөмж дээр ажиллаж буй програм, кодуудыг нийтэд нь болон дангаар энэ нэршилд хамааруулж болно.
Техник хангамж
Hardware - Аливаа тоног төхөөрөмжийн биет хэсэг болох эд ангиуд, тэдгээрийг нийтэд нь ийн нэрлэнэ.
Үйлдлийн систем
Operating System (OS) - Техник хангамж, програмууд, системийн нөөцийг зохион байгуулж, програмуудад үндсэн үйлчилгээнүүдийг үзүүлэх системийн програм хангамжыг үйлдлийн систем гэнэ. Дан ганц компьютер гэлтгүй, сервер, гар утас, тоглоомын console буюу удирдлагын самбарт ч мөн ийм систем бий. Энгийнээр бол OS нь, хэрэглэгч болон техник хангамжыг холбогч бөгөөд, энгийн үйлдлүүдийг гүйцэтгэх чадвартай байна. Та бидний танил Windows болон Android, iOS нь үйлдлийн системийн хамгийн их танигдсан жишээнүүд билээ.
Програм хангамж хөгжүүлэлтийн иж бүрдэл
Software Development Kit (SDK) - Програм болон техник хангамж бүтээгчдээс, хөгжүүлэгчдэд зориулж, харгалзах 1 платформ дээр програм хөгжүүлэх боломжыг олгох зорилготойгоор тусгайлан гаргасан, програмууд болон програм хангамжын багажуудыг ингэж нэрийддэг. Энд асар олон library буюу сан, API-н бэлэн кодуудыг багтаасан байх тул, хөгжүүлэгчдийн цагийг хэмнэж, хөдөлмөрийг хөнгөвчлөх асар чухал ач холбогдолтой байдаг.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation