Крипто тайлбар толь [28-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах нэр томъёо, үг хэллэгийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар хүргэж байна.
Урдах хэсгүүдийн гарчгыг ХАРАХ бол, ЭНД дарна уу.
Хамтын байршил
Colocation (товчоор Colo) гэж хэсэг бүлэг хүн эсвэл байгууллагын эзэмшлийн тусгай тоног төхөөрөмж, IT хэрэгслүүдийг агуулж буй, дундын агуулах, байгууламжыг тодорхойлно. Харин HFT-ны хувьд тус нэршил нь Data Center буюу Өгөгдлийн Төв дахь хөрөнгийн биржид харъяалагдах буюу зориулагдах орон зайг илэрхийлэхэд хэрэглэгдэнэ. Энгийнээр бол үүний тусламжтайгаар, хөрөнгийн биржийн сервер дээрх HFT арилжаалагчид болон пүүсүүдийн мэдлийн компьютерийг тусгайлан ялган тодорхойлж болдог. Үүний ачаар, HFT арилжаачид болон байгууллагууд тухайн агшин дахь ханшийн мэдээллийг нийтээс урьтаж авах боломж бүрддэг байна. Хэдийгээр хугацааны зөрүү нь хэдхэн миллисекундээр ялгарах хэдий ч, HFT пүүсүүд үүнд олон сая долларыг гар таталгүй зарцуулахад бэлэн байдаг. Өөрөөр хэлбэл HFT арилжааны пүүсүүд нь өөрсдийн компьютерууд болон хөрөнгийн биржийн серверийн хоорондын зайг ойртуулах замаар давуу дээрх талыг олж авахыг эрмэлздэг гэсэн үг. Сүүлийн жилүүдэд Colo олны анхаарлыг ихээр татаж, энэ чиглэлд дагнасан шинэ төрлийн бизнес үүсэх үндэс хүртэл тавигдсан. Томоохон пүүсүүд, хөрөнгийн биржтэй бараг залгаа шахуу байрлуулан өөрсдийн өгөгдлийн төвийг байгуулах болсон нь ч үүнтэй холбоотой гэдэг. Жишээ болгон дурьдахад New York Stock Exchange (NYSE) буюу Нью-Йоркийн хөрөнгийн биржийн хуучин байр 1'400 м² талбайг хамардаг байсан бол, шинэ өгөгдлийн байр нь 12'131 м² талбайг эзлэх болжээ. Арилжааны хэлэнд Colocation нь мөн, хамтын байршлын тусгай төвүүдийг (ийм газруудыг өөрөөр Carrier Hotels буюу Дамжуулагч Буудлууд гэдэг) илэрхийлэхэд хэрэглэгдэнэ. Эдгээр нь товчхондоо, зай талбай, мэргэжлийн тоног төхөөрөмж, интернэт хэрэглээ болон холболт болон бусад IT чиглэлийн үйлчилгээг түрээсээр олгодог төвүүд юм. Ийм үйлчилгээг зөвхөн байгууллага, ААН-үүд гэлтгүй, хувь хүн ч авч, ашиглах боломжтой байдаг. Түүгээр ч зогсохгүй ийм төвүүд нь түрээсийн үйлчилгээндээ харгалзах арчилгаа цэвэрлэгээ, харуул хамгаалалтыг нь ч тусгасан байх нь элбэг. Түүнчлэн Colo нь жижиг, дунд хэмжээний пүүсүүдэд сервер, IT-ийн бүтэц зохион байгуулалтаа бүгдийг эхнээс нь шинээр бүтээх ажлаас чөлөөлж өгөх давуу талтай.
Албан ёсны баталгаажуулалт
Блокчэйний бүтцийн болон Криптографийн алгоритмын тодорхой хэдэн шинж чанарыг баталгаажуулах тоон тооцоололд үндэслэсэн хөдөлшгүй баримтыг Formal Verification гэнэ.
FOK
Fill or Kill Order буюу Дүүргэх эсвэл Цуцлах захиалга гэдэг нь, зарим арилжааны биржүүдээс хэрэглэгчиддээ санал болгодог үйчилгээний нэршил бөгөөд бүтэн дүнгээр, шуурхай хэрэгжихгүй л бол захиалгыг цуцлаж байхаар загварчлагдсан захиалгын төрөл юм. Энэ төрлийн захиалга нь, All or Nothing (AON) буюу Бүгдийг эсвэл Болих захиалгатай төстэй боловч, шууд тухайн агшинд гүйцэтгэгдэх шаардлага тавьдгаараа ялгаатай. Энэ төрлийн захиалгыг ихэвчлэн, олон бутархай арилжаагаар захиалгаа бүрэлдүүлэхээс цааргалж буй арилжаачид хэрэглэдэг. Тус захиалгын төрлийн хэрэглээг нь илүү гүнзгийрүүлэн ойлгоё гэвэл дараах жишээтэй танилцаарай: А хэрэглэгч тухайн 1 бусад зоосны Masternode-г ачааллуулахыг хүссэн гэе. Үүний тулд тэр харгалзах зоосноосоо яг 1'000 ширхгийг эзэмшиж байх ёстой ч, тэр нь түүнд байсангүй. Хэрэв тэр яараагүй байсан бол энгийн, олон тусдаа захиалгаар тэдгээрийгээ цуглуулчих бүрэн боломжтой ч, цаг хугацаа давчуу байгаа учраас тэрээр хэд хэдэн арилжааны бирж дээр яг адил 1'000 ширхгийг авах FOK захиалгыг зэрэгцүүлэн оруулж болно. Ингэснээр тэрээр хэрэгжсэн захиалгаас шууд хүссэн дүнгээр зоосоо олж авахын зэрэгцээ, бусад захиалгуудад санаа зоволтгүйгээр, төлөвлөгөөгөө үргэлжлүүлж болох юм.
POAP
Proof of Attendance Protocol буюу Ирцийн Журмын Баталгаа нь, Блокчэйн технологийн тусламжтайгаар, цахим тэмдэг эсвэл цуглуулгын эд зүйлсийг бүтээгч протокол юм. Хэдийгээр POAP нь журмын өөрийнх нь нэр боловч, үүгээр нь мөн түүнд харгалзах цуглуулгуудыг нь нэрийдэх нь бий. POAP-ууд нь Эфириумийн Блокчэйн дээр ухаалаг гэрээгээр дамжин, NFT хэлбэрээр үүсэх ба арга хэмжээ, хөтөлбөрүүдэд оролцсоныг илтгэх батламжын үүргийг гүйцэтгэдэг ERC-721 төрлийн токен байна. Энэ төрлийн токенийг гол төлөв тодорхой арга хэмжээнд оролцогсдод тасалбар хэлбэрээр олгодог. POAP-ууд нь Эфириумийн үндсэн сүлжээн дээр хэвлэгдэж, түгээгдэх ба хамгийн анх 2019 онд зохиогдсон ETHDenver Convention хэмээх Hackaton-д хамрагдсан хакеруудад олгогдож байжээ. 2020 оны 10 сараас POAP-ууд Эфириумийн зэрэгцээ хэлхээ болох xDai-д шилжсэнээр шилжүүлгийн хураамж нь буурч, гүйлгээний хурд нь нэмэгдсэн буюу хэвлэхэд илүү таатай нөхцлийг олж авсан. POAP NFT-уудыг POAP-н платформыг ашиглан хэвлэх боломжтой бөгөөд ингэхдээ тэдгээрт харгалзах арга хэмжээний зураг, мэдээлэл, огноог заавал хавсаргасан байхыг шаарддаг. Түүнчлэн POAP бүр өөрийн гэсэн, давтагдашгүй хувийн дугаартай байна. Өөрчлөгдөшгүй шинж чанартай эдгээр токенийг POAP аппаас нь олж цуглуулах боломжтой ба ингэхдээ хүн бүрийн амьдралын туршлага, үйлдлээс хамаарч, харилцан адилгүйгээр олгогдоно.
