Avalanche гэж юу вэ?
Төвлөрсөн бус чанрыг алдагдуулалгүйгээр, өргөжих чадварыг сайжруулах зорилготой Avalanche буюу цасан нуранги (Авэланч) хэмээх энэ төслийн үндсэн сүлжээ нь, X-Chain, C-Chain, P-Chain гэсэн 3 Блокчэйнээс бүтдэг. Эдгээрийн эхнийх буюу X-Chain нь хөрөнгийн зохион байгуулалтанд хэрэглэгдэхээс гадна, Avalanche-ийн зөвшилцөл бүтээгч журмуудыг ашиглана. C-Chain нь ухаалаг гэрээ бүтээх, P-Chain нь баталгаажуулагчдыг зохицуулах үүргийг гүйцэтгэх ба эдгээр 2 Блокчэйн нь 2-уулаа Snowman буюу цасан хүн гэх зөвшилцөлд хүргэгч протоколыг ашигладаг.
Авэланчийн зөвшилцөл бүтээгч протокол нь, бүх зангилааг зэрэгцээ байрших бөгөөд бусад баталгаажуулагчдын зөвшөөрсөн гүйлгээг санамсаргүй түүврийн аргаар хүлээн авч, шалгах замаар ажиллана. Энгийнээр бол тухайн 1 гүйлгээ хүлээн зөвшөөрөгдөхийн тулд, санамсаргүйгээр сонгогдсон зангилаануудаар хангалттай удаа дамжиж, зохих тооны баталгааг авах шаардлагатай. Ийм зарчмаар ажилласнаараа Avalanche-ийн зөвшилцөл, TPS буюу секундэд баталгаажуулах гүйлгээний тоо 6'500, ингэхдээ гүйлгээг секунд хүрэхгүй хугацаанд хэрэгжүүлэх хүчин чадлыг олж авсан. Дээрх амжилтыг хэр том болохыг ойлгоход хялбар болгох үүднээс бусад томоохон Блокчэйнтэй харьцуулсан үзүүлэлтийг доор жагсаав. Үүнд:
Цасан хүний зөвшилцөл, нурангийнхтай төстэй үзүүлэлттэй ч, цуваа зарчмаар боловсруулалтаа гүйцэтгэдгээрээ ялгарна. Түүнчлэн Авэланч дээр, бусадтайгаа чөлөөтэй нийцдэг, хүссэнээрээ өөрчилж тохируулсан Блокчэйн үүсгэж, хөгжүүлэх боломжтой байдаг. 1 хөгжүүлэгчийн бүтээж болох Блокчэйнд тоо хэмжээний хязгаар заагаагүй боловч, Блокчэйн ажиллуулсны хураамжыг Avalanche-ийн унаган токен болох AVAX-р тушаах шаардлагатай болно.
Дээрхээс харвал Avalanche нь, Блокчэйний хөгжлийн үе шатыг даган буй болсон, уг технологид тулгамдаад буй өргөжих чадвар, харилцан нийцэлтэй байдал болоод хэрэглээний асуудлуудад хариулт өгч чадахуйц шийдэл болон хөгжүүлэгдэж байна. 3 тусдаа Блокчэйнийг хослуулан ашигласнаараа бусдаас онцлог болсон энэ төслийн голлох давуу талаар түүний өөрийн токен болох AVAX, олон зөвшилцлийн аргыг нэгтгэсэн чанруудыг нь нэрлэж болно. Хөгжүүлэгчид нь, энэ төслөө "Блокчэйний салбар дахь хамгийн хурдан, ухаалаг гэрээний платформ" гэж өргөмжилдөг нь хоосон хөөрцөглөл биш юм. Шилжүүлэг биелэгдэх хугацаагаар, энэ төсөл үнэхээр бусдыгаа ардаа орхиж чадсаныг, Та магад уг нийтлэлийн эхлэлээс уншсан байх учиртай. Тэгвэл яаж ийм амжилтанд хүрч чадсаныг нийтлэлийнхээ үргэлжлэлээс уншаарай.
Гараа
Анх 2020 оны 9-р сард, $6 сая USD гарааны хөрөнгийг татан төвлөрүүлсэн, АНУ-ын харъяа Ava Labs-ынхан хөгжүүлж, токений нээлттэй болон хаалттай худалдаагаар нийт $48 сая USD хөрөнгийг нэмж цуглуулснаар энэхүү төсөл мэндэлсэн түүхтэй. Уг байгууллагыг, Kevin Sekniqi, Maofan "Ted" Yin, Emin Gün Sirer гэсэн 3 эрхмээр нь өдгөө бүх дэлхий таньдаг болсон.
Шийдвэрлэх асуудлууд
Өргөжих чадамж ба төвлөрсөн бус байдлын зохилдлого
Блокчэйн, үүссэн цагаасаа л өргөтгөх боломж болон төвлөрсөн бус байдлын хоорондын хамаарлын асуудалтай тулгарсаар ирсэн. Энгийнээр бол, хэрэглэгчид нэмэгдэж, ачаалал ихсэхийн хэрээр гүйлгээг баталгаажуулах буюу зөвшилцөлд хүрэх ажиллагаа удааширч байдаг нь, энэ технологийн "төрөлхийн эмгэг" мэтээр нэрлэгдэж байв. Энэ асуудлын хамгийн том бодит жишээгээр, Биткойныг (BTC) нэрлэж болно. Учир нь түүн дээрх сүлжээний ачааллын үед, гүйлгээ олон цаг, бүр хоногоор хүлээгдэх нь бий. Үүнтэй тэмцэх хамгийн энгийн, хялбар арга нь уламжлалт тогтолцооны адилаар төвлөрүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл, гүйлгээг шалгаж баталгаажуулах эрхийг хэдхэн хүнд л олгоно гэсэн үг. Гэвч ингэсэн тохиолдолд, Блокчэйний үндсэн онцлог чанар болох төвлөрсөн бус байдал алдагдах аюултай.
Өндөр шимтгэл
Эфириум зэрэг том Блокчэйнд нүүрлээд буй өөр 1 ноцтой асуудал бол, гүйлгээний хураамж буюу хийн төлбөр. Үүний шалтгаан нь мөн л олон хэрэглэгч, их хэмжээний хэрэглээтэй холбоотой. Хэрэв энэ байдлаараа удаан үргэлжилвэл, хэрэглэгчид залхаж, зардал ихтэй Блокчэйнээс татгалзаж, шинэ технологийн давуу талруу шууран одож болно. Эфириумийн түүхэнд 1 гүйлгээний шимтгэл $10 USD, ухаалаг гэрээний төлбөр түүнээс ч өндөр дүнд хүрч байсан тохиолдол нь, зөвхөн өөр өрсөлдөгчгүй байсны үр дүн билээ. Энэ түүх дахин давтагдвал, энэ удаад AVAX, XRP, SOL, DOT тэргүүтэй илүү хүчирхэг, шинэлэг төслүүдрүү хэрэглэгчдээ алдах боломжтой.
Харилцан нийцэх боломж
Блокчэйнийг нэвтрүүлэх тал дээр, төсөл, бизнес бүрт өөр өөр хэрэгцээ, шаардлага байдагтай холбоотойгоор, хэдийн хэрэглээнд нэвтэрсэн Блокчэйнийг ашиглахдаа, өөрт хамгийн тохиромжтойг нь сонгох эсвэл хувийн Блокчэйн хөгжүүлэн ашиглах, түүнээс урган гарах дутагдлуудад баригдаж суудаг байсан цаг саяхных. Тэр үед, сонголт тааруу байсны дээр, хэрэгцээндээ тааруулж өөрчлөх боломж, өөр хооронд нь холбож ашиглах гарцын аль аль нь бүрхэг байсныг ч хэлэх хэрэггүй болов уу. Хэдийгээр одоо энэ асуудалд олон янзын гаргалгааг хийж байгаа ч, Avalanche шиг аюулгүй байдал, хурд хүч, зохицтой байдлыг санал болгож буй төсөл тун цөөхөн байгаа.
Авэланчийн ажиллах зарчим
- The Exchange Chain (X-Chain) буюу Биржийн хэлхээ : AVAX токен болон бусад хөрөнгийг үүсгэж, арилжаалахад хэрэглэгдэх энэ Блокчэйн дээр, хөрөнгүүд нь Эфириумийн токений жишгийн адилаар, тус тусын хэрэглээг тодорхойлох, өөрчилж болох дүрмүүдтэй байна. Гүйлгээний шимтгэлийг AVAX-р төлөх ба, Блокчэйн нь Avalanche-ийн зөвшилцлийн алгоритмыг хэрэглэнэ.
- The Contract Chain (C-Chain) буюу Гэрээний хэлхээ : Энэ Блокчэйн нь, DApps-д зориулсан ухаалаг гэрээг хөгжүүлэх боломжыг, хөгжүүлэгчдэд олгох бөгөөд үүнийг, EVM буюу Эфириумийн виртаул машины өөрчилсөн хувилбар гэж ойлгож болно. Уг хэлхээ, Avalanche-ийн өөрчилсөн хуулбар болох Snowman-г хэрэглэдэг.
- The Platform Chain (P-Chain) буюу Платформын хэлхээ : Уг Блокчэйн нь, идэвхтэй Subnet буюу дэд сүлжээнүүдийг тандах, сүлжээний баталгаажуулагчдыг чиглүүлэх болон шинэ дэд сүлжээг үүсгэх зориулалттай. Дэд сүлжээ гэж, тусгайлсан хэрэглээнд, өөрчилж бүтээсэн Блокчэйнүүдэд зөвшилцлийг бий болгогч, баталгаажуулагчдын нэгдлийг тодорхойлно. Тухайн Блокчэйнд харгалзах 1 л дэд сүлжээ нь, түүн дээрх бүхий л баталгаажуулалтыг гүйцэтгэх боломжтой байх хэдий ч, 1 дэд сүлжээнд хичнээн ч тооны Блокчэйнийг хариуцуулж болно. Уг хэлхээнд, Snowman-ий зөвшилцлийн аргыг ашигладаг.
Авэланчийн зөвшилцлийн ажиллах зарчим
Avalanche
Авэланчийн зөвшилцөлд, PoW, PoS, DPoS шиг тэргүүлэгчийн хэрэгцээ байхгүй. Түүнийг халснаараа энэ алгоритм, өргөжих чадварыг алдагдуулалгүйгээр, төвлөрсөн бус байдлыг нэмэгдүүлж чадсан. Эдгээр үндсэн 3 зөвшилцлийн алгоритм дээр 1 зангилаа бусдаасаа түрүүлж, боловсруулалт хийгээд, түүнийг бусад нь шалгаж, баталгаажуулж байдаг бол, Avalanche дээр Directed Acyclic Graph (DAG) буюу давтамжгүй чиглэлт граф гэх зөвшилцлийн боловсронгуй журамд үндэслэн, бүх зангилаануудыг боловсруулах болон баталгаажуулах ажилд бүрэн дайчилдаг. DAG-ын ачаар, гүйлгээнүүдийг зэрэгцээ хэлбэрээр боловсруулах нөхцөл бүрдсэн бөгөөд баталгаажуулагчдыг санамсаргүйгээр түүвэрлэн сонгож байдаг. Яг нарийн тоо нь тодорхой бус байгаа ч, зохих хэмжээний баталгаажилтыг авсан тохиолдолд тухайн гүйлгээ статистикийн хувьд алдаатай байх боломжгүйд тооцогддог учир, түүнийг давж чадсан бүх гүйлгээг дахин шалгаж, баталгаажуулалгүйгээр, хүлээн зөвшөөрдөг байна. Өөрөөр хэлбэл Avalanche нь, уламжлалт Блокчэйний системийн адилаар блок үүсгэдэггүй, харин гүйлгээг vertice буюу орой болгон удамшуулдаг. Баталгаажуулагч болох, гүйлгээг баталгаажуулах ажил нь маш бага эрчим хүч болон тооцоолох чадварыг шаарддаг нь, төвлөрсөн бус, байгальд хор хөнөөл багатай хэмээн цоллогдох нөхцлийг нь бүрдүүлсэн.
Snowman
Ухаалаг гэрээтэй харьцах үед, гүйлгээг зэрэгцээ бус, цуваа хэлбэрээр боловсруулах шаардлагатай байдаг. Авэланчийг энэ шаардлагад тохируулан өөрчилснөөр, Снөүмэн хэмээх зөвшилцлийн алгоритм үүссэн аж. Тийм ч учраас, энд vertice бус, блок үүсгэн бүртгэж байдаг.
AVAX токен
Цасан нурангийн нэрийн, үндсэн токен болох AVAX нь, нийтдээ 720 сая ширхгийн нөөцтэй. Сүлжээний шимтгэлд төлөгдсөн бүх дүнг шатааж байдаг ба, уг токенд дараах үндсэн 3 хэрэглээ бий. Үүнд:
- AVAX-г Stake буюу гадаслаад (стэйк), баталгаажуулагч болох эсвэл баталгаажуулагчийг төлөөллөө болгон сонгоод түүнд санхүүжилт хийж болно. Баталгаажуулагч нь, 11% APY буюу жилийн хүүгийн өгөөж хүртэх ба, түүнээсээ өөрийн хүссэн хувийг авч үлдээд, бусдыг нь төлөөлүүлэгчиддээ олгох боломжтой байдаг.
- Бүх дэд сүлжээний хувьд, төлбөр болон дансны үндсэн хэмжих нэгж нь болдог.
- Гүйлгээний шимтгэл болон дэд сүлжээг ашигласны төлбөрийг үүгээр тушаана.
Уг төсөл болон токентой холбоотой, крипто зах зээл дээрх бүхий л, тоон болон граф үзүүлэлт, мэдээ мэдээллийг олж авах, арилжаалагч, хөрөнгө оруулагчдын болон хөгжүүлэгчдийн нийгмийн сүлжээнд нэгдэхийг хүсвэл ЭНД дараад CMC дээрх харгалзах хуудсанд нь зочлоорой.
#CoinMarketCap
AVAX-г гадаслах
Баталгаажуулагч болохын тулд, хамгийн багадаа 2'000 ширхэг AVAX-г гадаслах шаардлагатай. Техник технологийн хувьд, энгийн хэрэглээний суурин болон зөөврийн компьютероор баталгаажуулах ажлыг гүйцэтгэж болно. Интернэт холбогдсон, тоног төхөөрөмжийг тасралтгүй, олон цагаар ажиллуулахаас төвөгшөөж байвал, бусад баталгаажуулагчдыг санхүүжүүлээд, хувь хүртэх ч боломж бас бий.
Өөрчлөх боломжтой Авэланч Блокчэйнүүд
Хамгийн энгийнээр бол, Avalanche нь шинэ токен болон NFT үүсгэх, ухаалаг гэрээ, DApps бүтээхэд хэрэглэж болох учир, Эфириумтай зүйрлэхүйц бүтээл юм. Түүнчлэн хөрөнгөө гадаслаад гүйлгээ баталгаажуулж, арилжаалж, DApps-д зарцуулж ч бас болно. Хөгжүүлэгчдийнх нь хэлж байгаагаар бол, Авэланчийн өгөөжийг эдгээр үйлдлийг хөгжүүлснээр бүрэн мэдрэх боломжтой гэнэ. Гэхдээ дээрхээс гадна уг төсөл, тусгай зориулалт бүхий Блокчэйнийг хөгжүүлэх боломжыг олгодгоороо онцлог. Энэ боломж нь, томоохон албан газруудын хэрэгцээг хангаж чадахаас гадна, экосистемийнхээ бусад Блокчэйнтэй саадгүй холбогдох, тэдгээрийн хамгаалалтын шийдлийг өөрийн аюулгүй байдалд, нэмэлтээр тусгах зэрэг давуу талуудыг авч ирнэ. Нурангийн виртуал машиныг, Avalanche Virtual Machine (AVM) гэх ба тэр нь EVM-тай зохицон ажиллах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, Эфириумийн програмчлалын Solidity хэлийг мэддэг хөгжүүлэгч нар, бүтээлээ төвөггүйхэн Авэланчруу холбох эсвэл хөрвүүлэх боломжтой гэсэн үг.
Avalanche дээр бүтээгдсэн Блокчэйн бүр өөрийн нэрийн токентой байж болох бөгөөд, түүгээрээ гүйлгээний шимтгэлийг тушааж болно. Гэхдээ, Блокчэйн болон дэд сүлжээг үүсгэхэд AVAX-р төлбөрийг тушаах шаардлагатай. Мөн, дэд сүлжээний баталгаажуулагч нар нь, онцгойлон хөгжүүлсэн дэд хэлхээнд ажиллахын тулд, ерөнхий дэд сүлжээнд баталгаажуулалт хийх ёстой байдаг..
Авэланчийн өргөтгөх боломжтой бусад Блокчэйнээс ялгарах онцлог
Шийдэхийг зорьж буй асуудлууд, гаргалгаагаараа энэ төсөл Полкадот, Полигон, Соланагаас тэс ондоо биш хэдий ч, дараах зүйлсээрээ онцгойрон ялгарч байдаг.
Зөвшилцлийн алгоримтууд
Энд, дээр танилцуулсан DAG-г дурьдахгүй өнгөрч хэрхэвч болохгүй. Гэхдээ, Соланагийн PoH секундэд 50'000 гүйлгээг баталгаажуулж чадна гэсэн тооцоо бий.
Гүйлгээний хурд ба хэрэгжүүлэлт
Дээр танилцуулсан гүйцэтгэлийн хурдаас гадна, тухайн гүйлгээний хэрэгжилтийг бас анхаарах нь зүйтэй. Гүйлгээ амжилттай хэрэгжсэн гэдэг нь, бүрэн баталгаажиж, буцаах, өөрчлөх, цуцлах боломжгүй болох явдлыг илтгэнэ. Нэгж гүйлгээний хувьд, 1 баталгаажуулалт хангалтгүй, хэрэгжихийн тулд сүлжээний журмаас хамаарч, 6 эсвэл бүр 20 удаа давтан баталгаажих шаардлагатай байдаг. Секундэд 1 сая гүйлгээ баталдаг сүлжээ байгаад ч, нэгж гүйлгээний хувьд 100 баталгаа шаардаж, түүнийг хэрэгжүүлэх гэж 10 цаг хүлээдэг үйлчилгээ байвал, өргөн хэрэглээнд нэвтэрнэ гэдэг үлгэр болно шүү дээ. Тийм биз?
Төвлөрсөн бус байдал
Хөгжүүлэгчид нь, Decentralization-ыг төслийн үндсэн зорилт гэж амладаг. Туулсан хугацаа, тархсан цар хүрээгээр бага ч, Авэланч үнэхээр олон тооны баталгаажуулагчдыг татаж чадсан. Гэхдээ, AVAX-н ханшийн өсөлт нь, шинээр баталгаажуулагч болоход ихээхэн саад учруулах болсон.
Харилцан зохицох Блокчэйнүүд
Avalanche дээрх Блокчэйнүүдийн өөр хоорондоо зохицон ажиллах чадварт тоо хэмжээний ямар нэгэн хязгаар байдаггүй нь, түүний хамгийн том өрсөлдөгчөөр нэрлэгдээд буй Полкадотоос ялгарах давуу тал болдог.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation