Байнанс P2P дээр Chargeback-тай тэмцэх заавар


Тогтмол шинэчлэгдэн, сайжирч байдаг хэдий ч ямар ч системд тулгамддаг асуудлууд ямагт байсаар байдаг. Ялангуяа бүхий л P2P хэлбэрийн төлбөрийн системийн хувьд анхаарч байх шаардлагатай хэд хэдэн чухал зүйл байдгын 1 нь Chargeback буюу шилжүүлгээ буцаах замаар үйлдэгддэг залилан билээ. Тэгвэл ийм төрлийн халдлагаас хэрхэн урьдчилан сэргийлж, хамгаалах аргачлалыг удаах нийтлэлдээ товч бөгөөд тодорхой танилцуулахыг хичээе.


Chargeback

Юуны түрүүнд Chargeback гэж юу болох, хэрхэн үйлдэгддэгийг ойлгож, мэдэх нь чухал. P2P хэлбэрийн арилжааны хувьд Chargeback халдлага нь, крипто хөрөнгөө хэтэвчиндээ татаад авсныхаа дараа шилжүүлсэн мөнгөө буцаан авах хүсэлтийг банкиндаа гаргах замаар үйлддэг луйврын төрөл юм. "Данс андуурч илгээсэн гүйлгээ" гэж үзээд банкнаас тухайн шилжүүлгийг буцааснаар, борлуулагч талыг крипто хөрөнгө болон түүнээс олох байсан мөнгөн дүнгээр хохироох аюултай байдаг тул энэ төрлийн залилангын талаар бүх P2P арилжаачид зайлшгүй судалж мэддэг болсон байх хэрэгтэй. Түүгээр ч зогсохгүй баригдах дээрээ тулвал луйварчид тэрхүү үйлдлээ "Техникийн саатал" гэх зэргээр хаацайлах боломжтой байдаг нь тэднийг буруутгах, гэмт үйлдлийг нь цаашид дахин давтагдахаас сэргийлэн, таслан зогсоох арга хэмжээг авахад хүндрэлтэй байдлыг үүсгэдэг. Тиймээс хэрэв гүйлгээгээ буцаах боломж олгодог төлбөрийн сувгаар төлбөр хүлээж авч байгаа бол энэ асуудалд илүү анхаарал, сэрэмжтэй хандах нь зөв юм.

Сэргийлэх арга

Байнанс биржийн зүгээс энэ хэлбэрийн халдлагад маш хатуу байр суурийг баримталдаг боловч залилан үйлдэхээр сэдэж, оролдсон эсэхийг тогтоож, зохих шийтгэлийг ногдуулах хүртэл ихээхэн цаг хугацаа, яриа хэлэлцээр хийгддэгийг анхаарууштай. Тиймээс ийм асуудалд хүрэхгүйн тулд дараах 7 зөвлөгөөг баримтлахыг хичээгээрэй.

1. Шилжүүлгээ буцаах боломжыг хэрэглэгчиддээ санал болгодоггүй төлбөрийн хэрэгслийг ашиглахыг эрхэмлэх

Байнанс талаас сонголтыг хангалттайгаас ч илүү хэмжээнд бүрдүүлж өгсөн байдаг тул, судлаад, сонгоод хэрэглээрэй. 

2. Харилцагч талынхаа бүртгэлийн мэдээллийг тандаж, залилан үйлдэх эрсдэлтэй эсэхийг урьдчилан тогтоох

Харилцагчийнхаа Ranking буюу Зэрэглэл/Үнэлгээ болон Feedback буюу Бусдаас хүлээсэн шүүмжийг нь судлах нь ямагт зөв алхам болдог. Тааруу үнэлгээ, их хэмжээний сөрөг шүүмжлэлийг хүлээсэн хэрэглэгчид ихэвчлэн луйвар үйлдэгчид байх магадлал өндөр байдаг тул ийм шалгалтыг үргэлж хийж хэвших нь, өөрийгөө болоод хөрөнгөө хамгаалах чухал ач холбогдолтой билээ. Ялангуяа, Байнанс P2P дээр Average Rating буюу Дундаж үнэлгээ, Completion Rate буюу Гүйцэтгэлийн үнэлгээ, User Feedback буюу Бусад харилцагчдын үлдээсэн сэтгэгдэл, шүүмжүүдийг нь хальт ч болтугай харчих нь зүйтэй юм. Болж өгвөл нэрнийхээ хажууд шар өнгийн тэмдэглэгээтэй Verified буюу Баталгаажсан харилцагчдыг сонгохыг хичээгээрэй. Тэдгээр хэрэглэгчид нь, асар их дүнгээр гүйлгээ хийсэн туршлага, хөрөнгөтэй, залилан хийх магадлал харьцангуй багатай Merchant буюу Худалдаачид байдаг.

3. Харилцагчийнхаа нэрийг нь тулган шалгах

Харилцагчаа сонгосон бол, төлбөрөө шилжүүлэхээс өмнө түүний сурталчилгаа дээрх нэр болон данс, бүртгэлийн нэр хоорондоо таарч байгаа эсэхийг заавал 1 нягтлаарай. Нэр зөрөх нь, Гуравдагч талыг оролцуулсан луйвар байх эрсдлийг үнэмлэхүй нэмдэг гэдгийг анхаарч, аль болох ийм зөрчлөөс "холуур тойрвол" зохилтой.

Энэ төрлийн луйврын талаарх танилцуулга, сэргийлэх арга замыг дараагийн нийтлэлдээ илүү тодорхой танилцуулах учир, Та манай блогыг өөрийн боломжит нийгмийн сүлжээн (Twitter, Facebook) дээр дагаад, цаг алдалгүй мэдэгдэл авч, уншаарай.

4. Гуравдагч талтай холбогдсон гүйлгээнээс аль болох татгалзахыг хичээ

Анхны зарлуулснаас өөр хэлбэрээр эсвэл өөр харилцагчруу шилжүүлэг хийх зааварчилгаа, хүсэлтийг хэрхэвч хүлээн зөвшөөрч, гүйцэлдүүлж болохгүй шүү. Ийм хэлбэрээр гүйцэтгэгдсэн гүйлгээний үед бүх зүйл хэвийн мэт харагдах боловч, удалгүй үүнээс шалтгаалсан асуудлууд үүсч эхлэх нь бараг маргаангүй байдаг. Chargeback-аас эхсүүлээд, 2 тусдаа харилцагчийн хооронд ханшийн эсвэл төлбөрийн дүнгийн зөрүүтэй гүйлгээг хийлгүүлж, тэдгээрийн аль 1 эсвэл 2-ууланг нь хохироогоод, өөртөө зуучлалын ашиг унагахаар "сэргэлэнтэж" байхыг үгүйсгэх аргагүй юм.

5. Зар үүсгэхдээ Гуравдагч талын оролцоог огтоос хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тодорхой зарлах

Third party буюу 3-дагч талыг оролцуулахгүй гэдгээ мэдэгдсэнээр Chargeback үйлдэгч этгээдүүдийн оролдлогыг таслан зогсоохгүй юм гэхэд огцом багасгах боломжтой юм. Хэдийгээр, энэ нь Таныг энэ төрлийн халдлагын талаар зохих мэдлэгтэй гэдгийг илтгэж, гэмт этгээдүүдийг цагаа гарздан, луйвраа тань дээр "гүйцэлдүүлэх" гэж оролдохгүй байх нөхцлийг нэмэгдүүлэх ч, бүгдийг нь үргээж чадахгүй гэдгийг анхаараарай. Тиймээс Terms and Conditions буюу Үйлчилгээний нөхцөл, дүрэм журамдаа ингэж зааж өгсөн ч бай, үгүй ч бай, харилцагч бүрийнхээ мэдээллийг 1 бүрчлэн нягтлан шалгаж хэвших хэрэгтэй шүү.

6. Харилцагч тал тань гуравдагч талыг заавал оролцуулахыг шаардаж, гуйгаад байвал, тухайн арилжааг шууд цуцла.

Ямар ч шалтаг, шалтгаан тоочиж байсан, залилан, тэр тусмаа санхүүгийн хувьд элдэв хохирол хүлээх нь хэнд ч таатай санагдахгүй. Түүгээр ч зогсохгүй эргээд хөөцөлдөх асар их цаг хугацаа, хүч хөдөлмөрийг шаардах учир, өөртөө ямар их уршиг дагуулж болохыг урьдаас сайтар ухаарч, луйвар мэт өчүүхэн төдий санагдаагүй ч, энэ мэт сэжигтэй хүсэлт, шахалтыг ямагт үл хайхарч сурах нь зүйтэй юм шүү. Ихэвчлэн ийм тохиолдолд, арилжаагаа шууд цуцлахад ямар ч асуудалгүй байдаг хэдий ч, харилцагч тал тань аль хэдийн төлбөрөө шилжүүлчихсэн байгаа бол цуцлахад хүндрэлтэй болно. Байнансаас энэ нөхцөлд, 2 талыг харилцан холбоо барьж, зөвшилцөлд хүрэхэд таатай нөхцлийг нь бүрдүүлэх үүднээс тэднийг холбосон тусгай чатыг нээж өгсөн байх ба үүний ачаар аль 1 талаас гүйлгээг хийхээс өмнө харилцан холбоо барих бүхий л боломж олгогдсон байдаг. Энгийнээр бол, ийм байдалд хүрэхээс сэргийлэх бүрэн боломжтой юм. Гэсэн хэдий ч, гуравдагч талыг оролцуулах хүсэлтээс үүдэн арилжаанд "гацаа" үүсээд байгаа бол Та, харилцагч талаа арилжаагаа цуцлахыг хүсч эсвэл шаардах бүрэн эрхтэй байна. Амжилт олохгүйгээ мэдсэн тэд ихэвчлэн буулт хийдэг ч, "шазруун загнаад" эсвэл холбоо тогтоох боломжгүй байгаад байвал, Appeal хийж, асуудлыг Байнансаар шалгуулж, шийдүүлж болно. Хэрхэх зааврыг ЭНД-ээс үзээрэй.

7. Гуравдагч талаас шилжүүлэг ороод ирвэл, түүнийг илгээсэн бүртгэлийн мэдээллийг сайтар нягтла.

Хэрэв дээрх бүх сэргийлэх аргыг авч хэрэгжүүлсэн байсан ч, шилжүүлгээ хэдийн хийчихсэн байвал, дараах алхмуудыг ягштал дагаад, Chargeback-аас сэргийлэх боломжтой. Үүнд:

  1. Харилцагч тал, түүний хийсэн гүйлгээтэй холбоотой бүхий л мэдээллийг баримтжуулан цуглуулах - Ингэснээр хожим үүсч болох элдэв асуудлын үед (Appeal-д) ашиглах нотолгоог цуглуулах замаар, эрсдлээс зайлсхийж, өөрийгөө болоод хөрөнгөө хамгаалах боломжыг бүрдүүлэх юм.
  2. Дараагаар нь, тухайн "зөрчилтэй" гүйлгээгээр орж ирсэн мөнгийг, илгээгч дансруу буцаан шилжүүлээд, түүнийгээ бас баримтжуулснаар, Appeal хийх, цаашлаад арилжааг аль болох асуудалгүйгээр хаах таатай нөхцлийг гартаа авах боломжтой.

Дээрх алхмуудыг гүйцэтгэх нь хожим асар их асуудал, хохирлоос Таныг, Таны хөрөнгийг, мөн Таны нэр төрийг (Үнэлгээ) хамгаална гэдгийг ухамсарлаж, заавал гүйцэтгэхийг эрхэмлэн зориорой.



Байнанстай холбоотойгоор бидний бэлтгэн хүргэж байсан нийтлэлүүд


Байансын P2P арилжаатай холбоотой нийтлэлүүд


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!