POAP-уудыг NFT-ий захуудаар дамжуулан зарж борлуулах боломжтой хэдий ч, эдгээр нь өнгөрсөнд зохиогдсон ямар 1 үзүүлбэр, тоглолтын хуучин тасалбартай л зүйрлэж болохуйц токен гэдгийг мартаж болохгүй. Хөгжүүлэгчид нь POAP-г, Эфириумийг алдартай болохоос өмнө, түүний бүрэн хүч чадлыг таниулахад туслах зорилгоор сэдэж байсан гэдэг. Тэр ч утгаараа, энэ төрлийн токенууд нь үнэ цэнээ хадгалагч болж чадахгүйгээс гадна, анхнаасаа арилжаалагдах зорилгогүйгээр бүтээгдсэн гэдгийг анхаарах нь зүйтэй болов уу. Гэхдээ POAP-н ачаар, арга хэмжээ зохион байгуулагчид шинэ содон, өвөрмөц хийгээд технологийн дэвшлийг нэвтрүүлсэн, цаг үетэйгээ нийцэх шинэлэг арга хэлбэрийг ашиглан, хөтөлбөрөө баяжуулж, цахимжуулах боломж бүрдсэн. Тайзан дээр бэлдэж байршуулсан тусгай QR кодыг уншуулж эсвэл апп дээрээс тусгай даалгаврыг амжилттай гүйцэтгээд шагналд нь авах зэргээр олж авч болох олон хэлбэрийг сэдэж, хэрэгжүүлэх боломжтой. Жишээлбэл, санал хураалтанд оролцох, судалгаанд хамрагдах, сугалаагаар хожих, уралдаанд тэргүүлэх г.м. POAP-г хэрэгжүүлсэн бодит жишээ гэвэл, SushiSwap-н AMA-д оролцсон болон засаглалын сонгуульд саналаа өгсөн хэрэглэгчдэд зориулсан тусгай токенийг хэвлэж тараасан явдал мөнөөсөө мөн. Decentraland ч мөн адил, Metaverse дэх арга хэмжээнд нь оролцсон бүх хүмүүст POAP-г тараасан жишээ бий. Ирээдүйд, POAP зөвхөн ямар 1 хөтөлбөрт оролцсоныг илтгэх энгэрийн тэмдэг төдий бус, нийгмийн хөгжил, сайн сайханд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь илтгэх одон тэмдэг болж ч болохыг үгүйсгэх аргагүй. Цаашлаад боловсрол, дадлага туршлага, гавъяа, амжилтыг илэрхийлэх, бататгахад ашиглагдах ч бүрэн боломж нээлттэй байгаа билээ.
Агшны зураглал
Snapshot - Компьютерийн систем эсвэл санах ойн төхөөрөмжийн тухайн 1 мөч дэх төлөв байдлыг бичих буюу хадгалж авахыг ийн нэрлэдэг. Крипто валютийн хувьд Snapshot хэмээх нэршил нь, Блокчэйнийн төлвийг, тухайн 1 блокын өндрийн үед ямар шинж байдалтай байсныг сануулж, тодорхойлсон дүрслэлийн баримтыг илэрхийлнэ. Ингэхдээ тухайн Блокчэйн дээр оршиж буй бүхий л мэдээллийг (хаягууд, гүйлгээнүүд, шимтгэлүүд, дансны үлдэгдэл дүнгүүд, мета өгөгдөл гээд л цөмийг нь) хадгалсан байна. Агшны зураглалыг буулгаж, нөөцлөх үйлдлийг ихэвчлэн хаялагын үеэр хийгддэг. Ийнхүү авсан зургаа ихэнх тохиолдолд оролцогсдын дансны үлдэгдлийг тухайн 1 блокын өндөр дээр авсан зураглалд үндэслэн болзлыг хангасан эсэхийг хянан шийдвэрлэхэд ашигладаг тул түүнээс нь хойш дансныхаа үлдэгдэлд өөрчлөлт оруулахад саадгүй байдаг. Snapshot нь мөн сэт салаалалтын үед өргөнөөр хэрэглэгдэнэ. Тодруулбал, шинэ хэлхээг мэндлэхийн өмнөхөн, үндсэн хэлхээний заасан өндөр дэх агшинг хадгалж авна гэсэн үг. Жишээлбэл, 2017 оны 5-р сарын 1-нд Bitcoin Cash (BCH), BTC-оос салаалж үүсэхдээ Биткойны 478'558 дахь блок хүртэлх бүхий л дансны хуулгыг хуулбарлаж авсан байдаг. Ингэх шалтгаан нь тухайн салаалалтыг хүртэлх түүхэн өгөгдлүүд нь хуучин, шинэ аль аль Блокчэйнийн хувьд усны дусал мэт адил байх ёстойд оршино. Мэдээжийн хэрэг, салаалалтаас хойш Блокчэйнүүд өөр өөрийн зам мөрийг хөөх юм. Агшин зураглахын өөр 1 хэрэглээ нь, IEO-д оролцогсдын BNB үлдэгдлийг бүртгэлжүүлэх явдал байдаг. Ийм байдлаар хэрэглэгчдийн гол жишээ нь, Binance Launchpad боловч, төслийн дүрэм журмаас шалтгаалан Snapshot хийх явц нь өөр өөр байна. Зарим тохиолдолд хөтөлбөрийн туршид, өдөр бүрийн дурын байдлаар сонгогдсон цаг, минутанд зургыг дарж байхад, зарим тохиолдолд дээрхийн адил урьдчилан зарласан хугацаа эсвэл блокын өндрөөр тасалбар болгох нь ч бий.
#CoinMarketCap
Хууралт
Fakeout хэмээх нэр томъёо нь, ТШ-ний үед хэрэглэгддэг, бараг биелэгдэхгүй ханшийн хөдөлгөөнд найдаж төлөв үүсгэх явдлыг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл ханш, таамагласан болон дохиолсоны эсрэг чиглэлд хөдлөхийг ийн нэрлэнэ. Түрхэн зуурт л ТШ-ний байгуулалтыг сэтлэх ч, эргээд үргэлжлэн хөдөлдгөөс нь шалтгаалан үүнийг мөн Fake Breakout буюу Хуурамч Сэтлэлт, False Breakout буюу Хуурмаг Сэтлэлт гэх зэргээр нэрийдэх нь ч бий. Энэ үзэгдлийн улмаас асар их хэмжээний хохирол амсах боломжтой байдаг. Хэдийгээр шижээчид сайтар ажиглаж, таньж чадвал өөрсдөд ашигтайгаар хэрэглэх эсвэл төлөвлөгөөндөө нийцүүлэн, санасан зорьсоноороо ашиглах боломжтой байдаг ч, гадны нөлөөллийн улмаас ханш хэт хурдан, хэт ихээр савлаж болзошгүй учир SL ашиглаж хэвших зайлшгүй шаардлатай. Гэхдээ SL-г заавал эрсдэлтэй нөхцөлд гэлтгүй, бүхий л арилжаандаа тусган хэрэглэж дадах нь эрсдлийн удирдлагыг гартаа атгах боломжыг олгож байдаг юм шүү. Зөвхөн SL-р зогсохгүй, нийт хөрөнгийн хэдэн хувийг тухайн 1 арилжаанд зарцуулахаа бас хянаж, зохицуулснаар эрсдлийг дахин бууруулах боломжтой. Бичигдээгүй ерөнхий дүрмийн дагуу ихэнх арилжаачид нэгж арилжаанд нийт хөрөнгийнхөө 1 хувиас хэтрэхгүйг л золиослох бэлтгэлтэйгээр оролцдог. Энэ нь 1 хувиар л хөрөнгө оруулна гэсэн үг биш, харин алдагдал хүлээх дээрээ тулвал, 1 хувиас илүүгүйг алдахгүй байхаар арга хэмжээг авдаг гэсэн үг юм шүү. Хууралтаас сэргийлэх өөр 1 чухал арга бол ТШ-ний хэд хэдэн үзүүлэлтийг ашигласны үндсэн дээр шийдвэр гаргаж байх явдал юм. Арилжааны төлөвлөгөөний дагуу дохио хүлээж авахын тулд, тодорхой дүрмийг баримталж байх нь мэдээжийн хэрэг. Гэхдээ 1 дохио илтгэгчинд найдах нь утгагүй хэрэг болно. Ямагт олон өөр илтгэгч адил дохио өгч байгаагаар таамгаа баталгаажуулж байх нь зүйтэй. Тэгсэн ч гэсэн эдгээр шинжилгээ, дохионууд хэзээ ч Fakeout-г бүрэн зөв таньж, ялгаж мэдээллэхгүй гэдгийг анхаараарай.
Санамсаргүй мэт түүврээр сонгогдсон
Pseudorandom - Дурын байдлаар сонгогдох түүврийн статистик шалгуурт тэнцсэн эцсийн үр дүнг харуулж чадах үйлдлийн харгалзах шинж чанарыг ингэж нэрлэнэ.
Сул тодорхойломж
Виталик Бутеринийн, POS хэлбэрийн Блокчэйнүүдэд зориулан загварчилж бүтээсэн, зангилаанууд нь системийн өнөөгийн төлвийг тодорхойлохын тулд бусад зангилаанаас харилцан хамааралтай ажиллах шаардлагын загварын санааг Weak Subjectivity гэдэг. Уг сэдвийг илүү дэлгэрүүлж судлахын өмнө Блокчэйн дэх Subjectivity буюу Тодорхойломж болон Objectivity буюу Батламж хэмээх ухагдахуунуудтай танилцсан байх шаардлагатай. Эдгээр нэр томъёо нь төлхүү тархмал систем болох Блокчэйнийн хувьд 1-ээс олон хэлхээнд хэрэглэгдэнэ. Өөрөөр хэлбэл, Анхдагч блокоос, хамгийн сүүлийн үеийн блок хүртэл олон тооны хэлхээ салаалан үүсэх боломжтой ба тэдгээр нь бүгд албан ёсны, хүчин төгөлдөр байна. Гэвч Блокчэйнийн загварчлал, бүтцээс шалтгаалж блок 1 бүр аль замыг сонгох буюу аль хэлхээ идэвхтэй байгааг нь таних чадамжгүй байж болно. Биткойны хувьд, систем нь хамгийн их ажил гүйцэтгэгдсэн хэлхээг зангилаануудад сонгож өгч байхаар тохируулагдсан байдаг ба түүнд харгалзах боловсруулалтыг нь Олборлолт гэж нэрлэдэг. Ингээд үзвэл, Биткойны сүлжээний хувьд Олборлолт нь Батламж болно гэсэн үг. Энгийнээр бол, Objectivity гэдэг нь шинэ зангилааг сүлжээнд шууд нэгдэж, хүчинтэй буюу хамгийн урт хэлхээг хурдан таних боломжыг олгогч нь болдог. Эсвэл бас сүлжээний зөв төлвийг шууд илрүүлж, түүнтэй зохицолдох боломжыг бүрдүүлэгч ч гэж тодорхойлж болно.
Бат Тодорхойломжтой сүлжээ гэж бий. Ийм системд яг аль хэлхээ нь идэвхтэй вэ гэдгийг шууд заах боломжгүй. Ерөнхийдөө бол Subjectivity гэдэг нь олон салбарлалт бүхий Блокчэйнийн сүлжээнд хамаарна. Учир нь энд гол төлөв зангилаа хоорондын харилцаанаас хамаардаг "нийгмийн сүлжээ" маягийн зөвшилцлийн арга хэрэглэгдэж байдаг. Тусгай дүрмийг баримтлахгүй, харин зангилаанууд дотроо харилцан зөвшилцөж, шийдвэр гаргана гэсэн үг. Үүнийхээ ачаар зарим Блокчэйнийн сүлжээнүүд тодорхой хэмжээний Тодорхойломжын чадварыг олж авдаг аж. Тэгэхээр уг нэршил нь, бүртгэлийн өнөөгийн төлвийг тодорхойлохын тулд зангилаа хоорондын мэдээлэл дамжуулалтанд тулгуурладаг байх санаатай холбоотой байх нь. Гэхдээ үүнийг зөвшилцлийн ололт бус идэвхит хэлхээг таних аргад тооцно. Шинээр үүсээд, нэгдэж буй эсвэл урт хугацаанд салгагдсан байж байгаад, эргэн ирж буй зангилаануудын хувьд, идэвхит хэлхээг танихад цөөн холболтыг л үүсгэхэд хангалттай, Сул Тодорхойломж гэх ойлголт нь мөн энэ төрөлд багтана. Зангилаа хэдий удаан тасралтгүй онлайн байна, төдий чинээгээр Тодорхойломжын асуудалтай тулгарахгүй. Харин таслагдаж, холболтгүй удахын хэрээр бусад зангилаануудаас хамааралтай болж эхэлнэ. Тодорхойломж нь дараах 2 нөхцөлд л тохиолддог. Үүнд:
Цэнхэр хасаан Токен
Blue-Chip хэмээх нэршлийг анх 1923 онд Dow Jones-н ажилтан Oliver Gingold (Оливер Жинголд) гэгч дэлгэрүүлсэн бөгөөд тэрээр ширхэг 1 бүр нь $200 USD буюу түүнээс дээш дүнгээр арилжаалагдсан хувьцаануудыг энэхүү нэршилдээ хамааруулан авч үздэг байжээ. Тус нэршлийн гарал үүсэл нь покер тоглоомын хасаануудын өнгөнөөс үүдэлтэй бөгөөд цэнхэр өнгийн хасаа нь хамгийн үнэтэй нь байдагтай нь холбоотойгоор тус өнгийг сонгосон гэдэг. Орчин үед тус нэршлийг зөвхөн хувьцаа, үнэт цаасанд дээр л бус, цаг хугацааны бэрхийг давж, үнэ цэнээ хадгалсаар оршин буй байгууллагуудыг ч тодорхойлоход хэрэглэх болсон. Крипто валютийн хувьд ч мөн ялгаагүй, богино ч хамаагүй хугацаанд түүхэн амжилтуудыг бүтээж, нэр нь тодоор тэмдэглэгдэн үлдсэн төслүүдийг ийм ангилалд хамааруулан нэрлэж, хэрэглэж байгаа. Тэдгээрээс хамгийн алдартай нь BTC, ETH бөгөөд Цэнхэр хасаан Токенууд нь эрсдлээс цааргалагч хөрөнгө оруулагчдад хамгийн тохиромжтой сонголт болдог. Учир нь энэ төрөлд хамаарах криптонууд нь дараах давуу тал, боломжуудыг олгож байдаг. Үүнд:
*Гэхдээ энэ нь дээрх төрлийн хөрөнгүүд нь зах зээлийн хүчтэй савлагаанд тэсвэртэй гэсэн үг огтоос биш болохыг анхаарна уу. Ерөнхийдөө тэсвэр өндөртэй, үнэлгээгээ бусад токен, зах зээлийн адил асар их хэмжээгээр алдаад байдаггүй гэж ойлгох нь зөв. Алс ирээдүйд юу тохиохыг хэн ч хэлж мэдэхгүй нь гагцхүү үнэн учир, зах зээлтэй холбоотой мэдээ мэдээлэлд тогтмол анхаарлаа хандуулж, шийдвэртээ ухаалгаар хандах хэрэгтэй.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation