Байнанс P2P дээр Third-Party Transfer-ээс сэргийлэх заавар


Тогтмол шинэчлэгдэн, сайжирч байдаг хэдий ч ямар ч системд тулгамддаг асуудлууд ямагт байсаар байдаг. Ялангуяа бүхий л P2P хэлбэрийн төлбөрийн системийн хувьд анхаарч байх шаардлагатай хэд хэдэн чухал зүйл байдгын 1 нь Third-Part Transfer (3rd Party Transaction гэх нь ч бий) буюу гуравдагч талыг оролцуулж, тэдгээрт хохирол учруулдаг залилан билээ. Тэгвэл ийм төрлийн халдлагаас хэрхэн урьдчилан сэргийлж, хамгаалах аргачлалыг удаах нийтлэлдээ товч бөгөөд тодорхой танилцуулахыг хичээе.


P2P хэлбэрийн арилжааны үед, оролцогч талууд урьдчилан тодорхойлсон хэтэвч, хаяг, дансыг ашиглах ёстой байдаг. Гэвч аль 1 тал нь тэдгээр сувгуудаас өөр төлбөрийн хэрэгсэл, боломж, гарцыг ашиглахыг санал болгох, гуйх эсвэл бүр шаардах үзэгдэл хэнд ч тохиолдож болохыг үгүйсгэхийн аргагүй юм. Энэ тохиолдолд түүнийг, Third-Party Transfer (цаашид TPT эсвэл 3PT гэж товчлоё) байж болзошгүй гэж үзэх нь хамгийн эрсдэл багатай, бараг хамгийн оновчтой сонголт ч болж болно. Энгийнээр бол 3PT гэж, Байнанс P2P дээр үндсэн төлбөрийн хэрэгслээр сонгож тохируулаагүй өөр данснаас гүйлгээ хийхийг санаархах, завдах оролдлогыг хэлж байгаа бөгөөд ийм хүсэлт, гуйлт, шахалтыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй, ийм үйлдэл гаргах нь Байнансын хэрэглэх/үйлчилгээний нөхцөл, дүрэм журамд хориглогдсон байдгыг анхаарах нь зүйтэй. Хэдий тийм боловч, саар санаатай этгээдүүдтэй мэр сэр тааралдах нь хэний ч хувьд цаг хугацааны л асуудал билээ. Тиймээс, TPT мөн эсэхийг урьтаж таниад урьдчилан сэргийлэх, өөрт тохиолдож буй үед зохих арга хэмжээг авахад хэрэг болох дараах хэдэн зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна. Мэдлэгт тань дусал ч болтугай нэмэр болно гэж найдъя.

Таньж илрүүлэх, урьдчилан сэргийлэх

1. Банкны данс эзэмшигчийн нэр нь, бүртгэлийн нэртэй таарахгүй байх

Байнансын P2P арилжааны платформыг хэрэглэгч бүр, өөрийн жинхэнэ нэр дээр бүртгэл үүсгэж, түүнийгээ бичиг баримтын хуулбараар баталгаажуулах шаардлагатайн дээр, ашиглахаар сонгож тохируулсан банкны данс нь өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй байх ёстой байдаг. Тиймээс эдгээр нэрс зөрж байгаатай таарвал даруйхан арилжаагаа цуцалж, халдлагын хохирогч болохоос сэргийлээрэй. Тэгэхдээ тухайн харилцагч Таныг үнэмшүүлэхийн тулд ямар ч шалтаг, шалтгаан тоочиж болохыг ухамсарлаж, "хашир" загнах хэрэгтэй шүү.

2. Харилцагч тал өөр суваг, төлбөрийн гарц, хэрэгслийг ашиглах санал тавих

Тодорхой заасан төлбөрийн сувгуудаас ондоо өөр бусад боломж, шийдлийг ашиглахаар ятгаж, түүнийгээ элдвээр тоочин тайлбарлаж байвал, арилжаа хийхээс шууд татгалз. Хэнд ч, хэзээ ч, юу ч тохиолдож болох ч, иймэрхүү хүсэлтийн 99% нь залилан байдгыг мартаж хэрхэвч болохгүй. Ямар ч нөхцөлд Зар дээр ямар төлбөрийн хэрэгслүүдийг санал болгосон байсан, зөвхөн тэдгээрийг л ашиглахыг зөвшөөрч, шаардах нь зөв юм. Гэхдээ зарим тохиолдолд хувийн мэдээллийн нууцлалын үүднээс дансны дугаараа ил зарлахаас татгалзсан байх нь бий. Энэ тохиолдолд урьдчилан чатаар холбогдож байж л дансны дугаарыг нь авч болдог. Тиймээс эзэмшигчийн нэрийг нь зөрж буй эсэхийг энд заавал давхар нягталж шалгаж байх хэрэгтэй болно. Дүрмэндээ бол, зарлуулагч тал дансны дугаараа заавал үнэн зөв илтгэх ёстой гэж заасан байдаг ч, зальт этгээдүүд ямар ч башир арга сэдсэн байхыг үгүйсгэх аргагүй тул, өчүүхэн төдий эргэлзээ, сэжиг төрсөн даруйд нягталж үзвэл зохино.

Зохих арга хэмжээг авах

Сэрэмж хэзээд илүүдэхгүй гэдэг. 3PT тохиолдолтой тааралдвал, дараах зарчмуудыг баритмлаад, өөрт учирч болох хохирлыг бууруулж, өөрийгөө болон өөрийн хөрөнгөө хамгаалж авч үлдэх боломжтой байдаг. Үүнд:

1. Захиалга болон гүйлгээг цуцлах

Сэжигтэй санагдсан л бол захиалгыг цуцла. Ялангуяа шилжүүлгийг хийгээгүй байгаа тохиолдолд цуцалж буй шалтгаанаа хэнд ч, тэр тусмаа харилцагч талдаа ч тайлагнаад байх ямар ч шалтгаан байхгүй. Тиймээс шууд л цуцалж орхи.

2. Мөнгийг нь буцааж өгөөд, захиалгыг цуцла.

Байнансын P2P арилжааны бүртгэлийн мэдээлэлтэй, төлбөр хийсэн дансных нь мэдээлэл зөрж байгаа эсэхийг ямагт шалгаж хэвш. Хэрэв зөрж байвал, тэдгээрийг нь баримтжуулж аваад, шилжүүлэг хийсэн дансруу харгалзах дүнг нь буцаан илгээгээд, буцаалтаа бас баримтжуулж аваад, захиалгыг нь цуцлах хэрэгтэй. Харин дансны дугаараа нууцлах боломжтой арилжааны хувьд, харилцагч талынхаа дансны дугаарыг гүйлгээ хийгдэх хүртэл харах боломжгүй байдаг тул, 2 талын аль нь ч шилжүүлгийг эхлүүлээгүй байгаа дээр, урьтаж харилцагчтайгаа холбоо тогтоон, дансны мэдээллийг нь тодруулж, тулган шалгах хэрэгтэй болно. Энэ тохиолдолд зөрчилгүй бол арилжааг үргэлжлүүлэх эсвэл доорх зааврын дагуу цуцлах сонголт л үлддэг.

3. Хүсэлт гаргаж, хянан шалгуулж, шийдүүлэх

Хэт оройтохоос нь өмнө харилцагч талын дансны мэдээллийн зөрүүтэй байдлыг илрүүлж, зохих арга хэмжээг авах боломжгүй үе гарч болно. Ийм тохиолдолд, тэр дундаа бүр хэдийн шилжүүлгийг нь гүйцэтгэчихсэн байсан ч, TPT тохиолдсоныг хожим нь таньж чадсан бол, Байнансын харилцагчийн үйлчилгээний төвийн ажилтанд Appeal буюу Хүсэлт гаргах боломжтой байдаг. Байнанс бирж нь, Third-Party Transaction-ий эсрэг маш хатуу бодлогыг баримталдаг тул, хэдийн үйлдэгдээд өнгөрсөн зөрчлийг ч анхааралдаа авч, зохих арга хэмжээг авч ажилладгаараа онцлог. Хэдийгээр иймэрхүү ажиллагаа нь цаг хугацаа, хүч хөдөлмөр их шаардах ч, дахин үйлдэгдэхээс нь сэргийлэхийн тулд, хожимдсон ч бай хамаагүй Та заавал зохих мэдэгдлийг нь хүргүүлэхийг хичээгээрэй.


TPT-г зөвшөөрснөөр учирч болох эрсдлүүд

Үл ойшоосон эсвэл мэдлэг дутмагын улмаас гаргасан алдаа тань, Таны хөрөнгө болоод дансанд ноцтой аюулыг заналхийлэх боломжтой. Зөв бус гүйцэтгэсэн P2P арилжаанаас үүдэн гарч болох дараах эрсдлүүд бий. Үүнд:

1. Шилжүүлгээ буцаах халдлага

Анхаарал болгоомжгүйгээр гүйцэтгэсэн арилжааны тань, төлбөрийн шилжүүлэг буцаагдаж, крипто хөрөнгө тань, түүнийг зараад олох ёстой байсан орлогын хамтаар "хийсэн" одох эрсдэл бий.

2. Банкны дансаа хаалгуулах

Харилцагч тал тань гомдол гаргаагүй байсан ч, хийсэн шилжүүлгийг тань банкнаас зөрчилтэй эсвэл сэжигтэй жагсаалтанд бүртгэж, дансыг тань царцаасан тохиолдолд, Байнанс ч Таньд тусалж чадахгүй гэдгийг анхаарч, арилжаагаа ёс зүйтэйгээр гүйцэтгэхийг эрхэмлээрэй.

3. Шилжүүлгийн мөнгө эсвэл крипто алдагдах

Хэрэв, зөрчилтэй үйлдлийг эрт илрүүлж, даруй мэдэгдэхгүй бол, залилагч этгээд Таниас өрсөн тухайн захиалгыг сэжигтэй хэмээн мэдүүлснээр нөхцөл байдлыг ихээхэн хүндрүүлэх боломжтой байдаг. Хэдийгээр Байнансын Escrow буюу Эскроу систем болон харилцагчийн үйлчилгээний төв Таныг элдэв хохирлоос хамгаалахаар тогтмол ажиллаж байдаг ч, энэ төрлийн залиланд өөрийн хайхрамжгүй байдлаас болж холбогдсон тохиолдолд, ирээдүйд Таньд ямар ч эрсдэл учирч болохыг тааж хэлэхийн аргагүй тийм таагүй нөхцөлд байдалд хүрэх ч боломжтой байдаг юм шүү.


Байнанстай холбоотойгоор бидний бэлтгэн хүргэж байсан нийтлэлүүд


Байансын P2P арилжаатай холбоотой нийтлэлүүд


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!