Блокчэйнд Layer 1 гэж юуг тодорхойлдог вэ?
Layer 1 буюу 1-р давхарга (түвшин гэх нь ч бий) гэж, Биткойн, BNB Chain болон Эфириум зэрэг суурь сүлжээ болон тэдгээрийг бүтээж буй бүтэц, зохион байгуулалтыг ерөнхийд нь ангилан нэрийддэг ойлголт юм. 1-р давхаргын Блокчэйнүүд нь өөр бусад сүлжээнээс хамааралгүйгээр, гүйлгээний мэдээллийг шалгаж, баталгаажуулах бие даасан чадвартай байдаг. Ийм сүлжээнд гэхдээ өргөтгөл хийх явдал нь ихээхэн ярвигтайд тооцогдоно. Тиймийн учир Биткойныг тэргүүтэй зоосуудад 2-р давхаргын шийдлийг боловсруулан нэвтрүүлж, хэрэглэдэг. Ийм нэмэлт давхарга нь, суурийн давхрынхаа аюулгүй байдлын шийдлийг өвлөн авдгаараа давуу талтай. 2-р давхаргын хамгийн алдартай жишээ нь Биткойны Аянгын сүлжээ бөгөөд түүний талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг, ЭНД дараад харгалзах нийтлэлээс нь уншиж судлах боломжтой.
1 болон 2-р давхаргын талаар судлах нь ондоо Блокчэйнүүд, тэдгээрийн дотоод бүтээн байгуулалт, тэдгээр дээрх төслүүд, хөгжүүлэлтийн хэрэгслүүдийн талаарх ойлголтууд, ялгааг бүрэн танихад тусална. Ялангуяа хэрэв Та, Полигон, Эфириум эсвэл Полкадот зэрэг сүлжээ, тэдгээрийн зэрэгцээ хэлхээнүүдийн хоорондын харилцаа холбоо, уялдааны талаар сонирхож байсан бол энэ нийтлэл түүнд тань хариулт болж чадна гэдэгт би итгэлтэй байна.
Энгийнээр бол, өөрийн экосистемийн үндсэн сүлжээ болдог, гол Блокчэйнүүдийг 1-р давхарга гэж тодорхойлох ба BNB Smart Chain (BNB), Ethereum (ETH), Bitcoin (BTC), Solana (SOL) нь цөм энэ төрлийн Блокчэйнүүдийн сонгодог жишээ юм. Эдгээр дээр дэд хэлхээ, зэрэгцээ хэлхээ буюу 2-р давхаргууд суурилан хөгжүүлэгддэг бөгөөд өөрийн болоод тэдгээр нэмэлт сүлжээнүүдийн гүйлгээг хянаж батлах ажлыг уг 1-р давхарга гардан гүйцэтгэж байдаг. 1-р давхаргын сүлжээн дээрх гүйлгээний шимтгэлд хэрэглэгдэх унаган токенуудыг зоос хэмээн тодорхойлж болно.
1-р давхаргын тэлэлт
1-р давхаргын хувьд өргөжин тэлэх боломж бараг огт байхгүй гэхэд хэлсдэхгүй. Биткойн тэргүүтэй цөөнгүй Блокчэйнүүд энэ асуудалд шийдэл олох гэж ихээхэн хугацааг зарцуулсан, зарцуулсаар ч байгаа. Эрэлт хэрэгцээ нь нэмэгдэхийн хэрээр энэ асуудал улам хүндрэх нь дамжиггүй тул, тэгэхээс ч өөр яах билээ. Биткойны хувьд түүний төвлөрсөн бус болоод аюулгүй байдлыг бататгаж байдаг PoW хэмээх зөвшилцлийн алгоритм нь хүлээлгийн хугацаа, шимтгэлийн хэмжээ зэрэг ноцтой асуудлуудын гол зангилаа нь болоод байгаа. Гаргалгаагаар, асар олон санал, санаачлага дэвшүүлэгдсэн байдаг ч, тэдгээрээс яг 1-р давхаргаруу чиглэсэн хамгийн өндөр боломжтой шийдлүүдээр дараах 3 аргыг нэрлэдэг.
1-р давхарга дээрх ийм өөрчлөлтүүд асар их хөдөлмөр, цаг хугацаа, асар нарийн тооцооллыг шаардана. Тийм ч учраас ихэнх сүлжээнд ийм нүсэр ажил хийгдээгүй байгаа билээ. Заримд нь огт хийгдэх ч үгүй биз. Зарим төслийн хувьд сонирхогчдын нийгэмлэгүүд нь талцан хуваагдаж, сүлжээнд сэт салаалалтуудыг хийсэн нь ч бий. Түүний гол жишээгээр 2017 оны Bitcoin (BTC) болон Bitcoin Cash (BCH) салаалалтыг нэрлэж болно.
SegWit
1-р давхаргын өөр нэгэн алдартай жишээ нь Биткойны SegWit юм. Уг сул салаалалтын талаарх дэлгэрэнгүйг ЭНД товшоод, харгалзах нийтлэлээс нь уншиж судлах боломжтой.
1-р давхаргын хэлтлэл
Эфириумд хэрэглэгдсэн гэдгээр нь манай зарим уншигчид уг аргын талаар тодорхой мэдээлэлтэй болсон байгаа байх. Үгүй бол, доорх холбоосуудад хандаад уншина биз ээ.
1 болон 2-р давхаргын ялгаа
Сайжруулалтыг заримдаа 1-р давхарга дээр гүйцэтгэх ямар ч боломжгүй байх нь бий. Технологийн хязгаарлагдмал байдал, өөрчлөлтийг нэвтрүүлэхэд асар төвөгтэй, зарим тохиолдолд бүр огт боломжгүй үе ч тохиолдоно. Тэр ч бүү хэл, зарим хэрэглээг 1-р давхаргын сүлжээн дээр ашиглах талаар санах ч хэрэггүй байдаг. Жишээлбэл, Биткойн шиг удаан баталгааждаг гүйлгээтэй сүлжээнд Блокчэйн тоглоом хөгжүүлнэ гэдэг утгагүй хэрэг болох буй за. Гэвч энэ асуудлыг, 2-р давхаргын шийдлээр аргалах бүрэн боломжтой юм.
Аянгын сүлжээ
2-р давхарга нь маш өчүүхэн шимтгэлтэйгээс, огт шимтгэлгүй ч байх боломжтойгоос гадна, гүйлгээний эцсийн мэдээллийг л үндсэн сүлжээнд дамжуулж, баталгаажуулж авахаас бусад ачааллыг өөр дээрээ үүрдгээрээ онцлог. Ийм шийдлийн хамгийн алдартай жишээ нь Lightning Network бөгөөд түүний талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД дараад харгалзах нийтлэлээс нь уншина уу.
#CoinMarketCap
1-р давхаргын Блокчэйний жишээ
1-р давхаргын Блокчэйн асар олон байдаг бөгөөд тэдгээр нь тус бүрдээ өөр өөрийн гэсэн өвөрмөц хэрэглээг дэмждэг. Тийм ч учраас энэхүү сэдвийн жишээгээр Биткойн, Эфириумаас ялгаатай төвлөрсөн бус чанар, аюулгүй байдал болоод өргөжих чадварын гаргалгаа бүхий сонирхолтой төслүүдийг сонгож танилцуулахыг зорьлоо.
Elrond
Элронд нь 2018 онд бүтээгдсэн хэлтлэл ашиглан гүйцэтгэл, тэлэлтийн чадвараа сайжруулдаг 1-р давхаргын сүлжээ юм. Уг Блокчэйн секундэд 100'000 хүртэлх гүйлгээг боловсруулах хүчин чадалтай бөгөөд Secure Proof of Stake (SPoS) буюу Найдвартай гадаслалын баталгааны зөвшилцлийн алгоритм болон Adaptive State Sharding буюу Дасан зохицогч хэлтлэл гэсэн 2 онцгой боломжыг өөртөө агуулсан байдаг. Дасан зохицогч хэлтлэлийнхээ ачаар Elrond-ын Блокчэйн нь, хэрэглэгчдийн тоо нэмэгдэх эсвэл буурахтай уялдуулан сүлжээгээ архитектурын хэмжээнд хувааж, нэгтгэх чадварыг олж авсан. Тийм ч учраас зүй бус үйлдлээс хамгаалах зорилгоор, баталгаажуулагчдаа хэлтэрхий хооронд тогтмол сольж, хольж байхаар загварчлагдсан аж. Элрондын төрөлх токенийг EGLD хэмээн тэмдэглэх бөгөөд түүнийг гүйлгээний шимтгэлээс гадна, DApp суурилуулах, сүлжээний хэвийн ажиллагаанд гар бие оролцсоныг урамшуулах зэрэгт хэрэглэдэг. Түүнчлэн, Elrond нь нүүрсхүчлийн буюу хүлэмжийн хийн ялгаруулалтгүй, хүрээлэн буй орчинд ээлтэй технологид тооцогддог.
ЭНД дараад, EGLD токений CMC дээрх хуудсанд зочлоорой.
Harmony
Хармони (Нийцэл, Таарамж гэж орчуулж болох юм) нь Effective Proof of Stake (EPoS) буюу Үр дүнтэй гадаслалын баталгаа хэмээх зөвшилцлийн алгоритмд суурилсан, хэлтлэлийг дэмждэг, 1-р давхаргын сүлжээ бүхий Блокчэйн юм. Тус Блокчэйний үндсэн сүлжээ нь 4 хэлтэрхийгээс бүрдэх бөгөөд тэдгээр тус бүрдээ зэрэгцээ оршин, тус тусын гүйлгээг бие даан боловсруулж ажилладаг. Ингэхдээ тэдгээр хэлтэрхий бүр өөр өөрийн хурдаар буюу блокын өндрийг баримталж ажиллах чадвартай байна. Harmony нь одоогоор, Cross-Chain Finance буюу Хэлхээ дамнасан санхүүгийн төлөвлөгөөг дагнаж байгаа нь хэрэглэгчид болон хөгжүүлэгчдийн анхаарлыг ихээр татсан онцлох давуу тал нь болоод байгаа. Эфириум болон Биткойнтой итгэлцэл шаардлагагүй холбогдсон гүүрийг бүтээж чадсан нь уг төслийн амжилтын оргил болсон бөгөөд үүнийхээ ачаар гүүр ашиглах үед тулгардаг өмчлөлийн асуудлыг халж чадсан билээ. Harmony-ийн үндсэн зорилго нь, DAO болон илчлэхгүйгээр батлах технологиудын тусламжтайгаар Web3-г өргөтгөх явдал юм. DeFi ирээдүйд хэлхээ дамнасан, олон хэлхээний чадваруудыг эзэмшсэн байхыг шаардах нь дамжиггүй бөгөөд өнөө цагт, үүнд хамгийн тохиромжтой шийдлийг санал болгоод буй төсөл нь Хармонигийн гүүр болоод буй. Тэр дундаа, NFT-ий байгуулалт, DAO-ийн хэрэгслүүд, олон-журмын гүүрүүд нь олны анхаарлыг ихээр татах болсон нь үүний баталгаа гэлтэй. Тус Блокчэйний унаган токенийг ONE гэх бөгөөд сүлжээн дээр хийгдсэн гүйлгээний төлбөрт хэрэглэхээс гадна, Harmony-ийн засаглал, зөвшилцлийн оролцоонд гадаслаж хэрэглэх боломжтой байдаг.
ЭНД дараад, ONE токений CMC дээрх хуудсанд зочлоорой.
Celo
Село нь, 2017 онд Go Ethereum (Geth)-с салаалж үүссэн, 1-р давхаргын сүлжээ боловч, PoS, давтагдашгүй хаягийн тогтолцоог нэвтрүүлснээрээ түүнээс огцом ялгарч чадсан төсөл билээ. Celo-ийн Web3 загварын экосистемд NFT, DeFi, төлбөрийн шийдлүүд, олон зуун сая гүйлгээний баталгаажуулалт хийгдсэн байдал нь уг төслийг ихээхэн ирээдүйтэй байх боломжтойг гэрчилнэ. Түүнчлэн Село дээр утасны дугаар эсвэл ц-шуудангийн хаягаа ил/нийтийн түлхүүр болгон ашиглах боломжтой, энгийн хэрэглээний компьютер дээр ачааллуулах боломжтойгоороо давуу талтай байдаг. Селогийн нэрийн токен нь CELO гэх тусгай тэмдэглэгээ бүхий урамшуулал, гүйлгээ, аюулгүй байдлын хэрэглээтэй токен байх ба түүнээс гадна cUSD, cEUR, cREAL зэрэг тогтвортой ханш бүхий зоосууд бас бий. Тэдгээрийг MakerDAO-ийн DAI-тай төстэй байдлаар сонирхогч, хэрэглэгчид нь өөрсдөө үүсгэн, ашигладаг бөгөөд Celo дээрх аль 1 тогтвортой зоосоор хийсэн гүйлгээг Celo-ийн бусад хөрөнгөөр төлөх боломжтой байдгаараа онцлог. Селогийн хаягийн систем, тогтвортой зоосууд нь криптогийн хэрэглээг илүү хүртээмжтэй, нийцтэй болгоход ихээхэн дэмжлэг болж байгаагийн дээр крипто салбарын хэт савлагаа, ойлгомжтой бус байдлаас шинэ харилцагч, хэрэглэгчдийг хамгаалах таатай нөхцлийг бүрдүүлж өгсөн билээ.
ЭНД дараад, CELO токений CMC дээрх хуудсанд зочлоорой.
THORChain
THORChain бол хэлхээ дамнасан, зөвшөөрөл шаардлагагүй, DEX юм. Үүний 1-р давхаргын сүлжээг Cosmos SDK ашиглан хөгжүүлсэн бөгөөд тус сүлжээн дээр гүлйгээний мэдээллийг баталгаажуулахад зөвшилцлийн Tendermint хэмээх алгоритмыг ашигладаг. ТОРЧэйний гол зорилго нь, төвлөрсөн бус, хэлхээ дамнасан хөрвөх чадварыг, хөрөнгийг битүүмжилж, тэнцүүлэхгүйгээр гарган авч, хэрэглэх боломжыг бүрдүүлэх явдал юм. Олон өөр хэлхээнд хөрөнгө оруулагчдын хувьд эдгээр үйлдлүүд нь эрсдлийг нэмэх аюултай байдаг тул THORChain-ний дансны удирдлага хэлбэрийн боломжын тусламжтайгаар орлого, зарлагаа хянах замаар төвлөрсөн бус чанар-тай хөрвөх чадвар болон дундын зуучын оролцоогүй ажиллагааны давуу талыг утгаар нь мэдрэх боломжыг олж авч болно. ТОРЧэйний суурь токенийг RUNE гэх бөгөөд үүнийг гүйлгээний шимтгэл, засаглал, аюулгүй байдал, баталгаажуулалтанд хэрэглэх боломжтой. THORChain-ний AMM загвар нь RUNE-ийг үндсэн хөрөнгөөр нэрлэн тохируулсан байдаг учир дэмжигдсэн бүхий л хөрөнгөөр түүнийг сольж авч болдог. Энгийнээр, THORChain-ийг хэлхээ дамнасан UniSwap мэтээр ажилладаг гэж ойлгож болно.
ЭНД дараад, RUNE токений CMC дээрх хуудсанд зочлоорой.
Kava
Кава нь Cosmos-ийн хурд болон харилцан нийцтэй байдлыг хослуулан бүтээсэн, 1-р түвшний Блокчэйн бөгөөд тус төслийг Эфириумийн хөгжүүлэгчид дэмжин ажилласан байдгаараа онцлогтой. Ийнхүү хосолмол хэлхээг бүтээсэн нь Каваг, EVM болон Cosmos SDK-ийн аль алинд бүрэн нийцтэй ажиллах, тус бүрийн давуу талуудыг шингээх таатай нөхцөл болсон бөгөөд нэмээд IBC-н дэмжлэгийг хүртсэн нь тус төслийг, Эфириум болоод Космосын экосистемүүдийн хооронд ямар ч саадгүй, шууд холбогдон ажиллах DApps хөгжүүлэх нэн тохиромжтой талбар болгож өгчээ. Tendermint-ийн PoS нь өргөжүүлэлтийн асар өргөн боломжыг бүрдүүлж өгсөн бөгөөд KavaDAO-ийн хөрөнгө оруулалтын ачаар Kava Network нь шинэ боломжуудад бүрэн нээлттэй болсон бөгөөд хэлхээн дээрх хөгжүүлэлтүүдийн урамшууллыг амладаг давуу талыг олж авсан. Тодруулбал, уг хосолмол сүлжээн дээрх хамгийн өндөр хандалттай 100 төсөл санхүүгийн дэмжлэг хүртэнэ гэсэн үг. Kava-ын унаган токенийг нь KAVA, USD-оор аргамжсан тогтвортой зоосыг нь USDX гэнэ. KAVA-г сүлжээн дэх гүйлгээний шимтгэл хураамж болгохоос гадна зөвшилцлийн саналд гадаслан ашиглаж болдог. Мөн төлөөлөгчдөд хөрөнгөө дэмжлэг болгох замаар, урамшууллаас хувь хүртэх ч боломжтой. Мөн энэ Блокчэйнд сүлжээний цаашдын ирээдүйг шийдэх саналд гадаслагчид болон баталгаажуулагчдын аль аль нь оролцох эрхтэй байдаг.
ЭНД дараад, KAVA токений CMC дээрх хуудсанд зочлоорой.
IoTex
IoT болон Блокчэйнийг нэгтгэхийг зорин, анх 2017 онд мэндэлсэн, 1-р давхаргын энэ сүлжээ, хэрэглэгчдэд тэдний өөрсдийнх нь төхөөрөмжөөс үүсч буй бүхий л өгөгдлийг бүрэн удирдах эрхийг олгодгоороо онцлог. Машинд суурилсан DApp, хөрөнгө, үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж буй тус төсөл, Блокчэйний тусламжтайгаар хувийн мэдээллийн нууцлалыг бүрэн баталгаажуулахаа амлаад байгаа юм. IoTex-ийн програм болон техник хангамжын нэгтгэлийн ачаар хэрэглэгчдэд танил дотно, тухтай байдлаа алдагдуулалгүйгээр, хувийн мэдээллийн нууцлал, хамгааллыг дээд түвшинд хүргэх боломж бүрдсэн. Түүнчлэн, бодит ертөнц дэх өгөгдлөөсөө цахим хөрөнгө олох, олборлох боломжыг олгох MachineFi гэх тусгай системийг ч тэд санал болгодог. "Итгэл хүлээх зүйлсийн интернэт" бүтээгчээр өргөмжлөгдөөд буй IoTex одоогоор Ucam, Pebble Tracker гэсэн онцлууштай төхөөрөмжийг зах зээлд нийлүүлсэн байгаа. Ucam нь гэр, албан газрын аюулгүй байдал, хяналтын дэвшилтэт шийдлийг санал болгох камер бөгөөд дэлхийн хаанаас ч, өндөр нууцлалтайгаар ашиглах боломжыг хэрэглэгчдэд олгодог бол, Pebble Tracker нь 4G дэмждэг, ухаалаг GPS (байршил тогтоогч/заагч) мөрдөн, мөшгигч технологи юм. Уг байршил мэдээлэгч нь, GPS байршлыг хором алдалгүй тандахын хажуугаар агаарын чанар, харьцангуй чийгшил, орчны хэм зэрэг хүрээлэн буй нөхцлийн өгөгдлүүдийг ч цуглуулан, мэдээлэх чадвартай, хүчирхэг багаж байдаг. Блокчэйн талаас нь дүгнэвэл, IoTex нь өөр дээрээ 2-р давхаргын шийдлийг агуулсан буюу сүлжээний өөрчлөн зохион байгуулах өргөн боломжыг олгох, сүлжээ хоорондын мэдээллийн чөлөөт урсгалыг бүрдүүлсэн, хөгжүүлэгчдийг өөрсдийн төхөөрөмжинд тусгайлан, яв цав тохируулсан дэд хэлхээг бүтээх боломжоор нь хангасан цогц бөгөөд ухаалаг орон зайг бүрдүүлэгч болсон гэж тодоорхойлж болно. IoTex-ийн зоосыг IOTX гэх ба түүнийг нь гүйлгээний шимтгэл, гадаслал, засаглал, сүлжээний баталгаажуулалтанд хэрэглэх боломжтой.
ЭНД дараад, IOTX токений CMC дээрх хуудсанд зочлоорой.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation